Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 052

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.З-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Т, Дарви сумын Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч О.Г нарт холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу явагдсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн газрын дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн А/43 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хуралдаанд нэхэмжлэгч Д.З, хариуцагч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, гэрч З.Цагаандолгор, Х.Бямбасүрэн, Н.Мөнхсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж болон уг захирамжийн дагуу явагдсан дуудлага худалдаа нь бүхэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 2-р зүйлийн 2.1.3, 2.1.4-т заасан нээлттэй, ил тод байх, тэгш, шударга оролцоог хангасан байх гэсэн зарчмуудыг зөрчсөн, мөн журмын 4, 7, 8, 9, 11, 12 дахь заалтууд болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13-д заасныг ноцтой зөрчин Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан миний газар эзэмших хүсэлт гаргах, дуудлага худалдаанд тэгш, шударга оролцох эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.

Нэг: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн хувьд

Захирамжийн 1 дэх заалтад дуудлага худалдааг 2018 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө ... нийтэд мэдээлнэ” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа явагдахаас 23 хоногийн өмнө захирамж гаргасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Хоёр: Дуудлага худалдааг зохион байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар

Худалдаа, үйлчилгээний зориулалтаар Дарви сумын Булган багт Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд 1 га газрыг дуудлага худалдааны хэлбэрээр газар олгохдоо “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасан байдлаар нийтэд мэдээлээгүй бөгөөд нээлттэй, ил тод байх зарчмыг зөрчиж дуудлага худалдаа явагдсан гэж үзэж байна. Учир нь тухайн газрыг дуудлага худалдааны журмаар, худалдаа үйлчилгээний зориулалтаар олгохоор болсон талаар олон нийтэд мэдэгдээгүй ба нууц байдалд хуйвалдааны шинжтэй явагдсан.

Газрын дуудлага худалдаа явуулсан хурлын тэмдэглэлээс харахад дуудлага худалдааг явуулахдаа журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд дуудлага худалдааны хөтлөгч, тэмдэглэл хөтлөгчөөр хэн хэн ажилласан эсэх нь тодорхойгүй, 9.7-д заасан дэгийн дагуу явагдаагүй гэж үзэхээр байгаа юм. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт Тамгын газрын даргын өрөөнд зохион байгуулагдсан гэх газрын дуудлага худалдааны тэмдэглэлд зурагдсан газрын даамал Л.С гарын үсэг, худалдах худалдан авах гэрээнд зурагдсан Л.С гарын үсэг нь илт зөрүүтэй, тэмдэглэлд зурагдсан дуудлага худалдаанд оролцогч “Эко тамга” ХХК-ний төлөөлөл М.Э-ийн гарын үсэг нь дэнчингийн талаарх мэдээлэлд зурагдсан гарын үсэг зөрүүтэй байх магадлалтай, “Эбон тур” ХХК-ний төлөөлөл Б.Э-ийн тэмдэглэлд зурсан гарын үсгийн хэв нь дэнчингийн мэдээлэлд зурагдсан гарын үсэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгүүд дээр зурагдсан гарын үсэг нь мөн адил зөрүүтэй байна. Гарын үсгийн хэвийг шинжээч томилон дүгнэлт гаргуулж шийдвэрлэх боломжтой ба хэрэв дээрх иргэдийн гарын үсэг нь хуурамч болох нь нотлогдвол газрын дуудлага худалдаа бүхэлдээ хууль бус, журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдох юм.

Гурав: Дарви сумын Засаг даргын А/43 дугаар захирамжийн талаар

Дарви сумын Засаг даргын А/43 дугаар захирамж нь захиргааны хууль бус үйл ажиллагаа буюу анхнаасаа хууль, журам зөрчиж нийтэд мэдээлээгүй, нууц далд аргаар, хэлбэрийн төдий, оролцогчдыг байлцуулалгүйгээр, дуудлага худалдааны бус хэлбэрээр үнэ хаялцуулах ажиллагааг явуулахгүйгээр хууль бус гэрээг үндэслэж гарсан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа зохион байгуулах зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө зарлах байсан боловч 23 хоногийн өмнө зарласан гэж маргаж байна. Сумын Засаг даргын дуудлага худалдааг зохион байгуулах захирамж 23 хоногийн өмнө гарсан боловч бид иргэдтэй уулзалт зохион байгуулахдаа дуудлага худалдаа явуулж, үйлчилгээний төв барих талаар зарлаж байсан. Иймд иргэд, олон нийтэд зарлаагүй гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Засаг даргын захирамж гарч, дуудлага худалдаа зохион байгуулсан нь эргэлзээтэй, хуйвалдааны шинжтэй болсон гэж маргаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд хууль ёсны дагуу дуудлага худалдааг явуулж, ажлын хэсгийн ахлагч миний бие даргалж, газрын даамал Л.С, тэмдэглэл хөтлөгчөөр хууль эрх зүйн ажилтан Сарантуяа, бичиг хэргийн эрхлэгч Мянганцэвээн нарыг оролцуулж, “ЕКО тамга” ХХК, “ЭБОН тур” ХХК-ийн хөндлөнгийн гэрчийг байлцуулж, дуудлага худалдааг явуулсан. Тухайн өдөр сумын Засаг дарга суманд ажил дээрээ байсан ба дуудлага худалдааг хугацаанд нь зохион байгуулж, шийдвэрүүдээ цаг хугацаанд нь гаргасан. Газар эзэмших эрх олгосон захирамжийг олгохдоо хуулийн дагуу дуудлага худалдааг явуулсан гэж үзсэн учир сумын Засаг дарга ялалт байгуулсан талтай гэрээ байгуулж, захирамж гаргаж, гэрчилгээг олгосон гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.1-д заасны дагуу газрын биржийн цахим вэб хуудсанд газрын дуудлага худалдааны зарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үзэн манай байгууллага “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 4.3-т заасны дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын газрын даамалд хүргүүлсэн. Газрын биржийн вэб хуудсанд тавигдсан дуудлага худалдаан зар нь иргэн Д.З болон бусад иргэд үзэхэд техникийн сааталгүй, утга агуулгын ойлгомжтой байсан гэж үзэж байна. Түүнчлэн тус цахим  зарлалд үйлчилгээний зориулалтаар нэгэн ижил байршилд 3 газрыг дуудлага худалдаанд оруулах мэдээлэл туссан байсан. Иймд дуудлага худалдаан зарлалын үе шатанд “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 2.1.3-т заасан нээлттэй, ил тод байх зарчим алдагдаагүй гэж үзэж байна.

“Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7.1-д дуудлага худалдаан зарыг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхээр заасан байх ба манай байгууллага тус зарыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олж харсан бөгөөд зар анх тавигдсан огнооны талаарх мэдээлэл бидэнд байхгүй болно.

Газрын суурь үнэлгээг газрын дуудлага худалдааны зард анхны үнэ гэж тогтоосон байсан манай байгууллагын зүгээс энэхүү үнэлгээг зөв, буруу тогтоосон тухай мэдээлэл өгөх субьект биш учраас тодорхой тайлбар өгөх боломжгүй байна.

Дарви сумын Засаг даргын захирамжийн дагуу газрын дуудлага худалдаанд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д зааснаар манай байгууллагын захирал Б.Э өөрийн биеэр оролцож, хамгийн өндөр үнийн саналаар ялан тус газрыг эзэмших эрхийг авч, Дарви сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээг хийн газрын гэрчилгээг олгосон. Дуудлага худалдаанд манай байгууллагаас өөр нэг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд дуудлага худалдаа “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явагдсан болно.

Иргэн Д.З-ын гомдолд дурдсан олон нийтэд мэдэгдээгүй, нууц байдалд дуудлага худалдааг зохион байгуулсан хуйвалдааны шинжтэй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь газрын дуудлага худалдааны зарыг газрын биржийн вэб хуудсанд тавигдсан байсан ба олон нийтэд нээлттэй тавигдсан зарын дагуу Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн хэн ч эрхийнхээ дагуу газрын дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, иргэн Д.З-ыг тус зарын дагуу дуудлага худалдаанд оролцох эрхийг боомилсон аливаа үйлдлийг бидний зүгээс гаргаагүй, түүнчлэн Д.З нь холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын дуудлага худалдаанд оролцогчоор болон ажиглагчаар оролцох боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дугаар Засаг даргын захирамж нь анхнаасаа хууль, дүрэм зөрчсөн. Газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмын 7.1-д зааснаар газрын дуудлага худалдааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл 23 хоногийн өмнө дуудлага худалдааны захирамж гарсан учир дуудлага худалдааг хууль бус явагдсан гэж үзэж байна. Дуудлага худалдааны зарыг www.mle.mn сайтад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 06 минутаас 10 минутын хооронд 3 удаа байршуулсан ба уг зарыг “ЭБОН тур” ХХК болон “ЭКО тамга” ХХК нар мэдэх боломжгүй байсан. Дуудлага худалдаанд оролцогчид нь зар тавигдахаас 2, 3 хоногийн өмнө дуудлага худалдаанд оролцох материалаа өгсөн байсан учраас дуудлага худалдаа хуйвалдааны шинжтэй болсон учир нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа явуулах зарыг 23 хоногийн өмнөөс мэдээгүй, 4 дүгээр сарын 13-ны өдөр дуудлага худалдаа болсны дараа нутгийн удирдлагын байгууллага болон “ЭБОН тур” ХХК-ийн баригдаж байсан барилга дээр очиж мэдсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн тайлбар, цахим сүлжээнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд гуравдагч этгээдийн тайлбар нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Иймд газрын дуудлага худалдаа зохих журмын дагуу зохион байгуулагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий, газар олгосон захирамж нь хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж  өгнө үү. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу явагдсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн газрын дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн А/43 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Д.З нь  Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн А/43 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах, Дарви сумын засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч О.Ганцоожид  холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу явагдсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн газрын дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хууль журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06  дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тогтоолын 1 дүгээр хавсралтанд Дарви сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн  баруун талд засмал замын  баруун талаар 5 га газрыг худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн  зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  эзэмшүүлэхээр  тусгажээ.  

Ховд аймгийн  Дарви сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/27 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрт дуудлага худалдааг удирдан зохион байгуулах комиссыг ажлын хэсгийн ахлагчаар О.Ганцоожыг гишүүдийн хамт байгуулж, мөн өдрийн А/28 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах товыг тогтоосон байна.

Ховд аймгийн  Дарви сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжид Худалдаа үйлчилгээний зориулалтаар Дарви сумын Булган багт Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд 1 га 4800000 төгрөгийн суурь үнэ бүхий газрыг танхимын дуудлага худалдааны хэлбэрээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж явуулахаар товыг тогтоожээ.   

Нэхэмжлэгч “...хэрэв 30 хоногийн өмнө зарлагдсан бол би дуудлага худалдаанд материалаа өгөх байсан, гэвч уг дуудлага худалдаа явагдах талаар  зарыг мэдээлээгүй учир би оролцох хүсэлт гаргаж чадаагүй” гэж, хариуцагч “дуудлага худалдааны товыг Засаг даргын захирамжаар 23 хоногийн өмнө тогтоосон. Гэхдээ үүнээс өмнө иргэдэд уг газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тухай ярьж хэлж байсан тул заавал 30 хоногийн өмнө захирамж гарсан байх шаардлагагүй гэж тайлбарлаж маргаж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1-р хавсралт Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 2.1.3-д нээлттэй, ил тод байх, 2.1.4-д тэгш, шударга оролцоог хангах, 7.1-д “Дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа                                                                                          чуулахаар товлосон  өдрөөс хойш 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ”, 7.1.1-д олон нийтийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр, 7.1.2-т аймаг, нийслэл,  дүүргийн газрын алба,  чөлөөт бүсийн захирагчийн  албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ” гэжээ.

Ховд аймгийн Дарви сумын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжаар Худалдаа үйлчилгээний зориулалтаар Дарви сумын Булган багт Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд 1 га 4800000 төгрөгийн суурь үнэ бүхий  газрыг танхимын дуудлага худалдааны хэлбэрээр 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж явуулахаар товыг тогтоож,  зарын мэдээллийн хэрэгслээр зарлах, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг газрын даамалд үүрэг болгосон байна.  

Гэрч Л.Самдан “...захирамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулах талаар www.mle.mn цахим сайтад байршуулсан,  мөн  тамгын газрын  гадна болон дотор байрлах зарын самбар, холбооны  мэдээллийн самбарт дуудлага худалдаа зохион байгуулах талаар зарлал байршуулсан..” гэж мэдүүлдэг.

Гэвч шүүхээс http://www.mle.mn газрын биржийн  цахим системд үзлэг хийхэд   газрын дуудлага худалдааны зарыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:10:24 цагт оруулсан буюу дуудлага худалдаа явагдахаас 1 хоногийн өмнө оруулсан  болох нь тогтоогдож байна.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1-р хавсралт Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1-д “Дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс хойш 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ”, 7.1.1-д олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, 7.1.2-т аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ” гэж заасан.

Ховд аймгийн Дарви сумын засаг даргын А/28 дугаар захирамжаар дуудлага худалдааны  товыг тогтоосон ба уг захирамж нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1-р хавсралт Газар өмчлүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1-д “Дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа  явуулахаар товлосон  өдрөөс хойш 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гэснийг зөрчиж 23 хоногийн өмнө дуудлага худалдааг товлосон байх ба хариуцагчийн “.... дуудлага худалдааг хэдийгээр 23 хоногийн өмнө захирамж гаргаж зарласан ч үүнээс өмнө сумын иргэдэд энэ талаар мэдээлэл хийж байсан журам зөрчөөгүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна.   

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх бөгөөд хариуцагч нь дээрх мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдааны зарыг  мэдээлээгүй болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, мөн сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудас байдаггүй талаар тайлбарласан.

Иймд  дуудлага худалдааг хууль, журамд заасан хугацаанд зарлаагүй, нийтэд мэдээлээгүй  Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмыг болон Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль заасны дагуу эзэмшиж, ашиглана”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл, шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно,” гэж заасныг тус тус зөрчсөн, хууль бус захиргааны акт байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий газрын дуудлага худалдааг хууль, журамд заасан хугацаанд зарлаагүй, нийтэд мэдээлээгүй нь нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байх тул Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн  дуудлага худалдаа зохион байгуулах тухай А/28 дугаар захирамж  хууль зөрчсөн нь тогтоогдож хүчингүй болсон тул уг захирамжийн дагуу  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүйд тооцож,  дуудлага худалдааны үр дүнд газар эзэмших эрх олгосон Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар“Газар эзэмшүүлэх тухай”  захирамжууд, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ