Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00073

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2018/00025 дугаар магадлалтай,

Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдох,

тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 онд Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажилд ороод тасралтгүй ажилласан. Өмнөговь аймгийн эхийн эндэгдлийн шалтгаан хэлэлцэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслээд сахилгын арга хэмжээ авсан. 2017.12.21-ний өглөө ажилдаа эрүүл ирсэн бөгөөд хагалгаанд ороод 11 өнгөрөөгөөд гарсан. Өвчтний ар гэрийнхэн нэг шил архи авч ирсэн, хагалгаанд орсон багийн гишүүд тойруулаад амсаад өгсөн. Энэ үед урамшууллын 300.000 төгрөг олгох асуудал яригдаад, намайг сахилгын шийтгэлтэй тул өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь захиралтай утсаар яриад яагаад олон давхар хариуцлага ногдуулаад байгаа вэ гэж хэлсэн, өрөөнд нь очоод энэ талаар яриад маргалдсан. Гэтэл 2018.1.8-ны өдөр ажлаас халах тушаал өгсөн. 2018.1.5-ны өдөр ханиад хүрээд шинжилгээ өгөөд эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө эмчлээд нэг өдөр ажилдаа очоогүй. Ажил олгогч миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас халсанд гомдолтой. Захиралтай маргаж бухимдсандаа архи уусан хүнийг яахийн гэж хэлсэн болохоос ажлын байранд архи уусан явдал огт байхгүй.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлагаас татгалзаж байна. Харин ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн удирдах албан тушаалтнаа 300.000 төгрөг өгсөнгүй, тэнэг мал зайлаарай гэх мэтээр дарамталж Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.1, хөдөлмөрийн гэрээний 3.8.4-т заасныг тус тус зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.2.2-т ...байгууллага, тасаг, албадын удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн гэснийг зөрчсөн.

Түүнчлэн 2017.12.25-ны өдөр 14-18 цаг хүртэл, 2017.12.26-ний өдөр 09-18 цаг хүртэл, 2017.12.27-ны өдөр 09-11 цаг хүртэл, 2018.1.4-ний өдөр 14-18 цаг хүртэл, 2018.1.5-ны өдөр 09-18 цаг хүртэл ямар ч чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхин ажлаа тасалсан. 2017.12.7-ний өдөр Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын Б\292 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авсан бөгөөд ийнхүү сахилгын зөрчил гаргасан нь Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр, Удирдлагын зөвлөлийн 2017.12.7-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэрээр: Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/292 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2018/00025 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэрийн а/ 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2” гэсэн, бI 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5” гэсэн нэмэлт өөрчлөлтийг, в/ 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/шш2018/00244 тоот шийдвэрийг хянасан Өмнөговь аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2018/00025 тоот магадлалыг эс зөвшөөрч хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Д- нь 2005 оноос тус аймгийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оноос одоо хүртэл БОЭТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа юм. Гэтэл 2017 оны 01-р сард аймгийн БОЭТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн М.Энхээ нь байгууллагын ҮЭ-ийн хорооны ажилд дарамт үзүүлж ажилчдын эрх ашгийн хөндөх үйлдэл гаргаж ажилчдын үр дүнг шударгаар үнэлдэггүй. илүү цагийн цалин хөлс болон ажиллах нөхцөл байдлыг өөрчилж эмч ажилтан ажилчдын эрхийг хохироох гээд байсан тул би ҮЭ-ийн хорооны даргын хувьд Энхээ даргатай үл ойлголцолд хүрч миний ажил албан тушаалыг өөрчилж улмаар 2018-01-08-ны өдөр б/20 тоот тушаалаар ажлаас халах арга хэмжээ авсан нь хууль бус болсон гэж 2018-02-02 өдөр тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч тал болох байгууллагаас гаргаж өгсөн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн гэх /тэмдэглэл нь гарын үсэг тамга байхгүй/ боловч хариуцагч талын хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн Болдмаагийн мэдүүлэгт Даваасамбуу эмч захиралтай уулзаж байхад өрөөнд нь ороход архи үнэртэж байсан зүйл байхгүй согтуу гэхээр байдал мэдэгдээгүй гэж мэдүүлсэн. Мөн хамт ажилладаг хүмүүс болох гэрч Шижиртуяа Мөнхдэлгэр Сүнжидмаа Баярмаа Алтанцэцэг нарын мэдүүлэгт Даваасамбуу эмчийн зан төлөв болон ажилдаа яаж ханддаг тухай мэдүүлсэн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар дурдаагүй мөн бусад нотлох баримтыг үнэлж үзээгүй хариуцагч талын ганц тайлбар тэмдэглэлийг үнэлж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Мөн БОЭТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх хэмжээний хүрээнд хийх ажил /шийдвэр/ мөн эсэхийг анхаарч үзээгүй. М.Энхээ нь 2018.02.01-нд халагдаад явсан билээ. Монголын ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн 6.2-т зааснаар тухайн салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг ҮЭ-ийн байгууллагын зөвшөөрлөөр ажлаас халах асуудлыг шийдэхээр тусгасан байхад Аймгийн ҮЭХолбоонд мэдэгдэж тохиролцоогүй. Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг бүх талаас нь судалж дүгнэж үнэлэлт өгөлгүй зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн баримт гэх зүйлийг үндэслэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэрлэсэн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/шш2018/00244 тоот шийдвэр, Өмнөговь аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2018/00025 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч л.Даваасамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өмнөговь аймгийн БОЭТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018-01-08-ны өдрийн 6/20 тоот тушаалыг хүчингүй болгож Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн их эмчийн ажилд эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж нийгмийн даатгал ,эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагаасаа татгалзаж, ...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нэхэмжлэлээс татгалзахдаа “...ноцтой зөрчил” гаргасан талаар тайлбар гаргаж, маргажээ.

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр Б/20 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Д.Д- эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн их эмчийн ажлаас чөлөөлөхдөө “...ажилдаа согтуу ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан” гэжээ /хэргийн 77 дугаар тал/.

Дээрх тушаалын үндэслэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд ажил олгогч ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.

Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй хамаарахаас гадна тухайн ажилтны гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцож, тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.8.4.-т ажилтан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажилдаа ирэх, 3.8.9.-т хүндэтгэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр дараалан ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заажээ /хэргийн 49 дүгээр тал/.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...Д.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 14-18 цаг хүртэл, 26-ний өдөр 9-18 цаг, 27-ний өдөр 9-11 цаг, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 14-18 цаг, 5-ний өдөр 9-18 цагийн хооронд ажил тасалсан” гэсэн боловч нэхэмжлэгч дурдсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Харин шүүх нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, мөн мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэрэг хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэх ба сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

Ажлаас халсан тушаалд Д.Д- ажилдаа согтуу ирсэн талаар дурдсан боловч энэ байдал тогтоогдоогүй, харин ажлын байранд архи уусан эсэх талаар маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ Д.Д- өөрөө нотолдог, энэ тохиолдолд өөр нотолгоо хэрэггүй” гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрөхдөө “...урамшууллын 300.000 төгрөгийн асуудал яригдаад сахилгын шийтгэлтэй тул өгөхгүй гэхээр бухимдаж маргахдаа хагалгаанаас гараад архи уусан тэгээд яахын гэж хэлсэн” гэж тайлбар гаргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ажлын байранд тодруулбал хагалгааны дараа архи уусан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 38.6-т “...гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх асуудлыг тодруулах зорилгоор зохигч талууд Г.Шижиртуяа, Ц.Мөнхдэлгэр, А.Мөнхжаргал, Ё.Алтанцэцэг, Ч.Баярмаа, А.Болдмаа нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хангажээ /хэргийн 111-115,120 дугаар тал/.

Нэхэмжлэгч Д.Д- нь ажлын байранд архи уусан талаар гэрчүүд мэдүүлээгүй байхад шүүх уг баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй гэж үзнэ.

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотоод журмын 6.4.3-т “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй”, 6.4.4.-т “сахилгын шийтгэл оногдуулах тухай тасгийн эрхлэгч, албадын дарга нарын санал болон чанарын алба, удирдлагын багийн хурлын шийдвэр, холбогдох нотлох баримтыг хүний нөөцийн алба хянан үзэж, эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд заасан шийтгэлийн аль нэгийг оногдуулж тушаал гаргана...” гэж заажээ /хэргийн 71-72 дугаар тал/.

Нэхэмжлэгч ажлын байранд архи уусан зөрчил гаргасан гэх асуудлыг хариуцагч дээрх журмын дагуу шалгаж тогтоосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Иймд Д.Д- ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дундаж 1.845.629 төгрөгөөр /5.536.889:3/ энэхүү тогтоол гарах хүртэлх 12 сар ажлын 4 хоногоор тооцон 22.490.920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2018/00025 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 143/ШШ2018/00244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д- Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэлтийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 22.490.920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгасугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д- нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/292 дугаар сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 5585714105 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270.405 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.         

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ