Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 401

 

Н.Батсуурь, Б.Мягмархүү нарын 

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 593 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Н.Батсуурь, Б.Мягмархүү нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Батсуурь, Б.Мягмархүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын гаргасан “Уорлд трэвел” ХХК-д газар эзэмших зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах тушаалын нэхэмжлэгч нарын оршин суух газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Уорлд трэвел” ХХК-д 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 797 дугаар гэрчилгээгээр 30 га газрыг ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн Н.Батсуурь болон Б.Мягмархүү нар газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 593 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, Э.Билгүүн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн энэхүү шаардлага нь хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж буй этгээдэд хамаарна. Өөрөөр хэлбэл тодорхой газрыг эзэмшиж, ашиглахыг хүсч гаргасан хүсэлтэд дурдсан газар нь бусад этгээдийн хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байхыг шаардаж буй үндэслэл бүхий шаардлага юм.

Энэ нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасан зохицуулалтаас урган гарч байгаа болно. Гэтэл манай тохиолдолд нэхэмжлэгч Н.Батсуурь, Б.Мягмархүү нар нь одоо амьдарч буй газрыг эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээгүй, өнгөрсөн хугацаанд газрын төлбөр огт төлж байгаагүй бөгөөд тухайн газраа ашиглах, эзэмших хүсэлтийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, энэ тухай нотлох баримт хэргийн материалд байхгүй юм.

Нэхэмжлэгч нарын хууль бусаар амьдарч буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд газрын дэглэмийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль үйлчилдэг. Нэхэмжлэгч Н.Батсуурь нь одоо амьдарч буй газартаа байгаль хамгаалагчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэхийн тулд ирж буусан байдаг. Өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгэхийн тулд энэ газартаа амьдарсан байдаг. Гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох үед төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд  Н.Батсуурь гэдэг айлыг нүүнэ гэж хэлж газар  олголтыг хийсэн.

Түүнчлэн "Уорлд трэвел" ХХК-д газар олгох үед ч, одоо ч нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээгүй болно.

Нэхэмжлэгч нараас өөрсдийн амьдарч буй газраа ашиглахыг хүсч өргөдөл гаргасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрх олгохоос татгалзах үндэслэлтэй юм.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг огт авч хэлэлцсэнгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухай хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Н.Батсуурь нь 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Мэргэжлийн  Хяналтын  Ерөнхий  Газарт өргөдөл  гаргасан  байдаг.  Өргөдөл  нь хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан. Н.Батсуурь нь өргөдөлдөө "...миний эзэмшлийн газрын “Уорлд трэвел” ХХК 2004 оны 5 сард ирээд 2005 оны 4 сард кадастрын зургандаа миний эзэмшлийн газрын оруулж хийлгээд дараа нь намайг нуу гэж дарамт үзүүлж байгаа учир улсын байцаагчийн дүгнэлт гаргаж өгөхийг хүсье" гэж бичсэн байдаг. Энэхүү өргөдлийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийж 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 8/065/1706 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Батсуурийн амьдран суурьшсан газар нь гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай болохыг тогтоосон байдаг. Энэхүү дүгнэлтийн хуулбарыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхээс нотлох баримтын шаардлага хангуулан төрийн захиргааны байгууллагаас гаргуулан авч хэргийн  76-78 дугаар талд авагдсан байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч өөрийн амьдарч буй газар “Уорлд трэвел” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай болохыг мэдэж байсан нь нотлогдож байна.

“Уорлд трэвел” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн Газрын албанаас удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг нэхэмжлэгч Н.Батсуурьд хүргүүлж байсан байдаг. Тухайлбал: Нийслэлийн Хан-Уул дүүргийн   Газрын  албаны  2010  оны  05 дугаар  сарын  21-ний  өдрийн  09/142 дугаартай албан бичиг, нийслэлийн Хан-Уул дүүргийн Өмч. газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09/1325 дугаартай албан бичигт энэ тухай тэмдэглэсэн байдаг. Эдгээр албан бичгүүд нь хэргийн ....-р хавтасны .... талд авагдсан байгаа.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан БОНХАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6222 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай албан бичиг юм. Гэхдээ нэхэмжлэгч нар газар ашиглах эрх олгох тухай хүсэлтийг гаргахдаа амьдарч буй газар нь "Уорлд трэвел" ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай болохыг мэдсээр байж гаргасан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа, хуульд заасан шаардлага хангасан тодорхой нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнэхгүй байгаа нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмуудыг огт анхааран үзсэнгүй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч хийгээд гуравдагч этгээдийн газар нь ямар хэмжээгээр давхцалтай болох тухай тодорхой заагаагүй. Нэхэмжлэгч Н.Батсуурь нь анх тус газарт малын хашаа, монгол гэртэй байдаг байсан бол одоо амины орон сууц барин газрын хэмжээгээ тэлсээр байна. Энэ нь хууль ёсны дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа "Уорлд трэвел" ХХК-ний эрх, ашиг сонирхолд халдсаар байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа магадлалын агуулгыг танилцуулж сонсгохдоо давхцаж буй газрын хэмжээг 697 мкв гэж үзсэн болохыг шүүх бүрэлдэхүүн танилцуулсан. Гэтэл магадлал бичгэн хэлбэрээр гарч ирэхэд магадлалд энэ тухай ямар ч агуулга тусгагдаагүй байдаг. Иймд тус магадлал нь хүчинтэй эсэх нь эргэлзээтэй байна. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлээс тодруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Батсуурь, Б.Мягмархүү нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Батсуурь, Б.Мягмархүү нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Уорлд трэвел” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаалын нэхэмжлэгч нарын оршин суух газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-д улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 10 га газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон байх бөгөөд улмаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 30 га газар болгосон байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.

Энэ тохиолдолд гуравдагч этгээд “Уорлд трэвел” ХХК-д газар ашиглуулахаас өмнө нэхэмжлэгч нар маргаан бүхий 11 дүгээр хороо, Богины ам, 1-1 тоот газарт амьдарч байсан болох нь 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 8/065/1706 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргах үедээ тухайн газарт нь үзлэг хийх, хэмжих, координатжуулах ажлыг хийгээгүй буруутай байна.

Иймээс гуравдагч этгээдээс түрүүлж, нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг ашиглаж, үл хөдлөх хөрөнгө барьж, амьдран суусан байх тул нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг ашиглах хууль ёсны ашиг сонирхол, эрх түрүүлж үүссэн гэж үзлээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч нар хууль бусаар амьдарч байгаа, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй” гэх гомдлын тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газарт Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор заасан.

Нэхэмжлэгч нар нь 1991 оноос хойш маргаан бүхий газрыг ашиглаж, бодитойгоор амьдран сууж байсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж байгаа газрыг ашиглах эрхийг олгож, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг ашиглах эрх үүссэн байх бөгөөд захиргааны байгууллагаас “газар давхцалтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг ашиглуулахаас татгалзсан нь хууль бус болжээ.

Учир нь гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх нэхэмжлэгч нараас сүүлд үүссэн, нэхэмжлэгч нар уг маргаан бүхий газарт хоёр үл хөдлөх хөрөнгө барьж, он удаан жил амьдарсан байгааг захиргааны байгууллага анхаараагүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “газар ямар хэмжээгээр давхацсан болохыг тодорхой заагаагүй” гэх тухайд:

Нэхэмжлэгч Н.Батсуурь, Б.Мягмархүү нарын ашиглаж байгаа газрын хэмжээ нийтдээ 664 мкв хэмжээтэй болох нь 18641307966321 нэгж талбарын дугаар бүхий, захиргааны байгууллага хянаж баталгаажуулсан газрын байршлын кадастрын зургаар тогтоогдсон байна. Иймээс газрын давхцлыг 664 мкв хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч нарт газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн боломжтой байна.

“Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6222 албан бичгийг хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нар нь “газар давхцалтай болохыг 2010 онд газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл хүлээн авснаар мэдсэн” гэж маргаж байгаа боловч тухайн үед нэхэмжлэгч нар нь газрыг эзэмшихээр эрх бүхий байгууллагад, тухайлбал Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, дүгнэлт гаргуулж байсан, мөн 2015 онд зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж байсан иргэдэд газар ашиглуулахаар захиргааны дээд байгууллагаас шийдвэрлэсэн шинэ нөхцөл үүссэн байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2016/0593 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ