Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 654

 

                                                        Т.М-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Мөнхзул,

хохирогч Д.Эрдэнэсайхан,

шүүгдэгч Т.М-,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Д.Эрдэнэсайханы гаргасан давж заалдах гомдлоор Т.М-т холбогдох эрүүгийн 1708026220390 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Т.М-, 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Өнө Алт Сервис” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 3-112 тоотод иргэн Д.Эрдэнэсайханы баруун чихийг хазсанаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайран дүүргийн прокурорын газраас: Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Эрдэнэсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад эхнэр Т.Түмэн-Өлзийгийн хүргэн Н.Сумъяа, Т.М- нар согтуу орж ирсэн. Т.М- халааснаасаа хутга гаргаж ирээд намайг ална гээд дайрсан. Би өөрийгөө хамгаалаад Т.М-тай ноцолдсон бөгөөд энэ үед Н.Сумъяа араас татаж боож, толгой руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Н.Сумъяагийн боолтноос гарах гээд ноцолдож байтал Т.М- миний зүүн чихнээс хазсан. Хэрэв Н.Сумъяа миний араас боогоогүй бол би чихээ хазуулахгүй байх байсан. Эдгээр хоёр хүн намайг бүлэглэн зодож миний биед гэмтэл учруулсан. Гэтэл энэ хэрэгт зөвхөн Т.М-ыг яллаж, Н.Сумъяаг гэрчээр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож чадаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогч Д.Эрдэнэсайханы чихийг хазсан. Харин энэ хэрэгт Н.Сумъяаг оролцоогүй...” гэв.

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.М-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон. Харин Н.Сумъяагийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 3-112 тоотод буюу өөрийн хүргэн ах Д.Эрдэнэсайханы гэрт очиж, түүнтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зууралдах явцдаа баруун чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Д.Эрдэнэсайхан нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Т.М-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 9-10/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Н.Сумъяа /хх-ийн 15-16/, Т.Түмэн-Өлзий /хх-ийн 17-18/, Т.Мөнхцэцэг /хх-ийн 19-20/, яллагдагч Т.М- /хх-ийн 40-41/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14270, 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 24, 29-30/ зэргээр нотлогдсон байна.

Хохирогч Д.Эрдэнэсайхан давж заалдсан гомдолдоо “тухайн үед Т.М- Н.Сумъяа нар нь намайг бүлэглэн зодсон” хэмээн маргах боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь Н.Сумъяагийн үйлдлээс болоогүй нь тогтоогдсон, харин хохирогчийн биед учирсан “баруун чихний зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх” гэмтэл нь шүүгдэгч Т.М-ын хазсан үйлдлээс үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан хэмжээний дотор торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан уг ялыг биелүүлэх хугацааг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Эрдэнэсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Эрдэнэсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                        Н.БАТСАЙХАН