Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 117

 

Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат,

шүүгдэгч Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар магадлалтай, Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн 201601070133 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат, шүүгдэгч Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл бүлэглэж санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Мягмарын Өлзийбаяр нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл бүлэглэж санаатай учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл бүлэглэж санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Урангэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарыг тус бүр 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Ц.Урангэрэлд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нийгэмд ашигтай ажлыг хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт мэдэгдэж, шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь хохирогч Э.Соёл-Эрдэнэд 2.000.000 төгрөг төлснийг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахыг, өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргаж өгсөн сидиг түүнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат, шүүгдэгч Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарын өмгөөлөгч Т.Амгаланбат, шүүгдэгч Ц.Урангэрэлийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Урангэрэлийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд “мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн жинхэнэ байдлыг тал бүрээс нь нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, хэргийн байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч нар хохирогчийн гэрт очиход хохирогч утсаа гаргаж ирж бичлэг хийсэн бөгөөд шүүгдэгч нар болиулах гэтэл Ц.Урангэрэлийн үснээс нь зулгааж, маажин хохирогчид зодуулаад гарсан гэдгийг шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Хохирогчийн байсан байранд хэрүүл маргаан болсон талаар тухайн байрны оршин суугчдаас тайлбар, мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарын өмгөөлөгч Т.Амгаланбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… мөрдөн байцаалтын шатанд нотлогдвол зохих зүйлийг бүрэн нотлоогүй байхад шүүх нотолсон мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Хохирогч энэ хэрэгт мэдүүлэг өгөх бүрдээ зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлэг өгсөөр байтал анхан болон давж заалдах шатны шүүх мэдүүлэг зөрүүгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч эх сурвалжаа тодорхой зааж чадахгүй байхад эх сурвалжийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргаад байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа “... мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай бүрэн хийгдсэн бөгөөд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь хэргийн жинхэнэ байдал буюу бодит үнэнийг тогтооход орших бөгөөд шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй.

Шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ буюу хохирогчид учирсан гэх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т заасан шалгуур шинжийг хангасан эсэхийг тогтоож, хохирогч Э.Соёл-Эрдэнийн мэдүүлгийн эх сурвалжийг нотлох баримтаар хөдөлбөргүй нотолж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтыг нэг талыг барьж гүйцэт биш хийсэн гэх үндэслэлд хамаарах тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн шүүгдэгч Ц.Урангэрэлийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байтал шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулжээ.

Хяналтын журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг тогтоох, нотлогдсон гэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах, шүүх ямар нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох зэргийг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарын өмгөөлөгч Т.Амгаланбатын хяналтын шатны шүүхэд гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох эрүүгийн 201601070133 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Багануур дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                                              Б.БАТЦЭРЭН

               ШҮҮГЧ                                                              Б.ЦОГТ