Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 049

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Д-д холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 4 сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Э.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.Ж, С.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу Ховд аймгийн Санхүүгийн  хяналт, аудитын  албаны  ахлах  байцаагчийн  2017 оны 04 сарын 03-ны 35/03/45   дугаар актыг эс зөвшөөрч  Монгол улсын Сангийн сайдад  гомдол  гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 сарын 18-ны  өдрийн  13-1/2985 тоот “Хариу  хүргүүлэх тухай” Захиргааны актыг  хүлээн аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд  заасан  журмын  дагуу Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны  улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгч бид нарын  ажил хөдөлмөрөө  шударгаар  үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулах авах эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  хууль бусаар  ноцтой  халдсан  гэж  үзэж байна. Улсын байцаагчийн акт нь  ажилчдын  нэг удаагийн үйлдэл эс  үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга  хэмжээг улирал, хагас  жилийн ажлын  үр дүнг  тооцсон үр дүнгийн  урамшуулалтай  холбон  тайлбарлаж  акт  тогтоосон  нь хууль зүйн  үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг актын үндэслэлд ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж C, D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14 Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 төгрөгийг олгосон нь Монгол Улсын  төсвийн  тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.6  дахь заалт, Дээд шүүхийн  2010 оны  08 дугаар  тогтоолын 7,13 дугаар заалт, Төрийн  албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1 дэх заалт,  Засгийн газрын 2014 оны 147 дугаар  тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  ажилчдын  2014  оны 147 дугаар  тогтоол, Хүн амын  бодлого, Хөдөлмөрийн Сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн  ажилчдын 2014 оны 04 сарын 25-ны өдрийн  хурлаар  баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын  хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4,11.6 заалтуудыг зөрчсөн гэжээ.

Улсын байцаагч тогтоосон актынхаа хууль зүйн үндсийг тодорхойлохдоо ажилтан буюу иргэний эрх, ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа тул хуульд нийцсэн буюу хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хууль зөрчсөн гэх үндэслэлд  хамаарсан хуулийн зохицуулалатанд сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй.Түүнчлэн  2014 оны 04 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид хуралдаж  Ховд аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баталгаажуулаагүй,  хурлын тэмдэглэл байхгүй  байхад түүнийг үндэслэсэн хууль бус болжээ.Төрийн албан хаагчид нь үр дүнгийн урамшуулал авахдаа  хагас жилээр ажилласан ажлын үр дүн, бүтэн жилээр ажилласан ажлын үр дүнгээ ажил олгогчоор үнэлүүлж, түүндээ тохируулан үр дүнгийн урамшуулал олгодог. Гэтэл  улсын  байцаагчийн акт нь  сахилгын арга хэмжээ авагсад  ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон нь  зөрчил гэж  үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн актын үндэслэлд дурьдсан хуулийн зохицуулалтаар сахилгын арга хэмжээ авагдсан  ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж заасан зохицуулалт байхгүй юм.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 зааснаар Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актыг хүчингүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймагт Нийгмийн даатгалын хэлтэс байгуулагдсанаас хойш хяналт шалгалтын байцаагч, орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байгаад 2016 оноос эхлэн Санхүү тасгийн даргаар ажиллаж байна. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А12 дугаар тушаалаар намайг орлогын төлөвлөгөөгөө 98 хувь биелүүлсэн байхад 2016 оны 1-р улирлын үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр надад цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд би сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 04 дүгээр сар нь 1-р улирлын тайлан гарч дууссан байдаг үе. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх ёстой. Гэтэл 1 дүгээр улиралд үр дүнгийн гэрээг дүгнэж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь буруу юм. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн тавьсан актад хэлтсийн дотоод журмыг үндэслэсэн байсан. Гэтэл уг дотоод журмыг бид мэдэхгүй бөгөөд тухайн үед хаанаас гарч ирснийг ойлгоогүй. 2016 онд манай хэлтэст нь “Нийгмийн даатгалын хэлтэс” гэсэн нэртэй байсан. Харин актад үндэслэсэн дотоод журмын толгой нь “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс” гэх толгойтой байгаа тул актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Манай байгууллагад албан ёсоор дотоод журмыг хэлэлцэж баталсан хурлын тэмдэглэл, тушаал байхгүй байх тул дээрх дотоод журам нь актын үндэслэл болох үндсэн баримт бичиг болж чадахгүй гэж үзэж байна. 2016 онд мөн аудитын шалгалтыг улсын байцаагч Ж.Цэцэнхараацай хийж, акт тавьсан байдаг. Уг актыг тасгийн дарга төл гэж шаардсан ба бид цалингаасаа суутгуулж бага багаар төлсөөр дуусаж байж байхад улсын ахлах байцаагч Ц.Д дахин акт тавьсан бөгөөд үүнийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэл гаргасан. Уг актын цаана олон хүний амьдрал байгаа. Манай хэлтэст шинээр орж ирсэн байцаагч нь гар дээрээ 380.000 төгрөгийн цалин авдаг. Бид цалин багатай учраас нэхэмжлэгч нараа хамгаалж тайлбар гаргаж байна. Байцаагч нар ажлаа сайн хийдэг байсан ба мөн алдаа дутагдал ч байсан. Гэхдээ тухайн үеийн удирдлага, хүний нөөцийн зүгээс асуудалд нухацтай хандах ёстой байсан гэж бодож байна. Хагас жилээр хангалтгүй үнэлгээ авсан хүмүүс байгаа. Бид тухайн үед үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа бичиж тасгийн дарга нартаа өгдөг байсан. Тухайн үеийн дарга нар нь хүний хийсэн ажилд ач холбогдол өгч дүгнээгүй мөртлөө ажлыг дүгнэхдээ юуг үндэслэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Улсын ахлах байцаагч Ц.Д-ын тавьсан актыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хуурамч гэх юм уу үндэслэлтэй биш дотоод журмыг үндэслэж акт тавьсан байгаа юм. Тухайн үед бидний ажлыг дүгнэсэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж акт тавигдсан гэж үзэж байна. Актад үндэслэсэн заалтыг нэг бүрчлэн уншиж үзэхэд үр дүнгийн гэрээг дутуу биелүүлсэн хүнд урамшуулал олгохгүй гэх заалтыг байхгүй байгаа юм гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бүрэнсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэхээр хуульд заасан. Гэтэл юуг үндэслэж 1 дүгээр улиралд үр дүнгийн гэрээг дүгнэж, арга хэмжээ авсныг мэдэхгүй байна. Тухайн үед арга хэмжээ авах талаар бидэнд хэлж байгаагүй. Жилийн эцсээр илтгэх хуудсаа өгч, ажлаа дүгнүүлсэн. Би 2016 оны 04 дүгээр сард арга хэмжээ авахуулаад, мөн 05 дугаар сард дахин арга хэмжээ авагдсан. 04 дүгээр сард арга хэмжээ авахуулах болсон үндэслэл нь амралтын өдөр манай байгууллагын архи уусан хэдэн залуучуудыг амраах гээд авч явсан байхад надад арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид улсын ахлах байцаагч Ц.Д актдаа байгууллагын дотоод журмыг үндэслэсэн байх боловч уг дотоод журам нь тухайн үед байхгүй байсан. Дотоод журмыг батлахаар хэлэлцэж байсан эсэхийг манай байцаагч нар мэдэхгүй, хуралд суугаагүй байдаг. Гэтэл “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс” гэх нэртэй дотоод журмыг үндэслэж акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-тэй санал нэг байна. Би мөн орлогын төлөвлөгөөгөө биелүүлээгүй гэж арга хэмжээ авахуулсан. Бид урд нь тавигдсан актын төлбөрийг цалин дээрээсээ шууд татуулж, дөнгөж төлж дуусаж байхад дахин акт тавигдсан учраас бид төлөх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Бадрал бид Монгол улсын Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 3 дугаар сард  Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм. Хяналт шалгалт хийхэд тус хэлтсийн нэр бүхий ажилтнууд сахилгын арга хэмжээ авагдсан, мөн үр дүнгийн гэрээгээ С, D үнэлүүлсэн хэрнээ үр дүнгийн урамшуулал авсан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актад тусгагдсан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, байгууллагын дотоод журам зэргийг зөрчсөн тул уг акт тогтоосон. Гэтэл уг актанд тусгагдсан нэр бүхий ажилтнууд Сангийн сайдад гомдол гаргаж хариу авсан байдаг. Тухайн үед байгууллагын дотоод журам бий юу гэхэд надад байгууллагын дотоод журам гэх баримт гаргаж өгсөн ба уг дотоод журмын 11.4, 11.6 дахь заалтуудыг зөрчсөн байсан учраас би уг журмыг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон. Мөн хяналт шалгалт хийх үед төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас байгаагүй, хувийн хэрэгт хавсаргаагүй байсан гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь улсын ахлах байцаагчийн акт нь бодит үндэслэл бүхий эрх зүйн актад үндэслэж гараагүй гэж үзэж байна. Хариуцагч Ц.Д-ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/04 дугаартай актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасны дагуу акт гарсан бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Акт дээр олон хууль зүйн үндэслэлийг заасан байх ба энд 2014 онд баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баримталсан байдаг. Уг дотоод журмыг шүүх үзлэг хийж нотлох баримтаар авахад толгой нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэж байгаа юм. Гэтэл 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст гэх нэртэй байсан ба Нийгмийн даатгалын хэлтэст гэх толгойтой дотоод журам байхгүй, мөн хэлтсийн бүх ажилчид 2014 онд дотоод журмыг хэлэлцэж батлаагүй гэдгийг хэлдэг. Улсын байцаагчийн актад хууль зүйн үндэслэл болгосон дотоод журам нь хуульд нийцсэн баримт биш болж байна. Улсын байцаагч дотоод журмыг хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй байсан. Гэтэл үүнийг шалгалгүйгээр акт тавьсан нь үндэслэлгүй юм. Нэгэнт байгууллагын дотоод журам байхгүй байхад яагаад дотоод журмыг үндэслэж улсын байцаагчийн акт тавиад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хэлтсийн ажилчдын үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, “C”, “D” үнэлгээ ажилтнууд, сахилгын арга хэмжээ авагдсан ажилтнууд, нийт 24 ажилтанд үр дүнгийн урамшуулал олгогдсон байдаг. Гэтэл дээрх 24 ажилтан нь үр дүнгийн гэрээгээ үнэлүүлэхдээ бүгдээрээ “C”, “D” үнэлгээ аваагүй юм. Акт тавихдаа хүн тус бүр дээр үндэслэлээ тавихгүйгээр нийтэд нь тавьсан байгаа юм. Мөн сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн зохицуулалт байхгүй юм. Сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгосон гэж яагаад акт тавьсан юм бэ гэдгийг хариуцагч тал тайлбарлахдаа байгууллагын дотоод журмыг үндэслэсэн гэж хэлдэг. 2016 онд дотоод журмыг хэлэлцэж, хуралдаж, баталсан зүйл байхгүй. Иймд улсын байцаагчийн актад баримталсан дотоод журам нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарт сахилгын арга хэмжээ оногдуулсан тушаал дээр гомдол гаргаагүй бөгөөд сахилгы арга хэмжээ авагдсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Гэхдээ нэхэмжлэгч нар нь хууль бусаар сахилгын арга хэмжээ авагдсан гэж тайлбарлаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн юм. Харин улсын байцаагчийн акт нь хуульд нийцсэн баримтыг үндэслэж гараагүй гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр захиргааны акт нь хууль бус байх тул актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нарын нэр бүхий 24 нэхэмжлэгч нь Ховд аймгийн  Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45  дугаар “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэрэг баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаартай “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай”  актын төлбөрийн хэмжээг багасгаж  шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Ц.Д нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 02 душаар сарын 16-ны өдрийн баталсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харъяа  байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын нэгдсэн удирдамжийн дагуу Ховд аймгийн  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд баримтын хяналт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 07-ноос 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд явуулсан  нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ...” 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцсэн, хууль журмын дагуу хяналт шалгалт явагдсан байна.

Шалгалтаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтануудын ажлыг  хагас, бүтэн жилээр  дүгнэж C, D  үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14, Б/05, Б/26 дугаар тушаалуудаар  сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 төгрөгийг олгосон нь  Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6,  Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7, 13 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1 дэх заалт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4, 6 дугаар хавсралт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг  тус тус зөрчсөн гэж үзэж хавсралтад заагдсан нэр бүхий 24 хүнээр нийт 8069534 төгрөгийг  төлүүлэхээр акт тогтоожээ.

Нэр бүхий 24 нэхэмжлэгч нараас “...нэхэмжлэгч бид нарын ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулал авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан..., Улсын байцаагч нь ажилчдын нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга хэмжээг улирал, хагас жилийн ажлын үр дүнг тооцсон үр дүнгийн урамшуулалтай холбон тайлбарлаж акт тогтоосон,  2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн ажилчид хуралдаж Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баталгаажуулаагүй, хурлын тэмдэглэл байхгүй байхад түүнийг үндэслэсэн нь үндэслэлгүй  гэж маргажээ.

1.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг үндэслэл болгосон тухайд:

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар орон нутгийн салбар нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулсан хэдий ч уг хэлтсийн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсан байх тул урьд нь мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын нэр өөрчлөгдсөн тул мөрдөх боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж заасны дагуу аливаа байгууллага нь хөдөлмөрийн олон харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн дотоод журам баталж, мөрдүүлдэг бөгөөд байгууллагын нэр, бүтэц өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр байгаа нь 2014 онд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нарын зүгээс 2014 онд тус хэлтсийн дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцэж батлаагүй гэж тайлбарлан маргаж байгаа тухайд мөн онд дотоод журмыг баталгаажуулсан хэлтсийн даргын тушаал гараагүй байх хэдий ч тус хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж  ажиллаж байсан болох нь шүүхээс  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны тушаалд хийсэн үзлэгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын “2014 онд хэлстийн дотоод журам батлагдаагүй, мөрдөж байгаагүй” гэж тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 

Харин маргаан бүхий актаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 дахь заалтуудыг  зөрчсөн гэж үзэж актын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4-д “Ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд  энэхүү журамд заасан шагнал,  урамшуулал олгох, аливаа сургалтанд хамрагдахгүй, 11.6-д “ Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын  сарын дотор  сахилгын шийтгэл ногдуулах ба  сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т ”Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно” гэж, 31.З-т “Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнг нь харгалзан шагнал урамшил олгохдоо Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газраас тогтоосон журмыг дагаж, мөрдөхөөр байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5-д “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно...” гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийг үнэлж дүгнэсний дараа шагнал урамшил олгох нөхцөл болзолыг зааж журамлажээ.

Өөрөөр хэлбэл  тус хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4-д “Ажилтан сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд  энэхүү журамд заасан шагнал,  урамшуулал олгох, аливаа сургалтанд хамрагдахгүй” гэх заалт нь Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн шагнал, урамшил” –д хамрааралтай заалт бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр  зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн  үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх” –д хамааралгүй байна. 

2. Нэхэмжлэгч нарын ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулал авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан гэх үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийг үнэлж дүгнэх журам”-д 3 дугаар хавсралтын 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д  зааснаас харвал  нэр бүхий 24 нэхэмжлэгч нар хагас болон бүтэн жилийн үр дүнгийн гэрээг  А, B  үнэлгээтэй дүгнүүлсэн бол мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал  авах эрхтэй, харин  С, D үнэлгээтэй дүгнүүлсэн бол мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгогдохооргүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг нотлох баримтаар авсан бөгөөд уг илтгэх хуудаснуудад гэрээг дүгнэх эрх бүхий этгээд болох Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон холбогдох тасгийн дарга нар  үнэлгээ өгч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх ч нэхэмжлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийг үнэлж дүгнэх журам”-ын 3 дугаар хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.1-д “байгууллагын үйл ажиллагаа болон онцлогт нийцүүлэн өөрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах журмаар хэрэгжүүлж болно” гэж заасан

 Журмын дээрх заалтаас үзвэл аливаа төрийн байгууллага албан хаагчтай үр дүнгийн гэрээг хэрхэн байгуулах, хэрхэн үнэлж дүгнэх талаарх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах журмыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгах байдлаар хэрэгжүүлж болохыг заажээ.

Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.5-7.10 дахь заалтуудад үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэх, хагас , бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн  мөнгөн урамшууллын хэмжээг хэрхэн олгох талаар тусгасан байх ба 7.1-д Ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас ба бүтэн жилээр  дүгнэж мөнгөн урамшил олгоно, 7.8-д Хэлтсийн ажилтан бүрийн хагас ба бүтэн жилийн үйл ажиллагааны  үр дүнгийн мөнгөн урамшлын хувь хэмжээг Хэлтсийн даргын тушаалаар тогтооно гэж тусгасан,

гэрч Г.Нямдэмбэрэлийн “...тасгийн дарга нар ажилчдынхаа  үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, хүснэгтэд үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг жагсааж оруулж ирдэг. Уг дүнг харгалзан тушаал гаргаж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг,

гэрч  А.Мөнх-Амьдралын “...Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын үр дүнгийн гэрээг дүгнэхэд би оролцдог байсан. Гэхдээ хэлтсийн дарга үр дүнгийн гэрээг дүгнэж баталгаажуулдаг байсан..... гэх мэдүүлэг,

гэрч С.Цийрэгзэнгийн “...үр дүнгийн гэрээг дүгнээд өгсөн үнэлгээгээ Нийгмийн даатгалын  хэлтсийн даргад танилцуулж, хэлтсийн даргын тушаалаар үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон..” гэх мэдүүлэг  зэргээр нэхэмжлэгч нарын 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэж дүнг хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулж үр дүнгийн урамшуулал олгосон болох нь нотлогдож байна.

Иймд нэр бүхий 24 нэхэмжлэгчийн 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/24 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталгаажсан дүнгээр үр дүнгийн урамшууллыг  нэхэмжлэгч тус бүрд үндэслэлтэй олгосон эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

3.Сахилгын шийтгэлтэй байхад үр дүнгийн урамшуулал олгосон тухайд:

Нэхэмжлэгч нар “...Улсын байцаагчийн акт нь ажилчдын нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга хэмжээг улирал, хагас жилийн ажлын үр дүнг тооцсон үр дүнгийн урамшуулалтай холбон тайлбарлаж акт тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын  2016 оны А/11, А/12, А/14, Б/05, Б/26 дугаар тушаалуудаар   нэр бүхий 24 нэхэмжлэгчид тус бүрд нь холбогдох зөрчилд сахилгын арга хэмжээнүүдийг ногдуулсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч  нар дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь үндэслэлгүй ногдуулсан тушаал,  тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлах боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс  хэтэрсэн болон хэргийн оролцогчдын  маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан  бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх үндэслэлгүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэснээс үзвэл  төрийн албан хаагчийн тухайлсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

Харин төрийн алба хаагчийн тухайлсан зөрчилд ногдуулсан сахилгын арга хэмжээг төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ харгалзан үзэж дүгнэх ёстой.

Гэтэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагч акт тогтоохдоо сахилгын шийтгэл ногдуулсан байхад үр дүнгийн урамшуулал олгосон нь хууль зөрсөн гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлгүй харин нэхэмжлэгч нарын “...ажилчдын нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга хэмжээг улирал, хагас жилийн ажлын үр дүнг тооцсон үр дүнгийн урамшуулалтай холбон тайлбарлаж акт тогтоосон нь үндэслэлгүй ..” гэх тайлбар нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан ч  хагас, бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг А, B  үнэлгээтэй дүгнэсэн бол хэлтсийн даргын тогтоосон хэмжээгээр  тухайн төрийн алба хаагч үр дүнгийн урамшуулал авах  эрхтэй байна. 

Дээрх бүгд үндэслэлүүдээс дүгнээд нэхэмжлэгч тус бүрд үр дүнгийн урамшуулал үндэслэлтэй олгосон эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна. Үүнд

1.Нэхэмжлэгч Д.Э, Ц.Элбэгбаяр, Э.Сандаг, М.Бүрэнжаргал, Р.Цоож, Ч.Цолмон, Л.Бадамхүү, Б.Мөнхтуяа, Д.Ж, Б.Уранчимэг, С.Бүрэнсайхан, Ж.Мөнхбаяр нарыг сахилгын шийтгэлтэй байхад 2, 4-р улиралд, Х.Баянжаргал, Г.Баттулга нарыг  сахилгын шийтгэлтэй байхад 4-р улиралд,  Ц.Болдыг  сахилгын шийтгэлтэй байхад 2-р улиралд  үр дүнгийн урамшуулал олгосон гэх үндэслэлээр төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгч нар нь 2, 4 дүгээр улирлуудад үр дүнгийн гэрээний биелэлтийг А, В үнэлгээтэй дүгнүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/24 дүгээр тушаал, нэхэмжлэгч нарын 4-р улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсуудаар нотлогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн дээрх нэхэмжлэгч нараар төлүүлэхээр тогтоосон төлбөр нь үндэслэлгүй  байна.

Иймд Д.Э-ын 496776, Ц.Элбэгбаярын  464568, Э.Сандагийн 371826, М.Бүрэнжаргалын 398792, Р.Цоожийн 429569, Ч.Цолмонгийн 464568, Л.Бадамхүүгийн 541948, Б.Мөнхтуяагийн 464568, Д.Ж-ийн 383432, Б.Уранчимэгийн 383432, С.Бүрэнсайханын 451889, Ж.Мөнхбаярын 406497,  Х.Баянжаргалын  250986, Г.Баттулгын 160830,  Ц.Болдын 185913 төгрөгийн үр дүнгийн урамшууллын төлбөр буюу нийт 5855594 төгрөгийн төлбөрийг актын нийт төлбөрөөс хасах нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч М.Б-д 2016 оны Хэлтсийн даргын А/12 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж, 2-р улиралд 219104 төгрөг, 4-р улиралд С үнэлгээ авч 232284 төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан тул төлүүлэхээр акт тогтоожээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагч нь актад М.Б-г 4-р улиралд С үнэлгээтэй дүгнүүлсэн байхад үр дүнгийн гэрээний урамшуулал олгосон нь буруу гэж төлбөр тогтоосон боловч М.Байгальсүрэн нь 4-р улиралд 80В үнэлгээ авсан болох нь түүний үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн илтгэх хуудсаар, мөн  2-р улиралд дүнгийн гэрээний биелэлтийг 91А үнэлгээтэй дүгнүүлсэн болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар нотлогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоосон төлбөр нь үндэслэлгүй байна.

Иймд М.Б-ийн 451388 төгрөгийн  үр дүнгийн урамшууллын төлбөрийг актын нийт төлбөрөөс хасах нь зүйтэй байна.  

3.Нэхэмжлэгч Б.Б, Б.Л нарыг сахилгын шийтгэлтэй байхад 2-р улиралд, С үнэлгээ авсан байхад 4-р улиралд  тус тус үр дүнгийн урамшуулал олгосон нь үндэслэлгүй гэж акт тогтоожээ.

Нэхэмжлэгч Б.Б, Б.Л нар нь 2-р улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг В  үнэлгээтэй дүгнүүлсэн болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар нотлогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн нэхэмжлэгч нарт 2-р улиралд олгосон үр дүнгийн гэрээний урамшууллыг төлүүлэхээр тогтоосон төлбөр нь үндэслэлгүй байна.

Иймд Б.Б-ын 139435, Б.Л-ийн 184101 төгрөгийн үр дүнгийн урамшууллын төлбөр буюу нийт 323536 төгрөгийг актын нийт төлбөрөөс хасах нь зүйтэй байна.

Харин Б.Б, Б.Л нар нь 4-р улиралд үр дүнгийн гэрээний биелэлтийг С үнэлгээтэй дүгнүүлсэн болох нь  тэдгээрийн үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн илтгэх хуудсаар нотлогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн нэхэмжлэгч нараар  4-р улиралд олгосон үр дүнгийн гэрээний урамшууллыг төлүүлэхээр  акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Б.Б  139435, Б.Л 184101 төгрөгийн, нийт 323536 төгрөгийн үр дүнгийн урамшууллын төлбөр төлөх нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгч Д.Э-г сахилгын шийтгэлтэй, 4-р улиралд С үнэлгээтэй  байхад 4-р улиралд, Б.Э, Л.Д нарыг сахилгын шийтгэлтэй, 2, 4-р улиралд С үнэлгээтэй байхад 2, 4-р улиралд, Д., Л.Б, П.О нарыг 4-р улиралд С үнэлгээтэй байхад 4-р улиралд үр дүнгийн урамшуулал олгосон нь үндэслэлгүй гэж  төлбөр тогтоожээ.

Д.Э 4-р улиралд С , Б.Э, Л.Д нар 2, 4-р улиралд С, Д., Л., П. нар нь 4-р улиралд С үнэлгээ авсан болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/24 дүгээр тушаал, 4-р улиралд үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсуудаар нотлогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчийн нэхэмжлэгч нараар  төлүүлэхээр тогтоосон төлбөр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Д.Энхбаатар 139435, Б.Эрдэнэтуяа 278870, Л.Дамбарэнцэн  278870, Д.Алтансоёмбо 139435, Л.Болормаа 139435, П.Отгонтуяа 139435 төгрөгийн, нийт 1115480 төгрөгийн үр дүнгийн урамшууллын төлбөрийг төлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.-ийн 2016 оны 4-р улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас байхгүй байгаа  хэдий ч Б.Эрдэнэтуяа нь гэрээний биелэлтийг 75 буюу С үнэлгээтэй дүгнүүлснээ өөрөө тайлбарлаж зөвшөөрсөн  тул нэхэмжлэгчийг 2016 оны 4-р улирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг С үнэлгээтэй дүгнүүлсэн гэж дүгнэсэн болно.

Дүгнэвэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актын нийт 8069534 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр тогтоосон 6630518  төгрөгийг хасч актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 1439016 төгрөг болгон багасгах нь зүйтэй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, 70 дугаар зүйлийн 70.5-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах  байцаагч Ц.Д-ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаар “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актын нийт төлбөр 8069534 төгрөгийн төлбөрийг 1439016 төгрөг болгон  төлбөрийн хэмжээг  багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч буюу Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

шүүгч С.Оюунгэрэл

Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл

шүүгч Г.Янжиндулам