Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 185

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, 3062961 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 0211002045 дугаартай, Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух, БЗ63021215 регистрийн дугаартай, Жантекей Хазбек овогт Хажыханы Өмирбект холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумах, хариуцагч Х.Өмирбек, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, Т.Бахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншук нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байдаг өөрийн эзэмшлийн 12.5 га хадлангийн талбайгаас 2015, 2016 онд зөвшөөрөлгүй хадаж авсан өвсний үнэ 1,872,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн Ногооннуур суманд оршин суудаг ба тус сумын нутаг дэвсгэр болох Хар тахар гэх газар 12.5 га газар хадлангийн талбай эзэмшдэг юм. Өөрийн эзэмшлийн хадлангийн талбайгаа услан арчилж, намар өвсийг нь хадаж авдаг юм. Гэтэл манай хадлангийн хил залгаа газар мөн хадлангийн талбай эзэмшдэг Х.Өмирбек гэгч нь миний эзэмшлийн газарт 2016 оны 8 дугаар сарын сүүлээр хууль бусаар нэвтрэн орж 2.0 га газрын хадланг хадаж, 318 боодол хураан авсан болохыг тус Ногооннуур сумаас томилогдсон ажлын хэсэг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар дээр нь очиж шалган тогтоож, дүгнэлт гаргасан юм. Тэгвэл 318 боодлыг зах зээлийн одоогийн ханшаар нэг бүрийн үнэ 4000 төгрөгөөр тооцоход 1.272.000 төгрөг болж байна. Мөн Х.Өмирбек нь 2015 онд мөн хадлангийн талбайгаас 1.5 га газрыг хууль бусаар нэвтрэн орж хадсан болох нь Ногооннуур сумын хадлан хуваарилах ажлын хэсгийн 2015 оны 8 дугаар 12-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа болно. Тухайн хадсан талбайгаас хамгийн багаар бодоход 150 боодол өвс хурааж авна гэж тооцож, нийт үнэ болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Өмирбек нь жил болгон сумын захиргаанаас тогтоосон хугацаанаас өмнө бусдаас түрүүлэн хадлангийн талбайд ирж, өвс хадаж эхэлдэг ба тэр үед бусдын талбай руу дур зоргоороо авирлан өвс хадаж, бусдын эрх ашгийг хохироож, чирэгдэл саад учруулан, жил болгон хэрүүл маргаан гаргадаг юм. Иймд надад учруулсан хохирол болох 1.872.000 төгрөгийг иргэн Х.Өмирбекээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумах шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг компанитай. Өөртөө болон ард түмэнд малын тэжээл бэлтгэх зорилгоор ажилладаг бөгөөд 12.5 гектар талбай бүхий эзэмшлийн газартай. Хавраас эхлэн намрын 10 дугаар сар хүртэл тухайн талбайд ажил хийдэг. Ногооннуур суманд би 10-аад жил ажиллаж байгаа. 8 дугаар сарын 01-ний өдөр хадланд буудаг. Гэтэл Х.Өмирбек гэх нөхөр заримдаа 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хадланд буучихдаг. Бусдын хөдөлмөр гаргаж усалж, бусдын хөдөлмөр хийсэн эзэмшил газарт трактораар гишгэж, хүмүүсийн газрыг хадаж хууль бус зүйл хийдэг. Бид нар хуулийн хугацаанд хадланд буудаг. Манай хадлангийн талбай болон бусад хүмүүсийн хадланд бууж шуугиан гаргадаг. Намрын сард хүн бүхэн аль болох түргэн, үр бүтээлтэй ажиллахыг хичээдэг. Ийнхүү бид нар завгүй явж байхад бидний хөдөлмөрлөсөн эзэмшлийн талбайд орж хадлан хадаж, өвс хулгайлдаг. Ганцхан миний биш бүх хүмүүсийн талбайд ч ордог. Ноднин өөрсдийн хамаатны хүнтэй зодолдож эрүүгийн хэрэг хүртэл үүсгэж байсан. 2015 онд бас ийм маргаан үүсгээд сумын цагдаагийн хэсгээс комисс томилж тэдгээр хүмүүс бидний маргааныг шийдвэрлэхээр очиж байсан. Зөвхөн миний хадлангийн талбайгаас 1.5 гектар, 8 бухал өвс авсан байсныг тухайн үед газрын даамал үзсэн. Өөрөөр хэлбэл Б.Хаумахын газраас ийм өвс хадсан гэдгийг тогтоосон. Энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. 2016 онд бас миний газарт орж өвсийг хадсан байсан. Тэгэхэд миний газрыг хэмжиж үзээд миний газраас гарсан өвсийг комисс тоолсон. Тэгэхэд миний газраас Х.Өмирбекийн хадсан өвс 318 боодол өвс байсан. Энэ хүн тэгэхэд өөрөө байсан. Тоолж байхад яваад өгсөн бөгөөд араас нь дуудсан ч ирээгүй. Энэ удаагийн маргаанд ирсэн комисст тасгийн дарга, сумын орлогч, газрын даамал бүгдээрээ байсан. Тийм учраас эдгээрийг тооцож үзээд хариуцагчаас нийт 1.872.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөөр хэлбэл 2016 оны хувьд 318 боодлыг нэг бүрийн үнийг 4000 төгрөгөөр үржүүлж тооцсон. 2015 онд 8 бухал бөгөөд нэг бухлаас 20 боодол өвс гэж тооцсон. Х.Өмирбек нь олон жил хадланд маргаан гаргаж байгаа. Түүнд сумаас албан ёсоор зааж өгсөн хадлангийн талбай байхгүй. Х.Өмирбек жил болгон бид нарыг хадлан хадуулахгүй маргаан гаргадаг. Тийм байдалтай байгаад байвал том хэрэг гарах юм шиг байна. Тийм учраас энэ хэргийг нэг тийш нь болгохыг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Өмирбек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Тагам ББХХ хоршооны эзэн Хажыхан овогтой Өмирбек миний бие аймгийн Ногооннуур сумын Жасыл көл ХХК-ний захирал Бекейн Хаумахын нэхэмжлэлтэй танилцаад ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Хаумах нь шүүхэд нэхэмжлэл болгож 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг Б.Хаумахын эзэмшил газраас 318 ширхэг боодол өвс хадаж, хувьдаа ашигласан хэмээн нэг боодол өвсийг 4000 төгрөгөөр тооцож 1272000 төгрөг, 2015 онд 1.5 га газрыг хадаж барагцаагаар 150 ширхэг боодол өвс үнэ 600.000 төгрөг, бүгд 1.872.000 /нэг сая найман зуун далан хоёр мянган/ төгрөг тус тус нэхэмжилжээ. Хариуцагч Ногооннуур сумын Тагам ББХХ хоршооны эзэн Х.Өмирбек нь Ногооннуур сумын Хар тахар" гэх газарт байгаа хадлангийн талбайгаас хадлангийн зориулалтаар 29.2 га талбай эзэмшдэг бөгөөд уг талбайгаас 1993 оноос эхлэн хадлан хадаж, өвс бэлтгэж, Улсын тэжээлийн фондод улсын нөөцийн өвсийг бэлтгэн нийлүүлж жил бүр улсад хөрөнгө оруулалт оруулж байгаа аж ахуйн нэгж билээ. Манай Тагам ББХХ хоршооны улс нийгэмд ашиг тустай үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийж ирсэн хөдөлмөр бүтээлийг үнэлж 2016 онд Тэргүүний хадланч хамт олон-оор шалгарч байсан юм. Тус Тагам ББХХ хоршоо нь Ногооннуур сумын Хар тахар хэмээх газраас 29.2 га газар эзэмшдэг болох нь Х.Өмирбекийн ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зураг /2017.01.25/ Баян-Өлгий аймгийн ГХБХГ-ын газрын мэргэжилтэн Б.Ермуратын Үзлэгийн үеийн зураг 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 82 тоот захирамж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар батлагдана. 3 Миний бие Х.Өмирбек нь 2015, 2016 онуудад өөрийн эзэмшиж, ашиглаж байсан талбайг аймгийн ГХБХБ-ын газраас олгосон газрын байршлын кадастрын зурагт тусгагдсан 29.2 га талбайгаас л өвс хадлан бэлтгэсэн тул Хаумахын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэн орж, өвс хадлан хадсан явдал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2 Х.Өмирбек би Хаумахын эзэмшил ашиглалтад байгаа газраас 2 га газрын өвсийг хадаж 318 ширхэг боодол өвс хадаж авсан нь сумаас томилогдсон комиссын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр батлагдана гэжээ. Гэтэл Б.Хаумах нь уг дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргаагүй байна. Газрын маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт, тэмдэглэл, хадлан хуваарилах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хавсаргасан гэж нэхэмжлэлд хавсаргасан материалын жагсаалтын 8,9 дүгээр дараалалд тусгасан боловч хавсаргаагүй байна. Энэ нь Хаумах нь одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэж байгааг илчилж байна. 3. Хадлангийн хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал миний хадлангийн талбайд сум орон нутгаас ямар нэгэн комисс ирж, шалгаж Х.Өмирбек намайг Хаумахын хадлангийн талбайгаас 2 га газрын өвс 318 ширхэг боодол өвс хадаж авсан талаар ямар нэгэн тогтоосон акт байхгүй. Надад ирж танилцуулж байгаагүй, тийм учраас Хаумах хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэсэн оролдлого хийж байна гэж бодож байна. 4. 2015 онд мөн Хаумахын эзэмшил газраас өвс хадсан асуудал байхгүй. Эцэст нь хэлэхэд: Иргэн Б.Хаумах ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Ингэж Хаумах мэтийн хүмүүс ямар ч нотлох баримтгүйгээр шүүхийг тоглоом тохуу хийж, ямар ч эрх ашиг зөрчигдөөгүй байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, акт дүгнэлт гаргавал нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсний төлөө хуульд заасны дагуу Б.Хаумах хариуцлага хүлээх учиртай. Б.Хаумахын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Өмирбек шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгч Б.Хаумахын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 20160022 тоот шийдвэрээр Тагам хоршооны газрыг аймгийн геодези, кадастр, газрын даамал, мэргэжилтнүүд, Ногооннуур сумын газрын даамал, шүүхийн бүрэлдэхүүнтэй 7 дугаар сарын 28-ны өдөр манай газарт хэмжилт хийж 29 га газрыг шийдвэрлэж өгсөн. Талгатбек, Хаумах нар намар хадлан хадаж дууссаны дараа шүүхээс хийсэн газар хэмжилтийг эсэргүүцэж, бид нарыг шүүх мэдэхгүй, бид мэднэ, Тагам хоршооны өвсийг хураана, дахин хэмжилт хийнэ гээд хурлын тэмдэглэл хөтөлж намайг гүтгэж байсан. Б.Хаумах намайг миний хадланг хадсан гээд миний газарт байсан боодол өвсийг өөрийн өвс болгож намайг гүтгэж байсан. Б.Хаумах олон жил надтай зууралдаж намайг олон жил хулгай хийсэн гээд хэрэгт холбогдуулах санаагаар явж байгаа. Хүмүүсийн хооронд янз бүрийн яс хаяж, зохион байгуулалт хийдэг. Дарга нарт хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, ашиг сонирхлын хууль зөрчдөг хүмүүсийн нэг. Б.Хаумах өвс хадаж үзээгүй. Тагам хоршооны газрыг мэргэжлийн трактор барьдаг хүмүүсийг хөлсөлж хадуулж авдаг. Хадуурчин Аманбек, хураагч Хурмет, хураагч Байболат болон эхнэр хүүхдүүдийн хамт ажилладаг. Багийн Засаг дарга Асылбек үүнийг сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч Б.Хаумахын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Өмирбек Б.Хаумахын хадлангаас өвс хадаагүй. Хэрвээ би түүний хадлангаас өвс хадаж, хулгайлсан бол тухайн цагт Цагдаагийн газарт хандаж байсан талаар нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч Б.Хаумах буруу нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Сумын комиссын тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинээр ажилд орсон газрын даамал болон сумын Засаг дарга, Б.Хаумах нар надад чамд ямар ч нөлөө байхгүй гэж гарын үсэг зуруулсан. Б.Хаумахын газар миний газрын баруун талд байдаг. Үүнийг сумын ард иргэд мэдэж байгаа. Кеншилик гээд дүү нь байдаг бөгөөд энэ хоёр хүн хамт хаддаг. Би Б.Хаумахын газраас өвс хулгайлах байтугай миний хадлангийн талбайд одоо 3000 гаруй боодол өвс байж л байна. 15000 боодол өвс хадсан бөгөөд 5000 боодол өвсийг саяхан татсан бөгөөд одоо 3000 боодол байж л байна. Одоо үүнийг хэн ч авдаггүй. Учир нь өвсний ханш буусан. Би хулгай хийдэг хүн биш. Би Ногооннуур суманд ажил хийдэг. Тус суманд ажил хийдэг хүнийг үздэггүй. Б.Хаумах дандаа ийм асуудлаар зууралдаж мөнгө олдог хүн. Зөндөө хүнийг шүүхэд өгөөд мөнгө гаргуулж авч байсан. Би хулгай хийж өвс аваагүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумах нь хариуцагч Х.Өмирбекээс Ногооннуур сумын Хар тахар гэх газарт байдаг өөрийн эзэмшлийн 12.5 га хадлангийн талбайгаас 2015, 2016 онд зөвшөөрөлгүй хадаж авсан өвсний үнэ 1,872,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хар тахарын хадлангийн талбайгаас 12,5 га газрыг малын тэжээл тариалах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, олгогдсон газрыг зориулалтын дагуу эзэмшихийг Жасыл көл ХХК-ний захиралд үүрэг болгож, эзэмшүүлсэн газрын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших гэрчилгээ олгож, эзэмшлийн явцад хяналт тавьж ажиллахыг Газрын даамалд даалгасан байна. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ногооннуур сумын Газрын даамлаас Жасыл көл ХХК-д газар эзэмших эрхийн 0230905 дугаартай гэрчилгээ олгож, мөн өдөр хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ хийж, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж Жасыл көл ХХК-ний эзэмшиж байгаа 030800072 нэгж талбарын газрын байршлын кадастрын зураг гаргаж баталгаажуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумах хариуцагч Х.Өмирбекээс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хадлан хуваарилах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр миний хадлангийн талбайгаас 600000 төгрөгийн үнэтэй 150 боодол өвс хадаж авсан гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Х.Өмирбекээс 2015 оны 150 боодол өвсний үнэ гэж нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Өмирбек нь тухайн маргаан бүхий Хар тахар гэх газарт 29.2 га хадлангийн талбайг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар захирамжаар эзэмшдэг гэж маргаж тус Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 54 тоот захирамжийн хавсралтаар дээрх захирамжийг хүчингүй болгосныг Тагам хоршооны захирал Х.Өмирбек нь эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2016/0022 дугаар шийдвэрээр Тагам хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү маргааны агуулга нь хувь хүн Х.Өмирбект холбоотой маргаан биш Тагам хоршоотой холбоотой маргаан байна.

Уг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2016/0022 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...шүүхээс нэхэмжлэгч Тагам хоршооны дарга Х.Өмирбекийн зааснаар хоршооны хадлангийн зориулалтаар эзэмшиж байгаа гэх газарт хэмжилт хийхэд нийт талбайн хэмжээ бодит байдлаар 29 га газар болох нь тогтоогдсон. Энэхүү 29 га газрыг одоогийн байдлаар хэн нэгний эзэмшил, ашиглалтад олгосон талаар эрх бүхий албан тушаалтнаас хууль ёсны шийдвэр гаргаагүй тул Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Тагам хоршоонд хадлангийн зориулалтаар уг газрыг эзэмшүүлэх бүрэн боломжтой болохыг дурдах нь зүйтэй гэж дурдсан ба үүнээс дүгнэхэд Тагам хоршоо болон хариуцагч Х.Өмирбекийн нэр дээр ямар нэгэн хадлангийн талбай эзэмших эрхийн гэрчилгээгүй, мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2016/0022 дугаар шийдвэр гарсны дараа Ногооннуур сумын Хар тахарын хадлангийн талбайгаас хадлангийн талбай эзэмших тухай эрх бүхий байгууллагаас ямар нэгэн эрхийн акт гаргаагүй болох нь хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахт Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай захирамжаар тус сумын Хар тахарын хадлангийн талбайгаас олгосон 12,5 га газраас хариуцагч Х.Өмирбек нь 318 боодол өвс хадаж авсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Газрын маргаан шийдвэрлэх комиссын ажлын явцын тэмдэглэл-ээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 318 боодол өвсний үнэд 1,272,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ногооннуур сумын үнэ тогтоох комиссын тодорхойлолтоор 2016 оны 8 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 20-ны хооронд бэлдсэн ногоон боодол өвсний үнэ 4000-4500 төгрөг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 318 боодол өвсний үнийг 4000 төгрөгөөр тооцож 1,272,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Өмирбек нь энэхүү Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахын надаас нэхэмжилсэн өвсний үнэ 1,872,000 төгрөг надад хамааралгүй бөгөөд Тагам хоршооны бүх гишүүдэд хамааралтай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж тус шүүхэд Тагам ББХХоршоо-ны албан бланканд тайлбар болон хүсэлтээ бичиж уг хоршооны тамгыг дарж гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ... гэж хариуцагчийг тодорхойлох эрхийг нэхэмжлэгчид олгосон байхад хариуцагч Х.Өмирбекийн нэхэмжлэлийн хариуцагч нь би биш Тагам ББХХоршоо-ны бүх гишүүдэд хамааралтай гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Хариуцагч Х.Өмирбекийн тус шүүхэд нотлох баримтаар өгсөн 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр олгосон улсын бүртгэлийн 230002017 дугаар, 2412071 регистрийн дугаартай Тагам хоршооны Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Бахытжан, Татварын албаны дарга Т.Фестивал нарын 217000241 дугаартай Тагам хоршооны талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар захирамж, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ногооннуур сумын газрын даамлаас Тагам хоршоод олгосон 0173717 дугаартай газар эзэмших гэрчилгээ, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Х.Насихатын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар албан бичиг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Ногооннуур сумын Газрын даамал И.Оналбекийн Ногооннуур сумын хадлангийн талбайд Тагам хоршооны нэрэн дээр хууль ёсны эзэмшлийн хадлангийн талбай байхгүй гэх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болатын Тагам хоршооны газрын байршил нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 тоот дугаар тогтоолоор баталсан Ногооннуур сумын Хар тахар гэх Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцаж байна гэж Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржанд хүргүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар албан бичиг зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Тагам хоршоотой холбоотой байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд хариуцагч Х.Өмирбекээс 318 боодол өвсний үнэ болох 1,272,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 1,272,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 35078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч БЗ63021512 регистрийн дугаартай Жантекей Хазыбек овогт Хажыханы Өмирбекээс өвсний үнэ 1,272,000 төгрөгийг гаргуулж Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахт олгож, түүний илүү нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Өмирбекээс 35078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жасыл көл ХХК-ний захирал Б.Хаумахт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ