Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1725

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Бгийн, хариуцагч МЦХ ТӨХК-д холбогдуулан

хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоон, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дархан-Уул аймгийн холбооны газарт 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг газрын даргаар ажиллаж байсан.

Гэтэл МЦХ ТӨХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3а/37 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг ирүүлж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн.

Тус компанийн хүний нөөцийн газрын дарга Б.Б-т хандаж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тайлбар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.

Намайг тус холбооны газарт ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны орлогын төлөвлөгөө 725 533,2 төгрөг, гүйцэтгэл 565 828,7, төлөвлөгөөний биелэлт 77.9 хувиар биелсэн. 2016 оны орлогын төлөвлөгөө 595 608,4, гүйцэтгэл 514 626,4, төлөвлөгөөний биелэлт 86.4 хувьд хүрч өссөн ба авлага нь өмнөх оны гүйцэтгэл 110 690,4, энэ оны гүйцэтгэл 84 035,3 болж 26 600 000 төгрөгөөр буурсан. Иймд компанийн дотоод аудитын албанаас 2015 он, 2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар манай газарт зөрчил дутагдал илрээгүй сайн дүнтэй шалгагдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан. Гэтэл МЦХ ТӨХК нь жил бүр аймгийн Холбооны газрын дарга нартай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байна. Энэхүү хугацаа заасан заалт нь хууль зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт "Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно." гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль нэг гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээ анх байгуулагдсан хугацаагаар нэг удаа сунгагдана" гэж заасан. Гэтэл надад гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг гэрээний хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө ирүүлсэн бөгөөд ийнхүү гэрээг цуцласан нь гэрээний 9.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд ажил олгогч МЦХ ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон гэрээний заалтаа зөрчиж ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулж, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь Орон нутагт МЦХ ТӨХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж, ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, МЦХ ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагын төлөөллийг орон нутагт хэрэгжүүлэх, тухайн холбооны газрын өмч хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний хариуцлагыг хүлээх эрх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах талаар заажээ.

Дээр дурдсанчлан тухайн аймгийн холбооны газрын дарга нь Орон нутагт МЦХ ТӨХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж, ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгеө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байх бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч, ажилтан нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д “... хуулийн 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохирлцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэжээ.

Нэхэмжлэгч П.Б болон МЦХ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 07 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож, хэн аль нь хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан.

Уг гэрээний 9.3 дахь хэсэгт гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар 1 удаа сунгахаар зохицуулсан.

Ийнхүү гэрээний нэг тал болох МЦХ ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь заалтад үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3а/37, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1а/99 дугаар бүхий албан бичгээр, албан ёсоор мэдэгдэж, хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Бг МЦХ ТӨХК-ийн Дархан уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, МЦХ ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 946 231 төгрөгийг гаргуулан П.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Бгийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч МЦХ ТӨХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч МЦХ ТӨХК-иас 62 090 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч П.Бтай хариуцагч МЦХ ТӨХК нь Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил албан тушаалд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулжээ. Талууд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцохдоо уг гэрээг зайлшгүй хугацаатай байгуулах болсон хэрэгцээ, үндэслэл, шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг гэрээнд тодорхой тусгах нь уг хуулийн заалтад нийцнэ. Гэтэл дээрх үндэслэлүүдийн талаар тухайн хөдөлмөрийн гэрээнд тодорхойлон заагаагүй байх тул талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9-д заасан хугацааг талуудын, ялангуяа ажилтны хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хууль ёсны шаардлага хангасан тохиролцоо гэж үзэх боломжгүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар заасан бөгөөд үүнд байнгын ажлын байранд ажилтан, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож, хугацаатай байгуулах боломжтой, түүнийг хуулиар зөвшөөрсөн.

Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т, 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь ажилтан, ажил олгогч нар хоорондоо тохиролцож, тодорхой үндэслэл шаардлага, шалтгаан хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцлүүд нь хөдөлмөрийн гэрээний 1.3, 1.9, 3.6, 4.2, 6.2.1, 6.2.2, 8.1, 8.2, 9.3 дахь заалтууд болон гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтуудад бүрэн тусгагдсаныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2015 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцож ажиллаж ирсэн. Сүүлд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар хуульд заасныг мэдсэн гэсэн тайлбарыг үнэлсэнгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцож, гэрээний үргэлжлэх хугацаа буюу эхлэх, дуусах хугацааг тодорхой зааж харилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсныг шүүх үнэлсэнгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын гүйцэтгэл, үнэлгээ зэргээс хамаарч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, мөн уг ажлын гүйцэтгэл, үнэлгээнээс хамаарч хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэхээ шийдвэрлэдэг гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ердийн хөдөлмөрийн гэрээ нь контрактын гэрээнээс ялгаатай..." гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байх бөгөөд нэгэнт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж болохгүй, харин байнгын ажлын байранд ажилтан ажил олгогч харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тохирно. Үүнд: ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэж заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй, хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх бөгөөд нийцээгүй буюу дордуулсан бол хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар байна.

Талууд гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан гол нөхцлөөс гадна, бусад нөхцөлийг тохирч болно гэж заасан байхад анхан шатны шүүх ажлын гүйцэтгэл, төлөвлөгөө түүнийг дүгнэх журмыг хөдөлмөрийн гэрээнд тусгахгүй зөвхөн контрактад энэ талаар тусгадаг мэт дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дархан-Уул аймгийн холбооны газрын ажилтнуудын өргөдөл, хүсэлтүүдийг хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэлийн нэг гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгч П.Бг буруутгасан, сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг баримтуудыг хариуцагч талаас ирүүлээгүй.

Мөн шүүх П.Бд холбогдох хариуцагч МЦХ ТӨХК-иас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газраас МЦХ ТӨХК-д ирүүлсэн албан бичгүүд, нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар баримтууд зэрэг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй" гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч П.Бгийн хууль бус үйлдлүүд болон тухайн салбарын ажиллагсдыг хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, зөрчдөг талаарх гомдол, хүсэлтүүд, Авлигатай тэмцэх газраас МЦХ ТӨХК-д ирүүлсэн П.Бг ажлаас чөлөөлж, зөрчлийг арилгах тухай хугацаатай албан бичгүүдийг үндэслэн П.Бг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар зэрэг П.Бтай харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх үндэслэлүүд болсон дээрх нотлох баримтыг шүүх анхаарч, Дархан-Уул аймгийн холбооны газрын нийт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалж өгөхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Б, хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд анх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.11, Хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-7/

Зохигчид хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь “... хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан ...” гэж, хариуцагч тал, “... ажил, үүргийн онцлогоос шалтгаалан гэрээг хугацаатай байгуулсан, ... талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, ... гэрээг цааш сунгагдахгүй талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн ...” гэж маргадаг бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. 

Хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулж болохоор, мөн зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан хэдий ч мөн зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулах нөхцлийг зохицуулсан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад зохигч талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх боловч уг гэрээг зайлшгүй хугацаатай байгуулах болсон хэрэгцээ, үндэслэл, шаардлага, талуудын ийнхүү тохиролцсон байдал гэрээнд тусгагдаагүй байх тул уг гэрээний 1.9-д заасан хугацааг талуудын, өөрөөр хэлбэл ажилтны хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хууль ёсны шаардлага хангасан тохиролцоо гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Бгийн ажиллаж байсан Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын албан тушаал нь байнгын ажлын байр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч нь аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалыг чиг үүргийн хувьд онцлог гэж мэтгэлцэх боловч гэрээг хугацаатай байгуулах хуульд заасан шаардлага бий болсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын гүйцэтгэлийн үр дүн, үнэлгээнээс хамаарч гэрээг дүгнэж, цаашид сунгах эсэхийг шийддэг гэж тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн 2016 оны жилийн эцсийн аймаг, дүүргийн холбооны газруудын үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэлийн баримтууд нь талуудын хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн гэх үйл баримтын нотолгоо болохгүйн гадна хариуцагч байгууллага нь П.Бг хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.2-т заасан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр бус гэрээний 1.9-д заасан хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн нь цаашид сунгахгүй үндэслэл болсон талаар тушаалд заагаагүй байдаг.

 

Иймээс анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч П.Бг байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, түүнийг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 946 231 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай учир анхан шатны шүүхийн, нэхэмжлэгч П.Бгийн талаар хариуцагч байгууллага болон Авилгатай тэмцэх газар хооронд харьцаж байсан албан бичиг болон хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтуудыг үнэлээгүйг буруутгах боломжгүй байна.

Харин шүүх, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан болохыг тогтоолгох агуулга бүхий нэмэгдүүлсэн шаардлагад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй улмаар шийдвэрлээгүй орхисон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл үйл баримт тогтоолгох гэдэг нь бие даасан шаардлага байх боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдох ба энэ нь шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох үндэслэл болохоос нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй.

Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч П.Бг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсан атлаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 113 950 төгрөгийг хэрхэх талаар хуульд заасны дагуу шийдвэрлээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... П.Бд олгосугай” гэснийг “... П.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 ...” гэсний дараа “... 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 113 950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч П.Бд буцаан олгож,” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Ч.ЦЭНД