Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 105/2015/1625/э |
Дугаар | 0024 |
Огноо | 2016-06-15 |
Зүйл хэсэг | 147.2., |
Улсын яллагч | Г.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг
улсын яллагч: Г.Батбаяр
шүүгдэгч А.Хонгорзулын өмгөөлөгч: Д.Цэрэнханд
шүүгдэгч Т.Намуундарийн өмгөөлөгч: Б.Мянган
иргэдийн төлөөлөгч: Д.Буяндэлгэр
хохирогч С.Отгонжаргал
Шүүгдэгч А.Хонгорзул, Т.Намуундарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Төрмандахын Намуундарь, Бүрэн овогт Алтанхуягын Хонгорзул нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525011499 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төрмандахын Намуундарь, 1997 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ач анагаах ухаааны дээд сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны 17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:УИ970109742,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бүрэн овогт Алтанхуягын Хонгорзул, 1997 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУИС-н 2 дугаар дамжаанд суралцдаг , ам бүл 3, эцэг, эх нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо УС-н 30-15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:УК97011909,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Намуундарь, А.Хонгорзул нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00.15 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 23 дугаар байрны цахилгаан шатан дотор С.Отгонжаргалын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн үсдэж газар унаган амыг дарж гар цүнхийг нь авч ухаж Ipone 5S гар утас, биет 60.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч нийт 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Намуундарь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хонгорзул бид хоёр 07 дугаар сарын 24-ний орой найзуудтайгаа уулзчихаад явж байгаад 23 дугаар байрны 10 давхарт байдаг нойлд бие засах гээд орсон. Тэр үед хохирогч Отгонжаргал бид хоёртой хамт лифтэнд суусан. Хохирогч 7 давхар, бид хоёр 10 давхарт гарахаар лифтны товчлуурыг дарсан. Би хохирогч Отгонжаргалын үснээс татаад газар суулгаж, цүнхнээс 20.000 төгрөг, гар утас зэргийг авч, түүнийг 7 давхарт буулгасан. Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч А.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:07 дугаар сарын 25-ны өдөр бид хоёр найзуудтайгаа уулзах гээд 13-т гадаа байсан. Номуундарь, гэр рүүгээ орохын өмнөхөн 23 дугаар байрны нойл ороё гэж хэлээд уг байр руу орсон. Бид хоёр лифтэнд хохирогч Отгонжаргалтай хамт орж, Отгонжаргал 7 давхар, Номуундарь 10 давхарын товчлуурыг дарсан. Отгонжаргалыг 7 давхарт буух явцад Номуундарь, Отгонжаргалын хойноос үсдэж авсан. Би ард нь зогсож байсан тул над дээр ирсэн. Би 2-3 секунт Отгонжаргалыг тэврээд гарыг нь тавьсан. Отгонжаргал буцаад лифтэнд орсон. Лифт 10 давхарт очиход Намуундарь намайг “дараач” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би хохирогчийг 7 давхарт буулгана гэж бодоод 7 давхарыг дарсан. Ийм хэрэг болсонд их харамсаж хохирогч эгчээс уучлалт гуйж байна. Тухайн үед найзыгаа болиулаагүй нь миний буруу. Би энэ үйлдэлдээ их харамсаж байна гэв.
Хохирогч С.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр би 24.00 цаг болж байхад гэр рүүгээ орох гээд байрныхаа хашааны гадна таксинаас буусан. Байрны хашааны гадна манай байрны жижүүрийн хүүхэд өөр нэг хүүхэдтэй зогсож байсан. Намайг байрныхаа орцны үүдээр ороход миний араас хоёр охин орж яваа нь харагдсан. Би эмэгтэй хүүхдүүд болохоор нь айгаагүй. Тэр хоёр охин надтай хамт лифтэнд ороод би 7 давхар, тэр хоёр 10 давхарын товчлуурыг дарсан. Буух гэхэд нэг нь миний араас үсдэж намайг газар унагааж дарсан. Тэдний нэг нь миний дээрээс босгохгүй дарж байхад миний баруун шанаанаас цус гарч байсан. Би айсандаа та хоёр авах юм байвал ав гэж хэлсэн. Тэгэхэд миний цүнхнээс юм авч байгаа чимээ сонсогдсон. Лифт буцаад 1 давхарт дахин зогсоход, нэг охин нь “дараач” гэж хэлж байсан. Тэгээд намайг 8 давхарт буулгасан. Би гэртээ орж гэр бүлийн хүндээ болсон явдлыг хэлсэн. Манай нөхөр тэр хоёр охины араас гарсан. Би тэр хооронд цагдаа дуудсан. Тухайн үед миний цүнхэнд 60.000 төгрөг байсан байх гэж мэдүүлж байсан. Гэтэл шүүгдэгч нар 20.000 төгрөг байсан гэж мэдүүлсэн байсан. Миний жолооний үнэмлэх, банкны карт хоёр байсан. Картаа би өөрөө авсан. Жолооний үнэмлэхийг нэг охиных нь ээж надад өгсөн. Миний гар утсыг мөн өгсөн тул хохирол барагдсан гэж үзэж байна гэв.
Хохирогч С.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00.15 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны хашааны гадна таксинаас буугаад орц руугаа ороод лифтенд суусан. Миний араас 2 охин орц руу орж ирээд надтай цуг лифтенд суусан. Би 7 давхар дээр дартал нөгөө хоёр охин 10 давхар дээр дарсан. Намхан биетэй охин нь миний яг ард харин өндөр охин нь миний хажуу талд зогсож байснаа гэнэт намайг буух гэсэн чинь намхан биетэй миний ард зогсож байсан охин нь намайг шууд үсдээд доош нь дараад лифтенд унагаасан. Би туслаарай гээд чанга хашгиртал миний амыг дараад үсдэж газар унагаасан охин нь дараад байсан. Хажууд зогсож байсан эмэгтэй нь миний цүнхийг ард ухаад байсан. Тэр охин нь л миний цүнхэн доторхийг авсан. Харин нөгөө охин нь авах боломжоор хангаж миний амыг дараад бас намайг үсдсэн. Миний цүнхнээс Ай Поне-5 S маркийн гар утас, бэлэн 60.000 төгрөг авсан. Хас банкны карт, жолооны үнэмлэх зэрэг зүйлсийг авсан. Дээрэмдүүлсэн гар утсыг цагдаагаас буцаан хүлээж авсан. Жолооны үнэмлэх цүнхэнд байсан бэлэн мөнгөө авчихвал өөр гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцах явцдаа Хонгорзул, Намуундарь нарын зургыг харсан царайгаар нь ялгаж мэдэж байгаа. Өндөр охин нь Намуундарь, намхан охин нь Хонгорзул байсан. Би тэр үедээ бол мэдэж чадаагүй сүүлд хэргийн материал дээрээс зургыг нь харах болон Намуундарийн ээж, Хонгорзулын аав, ээж нар гэх зэргээр манай ажил дээр ирж надтай уулзаж хохирол барагдуулах болон мэдүүлгээсээ буцаад өгөөч арай өөрөөр хэлээд өгөөч манай хоёр охин ял авах гээд байна гэх зэргээр хэлж байсан. Би урьд нь олон удаагийн байцаалт өгч байсан байцаалтаасаа буцаж болон тухайн үед худал мэдүүлэг өгч байгаагүй би болсон зүйлийг үнэн зөвөөр нь ярьж байна. Надад тухайн үед болсон явдалаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэжээ. /хх-н 21-29, 115/
Шүүгдэгч Т.Намуундарь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз болох Хонгорзултай цуг 13 дугаар хорооллын тэр хавиар явж байсан бөгөөд манай найз гэрээсээ явчихсан байсан юм. Тэгээд улмаар маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нарлаг зуслан руу явна гэж ярьж байсан юм. Хонгорзул гэрийхэнтэйгээ муудалцаад гарчихсан болохоор зуслан явах мөнгөө авч чадаагүй байсан. Улмаар бид 2 зуслан явах мөнгийг нь олох гээд таньж мэддэг хүмүүс рүүгээ утасдаад хайсан боловч олдоогүй. Бид 2 яах уу энэ тэр гээд шөнө 00.00 цаг болтол тэр хавиар алхсан. Бид 2 алхаж байхдаа яаж мөнгө олох вэ гэж ярилцсан. Тэгээд хүнээс утсаар яриулаач гэж гуйж байгаад гар утсыг нь аваад зугтаая гэж ярилцсан. Уг санааг бид 2 хоорондоо ярилцаж байгаад шийдсэн. Тэгээд би хоёулаа хурдан гүйж чадахгүй юм чинь яах юм бэ гэсэн тэгсэн бид 2-ын харалдаа нэг эмэгтэй таксинаас буугаад байрлуугаа алхаж байсан. Тухайн үед бороо орчихсон гадаа жоохон сэрүүн байсан. Бид 2 бие засах гээд уг эгчийг дагаад орц руу орсон. Улмаар цуг лифтенд суусан. Бид 2 өдөр нь тоглоомоор дээрэм хийхгүй энэ тэр гэж ярилцаж байсан. Уг эмэгтэй нь 8 давхарт буух гээд лифтны хаалга онгойх үед гэнэт Хонгорзул үснээс нь татаад газар унагаагаад амыг нь дарсан. Уг эгч хажуу талаараа унасан бөгөөд Хонгорзул нүүр лүү нь үсийг нь унжуулаад нэг гараараа амыг нь дарсан. Би тэр хооронд нь биенийх нь доор байсан цүнхийг нь гараараа татаж гаргаж ирээд ухаж байгаад гар утас, задгай 20.000 төгрөг, Хас банкны карт зэргийг авсан. Бид хоёр 10 давхарт дарсан учраас лифт дээшээ 10 давхар луу гарсан. Тэр хооронд нь бид 2 лифтэн дотор авсан. Буцаад 8 давхарт зогсоод тэр эмэгтэйг босгоод цаашлуулаад буугаарай гэж хэлсэн бөгөөд бид 2 доошоо 1 давхарт буугаад хаалгаар гарч гүйгээд 13 дугаар хорооллын 4 дүгээр байр дээр очсон. Тэгээд тэндээсээ Хонгорзулд найз нь харьлаа гэж хэлээд салаад такси бариад гэртээ харьсан. Харихаасаа өмнө тэр эмэгтэйн цүнхнээс авсан 20.000 төгрөгөө задлуулаад би 10.000 төгрөгийг нь аваад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Би явахдаа гар утсыг авч явсан. Хонгорзул хэлэхдээ би зуслан явлаа өөр очих газар байхгүй чи наад утсаа авч яваад зардаг юм уу ломбарданд тавьдаг юм уу аль нэг аргаар мөнгө болгоод араас мөнгөө аваад зуслан дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би за гэж хэлээд салсан бөгөөд гэртээ харьсаныхаа дараа маргааш нь кодыг нь гаргуулах гээд tacebook дээр Ай Фоне хэрэглэгчдийн групп дээр Ай Фоне 5 маркийн гар утас pass гар утас код гаргадаг хүн байна уу гэж пост бичсэн. Тэгтэл нэг залуу холбогдоод 15.000 төгрөгөөр гаргаж өгөхөөр болсон. Уг залуутай чаталж байгаад өргөө кино театрын урд уулзаад гар утсаа өгч явуулсан. Нөгөө залуу чи над руу залгаарай би нэгжгүй байгаа шүү гэж хэлсэн. Бид 2 эхлээд чадалж байгаад дараа нь гар утсаа солилцоод тэгээд ярьж байгаад уулзсан. Тэр залуу эхлээд уулзахад орой гэхэд болчихно гэж хэлсэн. Би орой 17, 18 цагийн үед удаа дараа залгасан чинь арай болоогүй байна гэртээ юм уншуулаад орхичихсон байгаа гээд байсан. Надад өдөр нь залгаад уг гар утас чинь хулгайн гар утас юм байна ш дээ гэж хэлсэн тэгэхээр нь тиймүү наад гар утсыг чинь 13 дугаар хорооллын саравчнаас олсон юм гэж хэлсэн. Тэгтэл өөрөө би гаргаж чадна гэхээр нь би маргааш 02.00 цаг гэхэд дуусах уу гэсэн чинь гаргаад болчих байх гэсэн. Маргааш өдөр нь би tacebook рүүгээ орсон чинь нөгөө хүн надтай холбоогүй болчихсон байсан. Тэгээд гар утас руу нь залгатал дуудаад аваагүй. Тэгж байснаа миний дугаарыг болоколчихсон. Тэгэхээр нь би өөр хүний утаснаас чи наад утсаа аваа, чамд үлдээчихье гэж бичсэн. Тухайн үед яг юу гэж бичсэнээ санахгүй байна. Тэгээд өнөөдөр над руу залгаад утсаа ав гэхээр нь ирсэн чинь цагдаа нар бариад авсан. Бид 2 ярилцаж байгаад Хонгорзулын зуслан явах мөнгийг нь олох гээд л ийм тэнэг хэрэг хийсэн. Дээрэм хийх санааг бид 2 өдөр нь зүгээр тоглоомоор ярилцаж байсан. Тэгээд орой нь лифтэн дотор Хонгорзул гэнэт тэр эгчийг үсдэж аваад газар унагаагаад амыг нь дарах хооронд нь би цүнхийг нь ухаж гар утас, болон бэлэн мөнгө картыг авсан. Тэр эмэгтэйн бие рүү бид 2 цохиогүй. Зөвхөн ардаас нь Хонгорзул үсдэж газар унагаагаад амыг нь л дарсан. Тэр хооронд нь би цүнхнээс нь юмыг нь авсан. Би тухайн үед их сандарсан байсан. Яах учраа ч олоогүй. Би урьд нь өмгөөлөгчтэй өгсөн байцаалт маань үнэн зөв. Түүнээс өмнө ганцаараа сууж байгаад өгсөн байцаалт маань худлаа. Би анхны байцаалт өгөх үедээ шоконд орсон байдалтай байсан болохоор үнэн байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Яагаад шоконд орсон байсан гэвэл намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан эрүүгийн төлөөлөгч гэх нэрийг нь мэдэхгүй хоёр хүн намайг дарамталсан тэгээд би шоконд орсон. Тийм байдалтай байж байгаад мэдүүлэг өгсөн намайг ингэж ярь тэгж ярь гэж заасан хүн бол байгаагүй би айсандаа л тэгээд худлаа ярьсан. 2015 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00.00 цагийн үед найз Хонгорзулын хамт 23 дугаар байрлуу бие засах гэж орсон. Хамгийн дээд давхарт нь хүмүүс ашигладаггүй нойл байдаг юм тийш орох санаатай явсан. Лифтэнд ороход нэг эгч зогсож байсан. Бид хоёр тэр эгчийн ард нь зогссон. Дээш бид хоёр 10 давхарын товч дээр дарсан. Тэр танихгүй эмэгтэй 7 давхарын товч дээр дарсан. Лифт 7 давхарт зогсоод тэр эгч буух гэж байхад нь би тэр эмэгтэйг араас нь хувцаснаас нь татаад лифтэнд буцаагаад оруулаад цүнх дотроос нь гар утас 20.000 төгрөгийг нь авсан. Намайг эд зүйлийг нь авч байхад тэр эмэгтэй явган суусан байдалтай байсан. Хонгорзул гайхсан байдалтай хараад зогсож байсан. Намайг тийм үйлдэл хийж байхад лифт 10 давхарт ирсэн. Би лифтны 7 давхар, 1 давхарын хоёр товч дээр дараад лифт доош явсан. Лифт 7 давхарт ирэхэд нь тэр эгчийг суусан байхад нь босгоод араас нь түлхээд буулгасан гэжээ. /хх-ийн 98-99, 120/
Шүүгдэгч А.Хонгорзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн найз болох Намуундарьтай 13 дугаар хорооллын 4 дүгээр байрны ард уулзсан. Би маргааш нь Нарлаг зуслан руу явах гэж байсан ба надад 50 хувийн хөнгөлөлттэй эрх байсан юм. Аав, ээж хоёр үлдсэн 50 хувийг нь өгөхгүй гэхээр нь би ээжтэй маргалдаад гараад ирчихсэн байсан. Харин Намуундарь надтай цуг явахыг хүсэж байсан боловч мөнгө байхгүй байсан. Тэгээд бид 2 зуслан явах мөнгө олох гээд таньж мэддэг хүмүүс рүүгээ утасдаад хайсан боловч олдоогүй. Мөн бид 2 бие засах гэсэн чинь газар олдохгүй байсан. Тэгж байтал бид хоёрын харалдаа нэг эмэгтэй таксинаас буугаад байрлуугаа алхаж байсан. Бид 2 энэ эгчийг дагаж ороод орцонд нь бие засья гэж бодоод дагаад орц руу орсон. Улмаар цуг лифтэнд суусан. Уг эмэгтэйг буух гээд лифтны хаалга онгойлгоод алхах гэсэн чинь шууд Намуундарь ардаас нь үсдээд татахаар нь би тэр эмэгтэйг толгойгоороо уначих байх гэж бодоод бүсэлхий орчмоос нь баруун гараараа тэвэрсэн. Тэгтэл уг эмэгтэй хашгирсан ба би сандарсандаа зүүн гараараа амыг нь нэг удаа дараад буцаагаад авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад хашгирсан бөгөөд тухайн үед Намуундарь тэр эмэгтэйг чимээгүй бай гээд нүүр лүү нь 2 удаа алгадаж авсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй за за болье гээд доошоо өөрөө хараад хэвтсэн. Би маш их сандарсан байсан чинь Намуундарь лифтны товч дээр дар гэхээр нь дарсан. Намуундарь тэр эгчийн цүнхийг ухаад юм аваад байх шиг байсан. Бид 2-ыг лифтны хаалга онгойлгоод тэр эмэгтэйг гаргаад өөрсдөө буугаад явсан. Бид 2 орцноос гараад 13 дугаар хорооллын 4 дүгээр байрны үүдэг дээр очсон. Намуундарь 21 дүгээр хороолол орох ёстой байсан бөгөөд маргааш нь хувцасаа аваад бид 2 явах гэж байсан юм. Намуундарь дэлгүүр орж авсан 20.000 төгрөгөө задлуулаад 10.000 төгрөгийг надад өгсөн бөгөөд би юу ч бодолгүй аваад салаад явсан. Би тэндээсээ шууд харьсан. Намуундарь тэр эгчийн цүнхнээс гар утас, жолооны үнэмлэх карт болон бэлэн мөнгө авсанаа үзүүлсэн бөгөөд бусдыг нь аваад явсан. Намуундарийн авсан гар утас ягаан өнгийн Ай Фоне 5 с маркийн гар утас байсан. Би гар утсыг нь барьж үзээгүй зүгээр л харсан. Намуундарь унтраагаад шууд халаасандаа хийсэн. Лифтэн дотор байхдаа Намуундарь уг эгчийг уначихсан байхад үснээс нь дарж байгаад нүүр лүү нь 2 удаа алгадаж авсан. Тэгтэл тэр эгч за болье хашгирахгүй гээд доошоо харсан. Бид хоёрт ямар ч дээрэм хийх санаа байгаагүй. Намуундарь л гэнэт өөрөө уг эмэгтэйг үсдээд дарсан. Би маш их сандарсан. Би тэр эгчийг тэвэрч аваад амыг нь нэг л удаа дарсан. Би ямар нэгэн эд зүйл аваагүй. Намуундарь бид хоёр 10 жилийн нэг ангийн найзууд. 2015 оны 8 дугаар сарын 27-ны сэжигтнээр тооцож байцаалт авахад Пүрэвжав гавласан байдалтай надаас байцаалт авсан. Би аав, ээжтэйгээ цуг өөрөө ирсэн тэр үед аав ээжийг чинь байцаалтад суулгахгүй гэж хэлээд ганцааранг минь суулгаж байгаад Намуундарь чинь тоглоомоор дээрэс хийе гэж хэлсэн байсан гэж хэлсэн чи тэрийгээ хэл гэж байсан. Тэр үед би үгүй гэж хэлсэн дээрэм хийх гэж байгааг нь мэдээгүй гэж хэлж байсан. Орилхоор нь амыг нь дарж үсдээд доош дарсан гэх зэргээр намайг тэгсэн гэж Намуундарь хэлсэн байсан яг үнэндээ бол би тэгээгүй. Тэр эгчийг лифтнээс буух гэж байхад нь Намуундарь үсдээд хойш нь татаж лифтнээс гарах гэж байхад нь буцаж татаж оруулсан. Би яг ард нь зогсож байсан болохоор тэр эгчийг Намуундарь үсдээд татахад тэр эгч миний урд ирсэн. Тэр эгчийг Намуундарь татаад миний цээжинд хүрэхээр нь би сандарсандаа хоёр гараараа тэвэрч аваад 3 секунт орчим болоод буцааж тавьсан. Тэр үед уг эгч нүүрээ дараад орилоод доош явган суусан. Тэр эгч цүнхээ тэвэрсэн байдалтай байхаар нь Намуундарь цүнхийг нь булааж аваад доторхи эд зүйлийг нь ухаж байсан, юм авсан эсэхийг нь хараагүй. Би тэр хооронд лифтны хаалганы хажууд товчны урд нь сандраад юу ч дуугарч чадахгүй зогсож байсан. Лифт нь 10 давхарт очоод зогсохоор нь би нөгөө эгчийн буух давхар болох 7 давхарын товч дээр дарсан. Лифт доошоо явж 7 давхарт ирж байхад Намуундарь цүнхийг нь буцааж шидэж өгсөн би айсан байдалтай байж байгаад тэр эгчийг буух 7 давхарт ирэхээр нь гарнаас нь татаж босгоод буу гэж хэлээд буулгасан. Бид хоёр тийм зүйл хийнэ гэж яриагүй байсан. Намуундарь эхлээд тийм үйлдэл хийж эхлэхээр нь би их гайхсан гэжээ. /хх-ийн 115-116, 118/
Гэрч Д.Буянхишиг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би 2 хүүхэдтэй бөгөөд Т.Намуундарь нь миний том охин байгаа юм. Тэр 1997 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 17 дугаар цэцэрлэгт хүмүүжээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуульд сурч байгаад Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд шилжин суралцаж байгаад 9 дүгээр ангиа төгсөөд 10 болон 11 дүгээр ангиа Анагаахын лицей болох 21 дүгээр сургуульд шалгалт өгч ороод суралцаж төгсөөд Ач анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангид элсэн орж суралцаж байгаа. Одоо 3 дугаар курсэд орно. Багаасаа эмээ өвөө дээрээ өссөн. Зан аашын хувьд айлын ганц охин байсан болохоор нилээн эрх талдаа, 18 жилийн дараа дүүтэй болсон. Ширүүн ааш байхгүй, хүний хэлсэнээр байдаг, анагаахад орох гэж их хичээсэн. Ер нь эрх талдаа хүүхэд. Хэдий эрх талдаа боловч элдэв янзын муу зуршил байхгүй. Бүрэн дунд боловсролтой. Одоо ээж, аав, дүүтэйгээ хамт амьдардаг юм. Өвөөгөө өнгөрсөнөөс хойш дуу муутай болсон. Би охиноо архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг үзээгүй. Би Намуундарийн ааваас 2 настай байхад нь салсан юм. Тэгээд Бямбасүрэн гэдэг хүнтэй 10 гаран жил амьдарч байна. Бямбасүрэн хэдий хойт эцэг нь ч гэсэн тэр хоёрын харилцаа сайн байдаг юм гэжээ. /хх-н 62-65/
Гэрч Ц.Даваадорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 7 дугаар сарын 24-с 25-нд шилжих шөнө байрныхаа хашааны үүдэн дээр байж байсан. Тэгтэл манай хажуу талд байдаг Наран-Ундраагийн хамгаалагч залуу намайг дуудсанаа”замын цаана 2 охин байна хоёулаа дугаарыг нь авья энэ тэр гээд надтай маягласан. Тэгэхээр нь би яах юм бэ гээд буцаад орсон. Тэр хоёр охины байгаа газар нь гэрэлтүүлэггүй байсан учраас сайн хараагүй ямар ч байсан 20-22 насны, 160-165 см орчим өндөртэй өндөр нам 2 охин байсан. Нэг эмэгтэй хашааны урд таксинаас буугаад манай байр руу орсон, уг эмэгтэй нь манай байрны оршин суугч байгаа юм. Тэгсэн чинь нөгөө эмэгтэйн араас хоёр охин дагаад орсон. Наран Ундраагийн хамгаалагч наад 2 чинь найзууд дээрээ очиж байгаа юм байна өнөөдөр шоудах нь дээ гэж хэлж байсан тэрүүнийг нь би нэг их тоогоогүй. Тэгтэл удалгүй нөгөө 2 охин буцаад орцноос гүйж гарч ирээд намхан нь түрүүлээд ардаас нь өндөр охин нь дагаж гүйгээд миний хажуугаар яваад өнгөрсөн гэжээ. /хх-ийн 24-29/ /хх-н 73-76/
2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст С.Отгонжаргалын гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна./хх-н 4/
С.Отгонжаргал,Ц.Даваадорж нараас асууж авсан тайлбарууд/ хх-н 5-10/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлд: ягаан өнгийн артай хар өнгийн нүүртэй Ipone 5S маркийн гар утсыг ямар ч эвдрэл гэмтэлгүй хураан авч, хүлээлгэн өгөв гэжээ./хх-н11-12/, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байрны гадна хашаан доторх талбайг харуулж буй хяналтын камерийн бичлэг бүхий цагаан өнгийн компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 16-20/
Эд зүйлийн үнэлгээ нь: Ipone 5S маркийн гар утас 800.000 төгрөгийн үнэтэй гэж үнэлжээ./хх-н 193/
Т.Намуундарийг С.Бямбасүрэн, Д.Буянхишиг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 80-84/
А.Хонгорзулыг Л.Алтанхуяг, А.Оюунчимэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 89-94/
Т.Намуундарийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-н 90-103//
А.Хонгорзулыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-н 112-122/,
Т.Намуундарийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-н 123/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар: урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 124/, Ач анагаах ухааны дээд сургуульд суралцдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-н 125/
А.Хонгорзулын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-н 140/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар: урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүйг тодорхойлсон байна /хх-н 141 / зэрэг болно.
2015 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 24.00 цагийн орчимд А.Хонгорзул, Т.Намуундарь нар нь тус байр луу орж явсан С.Отгонжаргалын араас даган Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 23 дугаар байрны цахилгаан шатанд орж Т.Намуундарь араас нь үснээс татахад нь А.Хонгорзул араас нь барьж аван хашгирах үед амыг дараад хэвтүүлж байх үед нь Т.Намуундарь нь гар цүнхийг авч уудлан дотроос гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Отгонжаргалын өгсөн … би 24 цаг болж байхад гэр рүүгээ орох гээд байрныхаа хашааны гадна таксинаас буусан. Байрны хашааны гадна манай байрны жижүүрийн хүүхэд өөр нэг хүүхэдтэй зогсож байсан. Намайг байрныхаа орцны үүдээр ороход миний араас хоёр охин орж яваа нь харагдсан. Би эмэгтэй хүүхдүүд болохоор нь айгаагүй. Тэр хоёр охин надтай хамт лифтэнд ороод би 7 давхар, тэр хоёр 10 давхарын товчлуурыг дарсан. Буух гэхэд нэг нь миний араас үсдэж намайг газар унагааж дарсан. Тэдний нэг нь миний дээрээс босгохгүй дарж байхад миний баруун шанаанаас цус гарч байсан. Би айсандаа та хоёр авах юм байвал ав гэж хэлсэн. Тэгэхэд миний цүнхнээс юм авч байгаа чимээ сонсогдсон. Лифт буцаад 1 давхарт дахин зогсоход, нэг охин нь “дараач” гэж хэлж байсан. Тэгээд намайг 8 давхарт буулгасан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Намуундарийн мөрдөн байцаалтад өгсөн … Уг эмэгтэй нь 8 давхарт буух гээд лифтны хаалга онгойх үед гэнэт Хонгорзул үснээс нь татаад газар унагаагаад амыг нь дарсан. Уг эгч хажуу талаараа унасан бөгөөд Хонгорзул нүүр лүү нь үсийг нь унжуулаад нэг гараараа амыг нь дарсан. Би тэр хооронд нь биенийх нь доор байсан цүнхийг нь гараараа татаж гаргаж ирээд ухаж байгаад гар утас, задгай 20.000 төгрөг, Хас банкны карт зэргийг авсан. Бид хоёр 10 давхарт дарсан учраас лифт дээшээ 10 давхар луу гарсан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч А.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн … Эмэгтэйг буух гээд лифтны хаалга онгойлгоод алхах гэсэн чинь шууд Намуундарь ардаас нь үсдээд татахаар нь би тэр эмэгтэйг толгойгоороо уначих байх гэж бодоод бүсэлхий орчмоос нь баруун гараараа тэвэрсэн. Тэгтэл уг эмэгтэй хашгирсан ба би сандарсандаа зүүн гараараа амыг нь нэг удаа дараад буцаагаад авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй дахиад хашгирсан бөгөөд тухайн үед Намуундарь тэр эмэгтэйг чимээгүй бай гээд нүүр лүү нь 2 удаа алгадаж авсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй за за болье гээд доошоо өөрөө хараад хэвтсэн. Би маш их сандарсан байсан чинь Намуундарь лифтны товч дээр дар гэхээр нь дарсан. Намуундарь тэр эгчийн цүнхийг ухаад юм аваад байх шиг байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул шүүгдэгч А.Хонгорзул, Т.Намуундарь нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Намуундарийн өмгөөлөгч Т.Намуундарьд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зүйлчлэх санал, шүүгдэгч А.Хонгорзулын өмгөөлөгч А.Хонгорзул нь гэмт хэрэг үйлдээгүй учир түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр тухайлбал:
Хохирогч С.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлгүүдээрээ шүүгдэгч нарын хийсэн үйлдлийг тодорхой хэлж мэдүүлдэг.Тухайлбал нэг нь миний үснээс татахад нэг нь араас нь барьж аваад амыг дараад байж байхад үлдсэн нэг нь миний цүнхийг ухаж байсан, намайг үснээс дараад ам дарж байсан хүн цүнх ухах боломжгүй байх гэсэн, мөн эхлээд үснээс татахад би эсэргүүцэж ноцолдох явцад миний нүүрнээс цус гарсан, үүний улмаас би айгаад та нар авах юмаа ав гэж хэлээд хөдлөлгүй хэвтэж байсан гэж мэдүүлсэн нь шүүгдэгч нарын бид хоёр тэр эгчийн араас цахилгаан шатанд ороод Т.Намуундарь үсдэж дарахаар нь А.Хонгорзул гараараа араас нь хүзүүгээр нь оруулж бариад хашгирхаар нь дарж амыг нь дараад,Т.Намуундарь цүнхийг нь ухаж эд зүйлсийг нь авсан гэж мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байгаа учраас хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Хохирогч анх орохдоо өндөр нам хоёр охин байна гэдгийг харсан болохоос өөрийг нь хэн үсдээд амыг нь хэн дарж байгааг өөрөөр хэлбэл нам нь үсэдсэн үү, өндөр нь үсэдсэн үү гэдгийг харах боломжгүй юм. Хохирогчийг анх тааралдаад харахад нэг нь нэгнээсээ арай өндөр харагдсан болохоор өндөр нам гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс биш мөрдөн байцаагчийн хэмжээд гаргаад өгсөн зурган дээр үндэслээд өндөр ,нам гэж мэдүүлэг өгөөгүй болох нь хэрэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээс харагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Намуундарийг ханатай хавсарч цохиод хэргээ хүлээ гэж дарамталж мэдүүлэг авсан гэж байгаа боловч энэ талаар зохих газарт нь ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно гэж заасныг үндэслэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч С.Отгонжаргал нь өөрийн гар утас, карт, жолооны үнэмлэх зэргийг бүрэн хүлээж авсан одоо цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээх, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Төрмандахын Намуундарь, Бүрэн овогт Алтанхуягын Хонгорзул нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар А.Хонгорзул, Т.Намуундарь нараас тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар А.Хонгорзул, Т.Намуундарь нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1,59.2 дах хэсэгт зааснаар Т.Намуундарь, А.Хонгорзул нарын 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шмийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, А.Хонгорзул, Т.Намуундарь нар нь, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Т.Намуундарь. А.Хонгорзул нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хонгорзул, Т.Намуундарь нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Т.ШИНЭБАЯР