Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1505

 

“Цогт Их Овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Цогт Их Овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 996 361 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн албатай нэгэн багц ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ багц ажлын нэг хэсэг нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины зогсоол байгуулах ажил байсан. Зогсоолыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэн, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Хариуцагч байгууллага нь уг таксины зогсоолыг 8 cap турш ашигласан. Зогсоолыг 2016 оны 6 дугаар сард анхнаасаа төлөвлөлт буруу хийгдсэн шалтгаанаар нураасан. Уг таксины зогсоолыг төлөвлөхдөө буруу төлөвлөсөн гэж үзэж байгаа. Замын өргөтгөлийн зорчих хэсэгт орчихсон ажил байсан. Энэ зогсоолыг хийснээс хойш 8 сарын турш 3 дугаар хороо нь ашиглаж байсан. Тэгээд уг зогсоол буулгагдсаны улмаас нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнг одоог хүртэл аваагүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай эвлэрэх талаар ярилцсан боловч татгалзсан хариу авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Таксины зогсоол байгуулах ажил байсан. Уг зогсоолыг улсын комист хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй. Уг зогсоолыг улсын комисс хүлээж аваагүй. Гэрээнд зааснаар ажлын үр дүн чухал. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 16 996 361 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Цогт Их овоо” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242 932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01097 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт таксины зогсоолыг хүлээн авахтай холбоотой харилцааг Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмээр зохицуулах тухай дурджээ. Мөн тус дүрмийн 4.2-т заасан бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан, ажлын үр дүнг хүлээн авсан болох нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16/18 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актаар тогтоогдож байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, тус дүрмийн 4.2 “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь энэ дүрмийн 3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр уйл ажиллагаа явуулна” гэсний дагуу тус дүрмийн 3 дугаар хавсралтад заагдсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй барилга ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан гэж дүгнэжээ. Гэвч энэ нь тус дүрмийн 3 дугаар хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг салбарын төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яам эсхүл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа барилгын асуудал эрхэлсэн агентлаг зохион байгуулахаар заасантай болон комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг нэрлэн зааж өгсөнтэй нийцэхгүй байна.

2. ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч СХД/ТА/А/157-01/-01 тоот гэрээний ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөс өмнө “To Тал Жин” ХХК нь 3 дугаар хорооны таксины зогсоолыг нураасан, “Гэрээ дүгнэсэн протокол” үйлдэх үед таксины зогсоол байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөөр байтал шүүх нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийг захиалагчид хүлээлгэн өгч хариуцагч тус гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргаантай үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Цогт Их овоо” ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 996 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 3 дугаар хороонд барьсан таксины зогсоолыг барилга байгууламж ашиглалтад оруулах комисс болон захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлсийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Автомашины зам засах, тэмдэг, тэмдэглэгээ хийх /15-р хороо 19, 20, 23-р байрны өмнүүр/ зам засах /21-р хорооны төвд/, Автомашины шороон замыг сайжруулж, засварлах 30-р хороо 5, 6 гудамжны дундуур, хилчин 4, 5-р гудамжны дундуур, Хамба 6, Хилчин 1-р гудамжны дундуур, Хамба 1, 3, 4-р гудамжны дундуур, Хамба  4-р гудамжны дундуур засмал зам дагуу, Хамба 4-р гудамж 11, 12, 13, 19, 32, 33, 34, 35 тоот дундуур, Хамба 6-1 тоот урд зам, Хамба 5-р гудамж мухар, Хамба 7, 8-р гудамж, Хамба 5-р гудамж Чулуут 12-р гудамжны голоор, дүгээр гудамжууд, Чулуут 6, 7-р гудамжны дунд Чулуут 2, 7-р гудамжны дунд, Чулуут 3, 4-р гудамжны дунд / Засмал зам, зогсоол байгуулах / 12-р хороо, 1-р байрны 10, 11-р орцны зүүн талд/, Таксины зогсоол байгуулах /3-р хороо/ ажлыг тус тус 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эхлэж, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгах хугацаатай нийт 143 221 000 төгрөгийн үнийн дүн бүхий СХД/ТА/А/157-01/-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа болох талаар талууд маргаагүй байна. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Цогт Их овоо” ХХК нь талуудын хоорондох маргааны зүйл болох дээрх ажил гүйцэтгэх гэрээнд заасан 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины зогсоол байгуулах 16 996 361 төгрөгийн ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 16/18 тоот акт, тус ажлыг 100 хувь гүйцэтгэсэн талаарх тайлан, гэрээ дүгнэсэн протокол, уг зогсоолыг ашиглаж байсан талаарх тус дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 92 тоот албан бичиг, уг зогсоолыг хийж гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлсон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн ажлын алба ОНӨААЭҮГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 111 тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

/хэргийн 8-14 дүгээр тал/

 

Хариуцагч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 16/18 тоот Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын актад комиссын гишүүн хөрөнгө оруулалт орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн А.Цэндсүрэн гарын үсэг зурахдаа “3 дугаар хорооны тохижилтыг хүлээж аваагүй болно. 8 дугаар сарын 28-ны өдөр” гэж гараар бичсэн тул ажлын үр дүнг хүлээн авсан хэмээн үзэхгүй гэж тайлбарлаж байх боловч “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4.1, 4.12-т заасны дагуу комисс санал нэгтэй шийдвэр гаргах бөгөөд комиссын гишүүд мэргэжлийн чиглэлээр санал дүгнэлт гаргаж, хэрэв ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн бол комисс ажиллахыг тодорхой хугацаагаар хойшлуулж, хугацаатай үүрэг даалгавар өгөх эрхтэй, мөн 4.12.7-д комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа актад гарын үсэг зурж баталгаажуулахаар заасны дагуу комиссын гишүүн А.Цэндсүрэнгээс бусад гишүүд болох Ч.Баттулга, Х.Орхонтуул, Б.Тамир, Г.Отгонбаяр, Л.Батнасан, Б.Сарнайцэцэг, С.Туулмаа, Б.Ундрах нар хүлээн авсан актад гарын үсэг зурснаас үзэхэд бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан, ажлын үр дүнг хүлээн авсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 /хэргийн 8-11, 53-56 дугаар тал/

 

Харин уг таксины зогсоол нь шинээр баригдаж байгаа замын зорчих хэсэгт орох болсонтой холбоотойгоор одоо байхгүй болсон нь хариуцагч хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд үүнд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй юм.

  

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэн, захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 16 996 361 төгрөгийг гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/01097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                       С.ЭНХТӨР