Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00050

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1745 дугаар магадлалтай,

Д.О-гийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 10.560.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баясахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О- түүний өмгөөлөгч С.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад улмаар Иргэдийн нийтийн хурлын сонгуулиар ялалт байгуулан 4 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн №221/МА2017/0461 магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны №523 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 12 cap 03 хоногийн цалин болох 10.560.000 төгрөгийг нөхөн гаргуулж эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2016 оны Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-г урьд эрхэлж байсан 04 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.000.224 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8.000.224 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/389 тогтоолоор дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор буюу хохирол 10 560 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.О-гийн төлсөн 183 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1745 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 7 939 385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх 2 620 615 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...хариуцагчаас 183 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 183 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Баясах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1745 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг дүүргийн Засаг дарга томилж баг, хорооны Засаг дарга нь хуульд зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр 4 жилийн хугацаатай томилогддог. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон байх ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан тул тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш уг албан тушаалд ажиллах эрхгүй болсон. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” бүрэн эрхийг хорооны Иргэдийн Нийтийн Хурал хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,000,224 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/389 тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 101/ШШ2018/02093 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0260 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 4-8, 13-21, 38-43 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр Б/11 дүгээр захирамж гаргаж Д.О-г тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 26.3., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2. дах зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасан, анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэр гарах үед нэхэмжлэгчийг томилсон бүрэн эрхийн хугацаа дууссан байсан, ...шүүх түүнийг цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, зөвтгөн хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 12 сар 3 хоногоор тооцож, хариуцагчаас 7.939.385 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1745 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Баясахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                             Г.ЦАГААНЦООЖ