Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01223

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2017/01223

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан хот, Дархан 10-р баг, 5 дугаар хороолол, 1а байрны 104 тоотод оршин  суух Пэлжирийн Баяраа/ТК62101532/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, Монголын цахилгаан холбоо ХК/РД: 2073949/-д холбогдох

     Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн холбооны газарт 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж уг газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл “Монголын Цахилгаан Холбоо” ХК-иас 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 3а/37 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг ирүүлж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн.Тус компанийн хүний нөөцийн газрын дарга Б.Болдбаатарт хандаж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тайлбар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй болно. Намайг тус холбооны газарт ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны орлогын төлөвлөгөө 725.533.2 төгрөг, гүйцэтгэл 565.828.7, төлөвлөгөөний биелэлт 77.9% иар биелсэн. 2016 оны орлогын төлөвлөгөө 595.608.4, гүйцэтгэл 514.626.4, төлөвлөгөөний биелэлт 86.4%-д хүрч өссөн ба авлага нь урьд оны гүйцэтгэл 110.690.4 энэ оны гүйцэтгэл 84.035.3 болж 26.6 саяар буурсан. Компанийн дотоод аудитын албанаас 2015 он, 2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар манай газарт зөрчил дутагдал илрээгүй сайн дүнтэй шалгагдсан. Мөн Монгол улсад Харилцаа Холбооны салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд компанийн удирдлагын тодорхойлолт, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тогтоолоор дэмжигдэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон’’-р шагнуулсан зэрэг ажил хөдөлмөрийн эерэг үр дүн дүгнэлт, шагнал урамшуулал 2016 оны ажлын хугацаанд гаргасан тул ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Монголын улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан байдаг. Гэтэл “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь жил бүр аймгийн Холбооны газрын дарга нартай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа. Энэхүү хугацаа заасан заалт нь хууль зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус болно.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т “гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль нэг гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар нэг удаа сунгагдана” гэсэн байдаг. Гэтэл надад гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг гэрээний хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө ирүүлсэн бөгөөд ийнхүү цуцласан нь гэрээний 9.3 дахь заалтыг ажил олгогч өөрөө ноцтой зөрчсөн байна. Иймд ажил олгогч “Монголын Цахилгаан Холбоо” ХК нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон гэрээний заалтаа зөрчиж ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ноос хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын цахилгаан холбоо ХК нь Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлах комиссын 1995 оны 28 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 208 дугаар тогтоолоор хувыдаат компани болон шинэчлэн байгуулагдсан бөгөөд нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг Бүгд найрамдах солонгос улсын Корей телеком корпораци, 5.33 хувийг Монгол улсын болон гадаадын иргэд, хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан 2 дүүрэгт нийт 23 салбартай. Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь Орон нутагт МЦХ ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг, хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, МЦХ ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын төлөөллийг орон нутагт хэрэгжүүлэх, тухай холбооны газрын өмч хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний хариуцлагыг хүлээх эрх үүрэгтэй байдаг билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах талаар заажээ. Дээр дурдсанчлан тухайн аймгийн холбооны газрын дарга нь Орон нутагт МЦХ ХК- ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай үйлчилгээг, хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байх бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч ажилтан нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл , заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д : 23.2.2.-т дээрх гэрээг “талууд харилцан тохирлцсоноор хугацаатай” байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэжээ. Нэхэмжлэгч П.Баяраа болон Монголын цахилгаан холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирал нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд хууль болон Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбарт бүрэн нийцүүлж, харилцан тохиролцож хэн алин нь хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан байдаг. Талуудын байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар 1 удаа сунгахаар зохицуулсан. Ийнхүү гэрээний нэг тал болох МЦХ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 /хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон/, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3а/37, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны 1 а/99 дугаар бүхий албан бичгээр, албан ёсоор мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

      Шүүх   хуралдаанаар  хэрэгт авагдсан   бичгийн  нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Баяраагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Баяраа нь  Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Дархан-уул аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад уг компанийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 02-р сарын 17-ны өдрийн х/57 тоот тушаалаар 2017 оны 02-р сарын 20-ны өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч байгууллага дээрх тушаалдаа Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дэх заалтыг баримталсан.

Нэхэмжлэгч П.Баяраатай хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК нь Дархан-уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд 2016.02.20-ноос 2017.02.20-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч П.Баяраагийн ажиллаж байсан Дархан-уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаал нь хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн дүрэм, зорилго зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн байнгын ажлын байр болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаалууд зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулна, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулахаар заажээ.

Талууд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцохдоо уг гэрээг зайлшгүй хугацаатай байгуулах болсон хэрэгцээ, үндэслэл, шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг гэрээнд тодорхой тусгах нь уг хуулийн заалтад нийцнэ.

Гэтэл дээрх үндэслэлүүдийн талаар тухайн хөдөлмөрийн гэрээнд тодорхойлон заагаагүй байх тул талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д заасан хугацааг талуудын, ялангуяа ажилтны хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хууль ёсны шаардлага хангасан тохиролцоо гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын гүйцэтгэл, үнэлгээ зэргээс хамаарч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, мөн уг ажлын гүйцэтгэл, үнэлгээнээс хамаарч хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэхээ шийдвэрлэдэг гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ердийн хөдөлмөрийн гэрээ нь контрактын гэрээнээс ялгаатай.

            Иймд нэхэмжлэгч П.Баярааг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж түүнийг Дархан-уул аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-иас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-д  үүрэг болгож шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ.

            Харин нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул уг шаардлагыг тусд нь шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Дархан уул аймгийн Холбооны газрын ажилтнуудын өргөдөл, хүсэлтүүдийг хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэлийн нэг гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгч П.Баярааг буруутгасан, сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг баримтуудыг хариуцагч талаас ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч П.Баяраагийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 2017 оны 5 дугаар сарын 29 хүртэлх сарын дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн 900.000 төгрөг : 21.2 хоног = 42.453 төгрөг байх тул 900.000 төгрөг х 2 сар = 1.800.000 төгрөг, 2 дугаар сард ажлын 7 хоног*42.453 төг=297.171 төгрөг, 5 дугаар сард ажлын 20 хоног*42.453 төг=849.060 төгрөг, бүгд 2.946.231 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн дээрх олговроос тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг  хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 П.Баяраад холбогдох хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-иас Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн, Авилгатай тэмцэх газраас Монголын Цахилгаан холбоо ХК-д ирүүлсэн албан бичгүүд, нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар баримтууд зэрэг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч П.Баярааг Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Дархан уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Монголын Цахилгаан холбоо ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөгийг гаргуулж П.Баяраад олгосугай.

           

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар П.Баяраагийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-д  үүрэг болгосугай.

           

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Баяраа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Монголын Цахилгаан холбоо ХК-иас 62.090 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.АЛТАНЦЭЦЭГ