Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 069

 

Жасыл көл ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэртэй, тус аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жасыл көл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух Жантекей Хазбек овогт Хажыханы Өмирбект холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, хариуцагч Х.Өмирбек, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байдаг өөрийн эзэмшлийн 12,5 га хадлангийн талбайгаас 2015, 2016 онд зөвшөөрөлгүй хадаж авсан өвсний үнэ 1872000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие тус аймгийн Ногооннуур суманд оршин суудаг ба тус сумын нутаг дэвсгэр болох Хар тахар гэх газар 12.5 га газар хадлангийн талбай эзэмшдэг юм. Өөрийн эзэмшлийн хадлангийн талбайгаа услан арчилж, намар өвсийг нь хадаж авдаг юм. Гэтэл манай хадлангийн хил залгаа газар мөн хадлангийн талбай эзэмшдэг Х.Өмирбек гэгч нь миний эзэмшлийн газарт 2016 оны 8 дугаар сарын сүүлээр хууль бусаар нэвтрэн орж 2.0 га газрын хадланг хадаж, 318 боодол хураан авсан болохыг тус Ногооннуур сумаас томилогдсон ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар дээр нь очиж шалган тогтоож, дүгнэлт гаргасан юм. Тэгвэл 318 боодлыг зах зээлийн одоогийн ханшаар нэг бүрийн үнэ 4000 төгрөгөөр тооцоход 1.272.000 төгрөг болж байна. Мөн Х.Өмирбек нь 2015 онд мөн хадлангийн талбайгаас 1.5 га газрыг хууль бусаар нэвтрэн орж хадсан болох нь Ногооннуур сумын хадлан хуваарилах ажлын хэсгийн 2015 оны 8 дугаар 12-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа болно. Тухайн хадсан талбайгаас хамгийн багаар бодоход 150 боодол өвс хурааж авна гэж тооцож, нийт үнэ болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Өмирбек нь жил болгон сумын захиргаанаас тогтоосон хугацаанаас өмнө бусдаас түрүүлэн хадлангийн талбайд ирж, өвс хадаж эхэлдэг ба тэр үед бусдын талбай руу дур зоргоороо авирлан өвс хадаж, бусдын эрх ашгийг хохироож, чирэгдэл саад учруулан, жил болгон хэрүүл маргаан гаргадаг юм. Иймд надад учруулсан хохирол болох 1.872.000 төгрөгийг иргэн Х.Өмирбекээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Тагам ББХХ хоршооны эзэн Хажыхан овогтой Өмирбек миний бие аймгийн Ногооннуур сумын Жасыл көл ХХК-ийн захирал Бекейн Хаумахын нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Хаумах нь шүүхэд нэхэмжлэл болгож 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг Б.Хаумахын эзэмшил газраас 318 ширхэг боодол өвс хадаж, хувьдаа ашигласан хэмээн нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож 1272000 төгрөг, 2015 онд 1.5 га газрыг хадаж барагцаагаар 150 ширхэг боодол өвсний үнэ 600.000 төгрөг, бүгд 1.872.000 /нэг сая найман зуун далан хоёр мянган/ төгрөг тус тус нэхэмжилжээ. Хариуцагч Ногооннуур сумын Тагам ББХХ хоршооны эзэн Х.Өмирбек нь Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байгаа хадлангийн талбайгаас хадлангийн зориулалтаар 29.2 га талбай эзэмшдэг бөгөөд уг талбайгаас 1993 оноос эхлэн хадлан хадаж, өвс бэлтгэж, улсын тэжээлийн фондод улсын нөөцийн өвсийг бэлтгэн нийлүүлж жил бүр улсад хөрөнгө оруулалт оруулж байгаа аж ахуйн нэгж билээ. Манай Тагам ББХХ хоршооны улс нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж ирсэн хөдөлмөр бүтээлийг үнэлж 2016 онд Тэргүүний хадланч хамт олноор шалгарч байсан юм. Тус Тагам ББХХ хоршоо нь Ногооннуур сумын Хар тахар хэмээх газраас 29.2 га газар эзэмшдэг болох нь Х.Өмирбекийн ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг /2017.01.25/ Баян-Өлгий аймгийн ГХБХГ-ын газрын мэргэжилтэн Б.Ермуратын Үзлэгийн үеийн зураг 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 82 тоот захирамж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар батлагдана. Миний бие Х.Өмирбек нь 2015, 2016 онуудад өөрийн эзэмшиж, ашиглаж байсан талбайг аймгийн ГХБХБ-ын газраас олгосон газрын байршлын кадастрын зурагт тусгагдсан 29.2 га талбайгаас л өвс хадлан бэлтгэсэн тул Хаумахын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэн орж, өвс хадлан хадсан явдал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Х.Өмирбек би Хаумахын эзэмшил ашиглалтад байгаа газраас 2 га газрын өвсийг хадаж 318 ширхэг боодол өвс хадаж авсан нь сумаас томилогдсон комиссын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр батлагдана гэжээ. Гэтэл Б.Хаумах нь уг дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргаагүй байна. Газрын маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт, тэмдэглэл, хадлан хуваарилах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хавсаргасан гэж нэхэмжлэлд хавсаргасан материалын жагсаалтын 8,9 дүгээр дараалалд тусгасан боловч хавсаргаагүй байна. Энэ нь Хаумах нь одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэж байгааг илчилж байна. 3. Хадлангийн хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал миний хадлангийн талбайд сум орон нутгаас ямар нэгэн комисс ирж, шалгаж Х.Өмирбек намайг Хаумахын хадлангийн талбайгаас 2 га газрын өвс 318 ширхэг боодол өвс хадаж авсан талаар ямар нэгэн тогтоосон акт байхгүй. Надад ирж танилцуулж байгаагүй, тийм учраас Хаумах хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэсэн оролдлого хийж байна гэж бодож байна. 4. 2015 онд мөн Хаумахын эзэмшил газраас өвс хадсан асуудал байхгүй. Эцэст нь хэлэхэд: Иргэн Б.Хаумах ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Ингэж Хаумах мэтийн хүмүүс ямар ч нотлох баримтгүйгээр шүүхийг тоглоом тохуу хийж, ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, акт дүгнэлт гаргавал нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсний төлөө хуульд заасны дагуу Б.Хаумах хариуцлага хүлээх учиртай. Б.Хаумахын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Жантекей хазыбек овогт Хажыханы Өмирбекээс 1272000 төгрөг гаргуулж Жасыл көл ХХК-ийн захирал Б.Хаумахт олгож, түүний илүү нэхэмжилсэн 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Х.Өмирбек би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч "Жасыл көк" ХХК-ийн захирал Б.Хаумах нь намайг өөрийн эзэмшлийн 12.5 га хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүй өвс хадсан гэж 1.872.000 төгрөгийг гардуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч " өөрийн эзэмшлийн 12.5 га хадлангийн талбайгаас 2015, 2016 онд зөвшөөрөлгүй хадаж авсан өвсний үнэ 1.872.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд зөвхөн иргэний хэрэг үүсгэсэн асуудлын хүрээнд маргааныг шийдвэрлэх байтал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, шийдвэрийн үндэслэх хэрэгт газрын маргаан шийдвэрлэж байгаа мэтээр Б.Хаумах нь 12.5 га газар эзэмших ёстой, Х.Өмирбекэд хадлангийн талбай эзэмших эрхийн гэрчилгээгүй. Ногооннуур сумын Хар тахар-ын хадлангийн талбайгаас талбай эзэмших тухай эрх бүхий байгууллагын ямар нэгэн эрхийн акт гараагүй мэт дүгнэлтээс гадна захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч, огт иргэний хэрэг үүсгээгүй газрын тухай маргаан болгож илүү дутуу дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх гэсэн зарчимд харш дүгнэлт болжээ.

Хариуцагч X Өмирбек Б.Хаумахын эзэмшлийн хадлангийн талбайгаас 318 боодол өвс хулгайлан хадаж авсныг маргаан шийдвэрлэх ажлын комисс очиж тогтоож, тэмдэглэл хөтөлсөн бол миний хадаж бэлтгэсэн, хулгайлсан, 318 боодол өвсийг хураах акт үйлдээгүй. Х.Өмирбек авсан гэж тэмдэглэл хөтөлсөн болоод буцаад явдаг энэрэнгүй ажлын комиссынхон байна. Миний хулгайлж хадаж авсан гэх 318 боодол өвсийг ногоон, бор өвсийг ялгаварлан тогтоогдохгүй. Яах эсэхээ ажлын комисс шийдээгүй авсан нь их сонин байна. Энэ талаар шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ёстой байтал тодруулаагүй. Нэг боодол нь 4000-4500 төгрөгийн үнэтэй өвсийг тоолж талбайд үлдээгээд явсан мэтээр бичсэн энэхүү ганц тэмдэглэл нь хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримт юм. 12.5 га талбайгаас 318 боодол өвс биш үүнээс их хэмжээний өвс гарна. Хэрвээ би энэхүү 12.5 га талбайгаас хулгайлан өвс хадсан гээвэл 318 боодол өвс хэчнээн га талбайгаас хулгайлсныг тогтоох ёстой байсан. Энэхүү тэмдэглэл үйлдсэн Ногооннуур сумын газрын даамал болон шалгасан комиссын дарга Д.Талгатбек нь нэхэмжлэгч Б.Хаумах Засаг дарга Мейрамхан газрын даамал Манарбек нар нь нэг айлын базууд эдгээр хүмүүс нь хуульд заасан хамаатан боловч, шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэхэд тусалсан. Нэхэмжлэгчийн талбайгаас би хууль бусаар 318 боодол өвс хадаж авсан бол надад газар дээр нь гарын үсэг зуруулж, тухайн ажлын комисс надаас тайлбар авч, энэхүү 318 боодол өвсийг яах эсэхээ шийдэх байсан. Зөрчил үүсгэсэн нь бодит байдалд нийцэхгүй хуурамч тэмдэглэлийг шүүх шийдвэрийн үндэслэл болгож, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар сумын Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар баг хорооны иргэдийн нийтийн хурлын саналын үндэслэж хуваарилах ёстой. Гэтэл иргэн Б.Хаумахт хуулийн дагуу хадлангийн талбай олгогдоогүй байсанд шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй учир СD-г уншиж судалсан бол би өөрийнхөө хадлангийн талбайгаас хадсан явдал тогтоогдох байсан. 2016 оны 7-р сарын 28-ны өдөр 110 дугаар шүүхийн шийдвэр 20160022 тоот шийдвэрээр "Тагам" ХХК-д аймгийн гиодез кадастр, Ногооннуур газрын даамал шүүхийн бүрэлдэхүүнтэй "Тагам" ХХК-ны Х.Өмирбекийн Хар тахарт хэмээх газарт хэмжилт хийж 29 га газрыг шийдвэрлэж Х.Өмирбекийн газар мөн гэж шүүхээс тогтоож өгсөн. Үүнд: Хаумах 12.5 га газар эзэмших ёстой гэсэн албан ёсны шүүхийн шийдвэр гараагүй. Маргаан бүхий 29 га газрыг хуваарилалтын тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын чуулганаар албан ёсны хэлэлцэж шийдвэр гаргасны дараа сумын Засаг дарга уг төлөөлөгчийн шийдвэрийг үндэслэн засаг даргын захирамж гаргах ёстой. Гэтэл Засаг дарга Мейрамхан хамаатан Хаумахт хууль зөрчиж хууль бус захирамж гаргаж өгсөн байх тул үнэн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Хаумахын талд хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Засаг даргын материал хуурамч сумын хурлын тэмдэглэл сумын уг комисс бүх тэмдэглэлд Өмирбекийн гарын үсэг байхгүй учраас зөвшөөрөхгүй, иргэн Хаумахт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байхгүй байна. Захирамж гаргах ёсгүй. Би "Тагам" компанид захирлаар ажилладаг. Х.Өмирбек би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй.

Хариуцагч Х.Өмирбек би өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамт давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрсдийн биеэр оролцох тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасны дагуу шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Жасыл көл ХХК нь хариуцагч Х.Өмирбект холбогдуулан тус компанийн эзэмшил /хадлангийн/ талбайгаас 2015 онд 1,5 га талбай бүхий газраас хадсан 150 боодол өвсний үнэ 600.000 төгрөг, 2016 онд 2 га талбай бүхий газраас хадсан 318 боодол өвсний үнэ 1.272.000 төгрөг, нийт 1.872.000 төгрөгийг гаргуулахыг шаардаж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлжээ.

 

Хэрэг тавагдсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр захирамжаар тус сумын Жасыл көл ХХК-д Хар тахир гэх газраас 12,5 га газрыг малын тэжээл тариалах тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, Газрын албанаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 0230905 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба тус компанийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгчээс шаардлагаа үндэс болгож 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газрын маргаан шийдвэрлэх комиссын ажлын явцын тэмдэглэлийг гаргаж өгсөн бөгөөд уг тэмдэглэлд Х.Өмирбек нь Б.Хаумахын хадлангийн талбай руу орж, 2 га газар хадсан нь тогтоогдсон тул уг газарт байсан 318 боодол өвсийг Б.Хаумахт тус тус өгөхөөр шийдвэрлэв. гэжээ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн сумын үнэ тогтоох комиссын тодорхойлолтоор 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг боодол өвс 4000 төгрөгөөр үнэлэгдэж байжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор дээр дурдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч өөрөө гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэж баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Харин 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хадлан хуваарилах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Өмирбек нь Б.Хаумахын хадлангийн талбайд 1,5 га газарт орсон /орж хадсан/ байна. ... Хаумахын газарт орж хадсан өвс нь 8 бэлэн бухал байна. гэж тэмдэглэгдсэн боловч энэхүү үйл баримт нь Жасыл көл ХХК-д Хар тахир гэх газраас 12,5 га газрыг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагаас эзэмшүүлснээс өмнө болсон байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцсэн байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1.272.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Гомдлыг хүлээж аваагүй тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК