Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0184

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Б.Т

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-22040211000 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-2204021100 дугаартай Д.А, Э.А гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 760 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Э, өмгөөлөгч Б.Т

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Гуравдагч этгээд Н.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Гуравдагч этгээд Д.А, Э.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0586/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Г.Б-аас нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-22040211000 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-2204021100 дугаартай Д.А, Э. гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 760 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-аас нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-22040211000 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-2204021100 дугаартай Д.А, Э.А гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгч маргаан бүхий газар нь Г.Б-ийн эзэмшил байсан болохыг тогтоосон учраас хуульд заасан журмын дагуу Засаг даргад гомдлоо гаргаад хариуг нь аваад 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан.

3.2. Гэтэл шүүх Улсын бүртгэлийн газарт хандан гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд газрын маргаан явагдаж байх үед үл хөдлөх хөрөнгийн маргааныг хамтруулах шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсвэл хамтран хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг татаж, бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан олон зуун хэрэг шийдэгдсэн ба заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангахыг шаарддаггүй болно. Шүүх ядаж л хууль зөрчсөн Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож болох ба захирамж хүчингүй болсны дараа бүртгэлээ дахин шүүхэд өгч болох байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаж дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Маргаан бүхий газрын анхны эзэмшигч нь Г.Б бөгөөд нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл анх газар олгосон эрх зүйн актын дагуу эзэмшиж буй шударга эзэмшигч бөгөөд түүнд газар олгосон эрх зүйн актыг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн акт байхгүй.

4.2. Өөрөөр хэлбэл, түүнд газар олгосон анхны захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр гэсэн үг юм. Гэвч хариуцагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн шударгаар эзэмших эрхийн эрхийг нь олж авч эзэмшиж буй уг газрыг хариуцагч нь бусдад давхардуулан олгосон нь хууль бус эрх зүйн актыг бусдад давуу байдал бий болгох байдлаар гаргаж уг газрыг давхардуулан олсон байдаг.

4.3. Давхардуулан газар олгох тухай эрх зүйн акт гаргахдаа хариуцагч уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газар мөн болох буюу бусдад олгогдсон газар болохыг мэдэх бүрэн боломжтой байсаар байтал тухайн үедээ мэдсээр байж давхардуулан газар олгосон эрх зүйн акт гаргасан нь нэхэмжлэгч Г.Б-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн талаарх нөхцөл байдалд бодит бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

4.4. Түүнчлэн уг газрыг нэхэмжлэгчтэй давхардуулан авсан гэх гуравдагч этгээд нь уг газрыг бусдын эзэмшил бөгөөд дээрээ үл хөдлөх эд хөрөнгөтэй зориулалтын дагуу шударга эзэмшигч болох Г.Б-ийг ашигладаг болохыг мэдсээр байж уг газрыг санаатайгаар өөрийн нэр дээр авах, түүнчлэн газрын хэмжээг 2хувааж авах захирамж гаргуулах талаар хандсан нь тухайн үеийн Засаг дарга гуравдагч этгээд нар нэхэмжлэгч Г.Б-ийг хохироох, газрыг хууль бусаар авах талаар нэгдмэл нэг сонирхолтой байсан болохыг дүгнээгүй.

4.5. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийхдээ шүүх зөвхөн хариуцагчийг зөвтгөх гуравдагч этгээдүүдийн үүднээс нотлох баримтын бодит байдлыг гуйвуулж нотолгооны ач холбогдлыг алдагдуулж дүгнэлт хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Түүнчлэн талуудын мэтгэлцэх боломжоор хязгаарласан буюу процессын хувьд зөвтгөх боломжгүй үйлдлүүд гаргасан байх тул гомдолд хязгаарлахгүйгээр дүгнэлт хийж өгнө үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Г.Б-аас “нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр захирамжийн Д.А-д холбогдох хэсгийг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-22040211000 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-2204021100 дугаартай Д.А, Э.А гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Гэтэл анхан шатны шүүх энэ үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

2.3. Учир нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас гуравдагч этгээд Д.А, Э.А нар маргаан бүхий газар болон уг газар дээрх хувийн сууцны зориулалттай 80.96 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Н.Г-т худалдсан[1] байх ба гуравдагч этгээд Н.Г-ыг маргаан бүхий газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон[2] үйл баримтууд тогтоогдож байна.

2.4. Өөрөөр хэлбэл, нэгэнт гуравдагч этгээд Д.А, Э.А нарын өмчлөх эрх дуусгавар болж Н.Г руу өмчлөх эрх шилжсэн байгаа энэ тохиолдолд Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ү-22040211000 дугаартай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх, 1 дүгээр гудамж, 2680 дугаар газрын өмчлөгчөөр Д.А, Э.А нарыг бүртгэсэн бүртгэлийг, үл хөдлөхийн Ү-2204021100 дугаартай Д.А, Э.А гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

2.5. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Г.Б миний бие өөрийн 800 м.кв газартаа 2000 оны үед 7х8 хэмжээтэй өвлийн сууц өөрийн хөрөнгөөр барьж, төрсөн дүү Г.Э-нг оруулсан. Газар хууль зөрчин эзэмших, өмчлөх эрх олгогдсоноос миний хөрөнгөөр барьсан өвлийн сууцанд бүртгэлийн хэлтэс Ү-2204021100 дугаартай гэрчилгээг Д.А-д олгосон, .... Д.А үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахдаа 80.96 м.кв өвлийн байшин гэж хуурамч бүртгэл хийлгэж Ү-2204021100 гэрчилгээ авсан байдаг миний хөрөнгөөр барьсан байшин нь 7х8 буюу 56 м.кв гэдгийг тодруулах нь зүйтэй”[3] гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмчлөгчийн байшин мөн эсэх талаар огт тодруулаагүй байх тул холбогдох баримтуудыг цуглуулж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт хийх шаардлагатай.

2.7. Мөн нэхэмжлэгч Г.Б-ийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” Б/133 дугаар захирамжаар[4] тус дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 35-799 тоот хаягт байрлах газрыг ямар нэгэн хугацаагүйгээр ашиглах эрхтэй болсон байх боловч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”, 34 дүгээр зүйлийн 34.8-дГазар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж, 45 дугаар зүйлийн 45.1-д “45.1.Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 35.3.4-д “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;” гэж тус тус заасан үүргээ хэрхэн яаж биелүүлж байсан талаарх баримтыг цуглуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Учир нь хууль ёсны эрх хуулиар хамгаалагдах учиртай.

 

Нэгэнт дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар талд,

[2] 2 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар талд,

[3] 3 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд,

[4] 128/2018/0415/З индекстэй захиргааны хэрэг 2 дугаар хавтас, 22-23 дугаар талд,