Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00152

 

Ш.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1962 дугаар магадлалтай,

Ш.Б-ы нэхэмжлэлтэй,

Ч.Э-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1.046.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болор, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 45 жил эзэмшиж, амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо УБТЗ-ын 45-4-48 тоот байрны хаалгыг Ч.Э- нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад 6 хүнтэй бүлэглэн эвдэж ороод, гэрээс улаан шаргал мебель сандал 2 ширхэг /140.000 төгрөг/, хавтгай дэлгэцтэй өнгөт телевиз 1 ширхэг /360.000 төгрөг/, Сони Камер 1 ширхэг /380.000 төгрөг/, хэвийн боов 50 ширхэг /50 х 2000 төгрөг/, дээд гурил 25 кг, шинэ өвлийн гутал 35.000 төгрөг, машины гар насос 1 ширхэг /45.000 төгрөг/ зэрэг эд зүйлийг байрнаас гаргаж овоолоод 65-56 УНБ дугаартай хар машинаар авч явсан. Энэ нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үнэлгээний комиссын үнэлснээр надад 806.000 төгрөгийн хохирол учирсан ба, хариуцагчийн эвдэлсэн хаалганы үнэлгээ 200.000 төгрөг гарсныг би хариуцагчаас нэхэмжлээгүй. Харин шинээр бүргэд хаалга 240.000 төгрөгөөр худалдаж авсан учир түүний зардлыг үнэлгээгээр тогтоогдсон хохирол дээр нэмээд, нийт 1.046.000 төгрөгийг Ч.Э-ас шаардаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Ч.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б-ы гэх Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 45 дугаар байрны 48 тоот орон сууцыг миний эхнэр Ц.Болор, хадам эх М.Жаргалсайхан нар 2013 оны 10 дугаар сард өв залгамжлалаар өвлөж авсан бөгөөд одоо албан ёсоор дээрх байр нь тэдний нэр дээр байдаг, хууль ёсны өмчлөгч юм. 2014 онд бид Ш.Б-ыг шүүхээр эрэн сурвалжлуулж олоод, хариуцагчаар татаж байран доторх эд зүйлсийг нь гаргуулж, байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхэд тэрээр уг байр надад хамаагүй, дотор нь миний юм байхгүй, Н.Ойдовдоржийн барьцаанд байгаа, түүний эд юмс байгаа гэсэн тайлбарыг шүүхэд хэлж, бид арга буюу байранд байгаа эд зүйлсийн эзэн тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2015 онд нэхэмжлэлээ татан авсан. Ш.Б-д холбогдуулаад байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаар энэ хүн хаана амьдардаг нь огт мэдэгддэггүй, шүүхэд ирэхээрээ энэ байранд амьдардаггүй гээд байдаг. Бид Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримталж өөртөө туслах үйлчилгээг хэрэглэж байраа чөлөөлөхөөр 2 удаа оролдсон ч Ш.Б-, Н.Ойдовдорж нар элдвээр саад хийн зогсоодог байсан. Ш.Б- бидний гаргаж гадаа өрсөн юмсыг бүгдийг нь зөөгөөд оруулчихсан, хаалга сольчихсон орцны үүдэнд зогсож байсан. Үүнээс хойш 2 сарын дараа түүний хамсаатан Н.Ойдовдорж нь намайг шүүхэд өгч, гэм хорын хохирол гэж 800.000 төгрөг нэхэмжилсэн нь Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 02068 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч эд зүйлсийн зураг авсан байсан. Түүн дотроос алга болсон гээд байсан камерын зураг хавсаргасан байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.Б- энэ байрыг суллаж өгөхгүй гэсэн зорилгоор 4-5 жил байнга шүүх, цагдаагаар явж цаг хожиж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Э-ас 806.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Э-ас 23.894 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1962 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э-ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1962 дугаартай магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

Ш.Б- нь тус дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийхдээ эд зүйлүүдийг нотлох баримт гэж үзээд комиссын үнэлгээг хийлгэж 1,046,0 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Нэхэмжлэгч Ш. Батсайхан нь тухайн үед Ч.Э-ын дураар аашлаж авсан эд зүйлүүдээ хуульд заасан арга хэрэгсэл болох фото зургуудаар бэхжүүлж өгснийг урьдчилсан нотлох баримт гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн 2017 оны 7 ба 9 дүгээр саруудад Улсын Ерөнхий Прокурорын газраас Ч.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 236-р зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж байсан хэргийн материалыг татаж хянаад Ч.Э-ыг Ш.Б-ы эзэмшлийн эд зүйлийг хууль бусаар авсан нь тогтоогдсон байна гэж үзэж зарим ажиллагаануудыг нэмж шалгуулаад прокурорын тогтоолоор Ч.Э-д Зөрчлийн хуульд зааснаар арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэж байсан нь нотлох баримт болох ёстой гэж үзэж байна. Хариуцагч бидний байрыг суллаж өгөхгүй 4-5 жил шүүх цагдаа, прокуророор явуулж чирэгдүүлж байна гэсэн нь ХХ-11-д буй нийслэлийн шүүхийн 807 магадлалд уг байрны эзэмшигчийг нь тогтоох гээд анхан шатанд буцаахад Ч.Э- өөрөө энэ хэрэгт өгсөн тайлбартаа хх-53-т буй СБД-ийн шүүхийн №28496 захирамжаар нэхэмжлэлээ татан авч Ш.Б- нь хх-16-д буй СБД шүүхийн 2015.02.02-ны №818 шийдвэрээр уг байрны өвлөх эрхээ сэргээлгэсэн байхад 1973 оноос хойш тасралтгүй эзэмшсэн эзэмшигч бөгөөд эзэмших эрхэнд нь халдаж эд хогшилыг УНБ 65-56 хар машинд 2017.03.17-ны орой 22.30 үед ачиж аваад явсныг гэрч Н.Ойдовдоржийн цагдаад мэдүүлэхдээ өгсөн, мөн шүүхэд гэрчээр оролцоод мэдүүлэхдээ өгсөн нь хэргийн үйл явц хугацааны зөрүүгүй гадаа овоолсон эд хогшилын зургийг 2017.03.17-ны 11.30-18.00 хооронд авч хх-22-оос 27-гийн ард тод өнгөт фотогоор хэрэгт авагдсан. ...Шүүхэд нэгэнт хэлцэгдэж шийдэгдсэн хэргийн талаарх нотлох баримтыг шүүхэд дахин авч нотлох баримтаар хэрэглэхгүй ба Цагдаагийн хэрэг бүртгэлээр бүх нотлох баримтуудыг үнэн зөв гэж тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад №210 тогтоолоор үүд хаалга эвдсэн үйлдлийн хохирлын хэмжээнд хүрэхгүй учраас хэргийг хаасан байдаг. №02171 шийдвэрийн үндэслэх хэсэгт ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2 ба 38-р зүйлийн 38.1,-д зааснаар шүүхэд гаргаж байгаа тайлбар татгалзлалаа баримтаар хангалттай нотлоогүй гэжээ. №02171 шийдвэрийг Ц.Болор эс зөвшөөрсөн нь үндэслэлгүй бөгөөд №02171 шийдвэрийг ИХШХШ тухай хуулийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг 1962 магадлалд хянавал хэсэгтээ буруу тусгаж ИХШХШ тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.7-д зааснаар гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж хх-222-д байгаа Ц.Болорын давах гомдолд өгсөн Ш.Б-ы тайлбарыг огт уншаагүй нь харагдаж зөвхөн Ц.Болорын хохирлыг төлөхгүй гэсэн бодлогыг дэмжиж үндэслэлгүй гомдлоор хэргийг анхан шатанд буцаасанд гомдолтой байна.

Ийм учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ч.Э-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ эдгээр баримтуудыг үндэслэлтэй нотлох баримт гэж дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл байхгүй үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Ч.Э-ас 1.046.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг амьдарч байсан орон сууцны хаалгыг эвдэж, эд зүйлийг авч явснаас учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжилж буй эд зүйл бодитоор байгаагүй, үнэлгээг бодитойгоор гаргаагүй, тухайн орон сууцны өмчлөгч тул өөртөө туслах арга хэмжээ авсан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Ч.Э- нь 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, УБТЗ-ын 45 дугаар байрны 48 тоот орон сууцны хаалгыг эвдэн орж, тухайн байранд байсан нэхэмжлэгч Ш.Б-ы түрүүтэй өвлийн ботинк, дээд гурил, ууттай хэвийн боорцог, мебель сандал 2 ш, Сони телевизор, хөл насос, Сони камер /хуучин/ зэрэг эд зүйлийг гаргаж, машинаар ачиж явсан талаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 210 дугаар тогтоолд дурджээ /хэргийн 4-10 дугаар тал/.

Ш.Б-ы гаргасан гомдлыг шалгах явцад цагдаагийн байгууллага нь дээрх эд зүйлийн үнэлгээ тогтоосон байх ба прокурорын дээрх тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дээрх баримтыг дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2.-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан.

 Хэргийн 22-30 дугаар талд авагдсан фото зургууд нь эрүүгийн хэрэгт авагдсан байх ба уг баримтад прокурорын байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсанаас гадна нотариатаар гэрчлэгдсэн байхад давж заалдах шатны шүүх “...фото зургууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагад нийцээгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн цагдаагийн байгууллага гомдлыг шалгах явцад үнэлгээ тогтоолгосон нь Иргэний хэрэг шүүхэд 44 дүгээр зүйлийн 44.1.-т заасан бичмэл нотлох баримт байх ба уг баримтыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “...цагдаагийн байгууллагаас үнэлгээ тогтоосон баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1., 47.2.-т заасныг зөрчсөн...” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн, уг зөрчлийг ноцтой гэж үзсэн үндэслэлээ давж заалдах шатны шүүх магадлалд заалгүй, зөвхөн дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т заажээ.

Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо хариуцагч нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох баримтыг нэрлэн зааж, нэхэмжлэлээс 806.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1962 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/13231 дүгээр шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ