Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 182/2018/01225/И |
Дугаар | 001/ХТ2019/00110 |
Огноо | 2019-01-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2019/00110
Ц.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1906 дугаар магадлалтай,
Ц.С-ийн нэхэмжлэлтэй,
“Ү” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндоржийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү ХХК-д хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албанд Хадгаламжийн ажилтан албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргасан тул ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ү” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.С- нь тус албанд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан. Асуудлыг шийдвэрлэхээр компанийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Хөдөлмөрийн гэрээний 4.7, 5.1, 5.5 дахь заалтууд, дотоод журмын 10.2 дах хэсэг, компанийн дүрэм, ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд нийцүүлэн Ц.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар Захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-ийг Ү ХХК-ийн Хадгаламж өмчлөл, эрх бүртгэл, кастодианы албаны хадгаламжийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.830.190 /хоёр сая найман зуун гучин мянга нэг зуун ер/ төгрөгийг Ү ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.С-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60.233 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож, Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1906 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1906 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хариуцагчийн гаргасан нотлох баримт болох албаны захирлын өргөдөл болон захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн нэхэмжлэгч Ц.С-ийн “Ү” ХХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болох байсан бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх ажилд эргүүлэн томилохдоо дээрх гэрээний хүчинтэй хугацааг харгалзан үзэх ёстой байтал энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчиж шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн дээрх хөдөлмөрийн гэрээний хүчинтэй хугацаатай холбоотой нотлох баримт болох Хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байсан бөгөөд ажилтныг албан тушаалд эргүүлэн томилох хууль зүйн үндэслэл дуусгавар болсныг анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1906 дугаар магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зөрчөөгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Ажил олгогч нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ний өдөр Б/25 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг хадгаламж өмчлөх эрх, кастодианы албаны хадгаламжийн ажилтны үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах зохицуулалтыг үндэслэл болгожээ.
Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.
Дээрх тушаалд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, өгөгдсөн үүрэг даалгавар, хариуцсан ажлыг хангалтгүй гүйцэтгэж, удаа дараа алдаа дутагдал гаргасан талаар дурдсан хэдий ч зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1906 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамъяндоржийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ