Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Э.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.А-од холбогдох 1710000000097 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.А, 19хх оны хх дүгээр сарын хх-ны өдөр төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хх тоотод оршин суух бүртгэлтэй,

1. Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар,

2. Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 301 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,

4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 343 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

5. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

6. Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

7. Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 4 сар 24 хоногийн хорих ялаар,

8. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

9. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

10. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан,

 

Э.А- нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 16-417 тоотод оршин суух иргэн Ж.У-ын гэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хаалгыг хөшиж нэвтрэн, 788,000 төгрөгийн үнэ бүхий “LG” загварын 43 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 31 тоотод оршин суух иргэн Б.А-гийн гэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хаалганы цоожийг хөшин эвдэлж нэвтрэн, 219,000 төгрөгийн үнэ бүхий “Monel” загварын 32 инчийн зурагт, усны тэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 21-777 тоотод оршин суух иргэн С.А-ы гэрт цонхны шилийг хагалж нэвтрэн, “Philips” загварын 32 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх, антенн, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг, эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг, бөгж, зүүлт хос, сувдан зүүлт, жижиг хайрцаг, ууттай чулуу зэрэг 800,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 11-431 тоотод оршин суух иргэн Ж.А-ийн гэрт цонхыг хагалж нэвтрэн, 42 инчийн “Sharp” загварын зурагт, “ddish” агаарын суваг хүлээн авагч, дунд гарын мөнгөн аяга зэрэг 583,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 23-ийн задгайд оршин суух иргэн Б.Ш-гийн гэрийн хатавчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн сөхөж нэвтрэн, 283.000 төгрөгийн үнэ бүхий “BSB” загварын 32 инчийн зурагт, халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Э.А-од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Э.А-ыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-од оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.А-ын цагдан хоригдсон 222 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-оос 1,325,000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.У-т 788,000 төгрөг, хохирогч Б.А-д 27,000 төгрөг, хохирогч Ж.А-д 510,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан, үйлдсэн хэргийг нэгтгэн шалгаагүй, нэг талыг барьсан, хохирол барагдуулсан зэрэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Би мөрдөн байцаалтын явцад таван үйлдлээ үнэн зөв хүлээн мэдүүлж, хохирлоо барагдуулсан. Намайг олон удаа ял шийтгэгдэж байснаар нь сүүлд үйлдсэн гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгон ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилдэг, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх гэж боддог. Зарим дүүргүүдэд над шиг олон удаа ял шийтгүүлсэн, олон удаагийн хулгай, дээрмийн хэрэгтэй хүмүүсийг амьдралын эх үүсвэр болгосон гэж яллахгүй байна. Энэ байдлыг анхан шатны шүүх болон хяналтын прокурорт мэдүүлж байсан боловч гурваас дээш удаагийн үйлдэл гэх үндэслэлээр ялласан. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хулгайн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд хэлэхэд уг хэргийн талаар албан тоот ирүүлээгүй, хүсэлтийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Мөн таван үйлдэл нь нотлох баримт байхгүй, хөндлөнгийн гэрчгүй хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Миний үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлээгүй тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр батлан даалтад гарахын тулд хийгээгүй хоёр үйлдэл хүлээж батлан даалтад гарсан. Энэ хоёр үйлдлээс болж уг хэрэг хүндрэх нөхцөл болсон. Прокурор анхан шатны шүүх дээр зүйлчлэл нь өөрчлөгдөх байх гэж хэлсэн боловч өөрчлөгдөөгүй, энэ зүйл ангиар ял оногдуулсан. Эрх зүйн байдлыг харгалзан үзэж хэргийг дахин шалгуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.А-ын холбогдох хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл таван удаагийн үргэлжилсэн үйлдэл байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.А- нь удаа дараа ял шийтгүүлж байсан. Таван удаагийн үйлдэл байдаг. Э.А- тодорхой эрхэлсэн ажилгүй, хулгайлсан эд зүйлээ зарж архи уудаг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.А-од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

1. Э.А- нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 16 дугаар гудамжны 417 тоотод оршин суух хохирогч Ж.У-ын гэрийн хаалгыг хөшиж нэвтрэн орж, “LG” загварын 43 инчийн зурагт, “Monel” загварын плитка зэрэг эд зүйлийг авч 788,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

эд зүйлээ гэрээсээ хулгайд алдсан талаарх хохирогч Ж.У- /1-р хх-ийн 208-213, 2-р хх-ийн 129/, гэрч Г.Г /1-р хх-ийн 214-215/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 198-203/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05/448 дугаар “...иргэн Ж.У-ын монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг хөшиж онгойлгон орсон гэх хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн ирүүлж бэхжүүлсэн №1 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 “хар хайрцган дээрээс” гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2506747, 2555249, 2656354, MN000110011611, MN000120002509, MN000120003432, MN000710008794, MN005210008059, MN005310000363, MN0000CAH10557, MN0000ШШГ04092 дугаараар бүртгэгдсэн Э.А-ын баруун гарын эрхий хурууны хээтэй, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-222/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-72 дугаар “...“LG” загварын 43 инчийн зурагт 736,800 төгрөг, индукцэн плитка 52,000 төгрөг, нийт 788,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 234-235/,

шүүгдэгч Э.А-оос “LG” загварын 43 инчийн зурагт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 206/,

хохирогч Ж.У-т “LG” загварын 43 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 207/ зэргээр,

 

2. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 31 тоотод оршин суух хохирогч Б.А-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж, “Monel” загварын 32 инчийн зурагт, усны тэрэг зэрэг эд зүйлийг авч 219,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч Б.А- /2-р хх-ийн 93-96, 157/, гэрч Б.Пүрэв-Очир /2-р хх-ийн 98/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 83-86/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-71 дугаар “...“Monel” загварын 32 инчийн зурагт 192,000, усны тэрэг 27,000 төгрөг, нийт 219,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 118-119/,

шүүгдэгч Э.А-оос “Monel” загварын 32 инчийн зурагт хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 87-88/,

хохирогч Б.А-д “Monel” загварын 32 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 89/ зэргээр,

 

3. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 21-777 тоотод оршин суух хохирогч С.А-ы гэрийн цонхны шилийг хагалж нэвтрэн орж, “Philips” загварын 32 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх, антенн, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг, эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг, ээмэг, бөгж, зүүлт хос, сувдан зүүлт, жижиг хайрцаг, ууттай чулуу зэргийг авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

эд зүйлээ хулгайд алдсан талаарх хохирогч С.А-ы /1-р хх-ийн 51-56, 2-р хх-ийн 130/ мэдүүлэг,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-28 дугаар  “...“Philips” загварын 32 инчийн зурагт 192,000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 5000 төгрөг, антенн 39,000 төгрөг, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг 300,000 төгрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг 10,000 төгрөг, эрхи 70,000 төгрөг, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг 99,000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт хос 35,000 төгрөг, сувдан зүүлт 20,000 төгрөг, хайрцаг 10,000 төгрөг, ууттай чулуу 20,000 төгрөг, нийт 800,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 176-178/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-10/,

эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 31-34/,

хохирогч С.А-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35-40/ зэргээр,

 

4. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 11-431 тоотод оршин суух хохирогч Ж.А-ийн гэрт цонхыг хагалж нэвтрэн орж, “Sharp” загварын 42 инчийн зурагт, “ddish” агаарын суваг хүлээн авагч, дунд гарын мөнгөн аяга зэргийг авч 583,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.А- /1-р хх-ийн 57-60, 2-р хх-ийн 156/, гэрч Ж.Тунгалагийн /1-р хх-ийн 63-64/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-29 дугаар “...“Sharp” загварын 40 инчийн зурагт 390,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120,000 төгрөг, “ddish” суваг хүлээн авагч 39,000 төгрөг, нийт 549,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 183-184/,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ХУ2-98 дугаар “...Орны бүтээлэг 9,000 төгрөг, бугуйн цаг 8,000 төгрөг, хутга 8,000 төгрөг, тоглоом 9,000 төгрөг, нийт 34,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 187-188/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-16/,

эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 41-42/,

хохирогч Ж.А-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 43-45/ зэргээр,

 

5. 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 23-ийн задгайд оршин суух хохирогч Б.Ш-гийн гэрийн хатавчаар нэвтрэн орж “BSB” загварын 32 инчийн зурагт, халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлийг авч 283,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Ш- /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-3/-ийн мэдүүлэг,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-70 дугаар “...“BSB” загварын 32 инчийн зурагт 128,000, халаагуур 42,000, хөгжмийн өсгөгч 12,000, хүүхдийн унадаг дугуй 72,000, орны бүтээлэг 9,000, хүзүүний ороолт 20,000 төгрөг, нийт 283,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 70-71/

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 241-247/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 246/

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-23/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.А-ын 5 удаагийн үйлдлээр бусдын гэр оронд нууцаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр 2,673,000 төгрөгийн эд хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон...” гэсэн шинжийг хангаж байх ба Э.А-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-од оногдуулсан “...6 жилийн хугацаагаар хорих ял...” нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нөхцөл байдал, түүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт урьд 9 удаа ял шийтгүүлсэн атлаа дахин үйлдэж ял шийтгүүлж байгаа хувийн байдалд тохирсон байна.

 

Хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, зөв хянан шийдвэрлэжээ.

 

Э.А-ын үйлдсэн өөр гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгаж байгаа нотлох баримт хэрэгт байхгүй байна.

  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ