Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь аймгийн Засаг даргын орлогчоор 2 жил гаруй хугацаанд ажилласан ба ажиллах хугацаандаа ажил цалгардуулсан, хууль зөрчсөн зүйл байхгүй. Б.Д нь аймгийн Засаг даргаар томилогдож, үндэслэлгүй захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга нь намайг Эрүүл мэндийн даатгалын албаны даргын ажилд томилно гэж амлалт өгч, ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш би 3 сарын хугацаанд хүлээсэн боловч томилоогүй бөгөөд миний нийгмийн даатгал төлөлт, ажилласан жил тасарч, эдийн засгийн хувьд хохирч байна. Би дээрх нөхцөл байдлуудыг Засаг даргад хэлсэн боловч таны эрхэлж буй ажил улс төрийн албан тушаал учраас халж байна гээд намайг ажлаас халсан. Аймгийн Засаг дарга нь 2 орлогчтой ажиллаж байсан, одоо ч бас 2 орлогчтой ажиллаж байгаа. Ингээд миний эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд хандсан. Би аймгийн Засаг даргатай уулзаж, ажилд томилж өгөхийг гуйж удаа дараа хүссэн боловч томилоогүй. Эрүүл мэндийн албаны даргаар томилох боломжгүй гэх хариуг дээд газраас нь ирүүлсэн байсан.

 Иймд шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т аймгийн Засаг даргын орлогчийг төрийн улс төрийн албан хаагчид хамаарна гэж заасан. Төрийн улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн үр дүнд томилолтын дагуу ажилладаг, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөр нь үйлчлэх албан тушаал юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөж, томилж чөлөөлнө гэж заасан. Дээрх хуулийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн Ш.Б-йг Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлсөн болно.

Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх заалтаар тус тус зохицуулсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөхдөө хуралтай зөвшилцөхөөр заасан.

Нэхэмжлэгчийн хувьд анх Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар тогтоолоор Ш.Б-ийг аймгийн Засаг даргын орлогчоор томилох тухай Засаг даргын саналыг дэмжиж тогтоол гарч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор томилон ажиллуулсан юм.

Маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогчийн ажлаас чөлөөлөхдөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Засаг даргын орлогчоор томилогдохоор нэр дэвшсэн Т.Ж-ны асуудал хэлэлцэгдэж, тогтоол гарсан боловч Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээгүй байдаг. Уг тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчиж, хууль бус захиргааны акт гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл, хууль зүйн үндэслэлийг заана” гэжээ. Гэтэл маргаан бүхий актад Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцсөн эсэхийг тусгаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг захирамжид нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ тусгаагүй нь хууль бус захирамж гарсан гэдгийг нотолж байгаа юм.

2016 онд ээлжит сонгууль явагдсан бөгөөд дараагийн ээлжит сонгууль 2020 онд явагдана. Энэ хугацаанд ээлжит бус сонгууль явагдаагүй. Өмнө ажиллаж байсан Засаг дарга нь өөр албан тушаалд томилогдоод явсан учраас дараагийн Засаг дарга томилогдсон. Энд ямар нэгэн сонгуулийн үр дүн гарсан зүйл байхгүй.

Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг даргын зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг нь Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд өөрчлөгддөг албан тушаалтан гэж заасан ба энд орлогчийг хамааруулаагүй. Засаг даргын зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтнуудын үүрэг нь Засаг даргын бүрэн эрх дуусгавар болоход хамт дуусгавар болдог.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар  захирамжийг хүчингүй болгох, урьд эрхлэж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар Ш.Б-ийг аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилжээ.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжид Монгол улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт,  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн Ш.Б-ийг аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба” гэж 4 ангилсан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т” Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гээд 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч”гэжээ.

Иймд аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тус тусын холбогдох хуулиар тогтоож, харин хуульд тусгайлан өөрөөр заагаагүй тохиолдолд уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхгүй байхаар зохицуулсан байна.

 Иймд аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх харилцаанд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ нь хуулиар тогтоосон буюу тусгайлан журамласан харилцаа юм.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг даргад Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг олгохдоо ямар болзол хангасан этгээдийг Засаг даргын орлогчоор томилох, мөн ямар тохиолдолд түүнийг чөлөөлөх талаар нарийвчлан заагаагүй байх тул шинээр томилогдсон аймгийн Засаг даргын хувьд өөрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх Засаг даргын орлогчийг албан тушаалаас нь чөлөөлөх бүрэн эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “.... сонгуулийн үр дүнгээс хамаарч Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудал яригдана...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Харин маргааны үйл баримтын хувьд Засаг дарга нь дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын орлогчийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргахад “ ...тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө...” гэсэн хуулийн тусгай шаардлагыг хангасан байх учиртай.  

Ховд аймгийн Засаг дарга 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2127 дугаартай албан бичгээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр Аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцүүлэхээр санал хүргүүлсэн байна. 

Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  хуралдаанд Аймгийн Засаг даргын орлогчийн асуудлыг аймгийн Засаг дарга Б.Д “...Т.Ж-ыг Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар  томилох саналыг тавьж байна” гэж танилцуулсан бөгөөд  хурлын тэргүүлэгчдээс Т.Ж-ыг аймгийн Засаг даргын орлогчоор томилуулах саналыг дэмжсэн тогтоолыг төслийг баталж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарыбн 26-ны өдрийн 50 дугаар “Санал дэмжих тухай” тогтоол гарсөн бөгөөд дээрх тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын орлогч Ш.Б-ийг аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Зөвшилцөх гэдэгт тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгодог.  Гэтэл  аймгийн Засаг дарга Засаг даргын орлогчийг чөлөөлөх асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн, Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын орлогч Ш.Б-ийг ажлаас нь чөлөөлөх саналын талаар хэлэлцээгүй гэж үзэхээр байна. 

Учир нь аймгийн  Засаг даргын 1/2127 дугаар албан бичиг,  Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр  Ш.Б-ийг засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх талаар санал хүргүүлж, энэ талаар хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээгүй харин Т.Ж-ыг орлогчийн албан тушаалд томилох  талаар санал хүргүүлж, хэлэлцсэн болох нь тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх  хуулийн шаардлагыг зөрчиж Ш.Б-г  аймгийн Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлж,  Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар “Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай”  захирамж гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн  байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар “Ш.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай”  захирамжийг хүчингүй болгож, Ш.Б-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/50 дугаар  захирамжийг хүчингүй болгож, Ш.Б-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ