Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох

31,080,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 17,301,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2016 оны 8 сарын 16-ны өдөр С ХХК-ийн захирал Анартай тохиролцон тус компанийн 650 м.кв талбайтай С нүдний эмнэлгийг 1 м.кв-ийг нь 90,000 төгрөгөөр, тавилга 10,830,000 төгрөгөөр, угаалгын өрөөг 5,500,000 төгрөгөөр бүгд нийлээд 69,880,000 төгрөгөөр засаж тохижуулахаар болж тус ажлыг тохирсон ёсоор хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Урд өмнө тухайн компанийн олон ажлыг манай компани авч хийж гүйцэтгэж байсан учир С эмнэлгийн дотор заслын ажлыг эхлүүлэх үедээ харилцан амаар тохироод ажлын явцад гэрээний төслийг боловсруулж талууд гарын үсэг зурах ёстой байсан. Гэтэл С эмнэлгийн захирал Анар нь янз бүрийн шалтаг гаргаж ажил гүйцэтгэх гэрээн дээр гарын үсэг зураагүй болно. Хэдийгээр тус компани гэрээгээ баталгаажуулаагүй гэх боловч бид тохиролцсон ёсоор хугацаандаа ажлыг нь хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо үлдэгдэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. Манай компани гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд урьдчилгаа төлбөрт 38,800,000 төгрөг авсан бөгөөд одоо 31,080,000 төгрөгийг аваагүй байна. С компанийн захирал Анартай олон удаа уулзаж ажлын хөлсөө шаардсан боловч өнөө маргааш гэж хойшлуулсаар өдийг хүргэж сүүлд нь төлбөрийг чинь өгөхгүй гэж бидэнтэй үндэслэлгүйгээр маргаж байна. Гэтэл манай компанийн олон залуучууд С компанийн захиалсан ажлыг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн бөгөөд, барилгын ажлыг хүлээлгэж өгсний маргааш нь шахуу нээлтээ хийж, хүний хөл хөдөлгөөн ихтэй, үйлчлүүлэгч олонтой ажиллаж байсан. Харин манай компани С компаниас ажлын хөлсөө авч чадахгүй байгаагаас манай компанийн ажилчдын нийгмийн болон ар гэрийн асуудалд хүндэрч банк, ломбардны өрөнд хохирч байна. Иймд С ХХК-аас 31,080,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С ХХК-ийн захирал Т.Анараа миний бие Ш  ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 2017/4-2 дугаартай албан бичгээр манай компанитай холбоотой асуудлаар гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани анх 2016 оны 8 сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-30 тоот дахь үйлчилгээ, оффисын зориулалт бүхий 4 давхар барилгын 3 ба 4 дүгээр давхрын 650 м.кв талбай бүхий ажлын байрыг эмнэлгийн зориулалтаар зохих болзол, хугацаа, төлбөртэйгөөр түрээслэх гэрээг Монгол контракт ХХК-ийн удирдлагатай хийсэн юм. Энэхүү гэрээний Хавсралт 1-ын 1-д заасан нөхцлийн дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш засвар хийх хугацааг 50 хоног (2016.8.15 - 2016.10.16) байхаар тохиролцож, дурдсан хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй, зөвхөн байрны нийт цахилгаан, усны ашиглалтын зардлын 25 хувийг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон билээ. Миний бие дээр дурдсан хугацаанд засварын ажлыг хийж дуусгах зорилгоор хангалттай хүний нөөц, ажлын туршлага бүхий хэд хэдэн барилга заслын компаниудтай холбогдож, улмаар Умард Солонгосын барилга заслын ажилчидтай, нэр бүхий компанитай хамтарч ажиллахаар болоод байсан юм. 2016 оны 8 сарын 18-нд Ш  ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурийг Шангрила худалдааны төвийн 2 давхарт дотоод заслын ажил хийж байх үед нь шилэн самбар хийлгэх талаар ярилцахаар уулзах явцад тэрээр “Манай ажил дуусч байгаа. Та нар гадаад хүнээр хийлгээд яах юм. Манайх олон хүнтэй сайн бригадтай. Танай бүх заслыг, цахилгаан, сантехниктэй нь хамт чанарын өндөр түвшинд, хугацаанд нь, зах зээлийн үнээс хямд хийж өгье ...” гэсний дагуу хамтарч ажиллахаар болсон бөгөөд манай талаас тавьсан гол нөхцөл бол 2016 оны 9 сарын 30-нд бүх ажил дууссан байхаар харилцан тохиролцсон билээ. Манай компани дотоод засал, цахилгаан, сантехник, интерьерийн ажлын төлөвлөлт болон материалын зардлыг тооцсон төслийг ТИС-ийн Барилга, архитектурын компаниар өмнө хийлгэсэн байсан бөгөөд Ш  ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурь уг төслийн ажлын эхийг үзэж танилцаад, төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх боломжтой хэмээн зөвшөөрсөн юм. Д.Дэлгэрсуурь нэхэмжлэлдээ дурдсан угаалгын өрөөг тусад нь тохижуулж, нэмэлт хөлс тооцох тухай яриа хэлцэл огт байгаагүй бөгөөд бидний зүгээс нийт ажлын хөлсийг м.кв тутамд 70,000 төгрөгөөр тооцохоор саналаа хэлсэн. Учир нь иргэн Д.Дэлгэрсуурь цахилгаан болон сантехникийн ажлын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаас хэт өндөр хэлж байсан бөгөөд манай “бурхан болооч” нөхөр эрс татгалзаж, уг ажлыг өөрийн 2 найзын хамт хийж гүйцэтгэхээр болсон тул нийт ажлын хөлснөөс хассан болно. Мөн ажил эхлэх үед хугацаа хожих үүднээс хуучин байсан ханыг нураах, гарсан хогийг зайлуулах, тээвэрлэх ажлыг бид өөрсдөө хийж гүйцэтгэсэн билээ. Ш  ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурь болон түүний заслын бригад эхлээд 10 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажлаа эхлүүлсэн боловч 4 дэх хоногоос эхлэн өдөрт 3-4 хүн л ирж, засварын ажлын гүйцэтгэл эрс удааширсан бөгөөд өдрийн 11 цагт эхний хүн, өдрийн 2 цаг орчимд нийт 3-4 хүн цуглах мэтээр цаг ашиглалт болон хөдөлмөрийн сахилга батгүй байгааг миний бие удаа дараа сануулж, хатуу шаардлага тавьж, нэг бус удаа гэрээ цуцлахыг мэдэгдэж байсан. Бадмаа ахлагчтай дотоод заслын бригад анх 3 хүнтэй ирсэн бөгөөд яагаад ийм цөөхөн хүнтэй байгааг лавлахад Д.Дэлгэрсуурь бидэнд заслын ажлын хөлсөнд 5 сая төгрөг өгнө гэсэн тул тохирсон хүн хүч нь энэ гэж тайлбар өгсөн бөгөөд миний зүгээс ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхийг хүсч Бадмаад 1 сая төгрөг бэлнээр нэмэлт урамшуулал болгон өгсөн тул бригад нь 5-6 хүнтэй болон ажиллаж эхэлсэн. Ажил эхлэхээс өмнө болон ажлын явцад иргэн Д.Дэлгэрсуурь урьдчилгаа мөнгийг цаг тухай бүр авч байсан бөгөөд харамсалтай нь мөнгө авсан л бол маргааш нь баяр тэмдэглэсэн эсвэл архи уусан шалтгаанаар хүмүүс нь ажилдаа ирдэггүй байсан. Мөн 9 сард Барилгачдын баяр тэмдэглэсэн гэсэн шалтгаанаар 7 хоног ямар ч ажил явагдаагүй болно. Дээрх олон хүчин зүйлийн нөлөөгөөр заслын ажил хугацаандаа амжилгүй 2 сар илүү сунжирч 12 сарын эхээр арай гэж дууссан бөгөөд манай эмнэлэг 2016 оны 12 сарын эхээр байрандаа нүүж орсон юм. Энэ хугацаанд манай компани Монгол контракт ХХК-д 2 сарын түрээс болон цахилгааны төлбөр хий төлж, санхүүгийн хувьд ихээхэн хохирол хүлээсэн билээ. Энэхүү хохирлыг манай компани түрээслүүлэгч талтай удаа дараа хийсэн зөвшилцлийн дүнд 6 сарын турш нөхөн барагдуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл эмнэлгийн санхүүгийн байдал тогтворжоогүй байна. Мөн манай гэр бүлийн хүн удаан хугацаагаар хүндээр өвчилж байгаад 2017 оны 5 сард гэнэт зүрх нь зогсож таалал төгссөн бөгөөд энэ шалтгааны улмаас Ш  ХХК засварын ажлаа хугацаанд нь дуусгаагүйн улмаас үүссэн манай компанийн хохирлыг хуулийн хүрээнд нэхэмжлэх сэтгэл санаа болон цаг хугацааны боломж надад байгаагүй болохыг ойлгох биз ээ. Манай компани нийт ажлын хөлсөнд 43,700,000 төгрөгийг Ш  ХХК-ийн захирал Д.Дэлгэрсуурьт бэлнээр болон дансаар төлсөн бөгөөд үүнээс гадна дотоод заслын бригадын ахлагч Бадмаад 1,900,000 төгрөг, тавилга хийсэн иргэн Баргилтад 3,500,000 төгрөг тус тус бэлнээр төлсөн. Эмнэлгийн засварын ажлын төлбөр төлсөн болон өглөг авлагын талаарх нотолгоо баримтууд манай компанийн санхүүгийн дотоод ба гадаад тайланд тодорхой тусгагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “С ХХК-аас Ш  ХХК-ийн нэхэмжлэлтэй, манай компанид холбогдох төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гэрээний үүрэг зөрчсөнөөс шалтгаалан учруулсан шууд хохирлыг гаргуулах шаардлага бүхий энэхүү сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр гаргаж байна. Учир нь Ш  ХХК нь, анхнаасаа манай компанитай тохиролцсон, ажил хүлээлгэн өгөх хугацаанаас хожимдуулж, гүйцэтгэвэл зохих үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хохирол учруулснаас үүдэн компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах үүднээс манай компани түрээсийн төлбөр төлсөнтэй холбогдон гарсан шууд зардал, бусад төлбөр зэргийг гаргуулахаар эхний ээлжинд гэрээнээс учирсан шууд хохиролтой холбоотой дараах үндэслэл, нөхцөл байдлыг танилцуулж хохирол нэхэмжилж байгааг анхааралдаа авна уу. Нэг. Ш  ХХК-тай хамтран ажилласантай холбоотой зардал, алдагдлын талаар: Манай компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж-30 хаягтай Монгол даатгал ХХК-ийн байрны 3,4 дүгээр давхрын талбайн зарим хэсгийн дотор засал чимэглэлийн ажил үйлчилгээ хийлгэхээр Ш  ХХК-тай 1 м.кв-ыг нь 70,000 төгрөгийн хөлсөөр хийлгэхээр харилцан тохиролцож, энэхүү ажлыг Ш  ХХК нь 2016 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр энэхүү засвар үйлчилгээг гүйцэтгэж эхэлсэн юм. Гэтэл Ш  ХХК нь дээрх тогтоосон хугацаанд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд 2018 оны 12 сарын 8-ны өдөр дуусгавар болсон. Бид шүүхэд энэ талаар шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримтыг гаргаж өгөх болно. Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар: Иймд С ХХК нь Ш  ХХК-д холбогдуулан дор дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: С ХХК болон Ш  ХХК-ийн хооронд хамтран ажилласны хугацааг хожимдуулсны улмаас учирсан шууд хохирол 17,301,750 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг амаар тохирсон. Тэрнээс түрээстэй холбоотой асуудлыг манай хариуцахгүй. Тийм юм байхгүй болно. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж, гэрээт ажлыг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд  17,301,750 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх ба хүсэлтэд хариуцагчийн өмгөөлөгч Б.Номуундарь өвчний учир 2018 оны 7 сарын 6-ны өдрөөс 2018 оны 7 сарын 13-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн тул товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А / 243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасан шаардлагыг хангаагүй, эмнэлгийн байгууллагын эрх баригчийн гарын үсэг, байгууллагын тэмдэггүй магадлагаа байх тул хариуцагчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 2 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэх шалтгаанаар, 2018 оны 6 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэх шалтгаанаар, 2018 оны 6 сарын 22-ны өдрийн хуралдааныг өмгөөлөгчийн хүүхэд өвдсөн тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй гэсэн шалтгаанаар тус тус хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх тухай бүр хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр сонгон авсан этгээд эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадахгүй байгаа бол өөр өмгөөлөгч сонгон авах эрх нь хариуцагчид нээлттэй бөгөөд энэ эрхийг шүүхээс ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй тул өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа хариуцагчийн төлөөлөгчийг мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу 650 м.кв талбай бүхий эмнэлгийн байрыг 1 м.кв-ыг 90,000 төгрөгөөр, угаалгын өрөөг 5,500,000 төгрөгөөр засаж тохижуулах, тавилга 10,830,000 төгрөгөөр хийх, нийт 69,880,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлснөөс 38,800,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй тул  үлдэгдэл төлбөр 31,080,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлын үндэслэлээ гэрээт ажлын үнийг м.кв-ыг 90,000 төгрөгөөр бус 70,000 төгрөгөөр тохирч, гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээ 45,500,000 төгрөг болсноос ажлын явц дунд 43,700,000 төгрөгийг  нэхэмжлэгчид төлсөн, тавилга хийгдээгүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Талуудын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ бичгээр байгуулагдаагүй, ажлын хөлсний хэмжээний талаар болон гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргадаг.

Шүүх талуудын хооронд үүссэн засал чимэглэлийн ажил гүйцэтгэх болон тавилга хийхтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж үзсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 650 м.кв талбай бүхий эмнэлгийн байрны засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэгт маргаагүй боловч талуудын тохиролцсон ажлын хөлсний хэмжээнд маргасан, талуудын хооронд ажлын хөлсний талаар бичгээр байгуулсан тохиролцоо байхгүй тул шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэсэн заалтын дагуу ажлын хөлсний хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон.

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр заслын ажлын хөлсний хэмжээг эмнэлгийн байр болон угаалгын өрөөний заслын ажлыг оролцуулан 56,133,804 төгрөг гэж тогтоосон, шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн заслын ажлын хөлсний нийт хэмжээг 56,133,804 төгрөг гэж тооцсон.

Тавилгын ажлын хувьд мөн л ажлын хөлсний талаар тохиролцсон тохиролцоо талуудын хооронд байхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тавилгын ажлын хөлсний хэмжээг 9,153,530 төгрөгөөр тогтоосон, шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Хариуцагч нь тавилгыг өөр этгээдээр буюу С.Баргилтаар хийлгэсэн, түүнд 3,500,000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг гаргасан байх боловч шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн С.Баргилт нь “нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Дэлгэрсуурьтай тохиролцон тавилгын ажлыг хийсэн, Анар эмч тавилгын ажлыг хэдээр хийж байгаа юм гэж асуухаар нь 10,800,000 төгрөгөөр хийсэн үлдэгдэл 3,500,000 төгрөг байгаа гэхэд би өөрөө өгчихье гээд 3,500,000 төгрөг өгч байсан, Д.Дэлгэрсууриас 5,500,000 төгрөг, Анараас 3,500,000 төгрөг авсан” гэсэн мэдүүлгийг өгсөн тул тавилгын ажлыг хариуцагч нь С.Баргилттай харилцан тохиролцож гүйцэтгүүлсэн гэж үзэхгүй, тавилгын ажлыг гүйцэтгэгч нь нэхэмжлэгч компани бөгөөд харин С.Баргилтыг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс ажил гүйцэтгэхэд оролцуулсан туслан гүйцэтгэгч гэж үзнэ.

Иймээс тавилгын ажлыг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил гэж үзэх ба ажлын хөлсний хэмжээг шинжээчийн тогтоосон 9,153,530 төгрөгөөр тооцно.

Хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 43,700,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн гэсэн тайлбар гаргасан байх боловч хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хх-25-34,67,135,136 тал/-аар нийт 13,100,000 төгрөг төлсөн байдал нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 38,800,000 төгрөгөөс илүү төлбөр төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нийт ажлын хөлсний хэмжээ 65,287,334 төгрөг болох нь тогтоогдож байх тул уг дүнгээс нэхэмжлэгчид хариуцагчийн зүгээс төлсөн 38,800,000 төгрөгийг, нэхэмжлэгч С.Баргилтад төлсөн 3,500,000 төгрөгийг өөрийн авсан төлбөрийн тооцоонд оруулаагүй байх тул нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч С.Баргилтад төлсөн 3,500,000 төгрөгийг хасч тооцон 22,987,334 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Ш  ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч дотоод заслын ахлагч Бадмаад 1,900,000 төгрөгийг  төлсөн гэх боловч 2016 оны 12 сарын 8-ны өдрийн огноо бүхий “Ш  ХХК-д Б.Бадамсүрэн цалингийн үлдэгдэл” гэсэн утга бүхий бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-136 тал/, үүнийг шүүх нэхэмжлэгчийн авсан гэх 38,800,000 төгрөгт оруулан тооцсон, үүнээс гадна өгсөн гэх 1,000,000 төгрөг нь хэрэгт авагдсан  баримтаар нотлогдоогүй тул уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасч тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээт ажлыг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний улмаас түрээсийн төлбөр болон бусад зардалд 17,301,750 төгрөгийн төлбөр төлсөн тул хохиролд тооцон нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь Монгол контракт ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнд гэрээ байгуулсан өдрөөс хойш засвар хийх хугацааг 50 хоног (2016.8.15 - 2016.10.16) байхаар тохиролцож, дурдсан хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүй, зөвхөн байрны нийт цахилгаан, усны ашиглалтын зардлын 25 хувийг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон байсан боловч нэхэмжлэгч гэрээт ажлыг хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас дээрх хугацаанд түрээсийн төлбөр төлөх болж хохирсон гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх боловч Монгол контракт ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй тул хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх ба нөгөө талаар талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, гэрээт ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбарт Монтракт ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг хавсаргав гэж бичсэн байх боловч хариу тайлбарт уг гэрээг хавсаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар гарагж өгөөгүй, мөн хариу тайлбарт гэрээт ажлыг ямар хугацаанд дуусгахаар тохиролцсон талаарх бичлэг бүхий сидиг хавсаргав гэсэн, хариу тайлбарт сиди хавсарган өгсөн боловч уг сиди нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан хэлбэр бүхий баримт биш тул шүүх шинжлэн судлах боломжгүй, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг сиди-д үзлэг хийлгэн нотлох баримтаар судалж болохуйц байдлаар хэрэгт бэхжүүлэн авах хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч С ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Ш  ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 17,301,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбооноос шинжээчийн зардалд 1,200,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасныг баримтлан шинжээчийн зардлыг нэхэмжлэгчид 26 хувь буюу 312,000 төгрөгийн зардал, хариуцагчид 74 хувь буюу 888,000 төгрөгийн зардлыг хуваан хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 22,987,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 8,092,666 төгрөгийн шаардлагыг, хариуцагч С ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Ш  ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 17,301,750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 313,500 төгрөгийн 313,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С ХХК-аас 272,886 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш  ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 сарын 20-ны өдөр төлсөн 244,460 төгрөгийн 244,458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч С ХХК-д олгож, шинжээчийн зардалд 312,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш  ХХК-аас, 888,000 төгрөгийг хариуцагч С ХХК-аас тус тус гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УУГАНБАЯР