Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/01097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 09-р хороо, Итгэл орших төв 102 тоотод бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 02-р хороо, СЯ-20-н 20 тоотод үйл ажиллагаа явуулдаг, 5696518 регистрийн дугаартай, “Цогт Их овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын тамгын газарт холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,996,361 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, гүйцэтгэх захирал Д.Батмөнх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, СХД-ийн Захиалагчийн албатай нэгэн багц ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ багц ажлын нэг хэсэг нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины зогсоол байгуулах ажил байсан. Зогсоолыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Хариуцагч байгууллага нь уг таксины зогсоолыг 8 сар турш ашигласан. Зогсоолыг 2016 оны 6 дугаар сард анхнаасаа төлөвлөлт буруу хийгдсэн шалтгаанаар нураасан. Ингээд энэ ажлын хөлс болох 16,996,361 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж, гүйцэтгэх захирал Д.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уг таксины зогсоолыг төлөвлөхдөө буруу төлөвлөсөн гэж үзэж байгаа. Замын өргөтгөлийн зорчих хэсэгт орчихсон ажил байсан. Энэ зогсоолыг хийснээс хойш 8 сарын турш 3 дугаар хороо нь ашиглаж байсан. Тэгээд уг зогсоол буулгагдсаны улмаас нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнг одоог хүртэл аваагүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай эвлэрэх талаар ярилцсан боловч татгалзсан хариу авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат шүүхэд гаргасан хариу тайлбар, түүнийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь гүйцэтгэсэн ажлын хөлс гэж нэхэмжилж байгаа юм байна. Энэ ажил нь таксины зогсоол байгуулах ажил байсан. Уг зогсоолыг улсын комист хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй зүйл юм. Уг зогсоолыг улсын комис хүлээж аваагүй байдаг. Гэрээнд зааснаар ажлын үр дүн чухал гэж байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Цогт-Их овоо” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд 16,996,361 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан СХД/ТА/А/157-01/-01 тоот “Автомашины зам засах, тэмдэг тэмдэглэгээ хийх /15-р хороо 19, 20, 23-р байрны өмнүүр/ зам засах /21-р хорооны төвд/, Автомашины шороон замыг сайжруулж, засварлах 30-р хороо 5, 6 гудамжны дундуур, хилчин 4, 5-р гудамжны дундуур, Хамба 6, Хилчин 1-р гудамжны дундуур, Хамба 1, 3, 4-р гудамжны дундуур, Хамба  4-р гудамжны дундуур засмал зам дагуу, Хамба 4-р гудамж 11, 12, 13, 19, 32, 33, 34, 35 тоот дундуур, Хамба 6-1 тоот урд зам, Хамба 5-р гудамж мухар, Хамба 7, 8-р гудамж, Хамба 5-р гудамж Чулуут 12-р гудамжны голоор, дүгээр гудамжууд, Чулуут 6, 7-р гудамжны дунд Чулуут 2, 7-р гудамжны дунд, Чулуут 3, 4-р гудамжны дунд /Засмал зам, зогсоол байгуулах /12-р хороо, 1-р байрны 10, 11-р орцны зүүн талд/, Таксины зогсоол байгуулах /3-р хороо/ ажил гүйцэтгэх гэрээ /цаашид “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх/ байгуулагдсан ба нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөөр байтал хариуцагч уг гэрээт ажлын нэг хэсэг болох 3-р хороонд барьсан таксины зогсоол байгуулах ажлын хөлс болох 16,996,361 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг 3 дугаар хороонд барьсан таксины зогсоолыг барилга байгууламж ашиглалтад оруулах комисс болон захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлсийг төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан СХД/ТА/А/157-01/1 тоот Ажил гүйцэтгэх гэрээ (хх-5 дахь тал), мөн шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний хувьд маргаагүй, гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх тул уг гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Мөн зохигчид гэрээний зүйл буюу ажлын үр дүнгийн болон ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй байна.

 

Гагцхүү ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх нь уг иргэний хэргийн маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д “Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь таксины зогсоол байх тул ажлын үр дүнг хүлээн авахтай холбоотой харилцаа нь Автозамын тухай хууль, Барилгын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудаар зохицуулагдана.

Таксины зогсоол нь Автозамын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"замын байгууламж" гэж . . . замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжийг хэлнэ” гэж заасны дагуу замын байгууламж байна.

 

Замын байгууламж нь Барилгын тухай (2008 он) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан барилга байгууламжид хамаарах тул түүнийг хүлээн авахтай холбоотой харилцааг Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ээр зохицуулна.

 

Шинэчлэн найруулсан Барилгын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд тус өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль (2008 он) болон түүнтэй нийцүүлэн гаргасан дээр дурдсан Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолыг хэрэглэх нь зүйтэй байна.

 

“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.2-т заасан бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан, ажлын үр дүнг хүлээн авсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16/18 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байна. /хх-8-11 дэх тал, ..... дэх тал/

 

Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16/18 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актад комиссын гишүүн хөрөнгө оруулалт орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн А.Цэндсүрэн гарын үсэг зурахдаа “3 дугаар хорооны тохижилтыг хүлээж аваагүй болно. 08 дугаар сарын 28-ны өдөр” гэж гараар бичсэн тул ажлын үр дүнг хүлээн авсан хэмээн үзэхгүй гэж татгалзлаа үндэслэх бөгөөд нэхэмжлэгч актыг гаргаж өгөхдөө энэхүү тэмдэглэгээг арилган хуулбарласан гээд 16/18 тоот актын эх хувийг нотлох баримтаар гаргаж өгдөг.   

 

Дээр дурдсан дүрмийн 4.1, 4.12-т заасны дагуу комисс санал нэгтэй шийдвэр гаргах бөгөөд комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээр санал дүгнэлт гаргаж, хэрэв ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөх эрхтэй байна. Дүрмийн 4.12.7-д комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа актад гарын үсэг зурж баталгаажуулахаар заасан байна.

 

Эндээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16/18 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актад комиссын гишүүн А.Цэндсүрэн гарын үсэг зурахдаа “3 дугаар хорооны тохижилтыг хүлээж аваагүй болно. 08 дугаар сарын 28-ны өдөр” гэж гараар бичсэнийг 3 дугаар хороонд барьсан таксины зогсоолыг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэж байна.  

 

Түүнчлэн Захиалагч талаас Захиалагчийн албаны хяналтын инженер Х.Орхонтуул, Хөрөнгө оруулалт орон нутгийн өмч хариуцсан мргэжилтэн А.Цэндсүрэн, гүйцэтгэгч талаас “Цогт-Их овоо” ХХК-ийн захирал Д.Батмөнх нарын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийсэн “Гэрээ дүгнэсэн протокол”-ын “Гэрээний биелэлт” хэсэгт “СХД/ТА/А/157-01 гэрээний дугаартай ажил гэрээт хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй бөгөөд гүйцэтгэгч нь 2015 онд гэрээ байгуулан ажил хийгдэж байх үед цаг агаар хүйтэрч 2016 оны 05 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулахаар гэрээг сунган 2016 оны 05 дугаар сарын 27-нд ажил гүйцэтгэж дууссан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 07-нд ашиглалтад хүлээн авах комисс ажиллах үед 2015 онд шинээр хийгдсэн таксины зогсоол толгойтын замыг шинэчлэх хийх замыг трассд орсон тул “То тал жин” ХХК нь таксины зогсоолыг буулгасан байна. Иймд 3-р хороонд хийгдсэн таксины зогсоолыг “То тал инж” ХХК нь дахин байгуулснаар гүйцэтгэлийн санхүүжилтыг олгохоор ашиглалтад хүлээн авах комисс нь шийдвэрлэж, гэрээт ажил биелэгдсэн гэж дүгнэв” гэсэн нь тухайн ажлыг захиалагч тал буюу хариуцагч хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна. /хх-6 дахь тал/

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг үндэслэн гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн, захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан тул хариуцагчаас 16,996,362 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/Ш32017/04757 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Авто замын газарт хүргүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09/1453 тоот албан бичиг, Нийслэлийн Авто замын газраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6/1360 тоот албан бичгүүдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангасан байдлаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 09/1453 тоот албан бичгийг ирүүлсэн боловч 6/1360 тоот албан бичиг бүртгэлд байхгүй шалтгаанаар ирүүлээгүй болно.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Нийслэлийн Авто замын газраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6/1360 тоот албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах хүсэлтээс татгалзаж, шүүх хурлыг үргэлжүүлэхийг хүссэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Авто замын газарт хүргүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09/1453 тоот албан бичиг, Нийслэлийн Авто замын газраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6/1360 тоот албан бичгүүдийг нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргахдаа эдгээр албан бичгийн хуулбарыг хавсаргаж өгсөн нь хавтаст хэргийн 42-43 дахь талд авагдсан байх боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй болно.   

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаатай холбоотой нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 242,932 төгрөгийг улсын орлого болгон, 242,932 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж буйг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 16,996,361 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Цогт Их овоо” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242,932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН