Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2017/00636/И |
Дугаар | 001/ХТ2019/00109 |
Огноо | 2019-01-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2019/00109
Д.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/01623 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1880 дугаар магадлалтай,
Д.Г-ын нэхэмжлэлтэй,
“А” ХХК-д холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү үнэ 9.900.000 төгрөг, түрээсийн төлбөр 1.200.000 төгрөг, нийт 11.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, өмгөөлөгч Б.Сод-эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэн нийлүүлэгч А ХХК-с 45.88 м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв тутмыг 2.500.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд байрны төлбөр болох 114.700.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн төлсөн. Гэтэл тус компани гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сард байр хүлээлгэн өгөөгүйгээс сарын 400.000 төгрөгөөр 2013 оны 12 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаанд 1.600.000 төгрөгөөр байр түрээсэлж амьдарсан. Мөн худалдан авсан байрыг тусгай зөвшөөрөл бүхий Инжкон ХХК-иар хэмжилт хийлгэхэд 41.4126 м.кв буюу 4.47 м.кв-ийн зөрүү гарсан, 45.88 м.кв байрыг 2.500.000 төгрөгөөр захиалан хариуцагч компанитай гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-т зааснаар буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн байгаа. Тус 1001 тоот байр нь 41.920 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн хэмжилтээр гэрээнд заасан хэмжээнээс 3.960 м.кв дутуу байгаа. Үүнийг 2.500.000 төгрөгөөр тооцож 9.900.000 төгрөг, байр түрээсэлсэн 1.200.000 төгрөг, нийт 11.100.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Б2 байрны 1-р орцны 1001 тоотод 45.88 м.кв талбай бүхий орон сууцанд 114.700.000 төгрөгөөр хөрөнгө оруулж бариулсан. Тухайн үед Д.Г- өөрийн захиалах гэж байгаа орон сууцны өрөөний доторх зохион байгуулалт, өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл машстаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Г-ын байр түрээслэх эсэх нь хариуцагчид ямар ч хамааралгүй байрны түрээсийн төлбөр мөнгө төлөх үүрэг манайд үүсээгүй. Орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээс тооцохоор гэрээнд заасан, тэнхлэгээс тооцсон хэмжилт хийсэн дүгнэлтээр 45.88 м.кв талбайн хэмжээнээс илүү буюу 53.086 м.кв гэж гарсан. Гэрээний 1.3-т талбайг тэнхлэгээс тооцсон болно гэж заасан бөгөөд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/01623 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 9.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-од олгож, шаардлагаас үлдэх 1.247.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ын түрээсийн төлбөр 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас шинжээчийн зардал 110.000 төгрөгийг нөхөн гаргуулж Гегагранд ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 173.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1880 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/01623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 225.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцны талбайн зөрүү үнэ 9.900.000 төгрөг, түрээсийн төлбөр 1.200.000 төгрөг, нийт 11.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.350 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1880 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018.06.19-ны №01623 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн №1880 дугаар магадлалд талуудын байгуулсан гэрээг Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний шинжийг агуулсан гэж үзэж байгаа ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.05.15-ны өдрийн №01108 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 1559 дугаар магадлалд талуудын байгуулсан гэрээг “Ажил гүйцэтгэх гэрээ” гэж зөв дүгнэсэн. Хэргийн бодит нөхцөл байдлыг авч үзвэл Д.Г- нь 2013.07.24-ны өдөр Хан- Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан орон сууцнаас тодорхой авахаар. өрөөний тоо, талбайн хэмжээг сонгож байрыг захиалсан, үүний дагуу байрыг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Г-од байрыг хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагчийн хүсэлтээр 2018.04.12-ны өдрийн №04402 дугаар захирамжаар Тега гранд” ХХК-ийг шинжээчээр томилж, стандартын дагуу орон сууцны талбайн хэмжилт хийж талбайг тооцоход 41.92 м.кв болох нь тогтоогдсон ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018.06.19-ны өдрийн №01623 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн №1880 дугаар магадлалд ММS 6058:2009 стандартын дагуу хийсэн орон сууцны талбайн хэмжилтийг нотлох баримтаар үнэлж, орон сууцны талбайн хэмжээг ММS 6058:2009 стандартын дагуу тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацааг 2014.06.12-ны өдөр гэж зөв тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэрээний харилцаа нь Худалдах-худалдан авах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ байхаас үл шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хугацаанд нь гаргасан гэж үзэхээр байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг авч үзвэл: Нэхэмжлэгч Д.Г- нь 2014.03.04-ний өдөр орон сууцыг хүлээн авсан болох нь тогтоогдоогүй байхад Давж заалдах шатны шүүхээс тус өдөр орон сууцыг хүлээн авсан гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн. Тус 2014.03.04-ний өдөр нь тухайн орон сууцыг улсын комисс хүлээж авсан хугацаа юм. Миний үйлчлүүлэгч Д.Г- нь тухайн орон сууцыг хариуцагчаас хүлээн авч, хэсэг хугацаанд амьдарч үзсэний үндсэн дээр 2014.05.29-ны өдөр орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй компани болох Инжкон ХХК-аар орон сууцны талбайн хэмжилт хийлгэж, талбайн хэмжээ зөрүүтэй, хүлээн авсан эд хөрөнгө болох орон сууц нь м.кв дутуу болохыг мэдсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2018.08.22-ны өдрийн №1880 дугаар магадлалд: “эд хөрөнгийг хүлээн авах үед доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн” нь Д.Г- орон сууцаа хүлээж авахдаа тусгай зөвшөөрөлтэй компанийг хөлсөлж, хүлээн авах үедээ хэмжилтээ хийлгэж байж орох ёстой байсан мэтээр ойлгохоор байна. Нэхэмжлэгч Д.Г-ыг доголдолтой эсэхийг нь эд хөрөнгө хүлээн авах үедээ тусгай зөвшөөрөл бүхий компаниар хэмжүүлж шалгаж авах ёстой байсан мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1880 дугаар магадлалыг хүчингүй болгож, байрны м.кв-ын зөрүү үнэ 9.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч “А” ХХК-с 11.100.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг гэрээнд заасан хэмжээнээс 3.96 м.кв талбай бүхий орон сууцыг дутуу шилжүүлсэн, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Зохигчийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр хариуцагч нь Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд баригдах орон сууцны Б2 дугаар байр, 1 дүгээр орцны 1001 тоотын 45.88 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч 114.700.000 төгрөг төлөхөөр тохирч, улмаар орон сууцны үнийг бүрэн төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.
Маргааны зүйл болж буй орон сууцыг ХАТ-25/11 дугаартай зураг төслөөр 2011 оны 9 сараас эхлэн барьж, 2014 оны 1 дүгээр сарын 6-ний өдөр дуусгасан талаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2014/148 дугаар актад дурджээ /хэргийн 184-189 дүгээр тал/.
Нэхэмжлэгч нь 12 давхар барилгын 10 давхрын орон сууцыг сонгож, үнийг төлөхөөр хариуцагчтай тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.
Нэхэмжлэгчийн “...илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай” шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.
Нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 03 дугаар сарын 27-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба түүний “...байраа 2014 оны 04 дүгээр сарын 1-нд хүлээн авсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч байрыг хүлээн авах үедээ орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.
Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй боловч үүний улмаас байр түрээсэлж 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шинжээчийн зардлыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1., 53 дугаар зүйлийн 53.1.1.-т зааснаар шинжээчийн ажлын хөлс нь шүүхийн зардалд хамаарах ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлэхээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т заасан.
Иймд шинжээч “Гегагранд” ХХК-ийн ажлын хөлс 110.000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1880 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-оос шинжээчийн зардалд 110.100 төгрөг гаргуулж “Гегагранд” ХХК-д олгосугай” гэсэн 2 дах заалт нэмж, магадлалын 2, 3 дах заалтыг 3, 4 гэж дугаарлан бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадралын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 173.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ