Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 070

 

С.Даутханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Ители овогт Сейтханы Даутханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах, (2) эд хөрөнгийн хохирлын үнэ 10843200 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Жижиг дунд үйлдвэрийн сангаас аймгийн хэрэгцээний гурил тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх гурилын үйлдвэрийг барьж байгуулахаар ХААН банкаар дамжуулан төслийн зээл авч, уг зээлийг үйлдвэрийн агуулах барилга барих, тоног төхөөрөмж худалдан авахад бүрэн зарцуулж, тухайн үед ОХУ-аас буудайн экспортод хориг тавьж, мөн түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдсаны улмаас үйлдвэр зогсож 2012 оны 2 дугаар сард аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба уг үйлдвэрийг битүүмжилсэн.

Нэхэмжлэгч С.Даутхан би ХААН банкнаас авсан 440 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гурилын үйлдвэрийн барилга агуулах тоног төхөөрөмжөөс бусад амины 2 орон сууц, дэлгүүрийн байр бүгд 3 объектыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдаагаар худалдаж дээрх зээлийн 150 сая төгрөгийг төлүүлсэн ба одоо төлбөр төлөгч би ХААН банканд 294,4 сая төгрөгийн төлбөртэй. Одоогийн байдлаар уг 294,4 сая төгрөгийн өрийн барьцаанд мэргэжлийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 206,9 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 216 кв.м талбайтай 111,9 сая төгрөгийн үйлдвэрийн барилга, 1944 кв.м талбайтай, 973,3 сая төгрөгийн үнэлгээтэй агуулах нийт 1 тэрбум 289,3 сая төгрөгийн хөрөнгө барьцаалагдаж байна.

Тус хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авах этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр ХААН банкны үлдэгдэл төлбөр 297578152 төгрөгийн өрөнд уг хөрөнгүүдийг тооцон өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасныг тус тус зөрчсөн тул уг шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар бууруулсан үнээр 644679900 төгрөгөөр зарахаар санал болгосон ч сонирхсон этгээд байхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар 644679900 төгрөгөөр төлбөртөө тооцож авахыг ХААН банканд санал болгоход төлбөр авагч татгалзсан тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар С.Даутхан надад тус хөрөнгийг буцаах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал албадан дуудлага худалдааны доод үнийг үндэслэлгүйгээр 347.1 сая төгрөгөөр бууруулж төлбөр авагчид санал болгож хууль зөрчсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 36 дугаар зүйлийн 36.2, 15 дугаар зүйлийн 15.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.2, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 171 дүгээр зүйлийн 171.1, 171.3, 177 дугаар зүйлийн 177.4, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус үндэслэн өмчлөгч миний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа 42 сар үргэлжилсэн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч надад буцаах, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Даутханаас 44436900224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрөөс 150400000 төгрөг төлөгдөж, 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 7128 м.кв газрын хамт хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин 1.289.359.100 төгрөгөөр хураан авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахад сонирхогч хүн ирээгүй тул дахин дуудлага худалдаа явагдаагүй. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талуудад санал болгох тухай хурал хийсэн бөгөөд талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй. Хэдийгээр тус алба 4 удаагийн шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон боловч хуулийг ноцтой зөрчөөгүй, зөвхөн хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хайнга хандсанаас болж баримт бичгийн бүрдүүлэлт дутуу зэргээс хүчингүй болж байсан. Иймд тус байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар нэхэмжлэгч С.Даутханы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлсэн болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгож, түүний илүү нэхэмжилсэн 6440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Даутхан би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 он 4-р сарын 07-ны өдрийн 248 дугаартай шийдвэрийн 2 дахь хэсгийн...түүний илүү нэхэмжилсэн 6440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг эс зөвшөөрч доорх нотлох баримт, үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд: 1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч С.Даутхан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн объектыг хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 3-р сард актаар хураан авч битүүмжилснээс хойш өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд тус битүүмжилсэн объектод учирсан бодит хохирлын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нарийн шалгаж тогтоох, уг хохирлыг үүрэг бүхий этгээдээр арилгуулах шийдвэр гаргахдаа Иргэний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт бодит хохирол гэж эрх нь зөрчигдсөн этгээдийн хөрөнгийн хорогдсон дүнг хэлнэ, мөн хуулийн дээрх зүйл хэсгийн тайлбарт ...хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ шүүх хохирлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтад тулгуурлан хохирлыг хэмжээг нарийвчлан шалгасан байх ёстой гэж заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь актаар битүүмжилсэн гурилын үйлдвэрийн объектын хагарсан 25 ширхэг вакуум цонх, 1 ширхэг хаалганы үнэ 4 403 200 төгрөгийг л хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Харин гурилын үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, битүүмжлэгдсэн объектод учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг нарийн шалгаж тогтооход шаардлагатай 12 төрлийн эд зүйл, барилгын материал ажлын хөлсний орон нутгийн үнэ ханшийг Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр тогтоолгосон 2 удаагийн үнэлгээ, эдгээр үнэлгээг үндэслэн гаргасан, нурж сүйтгэгдсэн 40 хашааг сэргээн засварлах зардал 2140 000 төгрөг, сүүлийн 2 жилийн туршид ямар ч цонхгүй байсан н битүүмжилсэн объектоос алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөг буюу нийт 6440 000 төгрөгийн бодит хохирлын тооцоо зэрэг 3 ширхэг нотлох баримтыг шүүхээс нотлох баримтаар огт үнэлэхгүй орхигдуулж, уг 6440 000 төгрөгийн хохирлын тооцоог шүүхээс нарийн шалгаагүй мөрлөө ...илүү нэхэмжилсэн. гэж буруу дүгнэлт хийснийг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь 2014 оны 10-р сараас хойш бүтэн 2 жилийн хугацаанд ямар ч цонхгүй болж харуул хамгаалалтгүй байсан гурилын үйлдвэрийн битүүмжлэгдсэн объект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөг, хөндлөнгийн явган хүмүүс, хог ачсанмашин тэрэг үйлдвэрийн эзэмшлийн газар талбарыг бохирдуулж их хэмжээний хог асгаж байнга орж гарсны улмаас нуурч сүйтгэгдсэн 40 метр блок хашааг сэргээн засварлахад шаардлагатай хөндий блок, цемент, элс зэрэг материал, ажлын хөлсийг тооцсон 2140 000 төгрөгийн бодит хохирлын тооцоог нарийн шалгахгүй орхигдуулж, битүүмжилсэн объектын эзэмшлийн газрыг тойруулж татсан зүүн талын 40 метр хашаа нурж сүйтгэгдсэний улмаас гурилын үйлдвэрийн битүүмжилсэн объектод учирсан 2 140 000 төгрөгийн бодит хохирлын тооцоог үндэслэлтэй хянаж үзээгүй, нурсан хашааны уртын хэмжээг газар дээр нь хэмжилт хийж, нурсан хашааны уртыг шүүхээс нарийн шалгаж тогтоосон үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй атлаа ....тийм хэмжээний зардал гарах эсэхийг тооцсон тухай шууд нотлох баримт байхгүй тул тооцох боломжгүй гэж дүгнэлээ...ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхой бус ..тул хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй гэж хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй буруу дүгнэлт үйлдэж...илүү нэхэмжилсэн 6440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж С.Даутхан миний нэхэмжилсэн 40 метр хашааг сэргээн засварлах блок, элс ажлын хөлс, ачих буулгах таксины зардлын үнэ 2140000, битүүмжилсэн объектоос алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөгөөс бүрдсэн бодит хохирлын дүн нийт 6440000 төгрөгийн шаардлагыг илүү нэхэмжилсэн гэх үндэслэлээр үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх 6440 000 төгрөгийн бодит хохирлын тооцоо нь хэрэгт авагдсан гурилын үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр тогтоолгосон 2 удаагийн үнэлгээ, гурилын үйлдвэрийн объектыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хураан авч, битүүмжилсэн 2 ширхэг акт, бодит хохирлыг хэмжээг тооцсон 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн хохирлын тооцоо, гэрч нарын шүүхэд гаргаж өгсөн 3 ширхэг тодорхойлолт, 10 ширхэг фото зураг, үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн бүтэн байдалтай хэвийн ажиллаж гурил тэжээл үйлдвэрлэж байгаа байдлыг 2011 оны 12 -р сард СД дискэд буулгасан дүрс бичлэг зэрэг хэрэгт авагдсан нийт 12 ширхэг нотлох баримтад үндэслэгдсэн, үндэслэх нотлох баримт бүхий 6440 000 төгрөгийн бодит хохирол байсныг анхан шатны шүүх санаатай үгүйсгэж нарийн шалгахгүй орхигдуулсан нь хэрэгт авагдсан дээрх 12 ширхэг нотлох баримтаар нотлогдож байна.

2. Анхан шатны шүүх шийдвэртээ хашааны зүүн талын 5-10 метр хэсэгт блок нурсан байдалтай байсан болох нь фото зургаар тогтоогдож байгаа тул ....40 метр хашааны блок нурсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтад огт үндэслэгдээгүй худлаа дүгнэлт үйлдсэнийг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Учир нь гурилын үйлдвэрийн объектын орчин, хашааны байдалд С.Даутхан миний шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс үзлэг хийхдээ дээрх нурсан хашааны уртын хэмжээг нарийн шалгаж тогтоохоор ямар ч нэгэн хэмжилт огт хийгээгүй бөгөөд хэмжилт хийснийг нотлох тийм баримт хэрэгт огт авагдаагүй буюу шүүхээс үзлэг хийхэд нурсан хашааны бодит уртыг огт нарийн шалгаж тогтоогоогүй, ямар нэгэн хэмжилт хийгээгүй , хэмжилт хийснийг нотлох ямар нэгэн нотлох баримт баримт хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүх .. 5-10 м хэсэгт блок нь нурсан байдалтай байсан... гэж үндэслэх нотлох баримтгүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй худлаа дүгнэлт үйлдсэн. Харин нэхэмжлэгч С.Даутхан би 2016 оны 11-р сарын 16-ны өдөр гурилын үйлдвэрийн нурсан хашааны уртын хэмжээг гурилын үйлдвэрийн хадгалагч байсан М.Төлебайн хамт газар дээр нь очиж нарийн хэмжиж нийт нурсан 8 хэсгийг хэмжихэд бүгд 40 метр хашаа нурсныг хэмжилтээр нарийн тогтоож улмаар уг хэмжилтийг үндэслэн 40 метр хашаан сэргээн засварлахад шаардлагатай материалын үнийн тооцоог Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөр тогтоолгосон үнэлгээг үндэслэн нарийн тооцож гаргаж өгснийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулж ...5-10 м хэсэгт блок нь нурсан... гэж үндэслэх нотлох баримтгүй худлаа дүгнэлт хийж 40 метр хашааг сэргээн засварлахад шаардлагатай материалын үнэ, ажлын хөлсийг тооцсон зардлыг хариуцагч этгээдээр нөхөн төлүүлж хохирлыг арилгуулах шийдвэр гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсаныг зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн бодит хохирлын тооцоог үндэслэн нурж сүйтгэгдсэн 40 метр хашааг сэргээн засварлах материал, ажлын хөлс болон бусад холбогдох зардлын үнэ 2140000 төгрөгийн хохирлыг үүрэг бүхий этгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

3. Анхан шатны шүүх нь Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөс Өлгий хотын төвд 1уут50кг-ийн цементийн үнэ 12000 төгрөг,1 машин элсний үнэ 40 000 төгрөг,1 машин хог ачуулах хөлс50 000 төгрөг, 8,5 квт-ийн цахилгаан хөдөлгүүрийн үнэ 850 000 төгрөг, 6.5 квт-ийн цахилгаан хөдөлгүүрийн үнэ 650 000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус тогтоосон 2016 оны 11 -р сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ, мөн хөндий блок 1 ширхгийн үнэ 1000 төгрөг.шохойн 1 кг нь үнэ 1000 төгрөг, 1 м.кв өрлөгийн ажлын хөлс3125 төгрөг.элсэн шавар, шохойдох ажлын1 м.кв-ын хөлс 2500 төг, 1 тонн ачааг ачих буулгах хөлс 3000 төгрөг болохыг тус тус тогтоосон 2017 оны 3 -р сарын 10-ны өдрийг үнэлгээг гурилын үйлдвэрийн объектод учирсан бодит хохирлын хэмжээг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар зохих ёсоор үнэлэхгүй орхигдуулж, 2014 оны 10 сараас хойш ямар ч цонхгүй ,харуул хамгаалалтгүй байсан гурилыг үйлдвэрийн битүүмжилсэн байрнаас 6 ширхэг хөдөлгүүр алдагдаж ,40 метр хашаа нурсны улмаас учирсан бодит хохирлын хэмжээг дээрх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн нарийн шалгаж тогтоогоогүйн улмаас цонхгүй үйлдвэрийн байрнаас алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөг болон гурилын үйлдвэрийн эзэмшлийн газарт гадаад улсууд машинаар ачиж ирж их хэмжээний хог асгаж, явган хүн, машин орж гарах зам гаргаж 40 метр урт хашааг нураасны улмаас нуурч сүйтгэгдсэн 160 см өндөр бүхий 40 метр хашааны 8 эгнээ өрлөг хийх, 2 талыг элсэн шавардаж шохойдох ажлын хөлс зэрэг уг 40 метр урт хашааг сэргээн засварлахад шаардлагатай 2140000 төгрөгийн зардлаас бүрдсэн 2 140 000 төгрөгийн бодит хохирлыг анхан шатны шүүхээс ...тийм хэмжээний зардлыг гаргах эсэхийг нотлох баримт байхгүй тул гаргуулах боломжгүй байна... гэж нарийвчлан шалгахгүй орхигдуулж.улмаар 6440000 төгрөгийн хохирлыг ..илүү нэхэмжилсэн гэх үндэслэлээр үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч С.Даутхан би 6440000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг илүү нэхэмжлээгүй харин үнэн хэрэг дээрээ гурилын үйлдвэрийн битүүмжилсэн объектэд 6440000 төгрөгийн хохирол учирсан нь бодит үндэслэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийг хураан авч битүүмжилсэн 2 ширхэг акт, шүүхээс хэргийн газарт хийсэн үзлэгийн үед хийсэн зураг авалт, гурилын үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөс тогтоосон 2 удаагийн хөрөнгийн үнэлгээг үндэслэн нарийн тооцож гаргаж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн хохирлын тооцоо зэрэг хэрэгт авагдсан нийт 12 ширхэг баримтаар нотлогдож байна. Үүнд: ... Нийт бодит хохирлын дүн: 6440 000 төгрөг.

4 . Анхан шатны шүүх нь 2014 оны 10-р сараа хойш 2 жилийн туршид ямар ч цонхгүй, харуул хамгаалалтгүй байсан гурилын үйлдвэрийн битүүмжилсэн объект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн талаар ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхой бус хэргийн оролцогч нар дээрх 6 ширхэг хөдөлгүүр нь хулгайд алдагдсан гэж тайлбарлаж байгаа тул энэхүү асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаж хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэлээ гэж хэрэгт авагдан нотлох баримтад үндэслэгдээгүй, үүрэг бүхий этгээдийн талыг баримталсан хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт үйлдсэнийг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Учир нь гурилын үйлдвэр дотор монтажлагдсан иж бүрэн ажиллагаатай хэвийн ажиллаж байсан гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авч битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгын нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.2 хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтад авах зэргээр гүйцэтгэнэ гэж заасан шийдвэр гүйцэтгэгчийн албаны үүргээ зөрчиж зохих ёсоор нь биелүүлээгүй, битүүмжилсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж хөрөнгө битүүмжилсэн актад хавсаргаагүй албаны үүргээ зөрчсөн хариуцлагын асуудлыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлэхгүй санаатай орхигдуулсан. Гурилын үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гурилын үйлдвэрийн хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн актад заасан 206.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг тухайн үед хуулийн 36.2-т заасны дагуу гаргаж хөрөнгө битүүмжилсэн актад хавсаргаагүй орхигдуулсан явдал нь гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн, албаны үүргээ зөрчсөн хариуцлагын асуудал болохыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулж улмаар ...ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхой бус ....тул хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үүрэг бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албаны үүргээ ноцтой зөрчсөн хариуцлагагүй байдлыг шүүхээс нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулж, албаны үүргээ зөрсөн этгээд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашиг сонирхлыг илтэд хамгаалсан буруу дүгнэлт үйлдсэнийг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгын нь битүүмжилсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг үйлдээгүй, албаны үүргээ зөрчсөн асуудал гэм буруутай тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хохирол арилгах хариуцлагаас чөлөөлөх, битүүмжилсэн объектод учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, арилгуулах үүргээсээ чөлөөлөх үндэслэл биш болохыг нотлох баримтаар зөв үнэлж хэргийн үнэн байдалд нийцсэн зөв дүгнэлт хийж .хохирол арилгуулах шийдвэр гаргахад үндэслэл болгохыг давж заалдах шүүхээс хүсэж байна.

5. Мөн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нийт 206.9 сая төгрөгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хураан авч, битүүмжилсэн нь ШИйдвэр гүйцэтгэх албаны үйлдсэн 2 ширхэг акт болон хөрөнгийг үнэлгээний тайлан, тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байдалтай байхад нь хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгчийн хувийн дугаартай тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан 2 ширхэг актаар нотлогдож байгааг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй санаатай орхигдуулж уг 3 ширхэг нотлох баримтыг шийдвэр гаргахад үндэслэл болгоогүй байгаад нэхэмжлэгч С.Даутхан би гомдолтой байна. Тухайлбал гурилыг үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2 дахь хуудасны доод хэсэгт гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн дүн 206.9 сая төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гурилыг үйлдвэрийн хөрөнгө хураан авч битүүмжилсэн 2 ширхэг актад тоног төхөөрөмжийн үнийн дүн мөн адилхан 206.9 сая төгрөг болох нь хэрэгт авагдсан дээрх 3 ширхэг баримтаар нотлогдож байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгын тухайн үед гурилын үйлдвэрт монтажлагдсан нийт 206.9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хураан авч битүүмжилснээ өөрийн хувийн, тэмдэг гарын үсгээр баталгаажуулсныг шүүхээс нотлох баримтаар үнэлэхгүй санаатай орхигдуулж улмаар...ямар тоног төхөөрөмж байсан нь тодорхой бус байгаа тул хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй байна гэж тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаагүй, хариуцлагагүй байдлын улмаас албаны үүргээ зөрчсөн гэм буруутай тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашиг сонирхлыг анхан шатны шүүх илтэд хамгаалж, хэрэгт авагдсан дээрх 2 ширхэг актаас бүрдсэн нотлох баримтыг санаатай үгүйсгэж нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулж улмаар хэрэгт авагдсан дээрх 3 ширхэг нотлох баримтад огт үндэслэгдээгүй худлаа дүгнэлт үйлдсэнийг нэхэмжлэгч С.Даутхан би зөвшөөрөхгүй байна. Үнэн хэрэг дээрээ 2014 оны 10-р сараас хойш өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямар ч цонхгүй, харуул хамгаалалтгүй гурилын үйлдвэрийн объект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300000 төгрөг нь гурилын үйлдвэрийн хөрөнгийг хураан авч битүүмжилсэн дээрх 2 ширхэг актад заасан 206.9 сая төгрөгийн үнэтэй гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийн үнийн дүнд багтаж байгааг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй санаатай орхигдуулж...ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхой бус тул хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй байна гэж буруу дүгнэлт үйлдсэн. Харин шүүхээс хийсэн үзлэгийн үед битүүмжилсэн ..гурилын үйлдвэрийн бүх вакуум цонхнууд харуулын байрны хаалга, цонхны шилнүүд хагарч гэмтэж ашиглах боломжгүй болсон нь үзлэгийг үед бэхжүүлж авсан фото зургаар тогтоогдсон ....ба гурилын үйлдвэрийн битүүмжилсэн объект ямар ч хамгаалалтгүй байсныг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн атлаа уг харуул хамгаалалтгүй байдлын улмаас битүүмжилсэн объектоос алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнийг ямар тоног төхөөрөмж байсан нь тодорхой бус байна гэсэн хуульд нийцэхгүй үндэслэлээр уг битүүмжилсэн ямар ч цонхгүй, харуул хамгаалалтгүй объект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр болон бусад иж бүрэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган хүлээн авч хамгаалах үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахыг үндэслэлгүй татгалзсан анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба битүүмжилсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж битүүмжилсэн объектыг хамгаалах, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсныг шүүх хэргийг хянахад огт харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, огт авч хэлэлцэхгүй санаатай орхигдуулсан явдалд нэхэмжлэгч С.Даутхан би гомдолтой байна.

5. Шүүхээс хэргийн газарт үзлэг хийхэд ахлах гүйцэтгэгч Б.Баттулга, уг объектыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Айнур нар битүүмжилсэн объектын дотор байгаа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн байдалд шүүхээр үзлэг хийлгэхээс санаатай татгалзаж, шүүхээс үзлэгт оролцохыг шаардаж удаа дараа утасдан шаардаж 1 цаг хүлээхэд үзлэгт оролцохоос санаатай зайлсхийж ирээгүй учраас С.Даутхан би маргааш нь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Бадамсамбууд гомдол гаргаж битүүмжилсэн объект доторх тоног төхөөрөмжийн байдалд Б.Баттулга .Б.Айнур нарыг оролцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дахин үзлэг хийлгэсэн. Энэхүү үзлэгийн явцад үйлдвэрийн цонхгүй байрнаас 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдсан болохыг шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга, Б.Айнур нар хүлээн зөвшөөрч үзлэгийн талаар: ... 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдсаныг тогтоогдов гэж тэмдэглэл үйлдэж, уг үзлэгийн тэмдэглэлд С.Даутхан надаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан тэмдэглэл одоо аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хэргийн баримтад хадгалагдаж байна. Шүүхийн үзлэгт шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга, Б.Айнур нарыг заавал оролцуулж битүүмжилсэн объект доторх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх талаар С.Даутхан миний гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх биелүүлээгүй, үзлэгт шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулаагүй атлаа сүүлд битүүмжилсэн байрнаас алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөгийн хохирлыг шүүхээс ..ямар тоног төхөөрөмж байсан нь тодорхой бус байна гэсэн шалтаг гаргаж ирж хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар хуульд нийцэхгүй үндэслэлээр нөхөн төлүүлж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан явдалд нэхэмжлэгч С.Даутхан би гомдолтой байна. Харин шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга, Б.Айнур нар үйлдвэрийн байрнаас 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдсаныг үзлэгийн үед шүүхээс нарийн шалгаж тогтоох боломж олгоогүй, үзлэгт оролцоогүй, уг 4300000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг баримтжуулж үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурахаас санаатай зайлсхийж шүүхээс битүүмжилсэн объектод хийсэн дээрх үзлэгт оролцохоос санаатай татгалзаж үзлэгт оролцоогүй болохыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй орхигдуулсан нь анхан шатны шүүх бүр анхнаасаа хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэр гүйцэтгэгч нарыг дээрх үзлэгт заавал оролцуулаагүймөртлөө сүүлд ямар тоног төхөөрөмж байсан нь тодорхой бус байгаа тул.....хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй байна.. гэж үүрэг бүхий этгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ашиг сонирхлыг хамгаалж нэг талыг баримталсан буруу дүгнэлт үйлдэж үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотолж байгааг шүүхийн шийдвэр гаргахад харгалзан үзэхийг давж заалдах шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Мөн үзлэгийн явцад нурсан хашааны уртын хэмжээг шүүхээс нарийн хэмжилт хийж шалгаагүй санаатай орхигдуулсан хариуцлагагүй явдал мөн шүүх хохирлын хэмжээг тогтоох асуудалд туйлын хариуцлагагүй хандаж хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны талыг илтэд баримталсан буруу шийдвэр гаргасныг нотолж байна.

6. С.Даутхан би гурилыг үйлдвэрийн хөрөнгийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд актаар хураалгаж хүлээлгэж өгөхдөө гурилын үйлдвэрийн иж бүрэн бүх тоног төхөөрөмж хэвийн бүрэн ажиллагаатай, бүрэн бүтэн байдалтай байсан, тухайн тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээн авч битүүмжилж байсныг тодорхойлж шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгыны шүүхэд гаргасан тодорхойлолт, мөн уг битүүмжилсэн объектын тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйгынаас бүрэн бүтэн хүлээн авч байсан тухай шийдвэр гүйцэтгэгч С.Зердегийн шүүхэд гаргасан тодорхойлолт, хадгалагч М.Төлеубайн шүүхэд гаргасан тодорхойлолт С.Даутхан миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зураг дүрс бичлэгээр тус тус нотлогдож байгааг анхан шатны шүүх мөн нотлох баримтаар огт үнэлэхгүй санаатай орхигдуулж хэрэгт авагдсан нийт 12 ширхэг нотлох баримтад үндэслэгдээгүй буруу дүгнэлт үйлдсэнийг давж заалдах шүүхээс үндэслэлтэй хянаж хэрэгт авагдсан 12 төрлийн нотлох баримтыг нотлох баримтаар зөв үнэлж битүүмжлэгдсэн объект дотроосоо алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300 000 төгрөгийн хохирлыг үүрэг бүхий этгээд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Гурилын үйлдвэрийн объектыг бүрэн бүтэн байдалтай, гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж хэвийн ажиллагаатай байхад нь актаар хураан авч битүүмжилсэн хариуцагч аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хураан авч битүүмжилсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах талаар хуульд заасан үүргийн дагуу битүүмжилсэн объектын эзэмшлийн газрыг тойруулж татсан 400 метрт хашаа, уг битүүмжилсэн объект дотор байрлуулж монтажилсан 206.9 сая төгрөгийн иж бүрэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, харуул хамгаалалтыг хангах, хариуцах үүрэгтэй атлаа гурилын үйлдвэрийн объектыг хураан авч битүүмжилсэн 4 жил 6 сарын хугацаанд уг битүүмжилсэн объектын бүрэн бүтэн байдлыг хангах, харуул хамгаалалтыг зохион байгуулах, хамгаалалтад авах албаны үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй, ноцтой зөрчсөний улмаас 2014 оны 10 дугаар сараас хойш ямар ч цонхгүй байсан битүүмжилсэн объект дотроос алдагдсан 6 ширхэг цахилгаан хөдөлгүүрийн үнэ 4300000 төгрөг, нурж сүйтгэгдсэн 40 метр хашааг сэргээн засварлах зардлаар тооцсон хохирол 2140000 төгрөг нийт учирсан бодит хохирол 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 497.1 зүйл хэсэгт заасан үүргийн дагуу нөхөн төлөх үүрэгтэй.

Харин аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 5 удаа АДХ зарлахад 5 удаа хууль зөрчиж, гурилын үйлдвэрийн объектыг 4 жил 6 сарын туршид хууль зүйн үндэслэлгүй битүүмжилж 2014 оны 10-р сараас хойш өнгөрсөн 2 жилийн хугацаанд гурилыг үйлдвэрийн битүүмжилсэн объектын хагарсан бүх цонхыг сэргээн засварлах, хамгаалалтад авах арга хэмжээ огт аваагүй .хамгаалалтгүй орхигдуулж хуульд заасан албаны үүргээ зөрчсөний улмаас гурилын үйлдвэрийн битүүмжлэгдсэн объектод 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учрах нөхцөл бий болгож албаны үүргээ зөрчиж зохих ёсоор нь биелүүлээгүй ирснийг нотлох баримтаар үнэлж давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймд хохирол арилгуулах талаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт ...бодит хохирол гэж эрх нь зөрчигдсөн этгээдийн хөрөнгийн хорогдсон дүнг хэлнэ, мөн хуулийн дээрх зүйл хэсгийн тайлбарт ...хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ шүүх хохирлыг тогтоох ач холбогдол бүхий нотлох баримтад тулгуурлан хохирлын хэмжээг нарийвчлан шалгасан байх ёстой гэж заасныг баримтлан нэхэмжлэгч С.Даутхан миний шүүхэд гаргаж өгсөн 10 843 200 төгрөгийн бодит хохирлын тооцоо, гурилын үйлдвэрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгө битүүмжилж хураан авсан 2 ширхэг акт.Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөс тогтоосон 2 удаагийн эд хөрөнгийн үнэлгээ,хэргийн газарт шүүхээс хийсэн үзлэгийн баримт, дүрс бичлэг ,гэрч нарын мэдүүлэг зэрэгт хэрэгт авагдсан гол үндэслэх нотлох баримтуудыг үндэслэл болгон анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад тулгуурлан нарийвчлан шалгахгүй дутуу орхигдуулж улмаар ...илүү нэхэмжилсэн.. гэх үндэслэлээр үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож дутуу гаргуулсан 6440 000 төгрөгийн бодит хохирлыг битүүмжилсэн объектын бүрэн бүтэн байдлыг хангах ,хамгаалах хадгалах үүрэг бүхий этгээд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг давж заалдах шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 248 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар 11-ний өдрийн 123 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С. Даутханаас 443690224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэгдсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м кв талбайтай гурилын үйлдвэрийг 7470 м кв талбай бүхийн газрын хамт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот битүүмжлэх актаар битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйлүүдэд зааснаар эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч С.Даутхан, X.Хамария нарт өгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх үүргээ тайлбарлан гарын үсгээ зуруулсан. Тус алба нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор ХААН банкны өмнөөс хуульд заасан чиг үүрийг хэрэгжүүлсэн болохоос С.Даутханы хөрөнгийг хадгалж байх үүргийг хүлээх үндэслэлгүй өөрөөр хэлбэл С.Даутхан болон Шийдвэр гүйцэтгэх албаны хооронд харилцаа үүсээгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотолгоогоор нотлогдож байгаа. Энэ хэргийг урьд шийдвэрлэсэн шүүгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 зүйлд заасны дагуу өөрсдөө татгалзах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ шүүгчид хэрэгжүүлэхгүйгээр дахин оролцож хуучин байдлаар нь шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэх алба болон М.Төлебай нарын хооронд эрх зүйн харилцаа үүсэн нь М.Төлебайн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 72 тоот захирамжаар нотлогдож байна гэж хэт нэг талыг баримтлан өрөөсгөлөөр дүгнэсэн. М.Төлебайн тодорхойлолт тухайн үед үйлдэгдээгүй сүүлд өөрөө үйлдэж 2016 оны 11 дүгээр сард нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь цаг хугацааны хувьд маш зөрүүтэй байна. Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуульд заасан үүргийн харилцаа, үүргийн бус харилцааны талаарх заалтуудыг буруу хэргэсэн ба М.Төлебайн тодорхойлолт ИХ-ийн 8 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсэх хэмжээний нотолгоо, үндэслэл биш байна. Харин шүүхэд үнэлэгдсэн нотлох баримт гэж үзэхээргүй байна. Шүүгчийн захирамж зөвхөн зохигчийн татгалзлын хүсэлтийг баталсан баримт бичиг болохоос эрх зүйн харилцаанд оролцогчдод ямар ч хамааралгүй байна. Тийм учир анхан шатны шүүх эхлээд Шийдвэр гүйцэтгэх албаны болон Б.Төлебай, нэхэмжлэгч С.Даутхан нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, шударгаар нарийвчлан дүгнэлт хийж байж нэхэмжлэгчийн хохирол гаргуулах шаардлагыг хангах нь зүйд нийцэх байх. 5. 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай актаар гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга, Адилет хоршооны байр 6 багт байрлах орон сууц зэргийг битүүмжилсэн ба хадгалж хамгаалахаар авсан хэсэгт орон сууц зэргийг битүүмжилсэн ба хадгалж хамгаалахаар авсан хэсэгт М.Төлебай, С.Даутхан нарт үүссэн гэж дүгнэлт хийсэн байна. С.Даутхан гурилын үйлдвэрээ ажиллуулах үед М.Төлебай манаачаар ажиллаж байсан нь тэдний хоорондын эрх зүйн харилцаатай байсан нь тодорхой байгаа мөн М.Төлебай нь гурилын үйлдвэрийг 4 жил 6 сар хадгалж хамгаалж байсныг нэхэмжлэгч С.Даутхан болон А.Зерде, А.Ахтуйган нар нотолсон байгаа. Иймд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 248 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шударгаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргааныг шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.Даутхан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан (1) битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж (2) хариуцагчаас 10952840 төгрөгийн эд хөрөнгийн хохирол[1] гаргуулахыг шаарджээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2 дахь шаардлагын хэмжээг багасгаж[2], хариуцагч байгууллагаас 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн эхний шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч биелүүлсэн нь тогтоогджээ. Тодруулбал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолоор[3] төлбөр авагч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д зааснаар төлбөр төлөгч С.Даутханд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт буцааж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарны 14-ний өдрийн 10 дугаартай Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай актаар[4] Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 2592 м.кв талбайтай гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт төлбөр төлөгч С.Даутханд буцаан шилжүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн актаар[5] төлбөр төлөгч С.Даутханы 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн, хураагдсан Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 2592 м.кв талбайтай гурилын үйлдвэрийг 7470 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэлээс болон хурааснаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон тул энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, хуульд зааснаар хэргээс нэхэмжлэгчийн уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцжээ.

 

Маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх актаар[6] төлбөр төлөгч С.Даутханы гурилын үйлдвэрийн барилга, үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, 12 өрөөтэй 2 давхар сууц, Адилет хоршооны байр зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж битүүмжилжээ. Дараа нь шийдвэр гүйцэтгэгч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.7.-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар эд хөрөнгийг хураасан акт[7] үйлдэж, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар актаар битүүмжилсэн эд хөрөнгөөс гурилын үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрийн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт, Өлгий сумын 6 дугаар багт байрлах 123.5 м.кв талбайтай 12 өрөө бүхий 2 давхар сууцыг өмчлөлийн газрын хамт, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 1948 м.кв талбайтай газрын хамт тус тус хураасан байна.

 

Зохигчийн тайлбар, дээрх хоёр акт, шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хашаа, газар, 6 дугаар багт байрлалтай 12 өрөөтэй 2 давхар сууц, хашаа хороо, амбаар, тус багт байрлалтай Адилет хоршооны /дэлгүүрийн/ байр зэргийг тус тус битүүмжлэв. Гурилын үйлдвэрийн зургийг авч, хаалга болгонд лац, тэмдэг тавьж, уг барилгын галч байсан М.Төлебайд уг барилга болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хамгаалж, манаж байхыг анхааруулж, хуулийн дагуу хариуцлага хүлээхийг сануулж, хууль тайлбарлаж өгөв. гэх тэмдэглэл[8],

2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилгын хашаа, хашааны доторх хавтан зэрэг зүйлсийг хадгалж, хамгаалуулахаар иргэн М.Төлеубайтай тохиролцож, эрх үүргийг нь тайлбарлан өгч, түүнд дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн хугацаанд сар бүр 30.000 төгрөгийн хөлс олгохоор харилцан тохиролцов гэх тэмдэглэл[9],

иргэн М.Төлебайн[10] 2012 оны 3 дугаар сард гурилын үйлдвэрийг битүүмжилснээс хойш өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд Шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээний үндсэн дээр битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалагчаар ажиллаж ирсэн. гэх,

нэхэмжлэгч С.Даутханы[11] М.Төлебай нь 2012 оны 3 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилснээс хойш 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрийн объектыг надад хүлээлгэж өгөх хүртэл 4 жил 6 сарын хугацаанд дээрх объектын хадгалагчаар ажиллаж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт зэрэг бичмэл баримтуудыг харьцуулан үзвэл, шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар битүүмжилсэн эд хөрөнгөд бусдын хадгалалт, хамгаалалт тогтоосон ба маргаан бүхий гурилын үйлдвэрийн барилга, түүний тоног төхөөрөмж, үйлдвэрийн хашаа, газар зэргийг иргэн М.Төлебайд буюу хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3.-т зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гуравдагч бусад этгээдэд хадгалуулж, бүрэн бүтэн байдлыг нь хангуулахаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулсан байна.

 

Нэхэмжлэгчээс төлбөр төлөгчийн дээрх битүүмжлэгдэн хураагдсан эд хөрөнгүүд болох гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн хашаанд бусдын хамгаалалтад байсан хугацаанд учирсан хохирол болох 18 төрлийн зүйл, засварлахад гарах зардал[12] зэргийг нэхэмжилсэн бөгөөд С.Даутханы удаа дараагийн шүүхэд гаргасан тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэлийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлээгүйгээс 25 ширхэг цонх, 40 метр хашаа, харуулын байрны хаалга, цонхны шил, уран зуухны цонхны шил зэрэг эвдэрч, үйлдвэрийн хашааны орчим хогоор дүүрч, 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдаж, нийт 10843200 төгрөгийг хохирол учирсан тул буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3.-т заасан бүрэн эрхийн дагуу мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1.-т заасан ажиллагааг явуулж, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар актаар төлбөр төлөгчийн тодорхой эд хөрөнгийг битүүмжилж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.7.-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар актаар битүүмжилсэн эд хөрөнгөөс гурилын үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрийн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт хураан авч, улмаар хураан авсан эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар иргэн М.Төлебайд хадгалуулахаар түүнтэй тохиролцсоны дагуу шийдвэрлэн, түүнд тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг тайлбарлаж өгсөн нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М.Төлебай болон төлбөр төлөгч С.Даутхан нарын тодорхойлолт зэрэг бичмэл баримаар тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т зааснаар хураан авсан эд хөрөнгийг хадгалагч иргэн М.Төлебай нь тухайн эд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй ба түүнтэй мөн хуулийн 38.3.-т заасан цалин хөлсний талаар ч тохиролцон, цалин хөлс олгож байсан талаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад тэмдэглэгджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, иргэн М.Төлебай болон төлбөр төлөгч С.Даутхан нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, харин С.Даутхан болон Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд эрх зүйн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжилсэн нь хуульд нийцнэ гэж дүгнэхдээ (1) төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тодорхой ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн эсэх, (2) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т зааснаар хураагдсан эд хөрөнгийн хадгалагчид хуульд зааснаар үүрэг үүссэн байдал, (3) шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа, төлбөр төлөгчид учирсан хохирлын шалтгаант холбоо зэрэгт дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 38 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан нь хууль бус, төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй, хураагдсан эд хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг иргэн М.Төлебайд хуульд зааснаар үүссэн байхад эд хөрөнгийг хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй /Шийдвэр гүйцэтгэх байгууллага болон М.Төлебай нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх/ гэж үзэн, нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчаас 4403200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т нийцээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай маргааныг шүүх шийдвэрлэхдээ энэ талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т нарийвчлан зохицуулсан байхад мөн хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх нийтлэг үндэслэлийг зохицуулсан 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг хэрэглэснийг буруу гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай байх, түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учирсан байх зэрэг урьдчилсан нөхцөлүүд тогтоогдсон тохиолдолд уг гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага буюу төр хариуцахаар хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзвэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар тухайн эд хөрөнгүүдэд бусдын хадгалалт, хамгаалалт тогтоохдоо хуулиар тогтоосон журам, албан үүргээ зөрчсөн нь тогтоогдоогүй, хууль бус, гэм буруутай үйл ажиллагаа явуулсан нь нотлогдоогүй, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, төлбөр төлөгч С.Даутханд учирсан гэх хохирол хооронд шалтгаант холбоотой эсэх нь баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч С.Даутханы хариуцагч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 10843200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт орууллаа.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117990 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ители овогт Сейтханы Даутханы хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 10.843.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, 3 дахь заалтын ...хэвээр үлдээж, гэснийг ...хэвээр үлдээсүгэй. гэж, мөн заалтын хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгосугай. гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нарын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117990 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 


[1] Хэргийн 2 дугаар хавтасны 49 дүгээр тал.

[2] Хэргийн 2 дугаар хавтасны 174, 180 дугаар тал.

[3] Хэргийн 2 дугаар хавтасны 61 дүгээр тал.

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 66 дугаар тал.

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 65 дугаар тал.

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 187 дугаар тал.

[7] Хэргийн 2 дугаар хавтасны 182 дугаар тал.

[8] Хэргийн 2 дугаар хавтасны 184 дүгээр тал.

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 185 дугаар тал.

[10] Хэргийн 2 дугаар хавтасны 75 дугаар тал.

[11] Хэргийн 2 дугаар хавтасны 188 дугаар тал.

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 79 дүгээр тал.