Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 06

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бус сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” , 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр “А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар “Х.М-ыг ажилд томилох тухай” тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч сонгон шалгаруулах ажлын ахлагч Д.Э, гишүүн Р.Б, Ц.О, гуравдагч этгээд А.М, С.Г, Д.Ж, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2004 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг даатгалын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2008 онд Ховд Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2005 оны 3 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Үүнээс хойш үйл ажиллагааны нягтлан бодогч, сангийн нягтлан бодогч, сайн дурын тэтгэмж хариуцсан байцаагч, шимтгэлийн байцаагч, төлөвлөгч эдийн засагч, хяналт шалгалтын байцаагчаар тасралтгүй 14 жил ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалд томилогдсон.

Гэтэл надад 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр цөөрсөн гэх мэдэгдэх хуудас өгөхөд би уг мэдэгдэх хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, гарын үсэг зураад мэдэгдэх хуудсыг авч байсан.

Учир нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар компьютерын сүлжээний мэргэжилтний орон тоо нь сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгдсэн. Компьютерын сүлжээний мэргэжилтнээр улсын байцаагчийн эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагч н.Ганцэцэг ажиллаж байсан. Харин сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтнээр улсын байцаагчийн эрхгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш хүн ажиллаж байсан ба дээрх 2 орон тоо нэгдэж, нэг орон тоо болж цөөрөхөд улсын байцаагчийн эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагч н.Ганцэцэг үргэлжлүүлэн ажилласан. Мөн төлөвлөлт судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтний орон тоо нь Үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоотой нэгдсэн. Төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албан хаагч, улсын байцаагчийн эрхтэй А.М, харин үйл ажиллагааны нягтлан бодогчоор улсын байцаагчийн эрхгүй, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй С.Г нь ажиллаж байсан.

Дээрх албан тушаалууд нэгдэж төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэх төрийн захиргааны албан тушаал болсон. Төлөвлөлт, судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч нарын орон тоо нэгдэхэд компьютерын сүлжээний мэргэжилтний орон тоо, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгдсэнтэй адилаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Гд бидэнтэй хамт сонгон шалгаруулалтад оруулахаар мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна гэж мэдэгдсэн боловч 8 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж, тест боловсруулж, 8 дугаар сарын 08-ны өдөр тестийн шалгалт явагдсан. Би тестийн шалгалт өгсөн.

Үйл ажиллагааны нягтлан бодогч буюу төрийн үйлчилгээний албан тушаал, Төлөвлөлт, судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан тушаал хоорондоо нэгдэж байгаа тохиолдолд цаашдаа төрийн жинхэнэ албан хаагч ажиллах хууль зүйн үндэслэлтэй юм.

Урд нь Орлого шимтгэлийн байцаагчийн 3 орон тоо байсан ба шинээр батлагдсан бүтцээр 2 орон тоотой болсон. Гэхдээ шинээр батлагдсан бүтэц орон тоогоор Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг байгуулагдаж, уг тасаг нь хяналт шалгалтын  3 байцаагчийн орон тоотой болсон ба урд нь ажиллаж байсан хяналт шалгалтын 2 байцаагчийн 1 нь тасгийн дарга болсноор хяналтын байцаагчийн 1 сул орон тоо гарсан.

Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын цалингийн сүлжээ, төрийн албан хаагчийн ангилал зэрэглэл бүгд адилхан байдаг. Би удаа дараа хэлтсийн даргад хүсэлт гаргаж, хяналт шалгалтын тасагт нэмэгдсэн хяналтын байцаагчийн орон тоонд орлого шимтгэлийн 1 байцаагчаа шилжүүлж ажиллах боломжтой байна гэж хэлж байсан. Гэтэл одоо ч гэсэн үйл ажиллагааны нягтлан бодогчоор С.Г ажиллаж байгаа ба төлөвлөлт, судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэнд хяналтын байцаагчийн ажил үүргийг хавсруулан ажиллуулж байгаа. Гэтэл би хяналтын байцаагчаар томилогдон ажиллах боломжтой байхад намайг бүр ажлаас чөлөөлж, миний эрхийг зөрчсөн.

Улсын байцаагчийн шалгалт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон гуравдагч этгээд А.М нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт улсын байцаагчийн шалгалтад өндөр оноо авсан хүнийг томилно гэж хэлсэн талаар бичсэн байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр А.Мд ажил хавсруулах тухай тушаал гарсан байдаг. А.М тус шалгалтаар яагаад өндөр оноо авсан талаар манай ажилчид бүгд мэдэж байгаа. А.М нь бодлогоо хуулж, гаднаас хүнээр бодуулж, цахимаар дамжуулсан нөхцөл байдал үүссэн учраас А.М надаас өндөр оноо авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үүнийг гэрч нар мэдэж байгаа.

Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэний дагуу 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэн гарсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 “А.Мд ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Х.М-ыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 онд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагч 3, компьютер, сүлжээний мэргэжилтэн 1, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтэн 1 тус тус ажиллаж байсан. Ингээд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоогоор бол орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 2, компьютер, сүлжээний мэргэжилтэн, сургалт сурталчилгаа, нэг цонх хариуцсан мэргэжилтний орон тоо нэгдэж, нэг орон тоо болж орон тоо цөөрсөн.

Үүний дагуу хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/26 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан дагуу орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан 3 хүнийг сонгон шалгаруулалтад оруулахад уг сонгон шалгаруулалтын дүнгээр Х.М нь өрсөлдсөн бусад байцаагч нараас бага оноо авсан. Иймд хэлтсийн даргын Б/37 дугаар тушаалаар Х.М-ыг орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн.

Тухайн үед сайн дурын нийгмийн даатгалын байцаагч чөлөө авсан тул Х.М-ыг сайн дурын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд түр томилон ажиллуулж байгаа. Сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, хэлтсийн даргын тушаалууд хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

А.Мд ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай хэлтсийн даргын Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд тайлбарлахад би тухайн үед А.М, Х.М нарт “хяналт, шалгалтын байцаагчийн орон тоо нэмэгдэж ирсэн тул шууд томилж ажиллуулах боломжгүй, А.Мд түр хавсруулан гүйцэтгүүлж, 10 дугаар сард болох улсын байцаагчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоонд томилон ажиллуулна гэдгийг сануулж хэлж байсан. Ингээд улсын байцаагчийн шалгалтад А.М нь 108 оноо буюу аймгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан тул түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа.

Харин 2019 оны Б/02 дугаар тушаалын хувьд гэвэл А.М нь тухайн үед хувийн асуудлаар 3 сарын хугацаатай чөлөө аваад буцаж ажилдаа орж ирэхэд нь буцааж томилохдоо өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр томилсон учраас дээрх тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Хэрвээ төрийн захиргааны албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоо нэгдсэн тохиолдолд заавал төрийн захиргааны албан хаагчид давуу эрх олгож, түүнийг ажилд томилох эрх зүйн зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Д.Э, гишүүн Р.Б, Ц.О нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус хэлтсийн орон тоо цөөрсөн. Бүтэц орон тоо цөөрсөнтэй холбоотой сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Р.Б, Ц.Обид 3-т танилцуулж, битүүмжилсэн тестийн материалыг гардуулж өгсөн. Ингээд бид бичиг хэргийн ажилтны сейфэнд тестийн материалыг хадгалуулсан. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шалгалтад орох хүмүүсээ дуудаж, битүүмжилсэн материалыг бүгдэд нь үзүүлж, хүний тоогоор материал ирсэн байсныг тарааж өгч, тестийн шалгалтыг авч дууссан.

Ингээд шалгалтад орсон хүмүүсийг байлцуулж байгаад тестийг засаж, шалгалтад орсон хүмүүст өөрсдийнх нь болон шалгалтад орсон хүмүүсийн материалуудыг нь үзүүлж танилцуулж, гарын үсэг зуруулсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д  “....орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн илүү хангаж байгааг....” гэж заасны дагуу орон тоо цөөрч байгаа шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан 3 байцаагчийн ажлын үзүүлэлтийг гаргасан.

Ингэхдээ 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт, 2017 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, 2017 оны жилийн эцсийн авлагын үлдэгдэл, 2018 оны хагас жилийн орлогын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны хагас жилийн авлага болон тайлан авалт зэрэг үзүүлэлтүүдийг авч, ажлын туршлага болон тестээр авсан шалгалтын дүнг нэмж гаргасан. Нэхэмжлэгч нь 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг авчхаад задалж дүгнэсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Бид 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээс гадна төлөвлөгөөний биелэлт, авлага хоёрыг салгаж оруулж ирсэн.

Учир нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүгнэдэг. Гэтэл тайлант жил нь 12 дугаар сарын 31-ний өдөр дуусдаг. Үр дүнгийн гэрээг дүгнүүлэхдээ тоон үзүүлэлтээ үлдсэн хугацаанд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр дүгнүүлдэг ба бодит тоон үзүүлэлт болж чаддаггүй. Харин 12 дугаар сарын 31-ний өдөр тайлант хугацаа дуусахад төлөвлөгөө биелсэн эсэх болон орлогын төлөвлөгөө биелэлтийн талаар бодит тоо гардаг учраас төлөвлөгөө болон гүйцэтгэлийг бид шалгуур үзүүлэлтдээ задалж оруулж өгсөн.

Орлого шимтгэлийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт заасан хамгийн гол ажил үүрэг нь орлогын төлөвлөгөөг биелүүлэх, авлага барагдуулах, нийгмийн даатгалын тайлан бүрэн хүлээн авах ажил юм. Тийм учраас бид үүнийг шалгуур үзүүлэлт болгосон. Шалгалтыг ажлын хэсэг ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж авсан учраас сонгон шалгаруулалтыг илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед илт хууль бус гэж үзсэн бол шалгалт эхлэх үед Х.М нь шалгалтыг хууль бус гэх асуудлыг тавих байсан гэж үзэж байна. Иймд шалгалт нь хуулийн дагуу үнэн зөв явагдсан гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд А.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2005 онд Ховд аймгийн Зэрэг сумын нийгмийн даатгалын байцаагчаар буюу төрийн захиргааны албан тушаалд анх томилогдож, үүнээс хойш тасралтгүй 14 жил ажиллахдаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны дарга, төлөвлөлт судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан байцаагчаар ажиллаж байна.

Одоо төлөвлөлт судалгаа, шинжилгээ, нэрийн данс хариуцсан байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна. Дадлага, мэргэжил, ур чадварын хувьд улсын байцаагчийн ажлыг эрхлэх боломжгүй гэх зүйл байхгүй. Би туршлагатай, мэдлэгтэй, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Х.М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байгаад бүтэц, орон тоо цөөрсний улмаас ажлаас чөлөөлөгдсөн нь хууль бус гэж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл Х.М нь орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан, харин би хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан. Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 3 байж байгаад 2 болж цөөрсөн нь хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаа миний албан тушаалтай ямар ч шалтгаант холбоогүй юм.

Х.М нь орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд орлого шимтгэлийн байцаагч нарын дунд сонгон шалгаруулалт явагдахад Х.М хамгийн бага оноо авсан учраас ажлаас чөлөөлөгдсөн. Мөн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын баталсан журмын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажлын хэсэг томилогдож ирээд улсын байцаагчийн эрх шинээр олгох, сэргээх, сунгах шалгалтыг баруун бүсийн хэмжээнд зохион байгуулсан. Энэ шалгалтыг өгөхдөө Х.М бид хоёр хамт нэг ширээнд сууж байгаад өгсөн. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга намайг албан ёсоор дуудаж уулзаад төлөвлөлт, судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь үйл ажиллагаа хариуцсан нягтлан бологчийн албан тушаалтай нэгдэж байгаа бөгөөд нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан байцаагчийг хяналт шалгалтын байцаагчаар томилно гэж хэлж, мэдэгдсэн.

Үүний дагуу би шалгалтаа өгч, аймгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан учраас намайг хяналт шалгалтын байцаагчаар томилсон. Гэтэл орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан хүний асуудал миний бүх шалгуурыг нь хангасны үндсэн дээр ажиллаж байгаа ажлын байртай шалтгаант холбоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн Үйл ажиллагааны нягтлан бодогчоор томилогдсон.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо цөөрсөнтэй холбогдуулан бидэнд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас өгч, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шалгалт авсан.

Шалгалтаар битүүмжилсэн материалыг бидний нүдэн дээр задалж, шалгалтад оруулсан. Х.М нь миний талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Шалгалтын хувьд би Х.М-тай өрсөлдөөгүй. Миний ажиллаж байгаа ажлын байр Х.М-ын ажиллаж байсан ажлын байр нь өөр өөр юм. Х.М-ын албан тушаалтай миний ажиллаж байгаа албан тушаал нь хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын ажилтнаар томилогдож, үүнээс хойш үйл ажиллагааны нягтлан бодогч, эрүүл мэндийн орлогын байцаагч, орлого шимтгэлийн байцаагчаар нийт 8 жил ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн гэх тушаалыг бидэнд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас өгч, мэдэгдэх хуудасны дагуу сонгон шалгаруулалтад 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр орсон. Ажлын хэсэг нь битүүмжилсэн материалыг бидэнд харуулж байгаад задалж, шалгалтыг авсан. Шалгалтын дүнг тэр өдөр нь танилцуулж, гарын үсэг зуруулж авсан. Уг сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан, хуйвалдааны шинжтэй зүйл байгаагүй гэж үзэж байна. Шалгалтыг хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2013 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анх нягтлан бодогчоор томилогдож, үүнээс хойш Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 7 дахь жилдээ улсын байцаагчаар ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын хувьд бид хүлээн зөвшөөрч шалгалтаа өгсөн. Гэтэл одоо хамгийн бага оноо авсан нь хүн нь шалгалтыг хууль бус гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Төрийн албаны тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан буюу ажил олгогч нь комисс байгуулж, тухайн комисс нь мэдлэг ур чадвар, үр дүнгийн гэрээний биелэлт, хуульд заасан шалгууруудын талаар дүгнэлт гаргаж өгөх ёстой. Гэтэл шалгалт авах зохицуулалт байхгүй байхад бичгийн шалгалт авч, шалгаруулалт хийхдээ 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, авлагын үлдэгдлийг дахин давхцуулж оноо өгсөн байна. Энэ нь үр дүнгийн гэрээний үнэлгээгээр урд нь баталгаажсан байсан. Гэтэл үнэлгээ өгөх эрх нь комиссод байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журамд зааснаар менежер буюу гэрээ байгуулах эрх бүхий этгээд үр дүнгийн гэрээг дүгнэх ёстой. Гэтэл комисс үр дүнгийн гэрээг дахин дүгнэсэн байна.

Мөн 2018 оны хагас жилийн орлогын биелэлт, авлагын үлдэгдэл, жилийн тайлан авалт, ажилласан жил зэргийг харгалзан үзэж, үнэлгээ өгсөн байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг менежер үнэлэх ёстой. Комисс нь мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэгт дүгнэлт гаргаж, менежерт танилцуулах ёстой байсан. Гэтэл ямар байдлаар шалгалт зохион байгуулсан нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч нь тестийн материалыг задруулсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Мөн ур чадвар, ажлын дадлага туршлага, мэдлэг зэргийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа.

Нэхэмжлэгч тал нь сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байхад сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэж байна. Бүтэц орон тоо батлагдаж ирсэнтэй холбогдуулан Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн буюу улсын байцаагчийн эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо нь Үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо буюу төрийн үйлчилгээний албан хаагчтай нэгдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар үргэлжлүүлэн А.М ажиллах ёстой байсан.

Төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалд батлагдсан бүтцийн дагуу томилолгүйгээр, тус тусад нь 2 албан хаагчийг ажиллуулж байна. Батлагдсан бүтцийн хувьд төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн нь үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр батлагдсан бөгөөд хяналт шалгалтын байцаагчийн орон тоо нэмэгдсэн байдаг. Уг хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллуулахаар чиглэл өгсөн. Гэтэл хариуцагч Н.Б нь Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гарган ажиллуулж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж ажилд томилох ёстой байсан. Гэтэл төрийн захиргааны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал болгож, бүтцийг өөрчилж, төрийн үйлчилгээний албан хаагчийг ажиллуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөж байна.

Шинэчлэн батлагдсан бүтцийн хувьд А.М нь төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж, С.Г нь орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, Х.М нь сул орон тоон дээр шууд томилогдон ажиллах боломжтой байсан гэж үзэж байна.

Гэтэл хууль бус шалгалтын улмаас хууль бус тушаал гаргаж Х.Мыг ажлаас нь чөлөөлсөн байна. Х.Мыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг баримталж, хуулийг буруу хэрэглэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг орон тоо цөөрсөн тохиолдолд хэрэглэх ёстой.

Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтууд нь орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэдэг. Улсын Дээд шүүхийн тайлбарт “...тухайн албан тушаал байхгүй болсныг орон тоо хасагдах...” гэж, 3 байсан орон тоо 2 болохыг орон тоо цөөрөх гэж ойлгохоор тайлбарласан байдаг. Орон тоо цөөрсөн гэж үзэж шалгалт авчхаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэж чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий гарсан. Хууль бус шалгалтын дүнг үндэслэж гарсан захиргааны актууд бүхэлдээ хууль бус гэж үзэж байна гэв

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 3 байхаар баталсан байсан. Харин Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 2 байхаар баталж, орон тоо цөөрсөн.

Орлого, шимтгэлийн байцаагчийн албан тушаалд Х.М, Д.Ж, Б.У нар ажиллаж байсан бөгөөд орон тоо нь цөөрсөн учраас дээрх байцаагч нарыг шалгаруулж авах нөхцөл байдал үүссэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д орон тоо цөөрсөн бол үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нэрлэн зааж, мөн үүнээс гадна ерөнхий, тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол дээр “шалгаруулж авах” гэх ойлголтыг тайлбарлахдаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг буюу комиссын дүгнэлтийг үндэслэн тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан байдаг.

Шалгуур үзүүлэлт болох ажлын дадлага туршлага, мэргэжлийн түвшингийн хувьд 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээний асуудлууд яригдах ёстой. 2017 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, авлагын үлдэгдэл, 2018 оны орлогын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны хагас жилийн авлагын үлдэгдэл, 2018 оны хагас жилийн тайлан авалтын хуваарь зэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар гаргаж үнэлсэн байгаа.

Х.М, Д.Ж, Б.У нар нь 3 жилээс дээш хугацаагаар ажилласан мэргэшсэн байцаагч учраас ур чадвар дээр нь 100 хувь гэх үнэлгээ өгсөн байгаа. Мэдлэгийг тестийн шалгалт авч үнэлсэн ба Х.М нь 82,5 хувь, Б.У нь 92 хувь, Д.Ж нь 97 хувь үнэлэгдсэн. 2017 оны үр дүнгийн үнэлгээний хувьд Х.М 80 хувь, Б.У нь 90 хувь, Д.Ж нь 93 хувьтайгаар үнэлүүлсэн байдаг. 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд Х.М нь хамгийн бага оноо авсан байна.

Иймд шалгалтын комиссын дүнг үндэслэж Х.Мыг ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчид тэтгэмж олгох үүднээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэлтсийн дарга тушаалдаа баримталсан.

Иймд тушаалын үндсэн зохицуулалтыг зөв баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо, Төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтний орон тоо нь шинээр батлагдсан бүтэц орон тоогоор нэгтгэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэл болно гэж үзэхгүй байна.

Учир нь Үйл ажиллагааны нягтлан бодогч нь төрийн албан хаагч бөгөөд төрийн захиргаа болон төрийн үйлчилгээ гэх ойлголт нь ижил түвшиний ойлголт юм. Төрийн захиргааны албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан ангилал зэрэглэлийн хувьд өөр байж болох ч дээрх албан тушаалууд нь нэгтгэгдсэнээр төрийн захиргааны албан тушаалтанд давуу байдал олгох нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчинө.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчөөгүй. Орлого шимтгэлийн байцаагч, төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтнүүдийн орон тоо нэгтгэгдээгүй. Харин төлөвлөлт, нэрийн данс хариуцсан мэргэжилтний орон тоо нь үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоотой нэгтгэгдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь тус шүүхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч нарын шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дүгээр “А.Мд ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар “А.Мыг ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч Х.Мын  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын  даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар “Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай” тушаалаар аймгийн  нийгмийн даатгалын хэлтэс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болжээ. /хх1-37/

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/42 дугаар тушаалын 2-р хавсралтаар орлого шимтгэлийн байцаагчаар Д.Ж, Б.У, Х.М, төлөвлөлт, судалгаа шинжилгээ  нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр А.М нарыг томилсон /хх1-39/, мөн тус хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар  үйл ажиллагааны нягтлан бодогчоор С.Г түр томилогджээ. /хх2-21/

Д.Ж, Б.У, Х.М, А.М нар нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн  төрийн жинхэнэ албан хаагчид байна.  /хх1-48, 51, 52, 240/

Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дугаар “Орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалын  6-р хавсралтаар Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталсан ба  тус хэлтэс нь нийт 50 орон тоотой байх, үүнээс орлого шимтгэлийн байцаагч 3,  төлөвлөлт, судалгаа шинжилгээ  нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн 1, үйл ажиллагааны нягтлан бодогч 1 байхаар баталжээ./хх1-42-43/

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын  /хх1-44, 45/ 6-р хавсралтаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг баталж, уг хэлтсийн Санхүү бүртгэлийн тасагт орлого шимтгэлийн байцаагчийн 2 орон тоог баталснаар орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо  өмнөхөөс 1 орон тоогоор цөөрсөн, төлөвлөлт, судалгаа шинжилгээ  нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн болон үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаал нэгтгэгдэж төлөвлөлт,  нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч болсон болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Хэлтсийн дарга орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Д.Ж, Х.М, Б.У нарт  орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр цөөрсөнтэй холбогдуулан, С.Г А.М нарт орон тоо нэгтгэгдсэнтэй холбогдуулан үйл ажиллагааны үр дүн, мэдлэг ур чадвар, дадлага туршлагыг нь харгалзан шалгаруулж  авахыг мэдэгдэж тус бүрт нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл /хх1- 141, 143, 144, 145, 146, / хүргүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын  А/22 тушаалыг үндэслэн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/26 дугаар “Ажлын хэсэг байгуулах” тушаалаар /хх1-46/ хэлтсийн бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан албан тушаалд шалгаруулалт явуулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Д.Э, гишүүдэд Р.Б, Ц.О нарыг томилжээ.

Ажлын хэсэг шалгаруулалтыг явуулж шалгаруулалтын дүнг /хх1-35, 36/ хэлтсийн даргад танилцуулсан бөгөөд хэлтсийн дарга шалгаруулалтад хамгийн бага оноо авсан Х.Мыг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар /хх1-37/  үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар “Х.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.3 дахь заалт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/22 дугаар тушаалыг үндэслэн   тус хэлтсийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр хасагдсан тул сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэр, дүн мэдээг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Х.Мд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний  нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэжээ.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдсөн бөгөөд  тус маргааны хувьд 2018 онд маргааны бүхий акт гарсан тул  уг хэрэгт 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 1.Ховд аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн  даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэний дагуу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан шалгаруулалтыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох,  уг хууль бус  Сонгон  шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Сонгон шалгаруулалт зохион байгуулах  ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар Х.Мыг  ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Хариуцагчаас орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрсөн тул  шалгаруулалтын дүнгээр хамгийн бага оноо авсан Х.Мыг чөлөөлсөн гэж,  нэхэмжлэгчээс уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр хяналт шалгалтын байцаагчийн 1  сул орон тоонд намайг томилох боломжтой байсан, мөн сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж маргажээ.

Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрсөн тул тус орон тоонд ажиллаж байсан Д.Ж, Б.У, Х.М нар нь, орон тоо нэгтгэгдсэн тул А.М нь  төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар,ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан.

Дээр дурдсанаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо 2 болж цөөрсөн, дээрх хуулийн заалтаар албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулалтаар томилохоор зохицуулсан байна.

Шалгаруулж авна гэдэг нь  эрх бүхий албан тушаалтны  шийдвэрээр томилогдсон  бүрэлдэхүүн, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн  ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа  ажилтныг сонгохыг хэлдэг бөгөөд сонгон шалгаруулалт нь зөвхөн тухайн ажлын байранд ажиллаж байсан албан тушаалтнуудын дунд  хамааралтай юм.

Өөрөөр хэлбэл орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрсөн тул тус орон тоонд ажиллаж байсан Х.М, Б.У, Д.Жа нарын дунд сонгон шалгаруулалт явагдах  энэ сонгон шалгаруулалттай Х.Ммаргах эрхтэй харин А.М, С.Г нарын орон тоо нь нэгтгэгдсэнтэй холбоотойгоор шалгаруулалт явуулахад Х.М хамааралгүй энэ талаар маргах эрхгүй байна. 

Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрсөн тул Х.М, Б.У, Д.Ж нарын дунд сонгон шалгаруулалт явуулах, орон тоо нэгдсэн гэж А.М, С.Г нарын дунд сонгон шалгаруулалт явуулах талаарх мэдэгдэх хуудас өгч, Орон тоо хасагдсан албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/26 дугаар “Ажлын хэсэг байгуулах” тушаалаар /хх1-46/ байгуулжээ.

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан Сонгон  шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Сонгон шалгаруулалт зохион байгуулах  ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  шийдвэр, дүн мэдээгээр /хх1-35/  нийт оноогоор /тестийн шалгалтын хувилсан үнэлгээгээр/  нэхэмжлэгч Х.М56, гуравдагч этгээд Б.У 67, Д.Ж 58.7 оноо тус тус авсан ба тестийн шалгалтын онооны дүнгээр /хх1-36/ нэхэмжлэгч Х.М 49.8, гуравдагч этгээд Б.У 59.9, Д.Ж 51.3 оноо тус тус авчээ. 

А.М, С.Г нар нь тестийн шалгалт өгсөн боловч шалгалтын нэгдсэн дүн мэдээнд ороогүй болох нь ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  шалгаруулалтын дүн мэдээ /хх1-35, 36/, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Э “...сонгон шалгаруулалтыг орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Х.М, Б.У, Д.Ж нарын  дунд зохион байгуулж, энэ гурвын  шалгаруулалтын үзүүлэлт гарсан. Хэлтсийн даргад шалгалтын комисс  Х.М, Д.Ж, Б.У нарын шалгаруулалтын дүн мэдээг өгсөн. Комиссоос өөр  дүн мэдээ гараагүй. Харин шалгалтын комисс шалгалтанд оролцогч нарын тестийн шалгалтын оноогоор, тестийн шалгалтын оноог хувилсан хэлбэрээр  дүн гаргасан бөгөөд энэ нь эцсийн дүндээ нэг л дүн гэсэн үг юм. А.М, С.Г нь нараас ганцхан тестийн шалгалт авсан. Энэ хоёр хүний хувьд шалгаруулалтанд оролцоогүй...” гэж  шалгалтын дүн мэдээний талаар тайлбарласан. 

Нэхэмжлэгч нь шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлээ “...шалгаруулалтад 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн байхад дахин 2017 оны жилийн эцсийн тайлангийн үлдэгдэл, төлөвлөгөөний биелэлт,  жилийн эцсийн авлагын үлдэгдэл зэргийг  шалгаруулалтын үзүүлэлтэд оруулж давхардуулан оноо өгсөн нь  үндэслэлгүй” гэж, хариуцагч үр дүнгийн гэрээг 12 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон дүгнэсэн байдаг. Харин жилийн эцсийн тайлангийн үлдэгдэл, төлөвлөгөөний биелэлт,  жилийн эцсийн авлагын үлдэгдэл зэргийг 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгодог тул эдгээр үзүүлэлтийг оруулж дүгнэсэн нь хууль  зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.М гуравдагч этгээд Б.У, Д.Ж нарын 2017 оны үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга 2017 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд дүгнэсэн харин 2017 оны нийт ажил олгогчийн өглөг авлагын тайланг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргаж  шалгаруулалтын нэг үзүүлэлт болгосон болох нь Х.М, Б.У, Д.Ж нарын үр дүнгийн гэрээ дүгнүүлсэн илтгэх хуудас /хх1-59-71, 75-82, 90-97/, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2017 оны нийт ажил олгогчийн өглөг авлагын тайлангаар /хх1-130/ тогтоогдсон.

Дээрхээс харахад үр дүнгийн гэрээгээр дүгнэсэн ажлыг дахин шалгуур үзүүлэлтэд  давхардуулан оноо өгсөн гэж үзэхээргүй байна. 

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод /хх1-178/ Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь  санд төвлөрүүлэх,  шимтгэлийн авлага, өглөг үүсгэхээс урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх  гэж үндсэн зорилгыг тодорхойлсон  бөгөөд үндсэн зорилт, чиг үүргийн  хүрээнд орлого шимтгэлийн байцаагчийн үндсэн ажил болох 2017 оны нийт ажил олгогчийн өглөг авлагын тайланг  шалгуур үзүүлэлт болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн  даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэний дагуу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан Сонгон шалгаруулалтын бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус  Сонгон  шалгаруулалтын үзүүлэлтийг дүгнэсэн  Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Сонгон шалгаруулалт зохион байгуулах  ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  шийдвэр, дүн мэдээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

Мөн орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалын орон тоо цөөрсөн тул хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тухайн шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан Б.У, Д.Ж нарыг тус албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж,  Х.Мыг орлого шимтгэлийн байцаагчийн ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчим болон 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгтэй нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг хангасан байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгаагаар хангах зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай шууд хамааралтай буюу төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөнөөр орон тоо цөөрсөн тохиолдолд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа шалгараагүй үлдсэн албан хаагчид хамаарах ба тус хэлтсээс  Х.Мд  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

Шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Б.г, Д.Ж нарыг тус хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар  үргэлжлүүлэн ажиллуулж байгаатай  нэхэмжлэгч маргаагүй. 

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 тоот “Х.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Х.Мын төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан,  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.   

2. Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн  хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилохыг даалгах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай “А.Мд ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай”, .Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай “А.Мыг  ажилд томилох тухай”  тушаалуудыг  хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “...хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоог А.Мд хавсруулж ажиллуулж байна. Энэ сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу томилогдох боломжтой...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  орон тоо, албан тушаалыг баталсан бөгөөд шинэ бүтэц орон тоогоор  тус хэлтэст Хяналт шалгалт, дотоод аудитын тасаг шинээр  нэмэгдсэн бөгөөд урьд хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан 2 байцаагчийн 1 нь тасгийн дарга болсноор 1 хяналт шалгалтын байцаагчийн орон тоо сул болсон талаар хэргийн оролцогч нар тайлбарлах бөгөөд хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсантай талууд маргаагүй. 

Ажлын байрны тодорхойлолтоор орлого шимтгэлийн байцаагчийн үндсэн чиг үүрэг нь Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь  санд төвлөрүүлэх,  шимтгэлийн авлага, өглөг үүсгэхээс урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын хамрагдлыг нэмэгдүүлэх /хх1-178/, харин хяналт шалгалтын байцаагчийн үндсэн чиг үүрэг нь  хяналт шалгалт хийх, үр дүнг тодорхойлох /хх1-226/ бөгөөд дээрх албан тушаалууд нь ажлын байрны тодорхойлолтод заасан  албан тушаалын зэрэглэл болон тавигдах шаардлагууд ижил байх ч  хэрэгжүүлэх ажлын чиг үүрэг нь өөр өөр байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд  тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн,  мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэжээ.

Ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн  тухайн хэлтсийн даргын эрх бөгөөд Х.Мыг уг албан тушаалд томилохыг даалгах  нь тус хэлтэст ажиллаж байгаа  бусад төрийн жинхэнэ албан хаагчдын сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хангах хэлтсийн даргын эрхэд шүүхээс халдсан байдал үүсэх тул  нэхэмжлэгчийн хяналтын байцаагчийн албан тушаалд  нөхөн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нь  тухайн сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилготой бөгөөд А.Мд  хяналт шалгалтын байцаагчийн  албан тушаалыг хавсруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Дүгнэвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЯНЖИНДУЛАМ