Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/01414

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2018/01414

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Ж.Д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 357.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоотод байршилтай 103.62 кв.м талбай бүхий орон сууцыг хариуцагч нар  хууль бус эзэмшиж ашиглан амьдарч байна. Орон сууцыг суллан өмчлөгчийн эрхийг сэргээж, өгөхийг хариуцагч нарт хэлсэн боловч чөлөөлөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагч Ж.Дашбэрэл нь анх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Бээс 200.000.000 төгрөгийг зээлэхээр тохиролцож уг зээлийн баталгаа болгон өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоотод байршилтай 103.62 м.кв талбай бүхий орон сууц, мөн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 120 тоотод байршилтай 38.61 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Ж.Д нь зээлийн ихэнхи хэсгийг Голомт банк дахь найдваргүй зээлдэгчийн бүртгэлд бүртгэгдсэн зээлээ төлж, ажилчдын цалинг тавиад 2017 он гарангуут тарьсан улаан буудай тушаасан мөнгө орж ирэнгүүт хүүгийн хамт буцаан төлнө гэсэн амлалтыг өгч 200.000.000 төгрөгийн 153.360.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр Л.Б өөрийн ХААН банк дахь данснаас авч зээлээ шууд төлж, үлдэх 46.640.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Дийн ХААН банк дахь 5447078553 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд тохирсон ёсоор 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн, авсан зүйлсээ баталгаажуулан зээлийн гэрээг нотариат дээр үйлдсэн болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийг зээлээч нийт зээл 210.000.000 төгрөг болгоё гэж гуйсаар нэмж зээлсэн. Талуудын тохирсон зээлийн гэрээний үндсэн тохиролцоо нь анх 200.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4.5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон ба үүний дараа 10.000.000 төгрөгийг дээрх нөхцлөөр нэмж зээлсэн нь Ж.Дийн өөрийн гараар бичсэн тодорхойлолтоор нотлогдоно. Энэхүү зээлийн  гэрээний 2.6 заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөх анзын талаарх тохиролцоо нь хуульд нийцсэн байдлаар бичигдсэн байна. Нэгэнт Ж.Д нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, анх ярьж байсан байдлаасаа няцаж, бизнесийн ёс зүйгүй, зугтах байдал гаргасан учраас түүний хүсэлтээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг нь чөлөөлүүлэн авч, худалдан борлуулж өөрийн хохирлыг барагдуулах зорилготойгоор хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Гэтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа нэхэмжлэгч Л.Бийг буруутай түүнийг өөрийн хүсэл зоригоор Ж.Дийг хуурч, мэхэлж хийсэн гэрээ хэлцлийг нь халхавчлан өөрт ашигтай хэлцлээр орон байрыг нь авсан мэтээр бичсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх үндэслэл болж байна. Иймд үндсэн зээл 210.000.000 төгрөг, хүү 28.350.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 119.175.000 төгрөг нийт 357.525.000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Зохигч бие биенийгээ сайн мэддэг, бизнесээ дэмжих зорилгоор 2016 оны  10 дугаар сарын 25-ны өдөр мөнгө зээлэх асуудлаар тохиролцоо хийж, мөнгө төгрөгөө өгч авалцсан байдаг. Хариуцагч 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 200.000.0000 төгрөгийг зээлнэ гээд 153.360.000 төгрөгийг хариуцагчийн харилцах Голомт банкны хугацаа хэтэрсэн зээлийг дарж, үлдэх 46.640.000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны дансанд шилжүүлсэн.Тухайн үеийн өдөр амралтын өдөр таарсан. 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээлийн гэрээгээ байгуулах явцдаа барьцаа болгож, 2 байрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж, мөнгөө төлж дуусахаар байрыг шилжүүлэн авах баталгаа гаргаж, байр Л.Бийн нэр дээр шилжсэн. Одоогоор хариуцагч нэг байрандаа өөрөө, нөгөө байранд нь хүүхэд нь амьдарч  байгаа. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200.000.000 төгрөг өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж байхад, 153.360.000 төгрөгийг  зээлрүү хийчихээр үлдэгдэл мөнгөөрөө ажлаа явуулж чадахгүй  байна, нэмж 10.000.000 төгрөг зээлээч гээд нийт 210.000.000 төгрөгийг зээлээд 3 сарын хугацаа дуусч мөнгөө нэхсэн. Нэхэмжлэгч Өвөрхангай аймагт алтны уурхай ажиллуулдаг, өвлийн цагт ажил нь түр зогсдог учир мөнгө зээлүүлсэн. Хавар мөнгөө аваад өөрийн ажлаа эрхлэх талаар хэлж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, утсаа авахгүй алга болохоор шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 210.000.000 төгрөг, 3 сарын хүү 28.350.000 төгрөг гэрээгээр тохирсоны алданги бодож, нийт 238.350.000 төгрөг байна. Хугацаа хэтэрсний хоног тутмын алданги нь 1.191.750 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногоор үржүүлэхэд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасан үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн учраас хуульд нийцүүлэн 119.175.000 төгрөг болгож анз тогтоосон. Нийт 357.525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж шаардаж, 153.635.000 төгрөгийг бэлэн өгсөн, үлдэгдэл 46.640.000 төгрөгийг шилжүүлсэн гэж зээлийн гэрээнд бичсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас аваад үзэхэд энэ мөнгөнүүд яаж хариуцагчид шилжсэн нөхцөл байдлыг шүүх тогтоох ёстой. Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аваад үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан гэрээний дагуу 200.000.000 төгрөг шилжээгүй нь хэргийн материалд байгаа баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хэзээ хаана ямар харилцаа талуудын хооронд анх үүссэн гэдэгт дүгнэлт хийх ёстой.  Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг зээл гэсэн гүйлгээний утгатай, 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 17.365.000 төгрөг ямар нэгэн гүйлгээний утгагүй, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дээрх үнийн дүн нь 47.365.000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан байна. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26, 27, 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд дээрх байдлаар үүрэг үүссэн байна. Үүрэг үүсэхэд хүү алдангийн талаар тохирсон зүйл байдаггүй. Дээрх өдрүүдэд мөнгө шилжүүлсэн, зээлийн дараа гэрээг нөхөж хийсэн гэх байдлаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Талуудын хооронд үүсэж байгаа үндсэн үүрэгт хүү алданги тохиролцоогүй. Иргэний хуулийн 206.1 дэх хэсэгт зааснаар дээрх үүргээ гүйцэтгэх үүрэг үүссэн.  Нөхөж хийгдсэн, мөнгө аваагүй гэрээгээр үүрэг төлөх үндэслэл үүсэхгүй. Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Талуудын хооронд үүссэн үүрэг маань хүү алдангигүй дээрх зээлийн хөрөнгүүдийг шилжүүлэн авсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хүү алданги төлөх үндэслэл үүсэхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгчийн тайлбар бодит байдал дээр зөрүүтэй, 10.000.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 02-ны өдөр авсан гэдэг. Гэтэл 10.000.000 төгрөгийг хэрхэн авсан нь зээлийн гэрээний ард талд  тодорхойлж бичсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болгоод байгаа зээлийн гэрээ өөрөө алдаатай байна. Зээлийн хөрөнгө 10 дугаар сарын 26-нд шилжсэн, гэрээ 11 дүгээр сарын 2-нд хийгдэж, гэрээний ард талд 11 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг зээлсэн гэж нэмж бичсэн байна. Гэрээ хуулийн шаардлага хангасан эсэх, гэрээнд талуудын хүсэл зориг хэрхэн байсан зэрэг нөхцөл байдал харагдах ёстой.  Нотлох баримтаар гаргаж өгсөн захидал маягийн агуулгатай бичиг байдаг. 9.000.000 төгрөг төлсөн гэдэг үйл баримт байгаа. Мөнгө огт төлөөгүй биш. Зээлийн тооцооллын хувьд алдангийг үндсэн зээл хүүгийн нийлбэр үнийн дүнгээс тооцоод байна. Алдангийг  үндсэн зээлийн төлбөрөөс тооцох ёстой. Анзаас анз тооцож болохгүй. Хүүгээс хүү, хүүгээс анз тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Ганцхан 20.000.000 төгрөг шилжүүлсэн нэг баримтад зээл гэсэн гүйлгээний утга байна. Мөн 153.635.000 төгрөгийг хариуцагчид өгсөн эсэх үйл баримт тогтоогдохгүй байна. Голомт банкны зээлийг нь төлсөн гэсэн асуудал ярьдаг. Энэ талаар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Үнэхээр 153.635.000 төгрөгийн асуудал байсан бол зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээнд  Голомт банкны зээлийг нь төлнө гэдэг байдлаар оруулах боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч тодорхой хэмжээний мөнгө авсан, авахдаа хүү алданги тооцсон зүйл байхгүй. Дараа нь зээлийн гэрээг нөхөж хийнэ, барьцаа тавь гэсэн асуудал яригдсан учраас зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн гэрээ Иргэний хуулийн 281.1, 282.4 дэх заалтуудыг зөрчсөн  байна. Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа учраас, зээлийн гэрээг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй. Зээлийн харилцаа үүссэн бол хүү алдангигүй зээлийн тооцоо хийгдэх ёстой. Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдэж чадаагүй. Магадгүй зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзвэл Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нөхцөл байдлын дагуу хариуцагчид нэхэмжлэх эрх үүснэ гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Д, түүний төлөөлөгч А.Зоригтбаатар сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106 б байр, 120 тоот хаягт байрлах, 38.62 м.кв талбай бүхий орон 2 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоот хаягт байрлах, 3 өрөө  орон сууцыг 30.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, Л.Бд шилжүүлсэн  10 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Л.Бээс  Ү-2206041123,  Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулна. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн харилцаа үүссэн,  бэлэглэлийн гэрээгээр Л.Бд шилжүүлэх болсон үндэслэл зээлийн гэрээг халхавчлах зорилготой байсан. Ханшийн хувьд татвартай холбоотой, үнэлгээ бууруулсан. Иргэний хуулийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн учраас дээрх орон сууц шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээтэй холбоотой хариуцагч зээлсэн мөнгөө төлж дуусгасны дараа байраа буцаан авахаар тохиролцож, Л.Бийн нэр дээр шилжүүлсэн, халхавчилж хийсэн зүйл биш.  Хариуцагч нь 200.000.000 төгрөг зээлж аваад эргэн төлж дууссаны дараа  байраа авахаар  тохирлоо гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Зээлийн харилцааны дараа нэхэмжлэгч байрыг нь өгөхгүй гэсэн  зүйл байхгүй. Хариуцагч уг байрандаа одоо амьдарч байгаа. Бид байртай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй. Зээлийн асуудал дуусаагүй байхад байраа авна, гэрээ халхавчилж хийсэн хэлцэл гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлсэн мөнгөө төлчихвөл байрыг буцаагаад бид өгнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Л.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Ж.Д, Ц.Хүдэр-Ян нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байрны 161 тоотод байршилтай, 103.62 мкв талбай бүхий орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээл 210.000.000 төгрөг, хүү 28.350.000 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги 119.175.000 төгрөг, нийт 357.525.000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулахаар өөрчилснийг шүүх хүлээн авч энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний дагуу 210.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцон төлүүлэх нөхцөлтэй зээлж, уг зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нэг сарын зээлийн хүү 9.000.000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй гэж тайлбарласан.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны  өдрийн зээлийн гэрээгээр 210.000.000 төгрөг аваагүй, бодитоор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17.365.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн, 153.635.000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  мөнгө буюу хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж  заасан. 

Нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 153.360.000 төгрөгийг данснаас бэлнээр аваад хариуцагчид бэлнээр олгож, 46.640.000 төгрөгийг данс хооронд шилжүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын      26-ны өдөр 153.360.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид өгсөн талаар баримт байхгүй хэмээн маргаж, харин 2016 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд данс хоорондын шилжүүлгийн баримтуудаар 37.365.000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй.

 

Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар хариуцагч Ж.Дийн данс руу 153.635.000 төгрөгийн орлого хийсэн  бөгөөд бэлэн мөнгөний зарлагын баримтуудаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Л.Б өөрийн эзэмшлийн ХААН банкны данснаас 2 удаа 117.000.000, 35.000.000 төгрөгөөр нийт 152.000.000 төгрөгийг мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн нь нотлогдож байх боловч зөрүү 1.360.000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч хариуцагчид өгсөн нь нотлогдсонгүй.

 

Эндээс дүгнэхэд талууд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 153.635.000, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17.365.000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулан мөнгийг өгч авалцсан бөгөөд харин талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хэлбэрийн хувьд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч талуудын хүсэл зориг болон агуулгын хувьд зохигч тэгш эрхийн үндсэн дээр, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцоогүй, зээлийг бодитоор  олгоогүй ба  өмнө авсан зээлийг баталгаажуулах зорилгоор нөхөн хийсэн байна.

 

 Энэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, хүү, алданги шаардах эрхгүй, талууд 2016 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулна, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид нэмж 10.000.000 төгрөг зээлдүүлсэн талаар болон хариуцагчаас дээрх зээлсэн мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар талууд маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 26, 27, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн нийт 199.365.000 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн 9.000.000 төгрөгийг хасч 190.365.000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэв.

Ж.Дийн Л.Бд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:  Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106 б байр, 120 тоот хаягт байрлах, 38.62 м.кв талбай бүхий орон 2 өрөө орон сууцыг 20.000.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө, 6а байр, 161 тоот хаягт байрлах, 3 өрөө  орон сууцыг 30.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, Л.Бд шилжүүлсэн 10 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Л.Бээс  Ү-2206041123,  Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ж.Д гаргаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар гарын үсэг зурсан ба төлөөлөгчийн бүрэн эрхээ баталсан баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Мөн уг шаардлагад хавсаргасан дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхээр өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн  65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан.

Иймд Ж.Дийн нэхэмжлэлтэй Л.Бд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Л.Бээс  Ү-2206041123,  Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.2, 59 дүгээр  зүйлийн  59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.945.575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 1.109.775 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгож, Ж.Дийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 548.350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, буцаан олгох нь  хуульд нийцнэ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1, 282 дугаар зүйлийн  282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Ж.Дээс 190.365.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167.160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Л.Бд холбогдуулан гаргасан Ж.Дийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ү-2206041123,  Ү-2206025613 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1.945.575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 1.109.775 төгрөгийг гаргуулж, Ж.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548.350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, буцаан олгосугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ                    Л.НАРАНГЭРЭЛ