Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00131

 

“Шилэнфасад” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1966 дугаар магадлалтай,

“Шилэнфасад” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Сондра” ХХК-д холбогдох,

31.080.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

17.301.750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн-очир, өмгөөлөгч Б.Номуундарь, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Шилэнфасад” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сондра ХХК-ийн захирал н.Анартай тохиролцон тус компанийн 650 м.кв талбай бүхий нүдний эмнэлгийн байрыг 1 м.кв-ыг 90.000 төгрөг, тавилгыг 10.830.000 төгрөг, угаалгын өрөөг 5.500.000 төгрөг, нийт 69.880.000 төгрөгөөр засаж тохижуулахаар болж, ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн. Гэтэл захирал н.Анар янз бүрийн шалтаг гаргаж ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зураагүй. Хэдийгээр тус компани гэрээгээ баталгаажуулаагүй боловч хугацаандаа ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх хугацаанд урьдчилгаа 38.800.000 төгрөг авсан. Иймд Сондра ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 31.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Сондра” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани анх 2016 оны 8 дугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-30 тоот 4 давхар барилгын 3 ба 4 дүгээр давхрын 650 м.кв талбай бүхий ажлын байрыг эмнэлгийн зориулалтаар түрээслэх гэрээг Монгол контракт ХХК-тай хийсэн. Гэрээний хавсралт 1.1-д заасан нөхцлийн дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш засвар хийх хугацааг 50 хоног байхаар тохиролцож, дурдсан хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй, зөвхөн байрны нийт цахилгаан, усны ашиглалтын зардлын 25 хувийг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон. Манай тавьсан гол нөхцөл бол 2016 оны 9 дүгээр сарын 30-нд бүх ажил дууссан байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэлд дурдсан угаалгын өрөөг тусад нь тохижуулж, нэмэлт хөлс тооцох тухай яриа хэлцэл огт байгаагүй, бидний зүгээс нийт ажлын хөлсийг м.кв тутамд 70.000 төгрөгөөр тооцох санал хэлсэн. Шилэнфасад ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурь, түүний заслын бригад эхлээд 10 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажлаа эхлүүлсэн боловч 4 дэх хоногоос эхлэн өдөрт 3-4 хүн ирж, засварын ажлын гүйцэтгэл эрс удааширсан, цаг ашиглалт хөдөлмөрийн сахилга батгүй байгааг удаа дараа сануулж, хатуу шаардлага тавьж, нэг бус удаа гэрээ цуцлахыг мэдэгдэж байсан. Заслын ажил хугацаандаа амжихгүй 2 сар илүү сунжирч 12 сарын эхээр дуусч эмнэлэг байрандаа нүүж орсон. Манай компани нийт ажлын хөлсөнд 43,700,000 төгрөгийг Шилэнфасад ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурьт бэлнээр болон дансаар төлсөн, мөн  заслын бригадын Бадмаад 1,900,000 төгрөг, тавилга хийсэн Баргилтад 3.500.000 төгрөг тус тус бэлнээр төлсөн. Эмнэлгийн засварын ажлын төлбөр төлсөн болон өглөг авлагын талаарх нотолгоо баримтууд манай компанийн санхүүгийн дотоод ба гадаад тайланд тодорхой тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Шилэнфасад ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр энэхүү засвар үйлчилгээг гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл тогтоосон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Иймд сөрөг нэхэмжлэлээр хамтран ажилласны хугацааг хожимдуулсны улмаас учирсан шууд хохирол 17.301.750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сондра ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар тохирсон, түрээстэй холбоотой асуудлыг манайх хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Сондра ХХК-иас 22.987.334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шилэнфасад ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8.092.666 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Сондра ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Шилэнфасад ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 17.301.750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.500 төгрөгийн 313.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сондра ХХК-иас 272.886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Шилэнфасад ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.460 төгрөгийн 244.458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Сондра ХХК-д олгож, шинжээчийн зардалд 312.000 төгрөгийг нэхэмжлэгч Шилэнфасад ХХК-иас, 888.000 төгрөгийг хариуцагч Сондра ХХК-иас тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1966 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 45.350 төгрөг, хариуцагчийн 272.900 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.07-ны өдрийн 1966 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх, шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгчийг оролцуулалгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаа авах хууль ёсны үндэслэл бүхий хүсэлтийг хүлээн авахаас илт хууль бус шалтгаанаар буюу тухайлбал, өмгөөлөгчид олгогдсон эмнэлгийн байгууллагын магадалгааг, бодит байдалтай уялдуулан нягтлан шалгаагүй атлаа ЭМНХ-ын Сайдын тушаалд нийцээгүй байна гэдэг нүдэн баримжаагаар хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлэлгүй, илт нэг талын эрх ашгийг хамгаалсан, ИХШХШТХ-ийн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, ямар ч үндэслэлээр зөвтгөх боломжгүй алдаа гаргасан гэж үзнэ. Тус компани нь, талуудын хооронд хуульд заасан хэлбэрийн дагуу гэрээ байгуулагдаагүй, хариуцагчаас төлбөр тооцоог хэсэгчлэн харилцан тохиролцож гүйцэтгэж байсан, тохиролцсон хөлсний зөвхөн 1 сая 800 мянган төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан, нэхэмжлэгч тохиролцсон ажлыг зарим хэсгийг гүйцэтгээгүй орхигдуулсан, ажил гүйцэтгэх хугацааг удаан хугацаагаар хэтрүүлсэн, ажлын гүйцэтгэлийг удаашруулснаас шалтгаалан хариуцагч их хэмжээний бодит хохирол хүлээхэд хүргэсэн зэрэг зайлшгүй анхаарч хянан шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлууд бий болсон зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн хангалттай үндэслэлгүй, нэхэмжлэгч талын урьдчилан боловсруулж, итгүүлэн төөрөгдүүлэх замаар хийсэн хэлцэлд үндэслэсэн, нэг талаас гаргасан тооцооны дүн нь зохих ёсоор хөдөлгөөнгүйгээр нотлогдоогүй болохыг хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ тусган хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахыг шүүхэд хандан хүсэлт болгож байсан билээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь, анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бодитоор байгуулагдсан эсэх талаар зохих үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа талуудын хооронд бий болсон нөхцөл байдал, төлбөр тооцооны баримт зэргийг хольж хутган төлбөрийн бодит хэмжээг бодитоор гэрээ байгуулагдсан мэтээр ажлын хөлсийг тооцож, бодитоор гэрээ байгуулагдсан гэж үзсэн нөхцөлд гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг огт орхигдуулан нэг талын эрх ашгийг харгалзсан шийдвэр давтан гаргасан гэж үзэхэд хүргэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.07-ны өдрийн 1966 дугаар магадлалыг, тус тус хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Ажлын хөлсний үлдэгдэлд 31.080.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч “Шилэнфасад” ХХК-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч “Сондра”” ХХК нь “...ажлаа хугацаанд нь гүйцэтгэлгүй орхиж явсан...” гэсэн тайлбар гаргаж, улмаар 17.301.750 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь 650 м.кв талбай бүхий ажлын байрны дотоод засал, тавилга хийх, хариуцагч ажлын хөлс төлөхөөр харилцан тохирсноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой тул гэрээг бичгээр байгуулаагүй нь гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Харин талууд ажлын хөлсний хэмжээ, төлсөн төлбөр, ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн эсэх талаар маргажээ.   

Гэрээг төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөөр мөн зүйлийн 344.2.-т зохицуулсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “...1 м.кв талбайн ажлын хөлсийг 90.000 төгрөгөөр тохиролцсон” гэснийг хариуцагч эс зөвшөөрч 70.000 төгрөгөөр тохирсон гэж маргасан боловч хэн аль нь шаардлага, татгалзлаа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 2264 дүгээр захирамжаар  Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон, 2018 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...заслын ажил 56.133.804 төгрөг, тавилгын ажил 9.153.530 төгрөг нийт 65.287.334 төгрөг”  болохыг тогтоосон, хариуцагч үгүйсгээгүй байна /хэргийн 165-216 дугаар тал/. 

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажлын хөлсний хэмжээг тогтоож, төлсөн төлбөрийг хасч нэхэмжлэлээс 22.987.334 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1., 227 дугаар зүйлийн 227.3. дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “...ажлын хөлсөнд 43.700.000 төгрөг төлсөн” талаарх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх, хариуцагчид нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар 19-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байх ба давж заалдах шатны шүүхийн “...хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэж үзэхгүй” талаарх дүгнэлтийг буруутгах боломжгүй  тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1966 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 272.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ