Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 658

 

                                                  Б.Г-од холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Оюунчимэг  даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-од холбогдох эрүүгийн 1803000010134 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Харчу овгийн Б.Г-, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Азын хүүхдүүд” цэцэрлэгийн урд талын замд 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 19 цаг 10 минутын үед “Х.Соната-5” загварын 29-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ... машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1-д “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм-аас бага болсон”, 3.5-д “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Балжиннямыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Балжиннямыг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Г- урьд нь ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөр болох 6.758.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Азын хүүхдүүд” цэцэрлэгийн урд талын замд 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 19 цаг 10 минутын үед, өөрийн эзэмшлийн “Х.Соната-5” загварын 29-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ... машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1-д “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1,6 мм-аас бага болсон”, 3.5-д “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар явган хүний гарцны орчим хурдаа тохируулан яваагүйн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Балжиннямыг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Б.Г- нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь зам тээврийн осол, хэргийн газарт болон амь хохирогчийн цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-17/, цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн №391 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-88/, осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн №24 дугаартай дүгнэлт /хх-ийн 106-110/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүхээс амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантуяагийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                        Н.БАТСАЙХАН