| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 188/2017/0388/Э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 585
З.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Э-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Э-т холбогдох 1708027440161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн З-н Э, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ........... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ноос угаах үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ............. дүүргийн 5 дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ВЮ93041511/;
З.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назугийн 53 дугаар байрны орцонд иргэн Д.Э-тай маргалдан, түүний зүүн гарыг хойш нь дарж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан З.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлэн тооцож, 30 хоногийн хорих ял дээр 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Э-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, З.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Э-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх З.Э-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжгүй байна гэж дүгнэсэн. Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би эхэлж заамдсан, тэгтэл Э босоод ирсэн, тэгээд миний хурууг гэмтээсэн...” гэжээ. Мөн тухайн үед байсан гэрч С.Энхцэцэг, Ц.Банзрагч, Ж.Жанчив нар нь “хохирогч Э-ыг мангасдаж, хоолойг нь боогоод, доошоо 6 давхар луу чирсэн. Тэгээд болиулах гэхэд болихгүй байсан. Тэр үед Э гарыг нь тавиулах гээд 2 тийш нь татсан” гэж тогтвортой мэдүүлэг өгсөн байна. Энэ нь шүүгдэгчийн зүгээс өөрийн эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Гэтэл анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Гэрч нар цагдаа дуудах талаар ярьсан боловч хохирогч Э “би цагдаа байна” гэж хэлсэн байдаг. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн эсэх талаар асуухад “үгүй” гэсэн ба “харин урьд нь цагдаа байсан” гэж мэдүүлсэн. Энэ нь хохирогчийн хувиар болсон үйл баримтын талаар бүрэн дүүрэн үнэн мэдүүлэг өгсөн гэхэд эргэлзээ төрж байна. Хохирогч Э мэдүүлэхдээ “би цагдаагийн 102 луу залгасан ирээгүй, орцонд камертай, мөрдөгчид хэлж байсан ч аваагүй, мөн эмчилгээний зарим баримтаа мөрдөгчид өгсөн” гэх мэт мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд хохирогчийн мэдүүлэг эргэлзээгүй болж чадаагүй гэж үзэхээр байна. Энэ бүх мэдүүлэг нь эх сурвалжгүй, нотлох баримтгүй байдаг. Эмчилгээний зардалтай холбоотой баримтыг мөрдөгчид өгсөн гэдэг боловч өгсөн гэдэг нь тогтоогддоггүй. Хоолойг нь боосон бол боолтны ором, хувцаст урагдал үүсээгүй. Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг хэт үнэлээд тогтоогдсон нотлох баримттай уялдуулж, хэргийг шийдвэрлээгүй. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр тогтоох үндсэн зарчимд харшилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, З.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч З.Э-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн мэдүүлэг тогтворгүй байдаг. Эхлээд мангасдаад, заамдаж боогоод доош нь чирээд явсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Шүүгдэгч 51 кг жинтэй, хохирогч 70 кг-аас дээш жинтэй, урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Шүүгдэгч мэдүүлэхдээ “би зүрхний өвчтэй, боолтонд ороод ухаан балартаад ирэхэд би салгах гээд чадлаараа гарыг нь тавиулах гэж оролдох явцад хурууны гэмтэл учирсан” гэж мэдүүлдэг. Хохирогч, шүүгдэгч нарын хоёулангийнх нь үйлдлээс энэ гэмтэл учирсан. Хүчин мөхөсдөж, аргагүй хамгаалалт хийхээс өөр нөхцөл байдал байгаагүй гэж үзэж байна. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч З.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй...” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Д.Э тухайн өдөр оршин суугчийн хувьд шүүгдэгч болон шүүгдэгчтэй хамт байсан хүмүүст хууль ёсны шаардлага тавьсан. Шүүгдэгч хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх З.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч З.Э-г 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назугийн 53 дугаар байрны орцонд иргэн Д.Э-тай маргалдан, түүний зүүн гарыг хойш нь дарж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Уг гэмт хэрэг нь Д.Э-ны “...гэтэл нөгөө залуу босч ирээд намайг заамдаад авахаар нь би зүүн гараараа зөрүүлээд заамдаад автал тухайн залуу миний долоовор хурууг үений эсрэг тал руу хойш нь гараараа дарчихсан... гарынхаа томографийн зураг авахуулахад долоовор хурууны савхан яс хугарсныг мэдсэн” гэсэн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг /хх 13-14/, Д.Э-ны мэдүүлгийг нотолсон тухайн хэрэг болох үед хамт байсан гэрч Ц.Б /хх 16/, Ж.Ж /хх 17/, С.Э /хх 18/ нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э-ны биед зүүн гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2-р хурууны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо...” /хх 25-26/ гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч З.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос З.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлэн, 30 хоногийн хорих ял болгон, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч З.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Э нь Д.Э-тай “орцонд архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, харилцан заамдалцсан, З.Э нь хохирогчийн зүүн гарын хурууг арагш нь дарсан үйлдлийн улмаас Д.Э-ны зүүн гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2-р хурууны цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хохирогчийн эсрэг аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүсээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд шүүгдэгч З.Э-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нараас “...З.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч З.Э-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.