Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0208

 

Д.З нарын 11 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Барилга хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 941 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Х

Нэхэмжлэгч Ч.Х, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц, Г.О нарын өмгөөлөгч Б.А

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2019/0397/З/Н

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.З, Ц.Д, Ц.Б, П.А, Н.Э, Ч.Х, Г.О, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц нараас “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Барилга хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 941 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Д.З, П.А, Ц.Б, Ц.Д, Н.Э, Ч.Х, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц, Г.О нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсэг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Барилгын тухай хуулийн холбогдох олон заалтуудыг дурдаж, дээрх заалтууд зөрчигдсөн эсэхийг тогтоохын тулд мэргэжлийн олон төрлийн шинжээчид, байгууллагыг томилон дүгнэлтүүд гаргуулсан боловч манай компанийн барьж буй барилгын үйл ажиллагаанд нийтийн эрх ашигт харшилсан, зохих стандарт норм зөрчсөн гэх дүгнэлт нэг ч гараагүй байхад тэдгээр мэргэжлийн байгууллага, шинжээчдийн дүгнэлтүүд ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа нь тодорхойгүйгээр, өөрийн үзэмжээр холбогдох норм, нормативын шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болжээ гэж үзэж байна. Манай нийслэл Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд баригдсан олон тооны хороолол, барилгуудад манай компанийн барьж буй энэ барилгаас ч зайгүй булан тохойгоороо нийлсэн барилгууд тоолоод гүйцэгдэхээргүй байгаа билээ.

3.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байхад шүүхийн шийдвэрт дээрх хүчингүй болсон 2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоосон нь буруу байна.

3.3. “А” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ зохих хууль тогтоомж, журам зааврын дагуу гаргаж, Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрлийг авч барилга барих ажлаа гүйцэтгэж байгаа бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч тал болох Хот байгуулалт, хөгжлийн газар ч мөн зохих журмын дагуу үйл ажиллагаа эхэлж, үргэлжилж байгаа тухай тайлбараа гаргаж, зохих нотлох баримтуудаа гаргаж өгсөөр байхад, тэдгээр нь ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, манай компанийг шаардлага хангасан баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл аваагүй, Хот байгуулалт, хөгжлийн газар зөвшөөрөл олгохдоо хууль дүрэм, норм нормативд нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3.4. Манай компани нь дэлхий нийтээр нэрвэгдсэн коронавирусын халдварын уршгаар үйл ажиллагаа зогсож, банкны зээлийн хүүний дарамтаас ч гарч чадахааргүй болоод байгаа энэ үед үйл ажиллагаа нь жигдэрч явсан барилгын ажил зогссоноор санхүүгийн хүндрэлд ороод удаж байгаа билээ. Гэтэл янз бүрийн хэл ам гаргаж, мөнгө төгрөг нэхдэг зарим хүмүүсийн уршгаар 2 жил гаруйн хугацаанд шүүхээр буруу зөвөө дэнслүүлэхээр явсаар эцэст нь эд хөрөнгийн их хэмжээний хохиролд орох болж байгаад харамсаж байна. Гомдол гаргаад байгаа дээрх хүмүүс чухам ямар байдлаар эрх нь зөрчигдөж, ямар хохиролд орчихоод байгааг бодитой тогтоолгох хүсэлтэй байна.

3.5. Энэ хэргийн шийдвэрлэлтийн эцсийн үр дүн тус компанийн эрх ашигтай салшгүй холбоотой тул хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бие дасан шаардлага гаргаж оролцон, нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлан, холбогдох нотлох баримтуудаа ч гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтуудад ямар нэгэн дүгнэлт өгөлгүй зөвхөн хуулийн заалтуудыг тайлбарлан шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Зүй нь ямар нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь шинжлэн судалж, ямар нотлох баримт нь ямар үйл баримтыг нотолж, аль нь манай тайлбар шаардлагыг үгүйсгэж байгаа гэдэгт дүгнэлт өгсөнгүй.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Д.З, Ц.Д, Ц.Б, П.А, Н.Э, Ч.Х, Г.О, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц нараас “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг, Барилга хөгжлийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1548/2019 дүгээр барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “барилга хоорондын зайн хэмжээ, галын аюулгүй байдлыг зөрчсөн, нэхэмжлэгч бидний орон сууцны тагт цонхонд тулган барьж барилгын гадна ханын хөөсөнд гэмтэл учруулж, орон сууцанд цууралт үүсэх, барилгын сууринд суулт өгөх нөхцөл байдал үүссэн, 2,3 айл тас харанхуй орчинд амьдарч байна, нарны гэрэл тусахгүй байгаа бидний аюулгүй орчинд амьдрах эрхийг маш ноцтой зөрчиж байна” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөхийн тулд тусгай мэдлэг шаардагдах асуудлуудаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагын үүднээс холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7726 дугаар захирамжаар “...Гуравдагч этгээдийн барилга нь барилга хоорондын зай, галын аюулгүй байдлын норм, дүрэм зөрчсөн эсэх, ...барилгын суурь холбогдох холбогдох норм, дүрэмд нийцсэн эсэх, чанар, стандартын шаардлага хангасан эсэх, цаашид хэвийн ашиглах боломжтой эсэх, нэхэмжлэгчийн байшингийн ханын цууралт нь гуравдагч этгээдийн барилгын үйл ажиллагаанаас болсон эсэх, цаашид уг барилга нь хэвийн ашиглагдах боломжтой эсэх, засварлагдах боломжтой эсэх” талаар дүгнэлт гаргуулахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г-ыг шинжээчээр томилсон байх ба шинжээчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “... шүүгчийн захирамжид заасан шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлын 3.1-д заасан “А” ХХК-ийн барилга нь холбогдох норм, дүрэмд заасан барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар миний бие шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэлгүй, .... харин 3.2-т заасан галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн эсэх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар /5 давхраас дээш/, 3.3-д заасан нарны ээвэрлэлтийн тооцоог зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага /тусгай зургийн программ дээр тооцоолол хийдэг/, 3.4-д заасан барилгын хананд үүссэн хагарал, цууралтыг Реконстракшн төв болон барилгын техникийн хяналтын байцаагч гаргана. Миний бие Хот төлөвлөлтийн чиглэлийн асуудал хариуцдаг” талаараа мэдэгдсэн байна.

2.5. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9923 дугаар захирамжаар “...гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгч нарын оршин суух 59 дүгээр байртай ойр байгаа нь галын аюулгүй байдлын дүрэм, зөрчсөн эсэх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын улсын байцаагчийг, 59 дүгээр байрны дотор болон гадна хананд үүссэн цууралт нь “А” ХХК-ийн Б блок бүхий барилгын ажлаас шалтгаалан үүссэн эсэх асуудлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Зураг төсөл, оношилгооны Реконстракшн төвийг” тус тус шинжээчээр томилжээ.

2.6. Харин Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г-аас шүүгчийн захирамжийн 3.1-д заасан “гуравдагч этгээд “А” ХХК-ийн барилга нь холбогдох норм дүрэмд заасан барилга хоорондын зай зөрчсөн эсэх асуултад холбогдох шинжээчийн дүгнэлтийг[1] 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтдээ “...Одоо байгаа 59 дүгээр байрны баруун хойд буланд /90 градус/ байрласан “А” ХХК-ийн маргаан бүхий 9 давхар /Б блок/ барилгын хоорондын зайн хэмжээг “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн норм ба дүрмийн 4.18 дахь заалт, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтын 12 дугаар хүснэгтэд зааснаар тогтоох боломжгүй” гэжээ.

2.7. Тодруулбал, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн 4 дүгээр зүйлийн 4.18-д “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламж хоорондын зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно...”, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд үзүүлэв” гэж тус тус заасан бөгөөд уг 12 дугаар хүснэгтээс үзэхэд маргаан бүхий энэ тохиолдолд Орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд “Галын нормоор тогтооно” гэж заасанд хамаарахаар байх тул энэ талаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.8. Харин Гал түймэртэй тэмцэх газрын гал түймрийн улсын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хуралдаа Н.Х, Стандарт норм, нормативын хяналт хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.А, Барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэлийн хяналт хариуцсан мэргэжилтэн, хошууч М.Б нараас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтдээ[2] “”...Барилгын батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зурагт “А” ХХК-ийн шинээр баригдах орон сууцны А, Б блокыг “Орон сууны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” БНбД 31-01-10-ын 7.1.1-ийн /Орон сууцны барилгыг блоклон барихаар төлөвлөхийг зөвшөөрнө. Гэхдээ барилгыг хооронд нь тусгаарлах хана галд тэсвэршлийн II зэрэгтэй байна/ заалтын дагуу “А” ХХК-ийн барьж байгаа “Б” блокын барилгын үндсэн хийц нь зурагт “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” БНбД 21-02-02-ийн Хавсралт 2-т заагдсанаар гал тэсвэршилтийн II зэрэгт хамаарагдахаар төлөвлөгдсөн байна, ....нэхэмжлэгч нарын оршин суух 59 дүгээр байрны нэг хэсэгт нь “А” ХХК-ийн баригдаж буй “Б” блок барилгын хэсэгтэй өнцөгөөрөө нийлж байгаа уулзварын хана гал тэсвэршилтийн II зэрэгтэй байгаа нь БНбД 31-01-10-ын 7.1.1-ийг хангаж байна” гэжээ.

2.9. Нөгөөтээгүүр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Реконстракшн төвөөс “...59 дүгээр байрны дотор гадна хананд үүссэн ан цав нь 59Б байрны угсралтын ажлаас болоогүй, ... ханын материалын шинж чанар, цаг агаарын нөлөөтэй, барилгын даацын үндсэн бүтээцэд үүссэн ан цав байхгүй” талаарх дүгнэлтийг[3] шүүхэд ирүүлсэн байна.

2.10. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 6887 дугаар захирамжаар “гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгч нарын оршин суух 59 дүгээр байртай ойр баригдсанаас болж нар тусах боломжгүй болсон эсэх, нарны ээвэрлэлтийн тооцоолол”-ыг гаргуулахаар “М Л” ХХК-иас “...уг байрны нарны ээвэрлэлтийн схем зургаар 3 дугаар сарын 22-ны өдрөөр 59 дүгээр байрны баруун зүг рүү харсан цонхнууд 09:00-13:30 хүртэл нар үздэггүй ба өдрийн 13:30-аас нарны тусгал тусаж эхэлж байгаа бөгөөд 13:30-15:00 цаг хүртэл буюу 1 цаг 30 минут нарын ээвэрлэлттэй байна. 15:00-19:00 цаг буюу нар жаргах хүртэл 61А байрны сүүдэрлэлтэд өртөж байна, ... мөн БНбД 30-01-04-ын Уур амьсгалын төлөвлөлт 9.19-д зааснаар “...нарны тусгалын үргэлжлэх хугацааны нийлбэр нь уур амьсгалын I, II бүсэд 3 цаг, уур амьсгалын III, IV 2.5 цаг байхаар тооцож төлөвлөнө” гэсэн заалт нь 59 дүгээр байрны баруун тал руу харсан цонхнуудаас хойд хэсгийн цонхнуудад биелэхгүй байгаа ч урд хэсгийн цонхнуудад биелж байна” гэх нарны ээвэрлэлтийн схем зургийг шүүхэд ирүүлжээ.

2.11. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд гуравдагч этгээд “А” ХХК-ийн Б блокын барилгын барилга хоорондын зай нь норм, стандартад нийцсэн, галын аюулгүй байдлын дүрэм зөрчөөгүй төдийгүй 59 дүгээр байрны барилгын даацын үндсэн бүтээцэд ан цав үүсгээгүй болох нь тус тус тогтоогдож байгаагаас гадна тус байрны хойд талд баригдаж буй Б блокын барилгын улмаас айлуудад нар тусах боломжгүй болгосон гэх үйл баримт тогтоогдсонгүй.

2.12. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нараас “... үерийн ус зайлуулах 1000 шугамыг зоорийн давхарт оруулсан нь хууль зөрчсөн...” гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “А” ХХК-иас барилгын талбайд орсон К3 борооны ус зайлуулах төв коллектор шугам сүлжээний ашиглалт, тус шугамын өргөтгөлийн ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудтай албан уулзалт зохион байгуулан зөвшилцөж, улмаар уг шугамыг өргөтгөн шинэчлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

2.13. Эцэст нь дүгнэхэд, анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “Хэдийгээр дээрх шинжээчийн дүгнэлтээр “А” ХХК-ийн орон сууцны Б блокын барилга нь барилга хоорондын зайг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн ч энэ нь холбогдох норм, нормативын шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй” гэх нотлох баримтуудаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэн атлаа дээрх баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ зааж тайлбарлалгүйгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

2.14. Мөн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 941 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З, П.А, Ц.Б, Ц.Д, Н.Э, Ч.Х, Ч.М, Д.Б, Б.О, Д.Ц, Г.О нараас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн МЗХ2018/10-08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны замын 13-2 дугаар байрны баруун талд “А” ХХК-д олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0001973/274/2018 дугаар “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн Б блок бүхий 5 давхар барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2019/03-007 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон 0006099 БА-037/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 234-236 дугаар талд,

[2] 4 дүгээр хавтас хэргийн 242-243 дугаар талд,

[3] 5 дугаар хавтаст хэргийн 6 дугаар талд,