Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00111

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дүгээр магадлалтай,

Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Д-д холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 357.525.000 төгрөг гаргуулах үндсэн,

гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д- 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200.000.000 төгрөгийг зээлэхээр тохиролцож уг зээлийн баталгаа болгон өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоотод байршилтай 103.62 м.кв талбай бүхий орон сууц, мөн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 120 тоотод байршилтай 38.61 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин 10.000.000 төгрөг зээлээч гээд нэмж авсан. Талууд 200.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон, 10.000.000 төгрөгийг дээрх нөхцлөөр нэмж зээлсэн нь Ж.Д-ийн өөрийн гараар бичсэн тодорхойлолтоор нотлогдоно.

Иймд үндсэн зээл 210.000.000 төгрөг, хүү 28.350.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 119.175.000 төгрөг нийт 357.525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ж.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийг зээл гэж, 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 17.365.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн. Нийт дүн нь 47.365.000 төгрөг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26, 27, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд дээрх байдлаар үүрэг үүссэн. Үүрэг үүсэхэд хүү алдангийн талаар тохирсон зүйлгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд хүү алданги тохироогүй 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хүү алданги төлөх үндэслэлгүй. Зээлийн хөрөнгө 10 дугаар сарын 26-ны өдөр шилжсэн, гэрээ 11 дүгээр сарын 02-ны өдөр хийгдэж, гэрээний ард талд 11 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг зээлсэн гэж нэмж бичсэн байна. Гэрээ хуулийн шаардлага хангасан эсэх, гэрээнд талуудын хүсэл зориг хэрхэн байсан зэрэг нөхцөл байдал харагдах ёстой. Мөн 153.635.000 төгрөгийг хариуцагчид өгсөн эсэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106 б байр, 120 тоот хаягт байрлах, 38.62 м.кв талбай бүхий орон 2 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, Л.Б-д шилжүүлсэн 10 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Л.Б-ээс Ү-2206041123, Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн учраас дээрх орон сууц шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч зээлсэн мөнгөө төлж дуусгасны дараа байраа буцаан авахаар тохиролцож, Л.Б-ийн нэр дээр шилжүүлсэн, халхавчилж хийсэн зүйл биш. Хариуцагч 200.000.000 төгрөг зээлж аваад эргэн төлж дууссаны дараа байраа авахаар тохирлоо гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Зээлсэн мөнгөө төлчихвөл байрыг буцааж өгнө гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д-ээс 190.365.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167.160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-д холбогдуулан гаргасан Ж.Д-ийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, Ү-2206041123, Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.945.575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 1.109.775 төгрөгийг гаргуулж, Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/01414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282 дугаар зүйлийн 282.3” гэснийг “232 дугаар зүйлийн 232.8” гэж, “190 365 000” гэснийг “273.500.000” гэж, “167.160.000” гэснийг “84.025.000” гэж, 3 дахь заалтын “1.109.775” гэснийг “1,525,450” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны №1944 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Л.Б- нь Ж.Д-тэй амаар хэлцэл хийсэн ба уг хэлцлийн дагуу 2016.10.26-2016.10.27-ний өдрүүдэд 190 365 000 төгрөгийг Ж.Дашдэмбэрэдд шилжүүлсэн байдаг ба ийнхүү шилжүүлэхдээ талууд ямар нэг байдлаар зээлийн хүү болон алдангийн талаар харилцан тохиролцоогүй. Ийнхүү хэлцлийн талууд дээрх байдлаар хэлцэл хийсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүрэг үүссэн байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод буй 2016.11.02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан хэмээн дүгнэж, төлбөрийг 83.135.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2016.11.02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч тус өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид Иргэний хуулийн 281.1,282.4-т тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй ба ийнхүү шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар болон бусад нотлогдох баримтаар тогтоогддог. Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй ба хуулийн дээрх зохицуулалтын хэрэглэлгүйгээр 2016.11.02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэдэг шалтгаанаар өмнө үүсээгүй үүргийг хариуцагчид хариуцуулан зээлийн төлбөрийг 83 135 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 273 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1944 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн 2018 оны 01414 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж “...үндсэн зээл 210.000.000 төгрөг, хүү 28.350.000 төгрөг, алданги 119.175.000 төгрөг нийт 357.525.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...гэрчилгээ гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Ж.Д-д 2016 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 173.635.000 төгрөг, 27-ний өдөр 17.365.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ний өдөр 10.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба талууд 2016 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь 200.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар сарын 4.5 хувийн хүүтэй зээлж  2017 оны 1 дүгээр сарын 25-ний дотор төлөх, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон, зээлийн төлбөрт 9.000.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ /хэргийн 16-17, 36-38 дугаар тал/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгчийг хүү, алданги шаардах эрхгүй гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй байна.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч гэрээнд заасан зээл, хүүд нийт 227.000.000 төгрөг төлөхөөс төлсөн төлбөрийг хасч 218.000.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3.-т нийцжээ.  

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж, нэхэмжлэлээс 273.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч гомдол гаргаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1944 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 573.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ