Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 03

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаартай албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гэрч Д.Б, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Цагдаагийн академийн дэргэдэх цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн. 2005 онд Ховд сумын хэсгийн цагдаагаар анх ажилд орж ажилласан. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шүүхийн харуул цагдаагаар томилогдсон.

Би 2018 оны 6 дугаар сарын 05-нд Булган сум дахь сум дундын шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж хоноод 6 сарын 06-ны өглөө 07:30 цагт ахлагч Нэмэхбаярт ажлаа хүлээлгэн өгсөн. Миний хувьд 24 цагийн үүрэг гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй.

2018 оны 5 сарын 14-ний өдрийн орой Ч даргын тушаалаар Ховд аймгийн Үенч сумын А гэх казак иргэний өргөдлийн дагуу намайг орчуулагчаар яв гэсэн. Миний ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй, болох юм уу гэхэд болно гэсэн. Ингээд ажлын хэсэгтэй хамт Үенч сум яваад ирсэн. Намайг архи уугаагүй гэдгийг ажлын хэсгийнхэн гэрчилнэ. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өглөө намайг ажил дээр очиход Ч дарга намайг ажлаас халлаа гэснээс хойш Булган суманд ажлаа хийгээгүй. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд намайг ажлаас халах тушаал уншсан боловч 6 сарын 22-ны шөнө хүртэл эргүүл хийж ажилласан. Гэтэл Цагдаагийн газрын Захиргаа, удирдлагын тасгийн дарга М.О нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр Цагдаагийн газрын дарга Ц.Г-ын гарын үсэггүй тушаал гардуулж цаашид ажиллуулах боломжгүй гэсэн.

Дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна. Уг хуулийн заалт нь “...хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ удаа дараа /2 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн...” гэжээ. Гэтэл би 2 ба түүнээс дээш сахилгын арга хэмжээ авагдаагүй.

Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх хэсэгт заасан “... хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно...” гэжээ. Миний хувьд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй бөгөөд жилийн эцсээр ажил олгогч дүгнэдэг.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д хүний эрх чөлөөнд хууль бусаар халдах, мөн хуулийн 69.1.5-д албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэм хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хуулийн заалтыг зөрчөөгүй, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны Б/99 дүгээр тушаалаар батлагдсан журмын 136.4.2-ын А, Е дэх хэсэг нь Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн харилцааг зохицуулахдаа хуульд нийцүүлэн тушаал гаргах заалтыг баримталсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст харуулын цагдаагаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр архидан согтуурч 06:00 цагт Ц-111 дохиогоор зарласан түргэн цугларалтыг тасалсан зөрчлүүдийг гаргасан. Дээрх зөрчлүүдэд Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч М.С 20180480000029 дугаартай албаны шалгалт явуулсан.

Шалгалтаар Б.А нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон, дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар тайлбар баталгааг Б.А гаргаж өгсөн байна.

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус цагдаагийн газрын даргын шийдвэрээр 06 цагт Ц-111 дохиогоор албаны бэлэн байдал шалгаж, түргэн цугларалтаар алба хаагчдыг ирүүлэх үед Б.А нь дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түргэн цугларалт тасалсан зөрчил гаргасан. Тухайн үед согтуурлыг хэмжихэд 1.18 хувийн согтолттой байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан, түргэн цугларалт тасалж архидан согтуурсан зэрэг үйлдлүүд нь албаны шалгалтаар бүрэн тогтоогдсон.

Б.А-ын дээрх зөрчлүүдийг Цагдаагийн газрын даргын 10 дугаар хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.5,  81.4.5, 82.1.1 дэх хэсгийг үндэслэн Цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр албанаас халсан.

Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварын 2.3.13 дах хэсэгт “Хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл хийх талаар заасан бөгөөд Захиргаа удирдлагын тасгийн дарга М.О нь Б.А-ыг албанаас халсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалыг хуулбар үнэн тэмдэглэл хийж гаргах эрх бүхий албан тушаалтан юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А-ын ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд хариуцагч байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Б.А нь Булган сум дахь Сум дундын шүүхийн харуулын цагдаагийн ажил үүргийг гүйцэтгэдэг ба энэ талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан байгаа. Гэтэл Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний орой ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг Б.А-д үүрэг болгож, Ховд аймгийн Үенч сум руу орчуулагчаар ажиллуулахаар явуулсан байдаг.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Үенч суманд орчуулагчаар ажиллаад шөнийн 03:00 цагийн үед Булган сум дахь гэртээ ирсэн. Б.А нь орчуулагчаар ажиллахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг хамт явсан алба хаагчид нь гэрчилсэн, мөн энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнө гэртээ ирчихээд архи уух эсэх нь хувь хүний асуудал юм. Гэтэл нэхэмжлэгчийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа очиход “цугларалтад ирээгүй, цагдаагийн албан хаагчийн журмыг зөрчсөн” гэж хэлээд түүний мөрдөсийг хурааж, ажлаас халлаа гэж хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч нь Ховд аймгийн төв рүү дуудагдаж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн оройг дуустал эргүүлийн ажил үүрэг гүйцэтгэсэн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийг албанаас халсан тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г гарын үсэг зураагүй, харин Цагдаагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.О-ийн гарын үсэгтэй 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг Б.А-д гардуулсан байдаг. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх тушаалыг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-ын гарын үсэгтэй эх хувь тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Г-ын гарын үсэг зураагүй, “хуулбар үнэн” тэмдэглэгээтэй Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.О-ийн гарын үсэгтэй тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа юм.

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Г-ын гарын үсэгтэй 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр “Албанаас халах тухай” тушаалыг өнөөдрийг хүртэл Б.А-д гардуулж өгөөгүй.

Өөрөөр хэлбэл Б.А-ыг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй,  эрх зүйн зөрчилтэй, хууль бус акт гаргасан юм.

Маргаан бүхий дээрх захиргааны акт гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэжээ. Хуулийн дээрх заалт нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн боловч чанарын хувьд доголдуулсан хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгодог. Гэтэл сахилгын зөрчил гаргасан гэж  үзэж нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн заалтыг үндэслэж албанаас халсан нь бууль бус юм. Энэ хоёр өөр өөр агуулгатай юм.

Иймд маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Б.А нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнө гэртээ ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба энэ нь ажлын байранд, эсхүл дүрэмт хувцастайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 4, 5 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 6 сарын 15-ний өглөө ажилд дуудахад хүний биеэс архи гарах цаг хугацаа өнгөрөөгүй байсан. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтуудад ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх заалтыг баримталж нэхэмжлэгчийг Цагдаагийн албанаас халсан нь хууль бус гэж үзэж байна.

Б.А-ын гаргасан зөрчлийг тогтоосон гэх албаны шалгалтын тухайд гэвэл албаны шалгалт хийсэн илтгэх хуудсыг баталгаажуулж зурсан гарын үсэг нь тухайн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Г-ын гарын үсэг биш гэдэг нь гэрчийн тайлбар болон холбогдох нотлох баримтаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл Б.А-ыг гаргасан гэх зөрчлийг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар оруулах үндэслэл нь албаны шалгалтын илтгэх хуудас юм. Гэтэл уг илтгэх хуудсанд Цагдаагийн газрын даргын гарын үсгийг дуурайлган зурсан нь хууль бус тул дээрх баримтыг үндэслэн гарсан маргаан бүхий акт нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин олговор” гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд  гэвэл ажилгүй байсан 2018 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 4734739 төгрөгийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ё.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй, төрийн тусгай алба мөн гэж заасан. Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан.

Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн харуулын цагдаагаар ажиллаж байгаад 2 сарын дараа сахилгын зөрчил гаргаж албанаас халагдсан. Б.А нь 2 удаагийн зөрчил гаргасан ба дээрх зөрчлийг 3 процедураар шалгасан. Б.А-ын гаргасан зөрчилтэй холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч М.С Булган суманд очиж зөрчлийг шалгаж, Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар уг зөрчлийг хэлэлцээд Б.А-ын гаргасан 2 удаагийн зөрчилд нь “Албанаас халах тухай” сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн.

Б.А-ыг цагдаагийн албанаас халах тухай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/51 дүгээр тушаалд тухайн үед Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Г гарын үсэг зурж  баталгаажуулсан.

Цагдаагийн байгууллага нь төрийн тусгай алба учраас цагдаагийн албан хаагч албаны болон хувийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Албаны бэлэн байдал гэдгийг албан хаагч цаг тухай бүр бэлэн байдлыг хангаж явах үүрэгтэй бөгөөд тогтоосон газарт, тогтоосон цаг хугацаанд бэлэн байж, өөрийн сэтгэл зүй болон бие бялдрын бэлэн байдлыг хангаж явах үүрэгтэй байдаг. Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын шийдвэрээр Б.А нь 2018 оны 6 дугаар сарийн 14-ний өдөр Үенч сум руу орчуулагчаар ажиллахаар явсан, энэ нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй гэж тайлбарлаж байна.

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм. Учир нь тухайн үед нэхэмжлэгч архи ууж сахилгын зөрчил гаргасан гэх асуудал яригдсан ба сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож, хэрэгт холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Тухайн үед нэхэмжлэгчтэй хамт Үенч сум руу явсан албан хаагч нар нь Б.А-ыг архи уусан гэдгийг хэлсэн.

Цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагч бөгөөд үүнийхээ төлөө төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл, цолны нэмэгдэл цалин авдаг ба бусад төрийн алба хаагчдаас өөр шатлалаар цалинждаг юм. Өөрөөр хэлбэл Цагдаагийн албан хаагч нь албаны болон хувийн бэлэн байдлыг зайлшгүй хангаж явах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.О-ийн гарын үсэгтэй тушаалыг гардуулсан гэж тайлбарлаж байна. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13 дахь хэсэгт “Хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл хийх талаар тодорхой заасан ба дээрх журамд заасны дагуу тушаал гаргаж өгсөн.

Иймд нэхэмжлэгчид гардуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дугаар “Албанаас халах тухай” тушаалыг нэхэмжлэгчид хуулийн дагуу гардуулаагүй. Учир нь Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.О-ийн гарын үсэгтэй хуулбар хувийг гардуулсан бөгөөд шүүхээс маргаан бүхий актын эх хувийг нь хариуцагч байгууллагаас шаардаж авсан байдаг. Маргаан бүхий акт нь хууль хэрэглээний алдаатай акт гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251.1.1 дэх заалтыг баримталсан байх ба “...хуульд өөрөөр заагаагүй бол...” гэдэгт Цагдаагийн албаны тухай хуулийг баримтлах боломжтой байсан. Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн юм.

Мөн тушаалд Б.А-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халсан юм уу, эсхүл мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалт нь цагдаагийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халах тухай заалт юм. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт нь цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр албанаас шууд халах хуулийн заалт юм. Эдгээр нь өөр өөр ойлголтууд юм. Бид хариуцагч талд эвлэрэх саналыг тавьсан боловч дээрх хуулийн заалтуудыг тайлбарлаж, нэхэмжлэгчийг буцааж Цагдаагийн албанд авах боломжгүй гэж тайлбарласан.

Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалдаар нэхэмжлэгч Б.А-ыг цагдаагийн албанд 1 жил хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан юм уу, эсхүл цагдаагийн албанд бүр эргэж орох эрхгүйгээр халсан юм уу гэдгийг тодорхой тусгах ёстой байтал дээр үндэслэлийн аль үндэслэлээр ажлаас халсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цагдаагийн албанд эргэж орох эрхгүй болсон гэж үзэх юм уу, эсхүл 1 жилийн дараа сонгон шалгаруулалтад орж албанд буцаж орох боломжтой гэж үзэх юм уу гэдэг нь ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаатай тушаал гарсан гэж үзэж байна.  

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн бол, санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол, энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн бол, Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний давхар харьяалалтай нь илэрсэн бол цагдаагийн албанаас халахаар заасан.

Маргаан бүхий тушаалын “Тушаах нь” хэсэгт “1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халсан” гэдгийг тодруулж өгсөн бол нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордохгүй, бид заавал шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан.

Мөн Байгууллагын даргын тушаал гаргах журмын 136.4.2 дахь хэсэг нь байгууллагын дотор үүсэн харилцааг зохицуулахын тулд эрх хэмжээнийхээ хүрээнд ерөнхий чиглэлээр тушаал гаргах заалтыг мөн баримталсан нь буруу юм.

 Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.А нь тус шүүхэд “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Б/51 дугаартай “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ээс нэхэмжлэлийн шаардлагаас “ажилгүй байсан 2018 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 4734739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулах” гэж тодруулсан болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч талаас хууль зүйн үндэслэлгүйгээр цагдаагийн албанаас халсанд гомдолтой гэж маргаж, хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг оногдуулсан гэж тайлбарлан маргана.

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Б.А нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 4 сарын 06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар[1] Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагаар томилогдон ажиллаж байгаад ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, архи согтууруулах ундаа хэрэглэж бэлэн байдлыг тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 6 дугаар сард цагдаагийн албанаас халагдсанаар маргаан үүсчээ.

  Нэхэмжлэгч талаас Б.А-ын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажлын байранд буюу Булган сум дахь Сум дундын шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилтэй маргаагүй бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түргэн цугларах дохиогоор албаны бэлэн байдал хангаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчлийн тухайд ажлын байранд эсвэл албаны хувцастай байхдаа буюу албаны бэлэн байдал зарласан үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэж маргаж, хариуцагч талаас согтууруулах ундаа хэрэглэсний улмаас албаны бэлэн байдлыг тасалсан нь Цагдаагийн албаны тухай 69.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж тайлбарлаж маргана.    

Б.А-ыг сахилгын зөрчил гаргасан талаар гомдол мэдээллийг Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга С.Ч-оос Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлснээр тус газрын Нийгмийн хэв журмын хэлтсийн дарга М.С 2018 оны 6 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Булган суманд ажиллаж, албаны шалгалт явуулсан байна.

Шалгалтын дүнд Б.А-ыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бэлэн байдлыг тасалсан зөрчлийг шалган тогтоож, мөн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн байранд харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн талаар зөрчлийг илрүүлсэн баримтыг Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан албаны шалгалтын материал[2], гэрч М.С-ийн мэдүүлгээр[3] тогтоогдож байна. Улмаар албаны шалгалт явуулсан Нийгмийн хэв журмын хэлтсийн дарга М.С-ээс Б.А-д Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулах саналыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оруулж танилцуулжээ.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар гомдол, мэдээлэл гаргагч Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга С.Ч, зөрчил гаргасан Б.А нарыг байлцуулан шалгалтын дүн, саналыг хэлэлцэж, Б.А-ыг цагдаагийн албанаас халахыг дэмжсэн байна. Хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн гэсэн хэсэгт “... албаны шалгалтын дүнг хэлэлцээд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар албанаас халж шийдвэрлэв.” гэжээ.[4]

  Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тус газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Б.А-ыг цагдаагийн албанаас халсан.

Төрийн албаны тухай хууль /2002 он/- ийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.А-ын эрх зүйн байдал нь төрийн тусгай албан тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар, цагдаагийн албан хаагчийн хувьд нарийвчилсан зохицуулалт бүхий Цагдаагийн албаны тухай хуулиар тодорхойлогдоно.

Цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хууль бус Цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд маргаан бүхий актад Цагдаагийн албаны тухай хуульд заасан цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцох талаар заалтыг давхардуулан хэрэглэснээс ойлгомжгүй бөгөөд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болжээ.

Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд Цагдаагийн албан хаагчийн сахилгын хариуцлагын төрөл, 82 дугаар зүйлд албанаас халах үндэслэлийг хуульчилж, ялгамжтай зохицуулсан бөгөөд маргаан бүхий актад уг хуулийн 81.4.5-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулна.”, 82.1.1-д “Цагдаагийн алба хаагчийг өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд цагдаагийн албанаас хална.” гэсэн заалтыг  тус тус үндэслэж нэхэмжлэгчийг  албанаас халсан байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.А-ын гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5-д зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж  шийдвэрлэсэн мэт боловч хариуцагчийн тайлбар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, заалт хэсгээс үзвэл нэхэмжлэгчийг албанаас халсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин Б.А-ын гаргасан зөрчил нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан “ноцтой зөрчил”-д хамаарах эсэх талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.    

Маргаан бүхий актыг мэдэгдсэн, гардуулсан байдлын талаар талууд маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид актыг гарын үсэг зурж баталгаажуулаагүй хувийг “хуулбар үнэн” байдлаар гаргаж өгсөн, Б.А-ыг албанаас халж байгаа талаар албаны бүрэлдэхүүний өмнө танилцуулсан гэж тайлбарлана.

Захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар журамласан бөгөөд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаас үзвэл захиргааны байгууллага хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны актыг өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд бусад хэлбэрээр мэдэгдэх, мэдэгдсэнээ баримтжуулах үүрэгтэй байна. Хариуцагчаас маргаан бүхий актын албажуулсан хувийг нэхэмжлэгчид гардуулсан, мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч талаас Б.А-ын зөрчилд албаны шалгалт явуулсан  материал, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудастай танилцсан баримтад цагдаагийн газрын дарга өөрөө биш дэд дарга гарын үсэг зурсан талаар маргах бөгөөд асуудлыг хэлэлцсэн хурал болон маргаан бүхий актыг гаргахад эрх бүхий албан тушаалтан өөрөө байсан болох нь цагдаагийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч М.О, М.С,  Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

Дүгнэвэл ,

Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмыг баримтлах ёстой.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/51 дүгээр  “Албанаас халах тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимтай нийцээгүй, 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасан байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “.. урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэх томилуулах” гэж тодорхойлсон ч “томилох” нь хуулиар эрх олгогдсон этгээдэд хамаарах тул шүүхээс Б.А-ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагийн албан тушаалд эгүүлэн томилох бус эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.   

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилгүй байсан 2018 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 4734739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийн цалин олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаагаа тодруулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 6 сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 4734739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийн даалгаж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр 81.4.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 сарын 20 -ны өдрийн “Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А-ыг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 734 739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 


[1]  хх-ийн 91-92 дахь тал

[2] хх-ийн 25-65 дахь тал

[3] шүүх хуралдааны тэмдэглэлд

[4] хурлын тэмдэглэл 71-76 дахь тал