Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00015

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК, Ц.С, Л.Ч нарт холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 110 229 504,72 иен буюу 2 424 943 130,76 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг, М.Батсүх, Г.Гантогтох, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг, Г.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулан “Б” ХХК-д 104 824 320.27 иенийн зээлийг 7.5 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эргэн төлөх хугацаатай олгож, зээлдэгчийн Хас банкин дахь 5002168443 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, “Тоног төхөөрөмжийн барьцааны гэрээ”, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулсан.

“Зээлийн гэрээ”-нд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сар тутам төлөхөөр заасан боловч зээлдэгч гэрээний хугацаанд 473 978.13 иенийн хүүгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. Түүнээс хойших хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 104 824 320.27 иенийн үндсэн зээл болон 3 294 722.85 иенийн хүүгийн төлбөр, нийт 108 110 043.12 иен буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханшаар тооцож нийт 2 378 420 948.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу тус банк нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 104 824 320.27  иен, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 695 555.17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 709,629.28 иен, нийт 110 229 504.72 иен буюу 2 424 943 130.76 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн бусад хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь Хужиртын алтны шороон ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл хүсч “М” ХХК-д 2017 оны 5 сард хандсан. Гэвч удтал хүлээлгэсний эцэст 2017 оны 8 сарын сүүлчээр зээл олгохоор болж зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн эргэн төлөлт нь дээр дурдсан төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Алт олборлолт нь улирлын чанартай ажил тул 10 сараас эхлэн дараа жилийн хавар болтол түр зогсдог онцлогтой. Ингээд зээлийн гэрээ нь тухайн жилийн эцэст байгуулагдаж буй тул хугацааг нь тухайн жилийнхээ эцэс хүртэл хугацаагаар байгуулж, харин гэрээний хугацааны эцэст сунгах асуудлыг шийдвэрлэхээр харилцан ойлголцолд хүрч зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү ойлголцол, тохиролцоог хэрэгжүүлэх механизм болгож “Б” ХХК нь зээлийн санхүүжилтээс 234 930 000 төгрөгийг авалгүй үлдээсэн бөгөөд уг зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутган төлөх, улмаар гэрээг сунгана гэж тогтсон. Ийнхүү гэрээний хугацаа дөхөх үед “Б” ХХК нь талуудын хооронд гэрээ байгуулах үеийн харилцан ойлголцолд үндэслэн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ 2017 оны 11 дүгээр сард хүргүүлсэн. Бидний энэхүү хүсэлтийн хариуг “М” ХХК 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/1667 дугаар албан бичгээр өгсөн ба ингэхдээ ...хуримтлагдсан хүүгийн төлбөрийг олгогдоогүй үлдсэн 234 930 000 төгрөгийн зээлээр төлүүлэх зөвшөөрлийг ирүүлэх тохиолдолд зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг ирүүлсэн.

Хариуцагчийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй, тиймээс анх хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлийн гэрээг боломжит хугацаагаар сунгахаас нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр татгалзсан болно. “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүүг тооцох нөхцөл бүрдээгүй, ийм нөхцөл бүрдсэн бол тийнхүү бүрдэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Болоршүр ХХК-аас 109 519 875,44 иен буюу 2 403 961 265,9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 709 629,28 иен буюу 15 576 362,6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000444135 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 дугаар байр, 1401, 1402 тоот хаягт байршилтай, 525 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2208004093 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474108 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, зоорийн давхар хаягт байршилтай, 299.1 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004092 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000474107 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, зоорийн давхар хаягт байршилтай, 230.9 м.кв талбайтай, зоорийн давхрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004097 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336676 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 71 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2208004098 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000336877 дугаартай гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж 70 дугаар байр, 103, 104 тоот хаягт байршилтай, 135 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, МV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт, алт баяжуулах скрубберыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас Б-БШ-ТТ 2017-92 дугаартай Барьцааны гэрээнд заасан 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашин, Болоршүр ХХК-ийн бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц.С, Л.Ч нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 9-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 050 054,75 төгрөг, 2018 оны 5 сарын 1-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390 560 төгрөг, мөн өдөр төлсөн 70 200 төгрөг, нийт 12 510 814,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Болоршүр ХХК-аас 12 274 956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 403 961 265,9” гэснийг “2 378 420 948,64” гэж, “15 576 362,6 гэснийг “46 522 182,12” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “12 274 956” гэснийг “12 050 054” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 798 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай магадлалын ТОГТООХ хэсэгт: “1-т Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 403 961 265,9” гэснийг “2 378 420 948,64” гэж, “15 576 362,6” гэснийг “46 522 182,12” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай магадлалын Хянавал хэсэгт: /Магадлал 7 хуудас/ “..Хэрэгт авагдсан “М” ХХК-иас “Б” ХХК-д явуулсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1741 тоот албан бичгийн /хх-151/ агуулгаас үзвэл зээлдэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/06 тоот албан бичгээр ирүүлсэн зээлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч банкны Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцээд зээлдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэг, гэрээний 10.1.3-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг цуцлан дуусгавар болгож, улмаар уг албан бичигт зааснаар төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр гэрээний дагуу үүсэх төлбөрийн хэмжээг тогтоох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үүрэг үүсэх зарчимд нийцнэ. Харин банкны зүгээс гэрээг цуцлан, татгалзсанаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хэмжээгээр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү тооцож шаардсаныг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авсан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тооцож, үндсэн зээл 104 824 320.27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 3 294 722.85 иен, нийт 108 110 043.12 иен буюу 2 378 420 948.64 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг төлбөрийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 46 522 182.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ давж заалдах шатны шүүх тайлбарласан байна.

Нэхэмжлэгч банкны зүгээс анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан тул банк 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3/1741 дугаартай Төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд болон тогтоосон нэмэлт хугацаанд гэрээний төлбөрийг төлөөгүй тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон түүний өмгөөлөгч нар удаа дараа хүсэлт гаргаж нийт найман удаа шүүх хурлыг хойшлуулсан тул банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг нэг удаа нэмэгдүүлсэн.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, ... эрхтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах болон 221.1 дэх хэсэгт заасан “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж заасантай огт хамааралгүй бөгөөд хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжөөр “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд”-д гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журам, хуулийн зохицуулалтыг тайлбарласан байна. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

Нэхэмжлэгч банкнаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлсэн нь гэрээнээс татгалзахаас өөр ойлголт байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хоёр. Гомдолд огт дурдаагүй, маргаагүй байхад хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан тухай: Нэхэмжлэгч болон хариуцагч нар үндсэн зээл болон үндсэн хүүгийн төлбөрийн тухай огт маргаагүй, хариуцагч төлбөр гаргуулах тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулсан. Харин нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн талаар огт дурдаагүй, гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хөндлөнгөөс үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын хүрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “Магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж заасныг үндэслэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэиий хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбааатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Ц.Хишигжаргал миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буйн хувиар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхийн 2018 оны 7-р сарын 23-ны өдрийн 1704 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 709 629.28 иен гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд нийцэж байгаа, ийнхүү хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн үндэслэлийг нь ч мөн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэмэгдүүлсэн хүүгийн талаарх хариуцагчийн тайлбар татгалзал, түүнд дурдагдаж буй үндэслэлүүдийн тухайд шүүх алдаатай дүгнэлт хийсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж шүүхэд давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглсэн байна” гэж энэхүү гомдлыг хүлээн аваагүй тул хяналтын журмаар дахин гомдол гаргаж байна.

Тодруулбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээг сунгах талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь алдаатай байх ба энэ нь хэргийн үйл баримт, тэдгээрт холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв байх талаас үнэлээгүйгээс үүджээ.

Талууд зээлийн гэрээг тухайн жилийн сүүлийн хагаст байгуулж буй, зээлийн хөрөнгийг зарцуулах зориулалтад дурдсан үйл ажиллагаа нь улирлын шинжтэй, тиймээс зээл олгох цаг үе ба зээлийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулж, орлого олж, улмаар зээлийг эргүүлэн төлөх бодит боломж гэрээний хугацаанд угаас бүрдэхгүй, тиймээс ирээдүйд хугацааг сунгах нь зайлшгүй тухайд талууд анхнаасаа ойлголцолтой байсан, тиймээс ч зээлийн санхүүжилтээс тодорхой хувийг зээлдүүлэгчийн дансанд үлдээсэн. Энэхүү данснаас зээлийн хүүгийн төлбөрүүдийг суутган тооцохоор харилцан ойлголцсон байсан үйл баримт байх ба түүнд холбогдох нотлох баримтуудыг хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргаж байсан. Жишээлбэл: Энэхүү ойлголцол, тохиролцоог хэрэгжүүлэх механизм болгож “Б” ХХК нь зээлийн санхүүжилтээс 234 930 000 төгрөгийг авалгүй үлдээсэн бөгөөд уг зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутгаж ирсэн үйл баримтад холбогдох дараах нотлох баримтууд хэрэгт авагджээ. Үүнд: “Б” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/07 дугаар албан бичгээр өгсөн “...олгогдоогүй байгаа 238 900 000 төгрөгийн зээлийн үлдэгдлээс 10 сарын зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг суутган авах” зөвшөөрөл, “М” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/1667 дугаар албан бичгээр “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр хуримтлагдаж төлөгдөөгүй байгаа 1 335 433 11 иений зээлийн хүүгийн төлбөр, 51 699.45 иений нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон цаашид 2018 оны 6 дугаар сар хүртэл хуримтлагдах хүүгийн төлбөрийг сар бүр олгогдоогүй үлдсэн 2 349 000 төгрөгийн зээлээр төлүүлэх зөвшөөрлийг ирүүлэх тохиолдолд зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой...”.

Түүнчлэн “Зээлийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2.5-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр барагдуулахаар хугацаатай анхаарал, мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч уг хугацаанд гэрээний зөрчлөө арилгаагүй бол барьцааны зүйлээр хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж зааснаар зээлийн хуваарьт төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн бол мэдэгдэл хүргүүлэх, улмаар зээлийг гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандан гэрээг цуцлах арга хэмжээг Зээлдүүлэгч авч хэрэгжүүлэх ёстой байсан. Мөн гэрээний 9.2.14-д “Зээлдэгч нь улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон зээлийн хөрөнгөөр худалдан авах хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг зээлийн барьцаанд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу анхдагч эрхтэйгээр бүрэн бүртгүүлээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзах” гэж заасан ба гэрээний явцад уг машин тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэх боломжгүй болсон, тиймээс гэрээнд заасан хугацааны дотор зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгөөр бүртгэгдэх боломжгүй нөхцөл байдал зээлдүүлэгчийн хувьд тодорхой болсон. Энэ тохиолдолд санхүүжилтийг олгохоос татгалзах буюу гэрээг цуцлах арга хэмжээг зээлдүүлэгч авч хэрэгжүүлэх ёстой байсан. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд зээлдэгч нь хуваарьт зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байхад ч, зээлийн хөрөнгийг зарцуулах зориулалт болох хожим зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгө болох учиртай тээврийн хэрэгслийн барьцааг бий болгоогүй байхад ч зээлдүүлэгч нь гэрээ цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, харин ч гэрээг үргэлжлүүлэн 2018 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаагаар сунгах талаар хэлэлцэж байсан үйл баримт тогтоогддог. Эл үйл баримт, түүнд холбогдох нотлох баримтуудын хүрээнд зээлдэгч “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болох нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн “гэрээний хугацаа сунгах үндэслэлтэй байсан тул нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх” татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд ингэж буруу дүгнэснээр “Б” ХХК нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлдэг, үүргээ биелүүлдэггүй гэх бүртгэлтэй болох сөрөг үр дагавартай байх тул ийнхүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаарх хариуцагчийн тайлбар татгалзалд дурдагдаж буй үндэслэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Ц.Сг оролцуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хангахгүй орхисон тухайд: “М” ХХК болон “Б” ХХК-иудын хооронд байгуулсан З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Ц.Сгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцааны гэрээ байгуулан барьцаанд бариулсан. Нэхэмжлэлд ч уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байх ба энэ хүрээнд Ц.Сг хариуцагчаар тодорхойлсон байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгаан хэлэлгүйгээр Ц.Сд холбогдуулах шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч нь Ц.Сд холбогдуулж гаргасан шаардлагаас татгалзаж буй эсэх, тэр нь барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай хэрхэн уялдаж буй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх мөн дүгнэлт хийгээгүй нь алдаатай болсон.

Нэгэнт нэхэмжлэгч өөрийг нь хариуцагчаар татсанаасаа больсон хэдий боловч түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжсээр байсан тул Ц.С нь “өөрийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдөнө” гэж үзэн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд 2018 оны 6-р сарын 05-ны өдөр гаргасан. Гэвч “...Ц.С нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар болон иргэний хувиар хариуцагчаар оролцож байсан, шүүхэд хянан шийдвэрлэж буй маргааны талаар бүрэн мэдээлэлтэй этгээд бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийнх нь эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байна гэж үзсэн тохиолдолд бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан, түүний зүгээс ямар нэгэн бие даасан шаардлага гаргаагүй тул Ц.Сг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй...” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэр гарсан ажээ. Үүний улмаас үүсгэн байгуулагч нь хуулийн этгээдийн үүргийг хариуцах эсэх, хариуцах бол хэдий хэмжээгээр хариуцах ёстой гэх мэт олон чухал асуудлуудад анхан шатны болон давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан алдаатай үйл ажиллагаа болжээ.

Ханшийн зөрүүг тооцох үндэслэлийн тухайд: “Б” ХХК-ийн зээлийн эргэн төлөх хугацаа дээр дурьдсан шалтгаан нөхцлийн улмаас хэтэрсэн, ийнхүү хугацаа хэтрэхэд зээлдэгч буруугүй тул ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 22 төгрөгөөр 1 иенийг тооцох үндэслэлгүй.

Харин зээлийн гэрээг сунгах учиртай, тиймээс үүрэг үүссэн өдөр гэж тооцвол зохих 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны зарласан ханш нь 1 иенийг 21.47 төгрөгөөр тооцох учиртай.

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар 1 иенийг 21.47 төгрөгөөр тооцож үзэхэд нийт 108 110 043.12 иен нь 2 321 122 626 төгрөгтэй тэнцэх ажээ. Иймд ханшийн зөрүүнээс үүдэх 57 298 323 төгрөгийн төлбөрийг хариуцагч тал зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23 өдрийн 1704 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“М” ХХК нь “Б” ХХК, Ц.С, Л.Ч нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 110 229 504,72 иен буюу 2 424 943 130,76 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хариуцагч үндсэн зээл болон зээлийн хүүг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь Ц.С, Л.Ч нарт холбогдох шаардлагаас татгалзсан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 2 403 961 265,9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөс 70 тонны даацтай 7 ширхэг хүнд даацын автомашин, “Б” ХХК-ийн бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцааны бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.С, Л.Ч нарт холбогдох шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2 378 420 948,64 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “М” ХХК, “Б” ХХК-ийн хооронд №З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай “Зээлийн гэрээ”, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр №З-БШ-ЗҮ 2017-90-1 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” тус тус байгуулагдаж, дээрх гэрээгээр “М” ХХК нь 2 562 930 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний  иенийг жилийн 7.5 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх, “Б” ХХК гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулах, үндсэн зээлийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулжээ.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 473 978,13 иенийг хүүгийн төлбөрт төлсөн, үлдэгдэл төлбөрийн талаар хариуцагч маргаагүй, харин гэрээг анх байгуулахдаа үргэлжлүүлэн сунгахаар харилцан тохиролцсон байсан, гэрээгээр хэрэгжүүлэх төсөл өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлаас шалтгаалан зорилгодоо хүрээгүй, банк гэрээний хугацааг сунгаагүй тул нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эрх зүйн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шаардлагын хэмжээнд гэрээний дагуу үүсэх төлбөрийг тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн, шүүх хуралдааныг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр товлосон байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-д заасан хугацаанд хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлосон байхад нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцоог хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй.

Харин хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах журам зөрчсөн...” гэх гомдлыг хянан үзвэл:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т шүүхээс гаргах шийдвэр, маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор зохицуулжээ.

Шүүх хуралдаан товлогдсон 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь  хариуцагч Ц.Сд холбогдох шаардлагаас татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, шүүх хурал давхацсан үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хуралдаан хойшилсон ба 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.С нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, шүүх хуралдаанаар хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Ц.С нь шүүх хуралдаан хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон, мөн хариуцагч “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул маргааны зүйлийн талаар бүрэн мэдээлэлтэй байсан, шүүхээс гарах шийдвэр түүний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхийг мэдэж байсан боловч гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй, анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь зохицуулалт нь шүүхэд тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцуулах үүрэг хүлээлгээгүй, харин тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломж олгосон, хариуцагч Ц.С нь өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар мэдсэн этгээд тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр “...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ханшийн зөрүүг буруу тооцсон...” талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зарим шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засч, зөвтгөөгүй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйл болох MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны  мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийг алт баяжуулах скрубберийн хамт албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7.-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж, 51.8.-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 57.1.-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж, 52 дугаар зүйлийн 52.1.-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана...” гэж тус тус зохицуулжээ.

Иймд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангахдаа дээрх холбогдох хуулийн заалтыг баримтлах шаардлагатай тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1704 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 2 378 420 948,64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 522 182,12 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  шийдвэрийн 2 дахь заалтаас “MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны  мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийг алт баяжуулах скрубберийн хамт” гэснийг хасч, тус заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7., 51.8., 52 дугаар зүйлийн 52.1.-д зааснаар барьцаалагдсан MV-016658 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны  мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийг алт баяжуулах скрубберийн хамт шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсугай” гэсэн нэмэлтийг оруулж, шийдвэрийн 4 дэх заалтын “12 274 956” гэснийг “12 050 054” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн “М” ХХК-иас 312 700 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас 750 473 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД