Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0274

 

 

 

 

 

 

 

   “М...” СӨХны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М,

Нэхэмжлэгч: “М...” СӨХ

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,

Хариуцагч: Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: В.Д,

Гуравдагч этгээд: Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийн Д.От холбогдох хэсгийг, 2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалын Д.От холбогдох хэсгийг, 3. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолын Д.От холбогдох хэсгийг, 4. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 0 тоот 1 өрөөг орон сууцаар Д.Оийн өмчлөлд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С

Гуравдагч этгээд В.Д, Д.О,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.М, Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2019/0606/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, 15.5, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М...” СӨХны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хорооны хамтарсан шийдвэрээр байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийн Д.От холбогдох хэсгийг, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалын Д.От холбогдох хэсгийг, Орон сууц хувьчлах товчооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолын Д.От холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 0 тоот 1 өрөөг орон сууцаар Д.О, В.Д нарын өмчлөлд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...Төрийн өмчийн хороо хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргаагүй Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Орон Сууц хувьчлах талаар авах арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолоор Аж төрөх шаардлага хангаж байгааг магадлан шинжлэх үүргийн тухайн аймаг, хотын мэргэжлийн хяналтын албадын үндсэн ажил үүрэгт нь хамааруулан Орон Сууц хувьчлах тухай хууль, Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журмын дагуу хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрх олгосон байдаг. Нэхэмжлэгчийн маргаж буй Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийг Төрийн өмчийн хорооны дарга Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 226/517 дугаар тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсэг гаргасан байх бөгөөд тус комисс нь 2017 онд шинэчлэн байгуулагдаж одоог хүртэл чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”; 13 дугаар зүйлийн 13.1 “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”; 13.2. 3ахиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас харахад 2016 оны 8 дугаар сарын 05- ны өдрийн 107 дугаар дүгнэлт нь “захиргааны акт” биш юм.

2.3. Шүүхийн шийдвэрийн 22 дугаар хуудасны доод догол мөрөнд “Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 10 дугаартай дүгнэлт нь 23 объектын хүрээнд гарсан, эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэсэн тул дүгнэлт гаргасан бүрэлдэхүүний талаар болон батлагдсан маягтын дагуу гарсан эсэх дүгнэлтийн хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн. Уг маргаан бүхий дүгнэлтийг нэг этгээд ганцаараа гаргадаггүй, хамтын зарчмаар шинжилж дүгнэлт гаргасан.

2.4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7- д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй субъект нь иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлсон тул захиргааны хэргийн шүүхэд Сууц Өмчлөгчдийн холбоо болон түүний гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шүүх Харин тухайн СӨХ-ны гишүүдийн санал, хүсэлтийг үндэслэн СӨХ-ны гүйцэтгэх захирал нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

2.5. Монгол Улсын шүүхийн шийдвэр нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэгч гэх Сууц өмчлөгчдийн холбооны эрх ашиг нь хөндөгдсөн зөрчигдсөн талаар нотлох баримт байхгүй байхад гуравдагч этгээд буюу одоогийн өмчлөгч иргэний эрхийг зөрчсөн үйлдэл нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0078 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Д.О, В.Д бид Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, гэрчилгээгээ авч, өмчлөх эрхээ хэрэгжүүлж байна. Нэгэнт эрх бүхий төрийн байгууллагын тогтоолоор техникийн өрөөг өмчлүүлэх талаар шийдвэрлэж, орон даяар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлсэн тул манай байрыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуулийн дагуу орон сууцны дундын өмч гэж үзэхгүй юм.

 

3.2. Улсын дээд шүүх 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэглэж байгаа шүүхийн практикийн тухай №1 дүгээр зөвлөмж гаргасан байдаг. Гэтэл зарим СӨХ-ны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газрыг эзэмшдэг мэтээр ойлгож тэдгээр айл өрх иргэнийг гэрчилгээ эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр орон сууцыг ашиглаж байна, иргэний үүргээ биелүүлдэггүй, уг өрөө тасалгаа нь хүн, айл амьдрахад зориулагдаагүй гэх зэрэг үндэслэлгүй хууль бус шалтгаан зааж, тэнд амьдрагсдыг гарахыг шаарддаг төдийгүй эрх бүхий этгээдээс олгосон орон сууц эзэмших, өмчлөх тухай шийдвэр гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл өөрийн холбооныхоо гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч буюу үйлчлүүлэгчийнхээ эсрэг эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

 

3.3. Төр өөрийн өмчийг В.Д, Д.О нарт хувьчилж шийдвэрлэсэн, үүнд бусад оршин суугчид, СӨХ-ны эрх огт хөндөгдөхгүй. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8/1652 тоот албан бичгүүдээр маргаан бүхий 0 тоот өрөө нь хувьчлагдаагүй, төрийн өмч байсан болохыг нотолно.

 

3.4. Онцгой байдлын газрын 2016 оны 07 дугаар сарын 2,6-ны өдрийн 10/535 дугаар дүгнэлт, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0721/2016 дугаар техникийн нөхцөл, цахилгааны самбарын хэвийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага болох Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08/145 дугаар тайлбар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаар тайлбарууд нь цахилгааны самбарын хэвийн ажиллагаа, хууль, норм, стандартад нийцсэн байдлыг нотолсон байдгийг шүүх анхаарсангүй. Зөвхөн өөрийн шийдэлд хамаарах нотлох баримтуудад л дүгнэлт өгч, эсрэг агуулга бүхий баримтуудыг огт дүгнээгүй, үгүйсгээгүй байгааг анхаарна уу.

 

3.5. Маргаан бүхий захиргааны актууд нь 2016-2019 онд хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг үл хэрэгсэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагч, гуравдагч этгээд нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “М...” СӨХ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “1. Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийн Д.От холбогдох хэсгийг, 2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежерийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалын Д.От холбогдох хэсгийг, 3. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолын Д.От холбогдох хэсгийг, 4. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 0 тоот 1 өрөөг орон сууцаар Д.Оийн өмчлөлд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

3.2. Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлт зэргийг үндэслэж, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 0 тоот өрөөг гуравдагч этгээд Д.От орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Д.От хувьчилж, маргаан бүхий 0 тоот 1 өрөөг орон сууцны зориулалтаар Д.О, В.Д нарын өмчлөлд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаарт бүртгэж, орон сууц эзэмших эрхийн бичгийг олгожээ.

3.3. Орон сууц хувьчлах тухай хууль нь төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д зааснаар Магадлан шинжлэх хэсэг нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын хамтын шийдвэрээр хувьчлах орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй.

3.4. Харин анхан шатны шүүхээс “...УИХ-ын тогтоолоор сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоосон атал зориулалтыг өөрчилсөн техникийн өрөөг хүн амьдрах шаардлага хангасан эсэх дүгнэлт гаргуулахаар магадлан шинжлэх хэсэг ажиллуулж, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, цаашлаад хувьчилсан захиргааны үйл ажиллагаа хуульд нийцээгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт хариуцсан СӨХ-ны эрх ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

3.5. Тодруулбал, Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгаж, 3 дахь заалтаар төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд нар нь 1994 оноос тус байранд амьдарч ирсэн боловч хувийн шалтгааны улмаас тухайн цаг үед буюу 2002 оноос маргаан бүхий 0 тоот өрөөг орон сууцны зориулалтаар үүдний өрөөнд байрлах цахилгааны щитийг гаргаагүй байхад тохижуулж эхэлсэн, өөр ямар нэг байр хувьчилж аваагүй талаар тайлбарласан байхад шүүх энэ талаар үнэлж, дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

3.6. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т ““орон сууц хувьчлах” гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг”, 5-д ““сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 6-д ““сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” ойлгоно гэж заасан.

3.7. Хуулийн дээрх заалтаас үзвэл Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмшиж, ашиглаж, амьдарч байгааг харгалзан сууц эзэмшигчийн өмчлөлд буюу гуравдагч этгээд Д.О-т дээрх хуульд заасан журмын дагуу шилжүүлснээр тухайн орон сууцыг хууль ёсоор хувьчилсан гэж үзэхээр байна.

3.8. Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц” гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, 11 дүгээр зүйлд ”Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй”  гээд 2-т “эзэмшиж байгаа сууцаа хувьчлан авах тухай иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авах; 3/ орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт, бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж, зөрчлийг арилгуулах үүрэгтэй”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Магадлан шинжлэх хэсэг тухайн орон сууц хүн амьдрах шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргана”, 17 дугаар зүйлийн 1-д Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасны дагуу холбогдох захиргааны байгууллагаас тухайн бодит нөхцөл байдалд нийцүүлэн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

3.9. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд болох Д.О, түүний нөхөр В.Д нарын маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж эрх бүхий этгээд болох Төрийн өмчийн хорооны дарга Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 226/517 дугаар тушаалаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийг үндэслэж, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалаар уг өрөөг орон сууцны зориулалтаар Д.О-т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2018009 тоот гэрчилгээг олгосон, мөн тус 0 тоот 1 өрөөг орон сууцны зориулалтаар Д.О-ийн өмчлөлд Улсын бүртгэлийн газраас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаарт бүртгэсэн, түүнчлэн магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг Д.О-т хувьчилсан зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

3.10. Мөн Улсын дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжид “...Орон сууцны техникийн зориулалттай зарим өрөө доод хонгил, шатны доорх зайнд түрээсийн гэрээ, эзэмших эрхийн бичиг, зарим эрх бүхий албан тушаалтны бичгийн болон аман шийдвэрээр амьдралын гачигдалтай айл болон хүн амьдарч орон сууцны зориулалтаар түүнийгээ засан сайжруулж эзэмшсээр ирсэн... Эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч мөн юм. Гэтэл зарим СӨХ-ны гүйцэтгэх захирал дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны газрыг эзэмшдэг мэтээр ойлгож тэдгээр айл өрх иргэнийг гэрчилгээ эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр орон сууцыг ашиглаж байна, иргэний үүргээ биелүүлдэггүй, уг өрөө тасалгаа нь хүн, айл амьдрахад зориулагдаагүй гэх зэрэг үндэслэлгүй хууль бус шалтгаан зааж, тэнд амьдрагсдыг гарахыг шаарддаг төдийгүй эрх бүхий этгээдээс олгосон орон сууц эзэмших, өмчлөх тухай шийдвэр гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл өөрийн холбооныхоо гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч буюу үйлчлүүлэгчийнхээ эсрэг эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна” гэснээс үзвэл гуравдагч этгээд нар нь 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 1, 2 дугаар орцыг тэжээгч цахилгааны щитийг 2 дугаар орцондоо, лифтний хажуу өрөөнд шилжүүлэн байршуулахаар Ч.Эрдэнэбаатар, С.Ганболд нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус 0 тоот өрөөг орон сууцны зориулалтаар засан сайжруулж, тохижуулан одоог хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх тул дээрх зөвлөмжид дурдсанаар нэхэмжлэгч “М...” СӨХны хувьд эрх бүхий этгээдээс олгосон орон сууц эзэмших, өмчлөх тухай шийдвэр гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

3.11. Нөгөөтээгүүр Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолоор төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасны дагуу захиргааны байгууллагаас тус тогтоолтой уялдуулан холбогдох журмыг баримтлан үйл ажиллагаагаа хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

3.12. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцэж байна.

3.13. Мөн нэхэмжлэгчээс “... “М...” СӨХ-оос 14 дүгээр байрны 2 дугаар орцны цахилгааны щитний өрөөг бусдад эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгоогүй байхад гуравдагч этгээд Д.О нь орон сууц эзэмших эрхийн бичиг авах хүсэлтдээ “М...” СӨХ-ны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтыг хавсаргасан бөгөөд тус албан бичгийг Ц.Ц гэх иргэн гарын үсгээ зурж тамга дарсан, тухайн үед тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ш.Ч нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан, харин Ц.Ц нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул дээрх шийдвэр албан бичгүүд нь хууль зөрчиж гарсан, хууль бус” хэмээн маргаж байгаа хэдий ч энэ тохиолдолд маргаан бүхий актуудыг гаргах үед энэ талаар захиргааны байгууллагаас мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй.

3.14. Түүнчлэн тус 14 дүгээр байрны щит нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байх бөгөөд уг газраас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8/245 дугаартай албан бичгээр “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 2 дугаар орцонд байрлах цахилгаан тэжээлийн ерөнхий оролтын самбарт цахилгаан хангамжийн үзлэг хийхэд цахилгаан тоноглол, цахилгаан тэжээлийн кабель, холбогч дамжуулагч утсанд гэмтэл илрээгүй, уярч халсан зүйлгүй, гэрэлтүүлэгтэй, цахилгаанчин ажил үүргээ хийхэд зай талбай хангалттай, цоожтой байгаа нь ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаж байна гэж үзэж байна” гэсэн хариу өгсөн байгаагаас үзвэл тухайн щитийг зөөвөрлөж, шилжүүлснийг өмчийн эзэн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй гэж ойлгохоор байна.

3.15. Харин нэхэмжлэгчээс оршин суугчдын аюулгүй байдлыг хөндөж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байгаа тохиолдолд уг асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага болон гуравдагч этгээдийн зүгээс оршин суугчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэн даруй авахыг дурдах нь зүйтэй.

3.16. Нөгөөтээгүүр уг 0 тоот өрөөг хувьчилсныг хүчингүй болгож, щитийг 0 тоотод буцаан байрлуулж, нэг өрх айлын амьдрах орчныг үгүйсгэснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхгүй. Нэгэнт хувьчлагдсан 0 тоот өрөөнд бодитойгоор 17 жил амьдарч байгаа өрх гэрийн хувьд шүүхээс эрх бүхий байгууллагын шийдвэрүүдийг хүчингүй болгож, гуравдагч этгээд нарын амьдрах байрыг үгүй болгож, албадан гаргах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

3.17. Харин “Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй ч хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор тогтоох зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт бий бөгөөд ийнхүү маргах эрхийг олгох нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул энэ талаарх талуудын гомдлыг хангах боломжгүй.

3.18. Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу Магадлан шинжлэх хэсэг нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 2 дугаар орцын 0 тоот өрөөнд хүн амьдрах шаардлага хангасан” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд тус дүгнэлтийг үндэслэж эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох шийдвэрүүдийг гаргасан тул хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 107 дугаар дүгнэлт нь захиргааны акт биш тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх гомдлыг хангах, уг дүгнэлтийг захиргааны акт биш гэж шууд дүгнэх боломжгүй.

3.19. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 88 дугаар зүйлийн 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш ... тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгааг дурдаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 78 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5, 6, 4 дүгээр зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 3, 13 дугаар зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М...” СӨХ-ны “1. Нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар дүгнэлтийн Д.О-т холбогдох хэсгийг, 2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд хотын ерөнхий менежерийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/193 дугаар тушаалын Д.О-т холбогдох хэсгийг, 3. Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолын Д.О-т холбогдох хэсгийг, 4. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 0 тоот 1 өрөөг орон сууцаар Д.О-ийн өмчлөлд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101872 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-ийн гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА