Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0593

 

   Н.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Б*******, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Н.Б, Б.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Ч.О******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “У*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*******ын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй, Б*******,*******,*******ад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У*******” ХХК-д газар эзэмших зөвшөөрөл олгосон Б*******,*******,*******ын “Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах” тушаалын нэхэмжлэгч нарын оршин суух газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулж, Н.Б, Б.М нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******ын гаргасан “У*******” ХХК-д газар эзэмших зөвшөөрөл олгосон Б*******,*******,*******ын “Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах” тушаалын нэхэмжлэгч нарын оршин суух газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “У*******” ХХК-д 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 797 дугаар гэрчилгээгээр 30 га газрыг ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Н.Б болон Б.М нар газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Б*******,*******,*******ад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “У*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг огт анхаарч үзсэнгүй.

Учир нь нэхэмжлэгч нар 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гарган өөрсдийн амьдарч буй газар “У*******” ХХК-ийн хууль ёсоор ашиглаж буй газартай бүрэн давхцалтай болохыг мэдсэн байдаг. Энэ тухай нотлох баримтаа шүүхэд гарган өгч, шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө мэдүүлсэн байдаг. Гэвч үүнээс хойш газрын давхцалын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж байгаагүй. Хуульд тодорхойлсноор “иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор...” гомдол, нэхэмжлэлээ гаргах ёстой. Хуулийн энэ зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн тухай үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан.

Анхан шатны шүүх хууль ёсоор газар ашиглаж буй хуулийн этгээдийн эрхийг зөрчин, зохих хуулийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээгүйгээр газрын харилцааны тусгай дэглэм үйлчилдэг газарт газар ашиглаж байгаа иргэдийн хууль зөрчсөн үйлдлийг дэмжсэн шийдвэрийг гаргасан.

Учир нь нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах бөгөөд тухайн бүсэд газар ашиглах харилцаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсаж өөрчлөгдөх зүй тогтлыг судлах танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутаг буюу Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах тохиолдолд гагцхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журам үйлчилдэг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 онд Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг зөрчиж, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосныг анхан шатны шүүх зөвтгөж үзсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Н.Б байгаль хамгаалагчийн хувьд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр, хуульд заасан зориулалтаар бус амьдарч, оршин сууж болохгүй гэдгийг мэдсээр байж ийнхүү амьдарч байсан нь түүнийг мөн зөвтгөх үндэслэл болохгүй. Н.Б байгаль хамгаалагчийн албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа Богинын аманд газар ашиглах эрхийн гэрчилгээгүйгээр амьдарч байсан айлуудыг нүүхийг шаардаж, хууль зөрчиж буй аливаа үйлдэлтэй тэмцэж ирсэн байдаг.

Төрийн захиргааны байгууллагаас олгосон хаяг нь аливаа этгээдэд газар эзэмших эрх олгохгүй бөгөөд энэ нь зөвхөн төр өөрийн иргэдэд үйлчилгээгээ тогтвортой, тасралтгүй хүргэж, бүртгэлтэй байлгах зорилготой. Удаан хугацаанд хүчин төгөлдөр эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр газар ашиглаж ирсэн нь тэднийг энэ хугацаанд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байсныг илэрхийлж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б, Б.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн “У*******” ХХК-ийн ашиглах эрхтэй газрын нэхэмжлэгч иргэдийн газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Б*******,*******, аялал жуучлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах 4, 11 дүгээр хороонд зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, улмаар Б*******,*******, аялал жуулчлалын яамнаас “зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байрлаагүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй” гэх 411 иргэнд газар ашиглах эрх олгож гэрчилгээжүүлсэн байна.

Харин нэхэмжлэгч Н.Б, Б.М нарын оршин сууж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Богины ам, 1 гудамжны 1 тоот хаягт байрлах газрыг “төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан “У*******” ХХК-ийн газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр гэрчилгээжүүлээгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нарт Б*******,*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/6222 тоот албан бичгийг мэдэгдсэн байна.

Гэтэл цаг хугацааны хувьд 2008 онд “У*******” ХХК-д газар ашиглах эрх үүсэхээс өмнө буюу 1991 оноос хойш нэхэмжлэгч Н.Б, Б.М нар уг давхцал бүхий газарт амьдарч байсан байхад Б*******,*******,******* нэхэмжлэгч иргэдийн амьдарч буй газартай давхцуулан “У*******” ХХК-д газар ашиглах эрх олгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Дүгнэвэл, Б*******,*******, аялал жуулчлалын яамнаас “У*******” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ газрын давхцалыг харгалзаж үзэлгүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагчийн энэхүү шийдвэр нь төрөөс газрын талаар баримтлах “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” талаарх гомдлын тухайд нэхэмжлэгч иргэд Б*******,*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг хүлээн авснаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдэд газар ашиглах эрх үүсэхээс өмнө маргаан бүхий газарт амьдарч байсан талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 797 дугаар гэрчилгээгээр “У*******” ХХК-д олгосон 30 га газраас нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН