Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗД-н ЗД-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,560,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булганчимэг, иргэдийн төлөөлөгч Э.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О миний бие 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны З.Д-аар томилогдон ажиллаж байгаад улмаар Иргэдийн нийтийн хурлын сонгуулиар ялалт байгуулан 4 жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн З.Д-ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаасаа хууль бусаар халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №128/ШШ2017/0260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн №221/МА2017/0461 магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны №523 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх хурал 2017 оны 04 сарын 10-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны 12 cap, 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 8,000,224 төгрөг олгохоор шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр нөхөн авсан.

Дээд шүүхийн тогтоолыг үл хайхран хуулиа биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй хохирсоор байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараалан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна.

&

 

Иймд хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 12 cap 03 хоногийн цалин болох 10,560,000 төгрөгийг нөхөн гаргуулж эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж хохиролгүй болох хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй улмаас надад хохирол учруулсан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй, Д.О-д холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна.

Иргэн Д.О-гийн нэхэмжлэлтэй, Д.О-д холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 260 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2016 оны Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-г урьд эрхэлж байсан 04 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,000,224 төгрөгийг нөхөн олгож, түүнд холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг.

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 04 дүгээр хорооны З.Д-аар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,000,224 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 1/389 тогтоолоор дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.О-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор буюу хохирол 10,560,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байсны улмаас надад ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу хохирол учирсан” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Д.О нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн З.Д-ын захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны З.Д-аар томилогдон ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн З.Д-ын 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар түүнийг З.Д-ын үүрэгт ажлаас нь огцруулсан байна. /х.х-ийн 23 дахь талд/

З.Д-ын үүрэгт ажлаас огцруулсан захирамжийг эс зөвшөөрч тэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гарган шүүх маргааныг хянан шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0260 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн З.Д-ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.О-г урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны З.Д-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8,000,224 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д.О-д даалган шийдвэрлэжээ. /хх-ийн 13-24 дахь талд/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0461 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй. /хх-ийн 4-8, 38-43 дахь талд/

Хариуцагч Д.О шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хандаж, улмаар Д.О 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Д.Ог 4 дүгээр хорооны З.Д-ар томилох тухай” Б/11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Ог тус дүүргийн 4 дүгээр хорооны З.Дар томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8,000,224 төгрөгийг олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан ажилд эгүүлэн томилсон захирамж болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 4/389 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 9, 31 дахь талд/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны З.Дд тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж, мөн зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн З.Д тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон З.Дд энэ хугацаа хамаарахгүй” гэж тус тус зохицуулсан.

Дүүрэг, баг, хорооны З.Д нь хуульд зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр 4 жилийн хугацаатай томилогддог албан тушаалтан ажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0260 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Ог урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8,000,224 төгрөгийг олгон шийдвэрлэсэн нь түүнийг зөвхөн уг албан тушаалаас огцруулсан захирамжид эрх зүйн дүгнэлт хийж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн бөгөөд шүүх түүнийг цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж тогтоогоогүй юм.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны З.Дар 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон байх ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0260 дугаартай шийдвэр гарахад түүнийг томилсон бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дууссан байна.

Шүүхэд хандснаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаа тасалдах болон түдгэлзэх үндэслэлгүй тул тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш уг албан тушаалд ажиллах эрхтэй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д зааснаар Баг, хорооны хурал нь “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн З.Дд уламжлах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан нь хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол дахин томилох эсэх бүрэн эрх нь Баг, хорооны хуралд хадгалагддаг учиртай.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зохицуулсан нөхөн олговрыг олгох үүрэг хариуцагч Д.Од үүсээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэг үндэслэлийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй улмаас хохирол учруулсан гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутэй этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэлээр бус байгууллага, албан тушаалтан гэм хор учруулсан гэх үндэслэлээр хариуцагчаар Баянзүрх дүүргийн Засаг даргыг татсан бөгөөд уг үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгээр зохицуулжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан үндэслэл буюу Д.О гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Д-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор буюу хохирол 10,560,000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.О-гийн төлсөн 183,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ

 

 

            ШҮҮГЧИД                                                        З.БАЯРМАА

 

 

                                                                               Б.МАНДАЛБАЯР