Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2019/0007/З |
Дугаар | 07 |
Огноо | 2019-03-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 07
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар намайг тус сумын Засаг даргын орлогчоор томилон ажиллуулсан. Миний бие төрийн албан хаагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамж гарган орлогчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч намайг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлөхдөө Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидтэй урьдчилан зөвшилцөөгүй, тэргүүлэгчдийн тогтоол гараагүй болно. Мянгад сумын Засаг дарга С.Л нь Засаг даргын ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан хийгдээгүй.
Мянгад сумын Засаг дарга С.Л нь надтай урьдчилан уулзаж, ярилцалгүйгээр гэнэт Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа намайг ямар шалтгааны улмаас сумын Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөн талаар эрх зүйн үндэслэлээ тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Хуульд нийцээгүй Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр баталгаажсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах зөрчигдсөн.
Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Б нь тус шүүхэд нэхэмжлэлийн дөрвөн шаардлага гаргасан. Үүний нэг нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага юм.
Сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалд хамаардаг ба улс төрийн албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудал нь тодорхой хуулиудаар зохицуулагддаг. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөхдөө сумын Засаг дарга нь тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг шаарддаг. Гэтэл уг хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй гэдгийг шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Мөн Захиргааны Ерөнхий хуульд зааснаар бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчиж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрээ олонхийн саналыг үндэслэн гаргадаг. Хариуцагч нь Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Намсрайжавтай амаар зөвшилцсөн гээд албан бичиг хавсаргаж өгсөн байдаг. Гэтэл н.Намсрайжав нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө амаар хэлэлцсэн гэж мэдүүлсэн байсан.
Сумын Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа асуудал тавьж, танилцуулахдаа албан бичгээр хүргүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, олонхийн саналаар шийдвэрлэх ёстой. Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус сумын Засаг дарга С.Л-ээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн албан бичиг, санал хүргүүлээгүй, хурал тухайн асуудлаар хуралдаж, шийдвэр гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулах ёстой. Үүнийг шалгаж тогтоох нь эрхтэй байгууллага нь Цагдаагийн байгууллагад байдаг. Нэхэмжлэгчийг архидан согтуурсан гэж зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол үүнийг нь Цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Үүний дараа ажил олгогч нь шийдвэр гаргаж, арга хэмжээ авах асуудал яригдана.
Улс төрийн албан тушаалтантай холбоотой бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хуулийн заалттай учраас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэх боломжтой юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Л шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаар томилогдож, тухайн өдрөө сумын Засаг даргын ажлаа хүлээн авч, Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилчдын хурлыг хийсэн.
Тухайн хурал дээр би хамт олондоо хоёр шаардлагыг тавьсан бөгөөд үүнд, энэ мөчөөс хойш ажлын цагаар архидан согтуурах, ажлын цагийг үр бүтээлгүй ашиглах, ажлын цагийг баримталж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Энэ нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Мянгад сумын Засаг даргын орлогч М.Б нь ажлын цагаар архидан согтуурсан бөгөөд би түүнийг дуудан уулзаж, архидан согтуурч болохгүй гэх үүрэг даалгавар өгснийг сануулж, асуухад дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлсэн. Улмаар би нэхэмжлэгчийг цаашид надтай хамтарч ажиллах сонирхолгүй, ажиллаж чадахгүй юм байна гэж бодсон. Би тухайн үед нэхэмжлэгчийг ажлаас нь халах талаар хэнд ч яриагүй. Гэтэл М.Б нь өөрөө хүмүүстэй архидан согтуурахдаа намайг ажлаас халах гэж байгаа, би С.Л-тэй хамтарч ажиллахгүй гэж гадуур ярьсан байсан. Нэхэмжлэгчийн архидан согтуурсан өдрийн камерын бичлэг устсан байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 258 дугаар тогтоолын 7.1-д төрийн албан хаагч нь албан өрөөндөө ажлын цагаар архидан согтуурвал хариуцлага тооцно заасан байгаа. Энэ нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлд орно гэж бодож байна. Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т Засаг дарга 1-ээс илүүгүй орлогчтой байхаар заасан. Орлогчоо томилж, чөлөөлөхдөө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөнө гэсэн хуулийн шаардлагатай. Би нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө өмнөх сумын Засаг дарга нар орлогчоо хэрхэн томилж, чөлөөлж байсан талаар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч байсан эсэхийг судлахад нэг ч тогтоол гарч байгаагүй байсан.
Мөн Ховд аймгийн Мянгад сумын Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид урьдчилсан амаар хэлэлцэж, тохиролцож байсан болохоос биш албан ёсоор тогтоол гарч байгаагүй байсан байдаг.
Иймээс би Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Намсрайжавт тогтоол, шийдвэр гарч байгаагүй юм байна, Засаг даргын орлогчоо ажлаас чөлөөлөх үндэслэл бий боллоо гэдгийг хэлэхэд, та өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хуульд зааснаар шийдвэрээ гарга гэж хэлсэн.
Иймд би хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Мянгад сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ыг оролцуулсан.
Шүүхээс хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой гэж, хариуцагчаас хуулинд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргасан гэж тайлбарлан маргана.
Нэхэмжлэгч М.Б нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж, 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар /Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна”, 11.1.9-д “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч”/ төрийн улс төрийн албан тушаалд хамаарна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан ба Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нь тодорхойлсон.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй” гэжээ.
Эндээс үзвэл сумын Засаг дарга орлогчоо томилж, чөлөөлөхдөө ”тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” хуулиар тогтоосон шаардлагыг хангасан байхыг шаардана.
Хариуцагч Мянгад сумын Засаг дарга С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “манай суманд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөхдөө тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж шийдвэрлэж байсан практик байгаагүй, улс төрийн албан тушаал учир намын бодлогоор эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргадаг байсан, Засаг дарга өөрчлөгдөхөд орлогч өөрчлөгдөх үндэслэлтэй, М.Б-ыг ажлаас чөлөөлөх талаар Хурлын даргад танилцуулж амаар зөвшилцсөн.” гэж тайлбарласныг хууль зүйн дүгнэлт хийвэл:
нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д төрийн албанд баримтлах үндсэн зарчим нь “хууль дээдлэх зарчим” гэж хуульчилсан. Захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдах ёстой тул хуулийг хэрэгжүүлдэггүй практик буюу тогтсон хэв маяг, уламжлалыг дагаж шийдвэр гаргасан гэх тайлбар нь хуулиар журамласан харилцааг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Төрийн улс төрийн албан тушаалтны үйл ажиллагаа нь улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй ч хуульд нийцсэн байхыг шаардана.
хоёрдугаарт, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хамтын удирдлагатай байгууллага бөгөөд Хурлын дарга дангаар асуудлыг шийдвэрлэх эрхгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын Засаг даргын орлогчийг чөлөөлөхдөө тухайн Хурлын дарга бус Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөөр журамласан тул Хурлын даргатай зөвшилцсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй .
гуравдугаарт, “Зөвшилцөх” гэдэг нь үгзүйн хувьд “тодорхой асуудлыг нэгдмэл санаа бодлоор шийдвэрлэх” гэсэн утгыг агуулах ба хууль зүйн хувьд “эрх бүхий этгээдээс хуульд заасан үндэслэлээр холбогдох албан тушаалтантай санал солилцох, саналын хариуг хүргүүлэх” гэсэн агуулгаар тайлбарлагдана.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар “тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” гэдэг нь сумын Засаг дарга нь орлогчоо чөлөөлөх үндэслэлээ сумын хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хуралдаанаас тогтоол, тэмдэглэл гарсан байхыг ойлгоно.
Маргааны үйл баримтын хувьд хариуцагч Мянгад сумын Засаг дарга С.Л нь орлогч М.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө сумын хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрч К.Мереке, С.Чулуунхүү, Д.Намсрайжав, Г.Лхагвасүрэн нарын мэдүүлэг болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзлээ.
Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан тусгай зарчмыг баримтлана.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.“зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. ”бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; зарчмыг баримтлана гэжээ .
Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий байх тул хариуцагчаас түүнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах замаар захиргааны акт гаргах бодит нөхцөл, үндэслэлийн хангуулах ёстой байжээ.
Иймд Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр “Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь хуулиар тогтоосон шаардлага, журамласан харилцааг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй байх тул хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж М.Б-ыг урьд эрхэлж Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасныг баримтлан М.Б-ын ажилгүй байсан хугацаа /2019 оны 02 сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 сарын 28-ны өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг , Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэг, , Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мянгад Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Б-ын урьд эрхэлж байсан Мянгад Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа /2019 оны 02 сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 сарын 28-ны өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мянгад Засаг даргын тамгын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ