Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2017/00085/и |
Дугаар | 221 |
Огноо | 2017-05-12 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.тэй 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг байгуулсан байна. Гэтэл уг гэрээнд хамтран хариуцагчаар Б.ийн эхнэр Р.******* гэх гарын үсэг зурагдсан байна. Энэхүү гэрээг Р.******* огт мэдээгүй, гэнэт саяхан зээл төл гэсэн зүйл яригдсан тул Р.******* гайхаад энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Р.*******ийн нөхөр Б. нь тус зээлийг авсан байж болно. Энэ талаар маргахгүй. Гэтэл Б. 2015 онд нас барсан. Харин Р.******* энэ гэрээ байгуулагдсан талаар огт мэдээгүй.
Иймд Р.******* нь Сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, гэрээ байгуулаагүй тул 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээгээр олгосон 6,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэйгээр иргэн Б. авсан байдаг. Б. нас барсан ч хамтран зээлдэгчид зээлдэгч Б.ийн эрх үүрэг шилжинэ, мөн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүсэн гарах бүхий л зардлыг хариуцах ёстой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.Баасандорж, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн З.Уянга нар Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух Б., хамтран зээлдэгч Р.******* нартай “Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, зээлийн барьцаанд Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай болокон хашаа, амбаар, Хятад улсад үйлдвэрлэгдсэн ХОЗ улсын дугаартай мотоцикл зэргийг тавьсан болох нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн эргэн төлөх хуваарь, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Зээлдэгч Б. нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх ба хамтран зээлдэгч Р.******* нь уг зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш тул 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгосон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна гэж мэтгэлцлээ.
Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгосон 39 дугаартай барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийг хэн, хэдий хугацаанд, хэрхэн төлж байсан талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн Сум хөгжүүлэх сангаас олгосон 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр зурагдсан Р.******* гэх гарын үсэг нэхэмжлэгч Р.*******ийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, Р.******* тус зээлийн гэрээнд өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй болох нь гэрч Д.Баасандоржийн мэдүүлэгээр тус тус нотлогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.
Мөн Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь зээлдэгч Б., хамтран зээлдэгч Р.*******тэй нартай “Сум хөгжүүлэх сангаас олгох барьцаат зээлийн гэрээ”-г байгуулахдаа хамтран зээлдэгч Р.*******ээр гарын үсэг зуруулахдаа түүнийг биечлэн гарын үсэг зуруулах, мөн гэрээний 2.1.6-д зааснаар зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих, 2.1.7-д зааснаар зээлдэгчийн хэрэгжүүлж буй төслийн явц байдалтай танилцах, 2.1.11-д заасан зээлтэй холбоотой аливаа төлбөр, тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх, 2.1.12-д заасан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... бол зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 3.8-д заасан зээлдэгч зээлийг төлөлгүй 2 сарын хугацаа хэтэрвэл мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Р.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ы шүүхэд гаргасан Ховд аймгийн ******* сумын Засаг дарга, иргэн Б., Р.******* нартай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-д заасныг баримтлан Ховд аймгийн ******* сумын Засаг дарга, иргэн Б., Р.******* нартай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгосон 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА