Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2017/01156

 

 

 

 

 

     2017 оны 05 сарын 19 өдөр

  Дугаар 182/ШШ2017/01156

Улаанбаатар хот

 

 

                 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ц.Г- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Ц.О-т холбогдох                                                                                

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г-, хариуцагч Ц.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О-тэй 2017 оны 1 сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөхөөр тохирч зээлсэн. Ц.О-ээс үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүү 200,000 төгрөгийг гаргуулна. Сүлжээний 400,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2017 оны 3 сарын 27-ны өдөр шилжүүлсэн байна. Үлдэх 200,000 төгрөгийг сая код өгсөн. Шалгах боломжгүй байгаа тул шалгаад бүртгүүлсэн байвал нэхэмжлэхгүй. Зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлнө гэж бичсэн боловч 8 хувийн хүү төлнө гэж тохирсон. Сүлжээнд бүртгүүлэхээр Б.Оюунцэцэгт өгсөн 400,000 төгрөгийг Ц.О- авсан байсан гэв.     

Хариуцагч Ц.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г-ээс 2,500,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж авсан. Би зээлсэн мөнгөө Жи тайм корпорейшн ХХК-ийн сүлжээнд элсэж хохирогч болсон тул эрүүгийн хэргийг шийдэж хохирлыг гаргаж өгөхөөр Ц.Г-т өгнө. Сүлжээний 400,000 төгрөгийг төлөхгүй. 2017 оны 3 сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн, 200,000 төгрөгөөр сүлжээнд бүртгүүлж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г- хариуцагч Ц.О-т холбогдуулан үндсэн зээл 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 200,000 төгрөг, сүлжээний бүртгэлийн хураамжид төлсөн 400,000 төгрөг нийт 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.О- нь зээлийн гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, сүлжээний бүртгэлийн хураамж  болох 200,000 төгрөгийг шилжүүлсэн, 200,000 төгрөгөөр сүлжээнд бүртгүүлсэн тул төлөхгүй гэж маргажээ.

Зээлдүүлэгч Ц.Г- зээлдэгч Ц.О-тэй 2017 оны 01 сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулж, зээл өгсөн байх ба зээлдэгч зээл, зээлийн хүү төлөөгүй бөгөөд 2,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Зээлдүүлэгч Ц.Г- зээлдэгч Ц.О-ээс зээлийн гэрээнд заасан зээлийн хүүгийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар нэн даруй буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч Ц.О-ээс үндсэн зээл 2,500,000 төгрөг, 2017 оны 01 сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүртэлх нэг сарын хүүгийн төлбөрт 200,000 төгрөг нийт 2,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ц.Г-т олгох үндэстэй.

Хариуцагч Ц.О- 2017 оны 3 сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 19 талд/-аар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Ц.Г- сүлжээнд бүртгүүлэхээр Б.Оюунцэцэгт өгсөн 400,000 төгрөгийг Ц.О- авсан байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж байх ба Ц.О- Ц.Г- нарын хооронд үүрэг үүсээгүй байна.

 Нэхэмжлэгч Ц.Г- “Ц.О-ээс сая бүртгэлийн кодоо авсан. Одоо шалгах боломжгүй байгаа тул шалгаад бүртгүүлсэн байвал 200,000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:   

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1. 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  64,550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс 58,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ