Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2018/0042/З |
Дугаар | 063 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан
Нэхэмжлэлийн шаардлага: “Цаст алтайн жинчид ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А, гуравдагч этгээд Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О нь 2010 оны 10 сарын 18-ны өдөр нэр бүхий 8 иргэний хамтаар Ховд аймгийн тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналын дагуу Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэд “Цаст Алтайн жинчид” ХХК-нийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, 2010 оны 10 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд тус компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, 11 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Улмаар 2011 оны 03 сарын 25-ны өдрийн “Цаст Алтайн жинчид” ХХК-ний дүрмийн өөрчлөлтөөр Ж.О нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлсэн.
Дараа нь 2012 оны 03 сарын 21-ний өдөр “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Ж.гаргасан хүсэлтийн дагуу “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.Б-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргаар сонгогдсон.
“Цаст алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 08 сарын 09-ний өдрийн 009 дүгээр “Компанийн дүрэм болон хууль ёсны хаяганд өөрчлөлт оруулах тухай” албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтэд “”... Ж.О нь өөрийн хүсэлтээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрхээ Ц.Б шилжүүлж өөрчлөлт орсон болно. Мөн хаягийн өөрчлөлт орсон. Иймд компанийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон хаягийн өөрчлөлтийг шинэчилж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлт, шийдвэрийг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг.
Гэтэл “Цаст алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тус компанийн дүрмийн 3.1-д Ц.Б-ыг “Цаст Алтайн жинчид” ХХК-нийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байхаар дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Энэ нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 5 дугаар 31-ний өдрийн 414 дүгээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг зөрчсөн, өөрөөр хэлбэл Ж.О-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ж.О-ыг “Цаст Алтайн жинчид” ХХК-нийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хассан тухай дүрмийн өөрчлөлт орсныг Ж.О нь хүү Ж.Батмонголоос мэдсэн байдаг. Улсын бүртгэлийн байгууллага гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх ёстой, Ж.О-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хассан талаар түүнд албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл хариуцагчаас энэ үүргээ биелүүлээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч П.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Цаст алтайн жинчид” ХХК нь анх 2010 онд үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш 2011 онд нэг удаа, 2012 онд нэг удаа дүрэмдээ өөрчлөлт оруулсан байдаг.
2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цаст Алтайн жинчид ХХК-нийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн М.Одсүрэн, Э.Энхтайван нар 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийн хамт “Цаст Алтайн жинчид ХХК”-нийн 2012 оны 08 сарын 09-ний өдрийн 009 дүгээр албан бичиг, тус компанийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолууд, шинэчилсэн дүрмээ авч ирсэн юм. Тэд хэлэхдээ яаралтай энэ бүртгэлийг хийлгэх шаардлагатай байна, учир нь Хөшөөтийн уурхайн тендерт материалаа өгөх гэсэн чинь өнөөдөр хугацаа нь дуусаж байгаа юм байна. Тендерт оролцоход компанийн дүрэм, гэрчилгээ шаардлагатай байдаг юм байна. Тийм учраас шинэчилсэн дүрмийг яаралтай бүртгэж өгөөч гэсэн юм.
М.Одсүрэн, Э.Энхтайван нар над надад ганц хувь дүрэм авч ирсэн өгсөн. Уг нь бол шинэчилсэн дүрмээ 2 хувь авч ирэх ёстой байдаг. Гэтэл 1 хувь дүрэм авч ирээд тендерт орох гэсэн юм гэхээр нь 2 хоногийн дотор энэ дүрмээ дахиад нэг хувь хэвлэж баталгаажуулаад авч ирж өгөөрэй гээд авч ирсэн дүрмийг нь өгөөд явуулсан. Гэтэл тэд нар дахиж дүрмээ авч ирж өгөөгүй тул Х.Силам руу утсаар яриад дүрмээ авч ирж өг гээд дүрмийг нь дахин авсан. Гэхдээ Х.Силамын авч ирж өгсөн “Цаст алтайн жинчид” ХХК-нийн шинэчилсэн дүрмийн он сар өдрийг нь анзааралгүй авсан.
“Цаст алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 08 сарын 09-ний өдрийн 009 дүгээр албан бичигт “...компанийн хаягийн өөрчлөлт болон дүрмийн 1.3 дахь хэсгийг өөрчлөлтийг шинэчлэн бүртгэж өгнө үү..." гээд бүх төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурсан байгаа. Ж.О нь зөвхөн “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаана байгаа вэ, энэ талаарх хүсэлтийг “Цаст алтайн жинчид” ХХК-ниас авъя гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед М.Одсүрэн, Э.Энхтайван нар хэлэхдээ Ж.О-н хувьцааг Ц.Б-д шилжүүлсэн гэж ярьж байсан ба тэр үед улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад Иргэний хуульд зааснаар хувьцаа шилжүүлсэн гэрээг нотариатаар гэрчлүүлж авдаггүй байсан учраас би энэ талаарх баримтыг шаардаж аваагүй.
“Цаст алтайн жинчид” ХХК нь 2015 оноос эхлэн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж байгаа ба энэ хэрэг нь тус компанитай холбоотой 3 дахь захиргааны хэрэг юм. Тус компанийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тогтоол тэмдэглэлд дурдсанаар “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүн дээр нэмж 65 гишүүнийг нэмж оруулахаар дүрмээ шинэчилж улсын бүртгэлд ирүүлсэн боловч дээрх материал нь хуульд заасан шаардлага хангаагүй тул буцаасан. Дээрх 65 нэрийн дунд Ж.О-ын нэр байхгүй байсан. Энэ нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлээр Ж.О хассан нь буруу гэж үзсэн бол Ж.О нэрийг дээрх 65 хүний нэр дунд оруулж ирэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Ж.О-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасаж шийдвэрлэсэн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болсон хурлын хүлээн зөвшөөрсөн гэж би үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х хэлэхдээ Ховд аймгийн нийт тээвэрчдийн хурал ч гэнэ үү, холбооны дэргэдэх компани байгуулсан гэх худал зүйл ярьж байна. Энэ компанийг бид анх 2009 онд Х.Силамын гэрээр контор хийж, 2 жил гаруй явж байгаад байгуулсан юм. Тухайн үед жолооч нэр үүнийг тоодоггүй байсан. Жолооч нарыг дуудаад ч, гуйгаад ч ирдэггүй байсан. Намайг Улаанбаатар хот руу тээвэрт явсан хойгуур Х.Силам компанийн дүрэм гаргаад үүсгэн байгуулагчаар Ж.О нарын 9 хүнийг сонгоод улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тухайн үед би Х.Силамаас “чи яагаад энхнээс нь явсан миний нэрийг оруулаагүй юм бэ” гэхэд “чамтай холбоо барих боломж байгаагүй, утас чинь холбогдохгүй байсан. Яаралтай дүрмээ батлуулах шаардлага гаргаад танай нутгийн анх Ж.О оруулчихлаа гэж хэлсэн. Би 2010 оноос хойш Цаст алтайн жинчид ХХК-нийн хуралд оролцоод яваад байсан. Харин Ж.О хуралд ирдэггүй байсан. Ж.О нь хуралдаа ирэхгүй болохоор бид утсаар холбогдож та хуралдаа ирэхгүй юм уу гэхэд “ ах нь настай хүн, хууль дүрэм сайн мэдэхгүй, тэгээд ч наад компани чинь хэл амтай байгаа учраас та нар өөр хүнээ сонгож миний оронд оруул, 125000 төгрөгийг надад авч ирээд өгчих” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би Н.Энхтөр, С.Энхтөр нартай хамт очоод 125000 төгрөгийг Ж.О-д өгөөд өөрөөр нь өргөдөл бичүүлж авсан. Тэр өргөдөл М.Одсүрэнд байх ёстой.
Ингээд “Цаст алтайн жинчид” ХХК-нийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр намайг 100 хувийн саналаар сонгосон. Намайг үүсгэн байгуулагч биш гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Би энэ компанийг анх үүсгэн байгуулалцаж явсан хүний нэг. Үүнийг хүмүүс мэдэж байгаа. 2012 оны хавар “Мо эн ко” ХХК-тай гэрээ байгуулж, тээвэрлэлт эхлэх болж миний бие 8 жолоочийн хамт Цэцэг сумын хаяанд хээр бууж анхны үйл ажиллагааг удирдан явуулж кемп байгуулж тохижуулж ажиллаж ирсэн. 2012 оны 3 сараас эхлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2013 оны хавар өөрийн хүсэлтээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлаа өгсөн. Болсон бодит үйл явдал энэ. Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч болон гуравдагч этгээдээс “нэхэмжлэгч нь бүртгэлийн талаар 2018 оны 03 дугаар сард хүү О.Батмонголоос мэдсэн гэж тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргаж байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 22 дугаар зүйлийн 22.3-д “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага тухай бүр нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийн талаар захиргааны байгууллага нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1348 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийг тус бүртгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх нь үндэслэлгүй.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“Цаст-Алтайн жинчид” ХХК нь анх компанийг үүсгэн байгуулагч 9 гишүүнтэй /Х.Силам, Ж.Дамбий, Ж.О, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван/ , 1008000 төгрөгийн дүрмийн сантай, хуурай замын ачаа тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж, 4068777 регистр, 1611008094 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тогтоол, тэмдэглэл, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн компанийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн баримт /УБ-03/, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Улмаар 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Цаст-Алтайн жинчид” ХХК нь Тээвэр зууч эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр, Ховд, Жаргалант, Магсаржавын гудамж, Ховд эм хангамжийн байр, 211 тоот ШХ:утас1:99437170, утас2: 99058628 хаягийг шинэчилж, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлсэн. Тус дүрмийн 3-т Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд Х.Силам, Ж.Дамбий, Ж.О, Б.Цэрэндаш, М.Одсүрэн, Н.Энхтөр, С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нар бүртгэгджээ.
Гуравдагч этгээд Ц.Б, хариуцагч нар нь шүүх хуралдаан дээр нар З.О-ыг анх компани байгуулахад үүсгэн байгуулагчаар, 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлснийг үгүйсгэхгүй байх бөгөөд хэргийн оролцогчид “Цаст-Алтайн жинчид” ХХК-ийг үүсгэн байгуулсан болон 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар маргаагүй.
Хариуцагч 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Цаст-Алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Өөрийн хөрөнгийн хэмжээ нийт 1008 мян.төг болсон өөрчлөлтийг бүртгэв”, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ховд Жаргалант, 2-р баг, Баатархайрхан,.. Алтай трестийн 2-р байр тоот, Утас:99437170, Утас2, Факс хаягийг шинээр бүртгэв” гэж тус тус тэмдэглэж улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгэхдээ “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12024 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 003 дугаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол, 004 дугаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгох тухай тогтоол, “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны үүсгэн байгуулагчийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан компаний дүрэм, “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 009 дугаартай “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст компанийн дүрэм болон хууль ёсны хаяганд өөрчлөлт оруулах”-аар гаргасан хүсэлт, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтанд агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл /Маягт УБ-05/ зэргийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.
“Цаст-Алтайн жинчид” ХХК-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.О нь үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, 003 дугаар тогтоолоор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.О чөлөөлж, 004 дугаар тогтоолоор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ц.Б-ыг томилж, энэ талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхээр Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасныг хариуцагчаас Ж.О-г компанийн үүсгэн байгуулагчаас хасч бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 /Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө/, 23.2 /Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална/ дугаар зүйл болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр тушаалын хавсралт Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-д улсын бүртгэгч “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн /УБ-05/-ын дагуу бичигдсэн болон түүнд хавсаргасан баримт бичгийг нэг бүрчлэн нягтлан үзэж, хуудас бүрийг дугаарлан хүлээн авна...” гэсний дагуу өөрчлөлтийг бүртгэхдээ ирүүлсэн баримтын үнэ зөв эсэхийг нягтлан шалгаж, баримт дутуу, эргэлзээтэй бол бүртгэл хийхээс татгалзах эрхтэй байна.
Тиймээс хууль зөрчсөн дээрх бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4 /үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх/, 3.1.5 /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/-д заасантай нийцээгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хангах нь зүйтэй байна.
Хариуцагч нь “...уг компанийн нэг онцлог нь үүсгэн байгуулагч 9 гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байдаг” гэж тайлбарлан боловч Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно” гэж зааснаас харахад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс давхар чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.
Мөн хариуцагчаас “тухайн үед компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхдээ өөрчлөгдсөн дүрмийг 1 хувь үйлдсэн байсан. Уг дүрмийг улсын бүртгэлийн хэлтэст үлдээгээгүй Одсүрэн нь тендерт орох гэж байгаа тул дахин нэг хувь гаргаад авчирч өгнө гэж хэлээд авч явсан. Би араас нь хөөцөлдөж байж уг дүрмийг захирал Дамбийгаас авсан. Ингэхдээ дүрмийн он сар өдөр болон дүрмийн холбогдох заалтуудыг нягталж үзээгүй авсан нь миний буруу” гэж тайлбарлах боловч энэ байдал нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.12-д “улсын бүртгэгч нь өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах” үүргийг биелүүлээгүй бөгөөд улсын бүртгэгчийн дээрх тайлбараар улсын бүртгэл хууль бус явагдсаныг зөвтгөх боломжгүй юм.
Гуравдагч этгээд Ц.Б нь “би 125000 төгрөгийг Ж.О өөрийн биеэр гэрт нь аваачиж өгсөн. Энэ нь Ж.О дүрмийн санд оруулсан хөрөнгө юм...” гэж тайлбарлах боловч Ж.О нь хувьцаагаа бусдад шилжүүлэх нь өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд иргэн Ж.О нь Ц.Б “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 112 ширхэг хувьцааг шилжүүлээгүй, харин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж тайлбарласан, 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Цаст-Алтайн жинчид ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд Ж.О нь хувьцаа шилжүүлэх тухай хүсэл зоригоо яаж илэрхийлсэн болох нь хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байх тул гуравдагч этгээдийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ