Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01704

 

­­­­­

 

 

 

 

 

МУХ банкХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн            181/ШШ2018/01266 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МУХ банк ХХК-ийн хариуцагч “Б” ХХК, Ц.С, Л.Ч нарт холбогдох 2 424 943 130.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч “Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал, хариуцагч Ц.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маналсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУХ банк нь зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулан “Б” ХХК-д 104 824 320.27 иенийн зээлийг 7.5 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эргэн төлөх хугацаатай олгож, зээлдэгчийн Хас банкин дахь 5002168443 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Тоног төхөөрөмжийн барьцааны гэрээ, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Зээлийн гэрээнд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сар тутам төлөхөөр заасан боловч зээлдэгч гэрээний хугацаанд 473 978.13 иенийн хүүгийн төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. Түүнээс хойших хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 104 824 320.27 иенийн үндсэн зээл болон 3 294 722.85 иенийн хүүгийн төлбөр, нийт 108 110 043.12 иен буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож нийт 2 378 420 948.64 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу тус банк нь нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 104 824 320.27  иен, үндсэн хүүгийн үлдэгдэл 4 695 555.17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 709,629.28 иен, нийт 110 229 504.72 иен буюу 2 424 943 130.76 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд заасан үл хөдлөх эд хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, “Б” ХХК-ийн бусад хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь Хужиртын алтны шороон ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл хүсч Монгол Улсын Хөгжлийн банкинд 2017 оны 5 сард хандсан. Гэвч удтал хүлээлгэсний эцэст 2017 оны 8 сарын сүүлчээр зээл олгохоор болж зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн эргэн төлөлт нь дээр дурдсан төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй юм. Алт олборлолт нь улирлын чанартай ажил тул 10 сараас эхлэн дараа жилийн хавар болтол түр зогсдог онцлогтой. Ингээд зээлийн гэрээ нь тухайн жилийн эцэст байгуулагдаж буй тул хугацааг нь тухайн жилийнхээ эцэс хүртэл хугацаагаар байгуулж, харин гэрээний хугацааны эцэст сунгах асуудлыг шийдвэрлэхээр харилцан ойлголцолд хүрч зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү ойлголцол, тохиролцоог хэрэгжүүлэх механизм болгож Б ХХК нь зээлийн санхүүжилтээс 234 930 000 төгрөгийг авалгүй үлдээсэн бөгөөд уг зээлийн санхүүжилтийн үлдэгдлээс ирээдүйд тооцогдох хүүгийн төлбөрийг суутган төлөх, улмаар гэрээг сунгана гэж тогтсон. Ийнхүү гэрээний хугацаа дөхөх үед “Б” ХХК нь талуудын хооронд гэрээ байгуулах үеийн харилцан ойлголцолд үндэслэн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ 2017 оны 11 дүгээр сард хүргүүлсэн. Бидний энэхүү хүсэлтийн хариуг МУХ банк2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/1667 дугаар албан бичгээр өгсөн ба ингэхдээ ...хуримтлагдсан хүүгийн төлбөрийг олгогдоогүй үлдсэн 234,930,000 төгрөгийн зээлээр төлүүлэх зөвшөөрлийг ирүүлэх тохиолдолд зээлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг ирүүлсэн.

 Хариуцагчийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйлгүй, тиймээс анх хэлэлцэн тохиролцсоны дагуу зээлийн гэрээг боломжит хугацаагаар сунгахаас нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр татгалзсан болно. МУХ банкаас нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүүг тооцох нөхцөл бүрдээгүй, ийм нөхцөл бүрдсэн бол тийнхүү бүрдэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 109 519 875.44 иен буюу 2 403 961 265.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 709 629.28 иен буюу 15 576 362.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Ц.С, Л.Ч нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 510 814.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12 274 956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 709 629.28 иен гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд нийцэж байгаа, ийнхүү хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн үндэслэлийг нь ч мөн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч нэмэгдүүлсэн хүүгийн талаарх хариуцагчийн тайлбар татгалзал, түүнд дурдагдаж буй үндэслэлүүдийн тухайд шүүх алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрээг сунгах талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй..." гэж хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь алдаатай байх ба энэ нь хэргийн үйл баримт, тэдгээрт холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв байх талаас үнэлээгүйгээс үүджээ. Талууд зээлийн гэрээг тухайн жилийн сүүлийн хагаст байгуулж буй, зээлийн хөрөнгийг зарцуулах зориулалтад дурьдсан үйл ажиллагаа нь улирлын шинжтэй, тиймээс зээл олгох цаг үе ба зээлийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулж, орлого олж улмаар зээлийг эргүүлэн төлөх бодит боломж гэрээний хугацаанд угаас бүрдэхгүй, тиймээс ирээдүйд хугацааг сунгах нь зайлшгүй тухайд талууд анхнаасаа ойлголцолтой байсан, тийм ч зээлийн санхүүжилтээс тодорхой хувийг зээлдүүлэгчийн дансанд үлдээсэн. Энэхүү данснаас зээлийн хүүгийн төлбөрүүдийг суутган тооцохоор харилцан  ойлголцсон байсан үйл баримт байх ба түүнд холбогдох нотлох баримтуудыг хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргаж байсан.

Түүнчлэн Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.5-д "зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд уг төлбөрийг барьцаа хөрөнгөөр барагдуулахаар хугацаатай анхаарал, мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч уг хугацаанд гэрээний зөрчлөө арилгаагүй бол барьцааны зүйлээр хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах" гэж зааснаар зээлийн хуваарьт төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн бол мэдэгдэл хүргүүлэх, улмаар зээлийг гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандан гэрээг цуцлах арга хэмжээг Зээлдүүлэгч авч хэрэгжүүлэх ёстой байсан. Мөн гэрээний 9.2.14-д , "Зээлдэгч нь улсын бүртгэлийн Ү-2203024156 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон зээлийн хөрөнгөөр худалдан авах хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг зээлийн барьцаанд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу анхдагч эрхтэйгээр бүрэн бүртгүүлээгүй тохиолдолд үлдэгдэл санхүүжилтийг олгохоос татгалзах" заасан ба гэрээний явцад уг машин тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэх боломжгүй болсон, тиймээс гэрээнд заасан хугацааны дотор зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгөөр бүртгэгдэх боломжгүй нөхцөл байдал зээлдүүлэгчийн хувьд тодорхой болсон. Энэ тохиолдолд санхүүжилтийг олгохоос татгалзах буюу гэрээг цуцлах арга хэмжээг зээлдүүлэгч авч хэрэгжүүлэх ёстой байсан. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд зээлдэгч нь хуваарьт зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байхад ч, зээлийн хөрөнгийг зарцуулах зориулалт болох хожим зээлдүүлэгчийн барьцаа хөрөнгө болох учиртай тээврийн хэрэгслийн барьцааг бий болгоогүй байхад ч зээлдүүлэгч нь гэрээ цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, харин ч цаашид гэрээг үргэлжлүүлэн 2018 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаагаар сунгах талаар хэлэлцэж байсан үйл баримт тогтоогддог. Эл үйл баримт, түүнд холбогдох нотлох баримтуудын хүрээнд зээлдэгч "Б" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болох нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн "гэрээний хугацаа сунгах үндэслэлтэй байсан тул нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх" татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд ингэж буруу дүгнэснээр "Б" ХХК нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлдэг, үүргээ биелүүлдэггүй гэх бүртгэлтэй болох сөрөг үр дагавартай байх тул ийнхүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаарх хариуцагчийн тайлбар татгалзалд дурдагдаж буй үндэслэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

"МУХ банк" ХХК болон "Б" ХХК-иудын хооронд байгуулсан 3-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Ц.С-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцааны гэрээ байгуулан барьцаанд бариулсан. Нэхэмжлэлд ч уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байх ба энэ хүрээнд Ц.С-г хариуцагчаар тодорхойлсон байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгаан хэлэлгүйгээр Ц.С-д холбогдуулах шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч нь Ц.С-д холбогдуулж гаргасан шаардлагаас татгалзаж буй эсэх, тэр нь барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай хэрхэн уялдаж буй талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь алдаатай болсон. Нэгэнт нэхэмжлэгч өөрийг нь хариуцагчаар татсанаасаа больсон хэдий боловч түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжсээр байсан тул Ц.С нь "өөрийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдөнө" гэж үзэн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Гэвч "...Ц.С нь “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч "Б" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувиар болон иргэний хувиар хариуцагчаар оролцож байсан, шүүхэд хянан шийдвэрлэж буй маргааны талаар бүрэн мэдээлэлтэй этгээд бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийнх нь эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байна гэж үзсэн тохиолдолд бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байсан, түүний зүгээс ямар нэгэн бие даасан шаардлага гаргаагүй тул Ц.Сг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэр гарсан ажээ.

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар нэг иенийг 21,47 төгрөгөөр тооцож үзэхэд нийт 109 519 875.44 иен нь 2 351 391 725.69 төгрөгтэй тэнцэх ажээ. Иймд ханшийн зөрүүнээс үүдэх 52 569 540 төгрөгийн төлбөрийг хариуцагч тал зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч МУХ банк нь хариуцагч “Б” ХХК, Ц.С, Л.Ч нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 104 824 320,27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 3 294 722,85 иен, нийт 108 110 043,12 иен буюу 2 378 420 948,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 104 824 320,27 иен, хүүгийн төлбөрт 4 695 555,17 иен, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 709 629,28 иен, нийт 110 229 504,72 иен буюу 2 424 943 130,76 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж, барьцаа хөрөнгө болон “Б” ХХК-ийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжин, Ц.С, Л.Ч нарт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч “Б” ХХК нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, мөн 104 824 320,27 иенийн үндсэн зээл, хүүгийн төлбөр 3 294 722,85 иенийн төлбөрийг төлөхөөс татгалзаагүй, харин гэрээ сунгах талаар гаргасан зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй, гэрээ сунгах процесс явагдаж байх үед зээлдүүлэгч гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

МУХ банк ХХК болон “Б” ХХК-ийн хооронд харилцан тохиролцож байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн З-БШ-ЗҮ 2017-90 дугаартай зээлийн гэрээ /хх11-16/, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн З-БШ-ЗҮ 2017-90-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-17/-ээр МУХ банкХХК нь “Б” ХХК-д 2 562 930 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийг жилийн 7.5 хувийн хүүтэй, зээлийн эхний олголт хийсэн өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх, “Б” ХХК нь зээлийг гэрээнд заасан хугацаанд хуваарийн дагуу бүрэн төлөх үүрэг хүлээж, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл эргэн төлөгдөх дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн үнийн дүнгээс гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон ба талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, шүүх маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч “Б” ХХК 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 45 004 500,45 иен, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 59 819 819,82 иен, нийт 104 824 320,27 иенийн зээлийг зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зээлдэгч дээрх төлбөрийн үлдэгдлийг няцаагаагүй.

Зээлдүүлэгч зээлийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгож, сар бүрийн 25-ны өдөр тодорхой дүнгээр эргэн төлөлт хийх /хх-16/ хуваарийг зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан, гэрээний 8.1.2 дахь заалтаар хуваарийн дагуу тогтсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээсэн боловч зээлийг гэрээгээр тогтоосон 8 дугаар сарын 25-ны өдөр биш 2017 оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 6-ны өдрүүдэд хувааж олгосон, харин эргэн төлөх хуваарийг шинэчлэн тогтоогоогүй байна. Зээлийг тогтоосон хугацаанд бүрэн олгоогүй байхад хуваарьт заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй гэрээний үүрэг зөрчсөн гэж зээлдэгчийг буруутгаж, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд  нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Хэрэгт авагдсан МУХ банкнаас “Б” ХХК-д явуулсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1741 тоот албан бичгийн /хх-151/ агуулгаас үзвэл зээлдэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17/06 тоот албан бичгээр ирүүлсэн зээлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч банкны Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцээд зээлдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэг, гэрээний 10.1.3-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг цуцлан дуусгавар болгож, улмаар уг албан бичигт зааснаар төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл  гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр гэрээний дагуу үүсэх төлбөрийн хэмжээг тогтоох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үүрэг үүсэх зарчимд нийцнэ. Харин банкны зүгээс гэрээг цуцлан, татгалзсанаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хэмжээгээр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүү тооцож шаардсаныг хангах үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийг хүлээж авсан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тооцож, үндсэн зээл 104 824 320,27 иен, зээлийн хүүгийн төлбөрт 3 294 722,85 иен, нийт 108 110 043,12 иен буюу 2 378 420 948,64 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг төлбөрийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх 46 522 182,12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 403 961 265,9” гэснийг “2 378 420 948,64” гэж, “15 576 362,6” гэснийг “46 522 182,12” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “12 274 956” гэснийг “12 050 054” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420 798 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

        А.ОТГОНЦЭЦЭГ