Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 248

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Ители овогт Сейтханы Даутханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Даутхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, Б.Айнур, иргэдийн төлөөлөгч С.Нурхабыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах мөн эд хөрөнгийн хохирлын үнэ 10843200 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Даутхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн объектыг 2012 оны 03 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албан ёсоор эд хөрөнгө битүүмжилсэн акт үйлдэж дуудлага худалдаанд оруулах үндэслэлээр хураан авсан. Энэ талаар эд хөрөнгө хураан авсан, эд хөрөнгө битүүмжилсэн талаар акт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хоёр актад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ахтуйгыны гарын үсгээр баталгаажсан байгаа. Энэ баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тухайн хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ гээд тодорхой тусгасан байна. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийг жагсаалтыг гаргаж хамгаалалтад авах үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн тусгай байгууллага дуудлага худалдаанд оруулах үндэслэлээр хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийн жагсаалтыг гаргаж хамгаалалтад авах үүрэг хүлээнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлд нэгэнт битүүмжилсэн, хамгаалалтад авсан үүрэг хүлээсний дараа тэрийг төлбөр төлөгч эсхүл хөндлөнгийн хүнээр хадгалуулахаар тодорхой заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч болон эсхүл бусад этгээдээр хамгаалуулна гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан Төлебай гэх хүнийг хамгаалагч этгээдээр авсан. 2012 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл 4 жил 8 сар болсон. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан миний өмчлөлийн гурилын үйлдвэрийн объектыг 56 сар буюу 1680 хоног битүүмжилж миний ашиглах эрхийг хязгаарласан. Энэ хугацаанд 5 удаа дуудлага худалдаа явагдсан бөгөөд энэ асуудалтай холбоотой 14 удаа шүүхэд хандаж 3 удаагийн шүүхийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 5 удаа хууль зөрчсөнийг тогтоосны дараа хөрөнгийг буцааж авах талаар Хууль зүйн яамны сайдад гомдол гаргасны дагуу Сайдаас өгсөн чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгалт хийгээд албан шалгалтын дүнгээр дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг Хаан банканд санал болгож зөрүүг төлж төлбөрт тооцож авахыг санал болгосон. Төлбөр авагч татгалзсаны дараа хөрөнгө шилжүүлэх актад надад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний объектыг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх 2 шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаагийн учир ийм байгаа. 2 дахь шаардлага бол энэ 4 жил 8 сарын хугацаанд тухайн объектын хашаан дотор их хэмжээний хог асгарсан, 40 м,кв 2 хашаа нурсан, 25 ширхэг вакум цонх бүрэн хагарсан, гаднын хүн чөлөөтэй орох бүрэн боломжтой болсон. Харуул хамгаалалтгүй болсны улмаас дотроос нь 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр алдагдсаны улмаас би шүүхэд 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар 1 жил 2 сар өнгөрсөн байна. Шүүхээр 4 удаа хэлэлцэгдээд хамгийн сүүлд анхан шатны шүүхээс хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэр гаргасныг би зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасны үндсэн дээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Иргэний хуулийн 9.4.4-т бодит хохирол гэж зөрчигдсөн этгээдийн хөрөнгийн хорогдсон дүнг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ шүүх хохирлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтад тулгуурлаж хөрөнгийн үнэлгээ, бусад шинжээчийн дүгнэлт зэрэг материалын үндсэн дээр хохирлын хэмжээг нарийвчлан шалгаж тогтоосон байх ёстой гэсэн энэ журмын дагуу хохирлын хэмжээг бүрэн тогтоож өгөхийг хүсэж байна. Би хохирлын тооцоог 10.843.800 төгрөгөөр тооцож гаргаж өгсөн. Энэхүү тооцоог төрийн сангийн төлөөлөгчөөс 2 удаа тогтоосон 14 төрлийн үнэлгээг үндэслэж гаргасан. Анхан шатны шүүхээс 25 ширхэг вакум цонхны үнийг гаргуулахаар шийдвэрлэж бусад 40 м2 талбай бүхий хашааг сэргээж завсарлаж барих зардал болон 6 ширхэг хөдөлгүүрийн үнийн талаар хэрэг дотор тодорхой үнэлгээ байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Тэрийг би зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан 12 төрлийн нотлох баримт байгаа. 1. Хөрөнгийг битүүмжилсэн акт, 2. Хөрөнгийг хурааж авсан акт, 3. Хөрөнгийн үнэлгээний тайлан байгаа. 2012 оны 08 дугаар сард шинжээч үнэлгээчнээр хийлгүүлсэн 1 тэрбум 289 сая 600 мянган төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан байгаа. 4. Гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг 206 сая төгрөг, тухайн объектыг тойруулж татсан 400 м хашаатай гэж хөрөнгө үнэлгээний тайланд тусгаж өгсөн. Дээрх маргаж байгаа асуудал энэ хүү хөрөнгийн үнэлгээний дүнгээр тодорхойлогдож байна. Хөрөнгө битүүмжилсэн актад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ахтуйгын гарын үсэг зурахдаа 1 тэрбум 289 сая 359 мянга 800 төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж С.Даутханаас хурааж авлаа гээд гарын үсэг зурсан. Тийм учраас энэ хоёр акт болон үнэлгээчнээр 2 удаа тогтоолгосон 14 төрлийн үнэлгээг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгохыг хүсэж байна. 4. Тухайн үед Ахтуйгын битүүмжилж хурааж авсан. Гэхдээ тэр хүн ажлаасаа халагдсан. Тэнд тухайн объект бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байсан гэж тодорхойлолт гаргаж өгсөн. 5. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Зерде гэх хүн бас тодорхойлолт гаргаж өгсөн. Уг тодорхойлолтод би ахлах шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ахтуйгынаас энэ объектыг хүлээж авахдаа бүх цонх нь хагарсан байсан, бусад мотор алдагдсан асуудал гараагүй, бусад зүйл нь бүрэн байсан гээд тодорхойлолт гаргаж өгсөн. 6. Төлебай гэх хүний тодорхойлолт байгаа. Үүнд 2012 онд С.Даутхан гуай энэ объектыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хураалгахдаа объект нь бүрэн бүтэн, хашаатай, шавар, будагтай байсан гэж тодорхойлсон. Учир нь ашиглалтад ороод дөнгөж 1 жил хагас болсон шинэхэн будагтай, шохойтой объект байсан. 7. Шүүхээс үзлэг хийх үед бүх цонх нь хагарсан, 40 м.кв талбай бүхий хашаа нь нурсан, дотроос нь юм алга болсныг тодорхойлох боломжгүй байсан. Яагаад гэвэл Х.Мейрамбек шүүгч та өөрөө бас очиж үзсэн. Шүүгчийн туслах Талгат очиж зургийг авахдаа хариуцагч нар бүтэн цаг хүлээлгээд хүрэлцэн ирээгүй, санаатай зайлсхийсэн. Маргааш нь би даргад нь гомдол гаргахад эдгээр хүмүүсийг явуулсан. Тэгэхэд дотор нь 6 ширхэг мотор байхгүй байсан. Тэгэх үед эдгээр хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 8. Би шүүхэд дүрс бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэр бичлэгээс үзэхэд үйлдвэр бүрэн бүтэн байдалтай, хүмүүс дотор нь ажиллаж байсан. 2011 оны 11 дүгээр сард авсан зураглал байгаа. Тэр бол бүх зүйл алдагдаагүй хэвийн ажиллаж байсан гэдгийг нотлох нотлох баримт. 5 ширхэг зураг болон Си-ди бичлэгийг нь нотлох баримтаар гаргаж өгсөн тул үүнийг нотлох баримтаар үнэлж өгөхийг хүсэж байна. 9. Хохирлын тооцоог 10.483.800 төгрөгөөр тооцож гаргаж өгсөн. Үүнийг би үнэлгээчний тогтоосон 14 төрлийн үнэлгээг үндэслэж гаргасан. Эдгээр баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ 5 ширхэг үнэлгээ дутуу байсан. Тэрний дараа би эдгээр үнэлгээг дахин тогтоолгосон. Эдгээр үнэлгээг үндэслэж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Төрийн тусгай байгууллага өөрийн хуульд заасан чиг үүргийн дагуу тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үндэслэлээр хурааж авсан тул дуудлага худалдаа хуульд заасан хугацаанд буюу 60 хоног дотор явагдаж дуусах ёстой бөгөөд тэр хугацаанд борлогдохгүй бол төлбөр авагчид санал болгоод төлбөр авагч татгалзсан бол миний өөрт буцаах журамтай бөгөөд үүнийг хариуцагч нар зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас 1680 хоногт учруулсан хохирлыг хариуцагч байгууллага төлөх ёстой. Яагаад гэвэл нэгэнт актаар хүлээж авсан тул тэр хөрөнгийг хадгалах, хамгаалалтад авах бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үүрэг. Энэ үүрэг нь хавтаст хэрэгт авагдсан 2 актаар нотлогдож байна. Харин би 11 дүгээр сарын 14-ний өдөр хөрөнгө шилжүүлэх актаар буцааж авсан. Надад өгсөн акт нь хуулбар хувь байна. Хөрөнгийг буцаасан эсхүл төлбөр төлсөн тохиолдолд тухайн акт хүчингүй болгох журамтай. Надад ганц гектар эргүүлж өгсөн, гэхдээ би үүнд маргахгүй байгаа. Шүүхээс хэргийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийн тулд тэдгээр нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байх ёстой. Хариуцагч байгууллага С.Даутханд буцаах тогтоол өгсөн, хөрөнгө шилжүүлсэн акт өгсөн гэж тайлбарлаад байгаа. Би эдгээрийг гардаж аваагүй, миний гарын үсэг байхгүй. Надад байгаа ганцхан зүйл бол хөрөнгө шилжүүлсэн акт л байна. Дутуу бүрдүүлсэн материалаа бүрдүүлэхийг шүүх даалгах ёстой.

Нэхэмжлэгч С.Даутхан би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн хариуцагч ШШГАлбанаас 10952800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан. Харин Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчөөс тогтоолгосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 10843200 төгрөг болгож багасгаж хохирлын тооцоог дахин гаргаж өгч хэрэгт хавсаргасан. Иймд хариуцагч ШШГАлбанаас 10843200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өлгий сумын 6 дугаар багийн иргэн С.Дауитханы гаргасан нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна.

1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаар захирамжаар төлбөр төлөгч Дауитханаас 4436900224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэгдсэн байна. ХААН банканд барьцаат хөрөнгө болох Өлгий сумын 6 дугаар багт байрлах 123,5 м кв талбай бүхий 2 давхар амины сууц 3840 м. кв талбайтай газар, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 1948 м.кв талбайтай газрын хамт, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гурилын үйлдвэрийн зориулалттай, иж бүрэн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот актаар битүүмжилж улмаар 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13 тоот актаар тус тус хураасан байна. Дээрх хураагдсан хөрөнгөнүүд болох Өлгий сумын 6 дугаар багт байрлах 2 давхар амины орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг ШШГТХуулийн 43 дугаар зүйл Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөрөөс 150400000 төгрөг төлөгдөж одоо 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2. Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий 3 тасалгаатай гурилын үйлдвэрийн барилга байгууламж тоног төхөөрөмж, 7128 м.кв газрын хамт, хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчний үнэлсэн 1289359100 төгрөгөөр хураан авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахад сонирхогч хүмүүс ирээгүйгээс албадан дуудлага худалдаа нэг ч удаа явагдаж байгаагүй болно. Шүүхийн шийдвэр гарснаас хойш албадан дуудлага худалдаа явуулах, төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа болгонд С.Дауитхан нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хойшлогдсоор ирсэн нь төлбөрөө төлөхгүй хугацаа алдаж төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж байгаа үйлдэл юм. Хэдийгээр тус алба 4 удаагийн шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон боловч хуулийг ноцтой зөрчөөгүй зөвхөн хариуцаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хайнга хандсанаас болж баримт бичгийн бүрдүүлэлт дутуу зэргээс хүчингүй болж байсан. ШШГТХуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдан борлогдоогүй эд хөрөнгийг талуудад санал болгох тухай хурал хийсэн гэтэл талууд үнийн талаар харилцан тохиролцож чадаагүй юм. Төлбөр авагч С.Дауитхан нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо болтол үргэлжлүүлэн явагдах боломжгүй болоод байна.

3. ШШГТХуулийн 136.1-д зааснаар хариуцлага тооцох асуудлыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх асуудал юм. Иймд тус байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул С.Дауитханы гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд иргэн С.Даутханаас 440 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Энэ дагуу гүйцэтгэх хуудас бичигдээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа эхэлсэн. Барьцааны хөрөнгө дотор төлбөр төлөгч С.Даутхан Аятхан гэх хүний орон сууц, барилга байгууламжийг давхар барьцаалсан байсан. Эдгээр эд хөрөнгийг худалдан борлуулаад 150 сая төгрөгийн төлбөрийг барагдуулаад үлдэгдэл 294 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Тэр төлбөрт нэхэмжлэгчийн одоо маргаж байгаа гурилын үйлдвэрийг дуудлага худалдаанд оруулах явцад процессын бага бага алдаа гараад шүүхээс 10 хэдэн шийдвэр гарч байсан. 2012 онд уг үйлдвэрийг битүүмжлэх үед уг үйлдвэрийн манаачаар ажиллаж байсан Төлебай гэх хүнийг хадгалагчаар томилсон. Гэтэл С.Даутхан шүүхэд маргаан гаргаад яваад байсан боловч нөгөө төлбөрөөсөө нэг төгрөг төлбөр төлөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж Хууль зүйн яам гээд дуртай газар луу гомдол гаргадаг. Өөрөө үүргээ биелүүлэхгүй мөртлөө дандаа гомдол гаргадаг. Би 2015 онд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжиж ирсэн бөгөөд тэрнээс хойш ажиллагааг нь зөвтгөөд 2 дахь дуудлага худалдааг явуулаад банкнаас төлбөр тооцохгүй гэсэн хүсэлтийг авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар 2016 оны 11 дүгээр сард эд хөрөнгийг шилжүүлж өгөх байтал өөрөө гомдол гаргаад шүүхээс түдгэлзүүлээд дахин 1 жил болсон. Хамгийн гол нь тухайн эд хөрөнгийг хадгалагч, хамгаалагчаар иргэн Төлебай гэх хүнийг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл С.Даутхан өөрөө тохиролцоод Төлебайг томилсон байсан. Өмнө нь Зерде гэх хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж байсан. Зерде С.Даутханы охиныг авсан хүргэн нь байгаа. Хүргэн нь учраас маргахгүй яваад байсан юм уу гэдгийг бас л бодох хэрэгтэй. Үүнийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Улмаар Зерде ажлаас халагдсаны дараа маргаж эхэлсэн. Нэхэмжлэгч түрүүн тайлбартаа тухайн эд хөрөнгийн битүүмжилсэн актад эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хамгаална гэсэн заалт байгаа гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хууль батлагдсаны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрхийн актуудыг баталж өгсөн. Тухайн актад энэ талаар дурдаж өгсөн. Гэхдээ хөдлөх эд хөрөнгийг склад агуулахад хийгээд хадгалаад хамгаалчихдаг. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд нүүлгэнэ гэсэн асуудал байхгүй тул зөвхөн акт үйлддэг. Тэрнээс биш бид нарын мэдэлд очихгүй. Тухайн актад тэгж бичсэн учраас хамгаалах ёстой гэж ярьж байгаа боловч тэр бол тийм биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ, 10.4.т тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төстэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаад нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д шийдвэр гүйцэтгэгч, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болно. Хадгалагч эд хөрөнгийг хадгалж түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, 38.5-д хадгалагч хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг бусад этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, нуусан, эд хөрөнгийг хэвийн байдлыг алдагдуулсан бол учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж заасан. Тэгэхээр бид нар өөрсдийн хамгаалалтад авна гэсэн зүйл байхгүй, Иргэний хуульд ч мөн адил энэ талаар заасан асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4-д заасан заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлах үндэслэл болж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т дараах зардал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна: Үүнд: 82.2.1.төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулах зардал; 82.2.2.төлбөр төлөгч болон түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх зардал, 82.2.3.шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон, шинжээчийн ажлын хөлс; 82.2.4. илгээмж, шуудан, холбооны зардал; 8 2.2.5. шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны зардал гэж заасан. Энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-ээр С.Даутханы эд хөрөнгийг хадгалахдаа холбогдож гарсан зардал нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болж байгаа. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг мөн хуулийн 82.3-т шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ гэж заасан. Энэ тохиолдолд төлбөр авагч нь Хаан банк байгаа. Тэгэхээр Хаан банкнаас гаргуулаад албаны дансанд төвлөрүүлээд тухайн хадгалсан хамгаалсан этгээдэд шилжүүлж байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг иргэн С.Даутханаас гаргуулж төлбөр авагчид олгох ёстой. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд дуудлага худалдаатай холбоотой гарсан зардлыг өмчлөгч хариуцна гэж заасан. Тэгэхээр иргэн С.Даутхан хариуцах ёстой байсан. С.Даутханы эд хөрөнгийг хадгалсан хамгаалсан гэх Төлебай гэх хүн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд энэ тухай захирамжийг гаргаж өгсөн. С.Даутхан өөрөө миний эд хөрөнгийг Төлебай нь 2012 оны 03 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл битүүмжилсэн эд хөрөнгийн хадгалагчаар ажилласан нь үнэн болно гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотолж байна. Гэтэл энэ байгууллагыг нэг унагаах юмсан гэсэн хувийн өс хонзонгоор хорон санаа агуулж байна. Урьд нь яагаад нэхэмжлэл гаргаагүй 2 жил болсон бэ гэвэл хүргэн нь ажиллаж байсан гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Айнур шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2 сарын дотор явагдах ёстой гэж байна. Энэ бол үнэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заагаад өгсөн. Гэхдээ бид ажиллагаа явуулах болгонд нэхэмжлэгч С.Даутхан ажиллагаа дуусгах боломж олгоогүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах болгонд шүүхэд гомдол гаргаад шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээр ийнхүү 4 жил болсон. Тэрнээс биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас С.Даутханыг чирэгдүүлсэн асуудал байхгүй. Ажиллагаа явуулах болгонд шүүхэд гомдол гаргаад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байсан. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн дараагийн асуудлын хувьд зөвхөн төлбөр төлөгчид эд хөрөнгийг шилжүүлсэн актыг л шилжүүлж өгсөн гэж байна. Бид нар эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдээд албан тоот явуулдаг. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С.Даутханд эд хөрөнгийг бүрэн шилжүүлж өгөөд 10 дугаар сарын 18-ний өдөр буцаагаад Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийг С.Даутханд буцаагаад олгосон гэсэн албан тоот явуулсан. С.Даутхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийг Төлебай гэх хүн хадгалалтад авсан. Үүнийг С.Даутхан өөрөө бас давхар 4 жилийн хугацаанд гурилын үйлдвэрийг харж үзээд хамгаалж байсан. Энэ нь өөрийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гарын баримтаар нотлогдож байна. Ахтуйгын, Зерде нар Төлебай гэх хүн хамгаалагчаар авсан болохыг тодорхойлж өгсөн. Тийм учраас хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Даутхан нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах мөн битүүмжилсэн эд хөрөнгөнд учирсан хохирол 10952840 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулах мөн битүүмжилсэн эд хөрөнгөнд учирсан хохирол 10843200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч битүүмжилсэн эд хөрөнгөнд учирсан хохирол 10843200 төгрөгийг тухайн битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн хүн болох М.Төлебайгаас нэхэмжлэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэгч С.Даутханы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

-хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай захирамжаар төлбөр төлөгч С.Даутханаас 443690224 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэсэн байх ба 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас хүргүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ХААН банкны барьцаат хөрөнгө болох Өлгий сумын 6 дугаар багт байрлах 123.5 м.кв талбай бүхий 2 давхар амины сууц, 3840 м.кв талбайтай газар, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 1948 м.кв талбайтай газрын хамт, Өлгий сумын 4 дүгээр байрлах гурилын үйлдвэрийн зориулалттай, иж бүрэн тоног төхөөрөмж, 7470 м.кв газрын хамт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот актаар битүүмжилж, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актаар хураасан байна.

Дээрх хураагдсан хөрөнгөнүүдээс Өлгий сумын 6 дугаар багт байрлах 123.5 м.кв талбай бүхий 2 давхар амины сууц, 3840 м.кв талбайтай газар, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож нийт төлбөрөөс 150400000 төгрөг төлөгдөж 294478152 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулгын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолыг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үсенд танилцуулахад уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурахаас татгалзаж төв банканд мэдэгдэж байгаад албан бичгээр хандах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 15 минутад хэлж байсан бөгөөд үүнээс хойш 5 сар өнгөрсөн байхад төлбөр авагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

-хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай актаар гурилын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт төлбөр төлөгч С.Даутханд хүлээлгэн өгсөн, мөн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулгын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч С.Даутханаар төлбөр төлүүлэх тухай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах явцад төлбөр авагч Баян-Өлгий аймаг дахь ХААН банкны салбар нь албадан дуудлага худалдаа зарласан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцож авахаас татгалзсан гэсэн үндэслэлээр С.Даутханд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Баян-Өлгий аймаг дахь ХААН банкны салбарт буцаасан байх бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх актаар С.Даутханы төлбөрт 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот битүүмжлэх актаар Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв талбай бүхий гурилын үйлдвэр, 7470 м.кв талбай бүхий газрын хамт битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийг битүүмжлэлээс болон хурааснаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж явуулсан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1303 дугаартай битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв гурилын үйлдвэрийг 7470 м.кв талбай бүхий газрын хамт төлбөр төлөгч С.Даутханд буцаан олгосон талаарх албан бичиг зэрэг нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч С.Даутханы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцаах шийдвэр гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь биелүүлсэн ба нэхэмжлэгчээс хариуцагч биелүүлснээр шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага биелүүлсэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч С.Даутхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гурилын үйлдвэрийг 2012 оны 3 дугаар сард битүүмжилснээс хойш ямар ч хамгаалалтгүй байсны улмаас гурилын үйлдвэрийн барилга, агуулахын бүх цонх, үйлдвэрийн хашааны 40 м газрын хашаа нурсан, барилгын орчим хогоор дүүрсэн, цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдсан байх тул битүүмжилсэн хөрөнгөнд учирсан хохиролд бүгд 10843200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2.16 м.кв хэмжээтэй 8 ширхэг вакуум цонхны үнэ 1468800 төгрөг, 1.92 м.кв хэмжээтэй 17 ширхэг цонхны үнэ 2774400 төгрөг, харуулын байрны хаалганы үнэ 80000 төгрөг, харуулын байрны цонхны шил 40000 төгрөг, уурын зуухны цонхны шил 40000 төгрөг бүгд 4403200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухайд:

-Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай актаар гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, гурилын үйлдвэрийн барилга, Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай 12 өрөө бүхий 2 давхар орон сууц, Адилет хоршооны байр зэргийг шийдвэр гүйцэтгэгч А.Ахтуйган битүүмжилсэн ба хадгалж хамгаалахаар авсан гэх хэсэгт М.Төлебай, С.Даутхан нар гарын үсэг зурсан байна.

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 28 ба 29-ний өдрийн 2 удаагийн тэмдэглэлээс үзэхэд Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилгын хашаа, хашааны доторх хавтан зэрэг зүйлүүдийг хадгалж, хамгаалахыг Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн М.Төлебайтай тохиролцож ямар нэг бүрэн бүтэн байдал алдагдвал хариуцлага хүлээхийг анхааруулж битүүмжилсэн хугацаанд сар бүр 30000 төгрөг төлж байхаар тохиролцож, барилга болон тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, мөн 2 давхар орон сууцанд төлбөр төлөгч өөрөө сууж байсан тул төлбөр төлөгчид хадгалж хамгаалж байхаар тусгасан байхаас үзэхэд гурилын үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, гурилын үйлдвэрийн барилга зэргийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах буюу хадгалах үүргийг М.Төлебайд, Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай, 12 өрөө бүхий 2 давхар орон сууц хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах буюу хадгалах үүргийг төлбөр төлөгч С.Даутханд үүссэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болно, мөн зүйлийн 38.5-д хадгалагч хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус зааснаас дүгнэхэд хадгалуулагч аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хадгалагч М.Төлебай нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна.

Энэ нь М.Төлебайгийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, тус шүүхэд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж харж хамгаалж байсан хугацааны цалин 1410000 төгрөг М.Төлебай нь нэхэмжилж уг нэхэмжлэлээс татгалзсан ба тус шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрээр нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч С.Даутхан болон битүүмжилсэн хөрөнгийг хадгалагч М.Төлебай нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн битүүмжилсэн хөрөнгөнд учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Даутханы дээрх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот актаар битүүмжилж, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актаар хурааж авснаас хойш хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эрх бүхий албан тушаалтны хууль бус эрхийн актаас болж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 473, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 816 дугаар, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 90/933, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 633 дугаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаар бүгд 6 төрлийн шийдвэр,

Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаар магадлал, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаар магадлал, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаар магадлал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар магадлал бүгд 4 төрлийн магадлал тус тус гарч байсан ба шийдвэр болон магадлалаар нэхэмжлэгч С.Даутханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан эрхийн актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж байсан байна.

Хариуцагч болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан эрхийн акт хууль бус болсонд мөн нэхэмжлэгч С.Даутхан нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлөх төлбөрт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнүүдээ хураалгасан байх бөгөөд тэр нь дуудлага худалдаагаар борлогдоогүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө болох Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 2592 м.кв гурилын үйлдвэрийн бүх вакуум цонхнууд, харуулын байрны хаалга, цонхны шилнүүд хагарч гэмтэж ашиглах боломжгүй болсон нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлж авсан фото зургуудаар тогтоогдож байх бөгөөд эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар 1.92 м.кв хэмжээтэй вакуум цонхны үнэ 163200 төгрөг, 2.16 м.кв хэмжээтэй вакуум цонхны үнэ 183600 төгрөг, 1.2 м.кв хэмжээтэй цонхны шил 10000 төгрөгийн үнэтэй болох талаар тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10843200 төгрөгийн эд зүйлээс 2.16 м.кв хэмжээтэй 8 ширхэг вакуум цонхны үнэ 1468800 төгрөг, 1.92 м.кв хэмжээтэй 17 ширхэг цонхны үнэ 2774400 төгрөг, харуулын байрны хаалганы үнэ 80000 төгрөг, харуулын байрны цонхны шил 40000 төгрөг, уурын зуухны цонхны шил 40000 төгрөг, нийт 4403200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгч С.Даутханы хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар тус бүрдээ доорх байдлаар дүгнэлээ.

Үүнд:

-хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгчийн гурилын үйлдвэрийг 2012 оны 3 дугаар сард битүүмжилснээс хойш ямар ч хамгаалалтгүй байсны улмаас гурилын үйлдвэрийн барилгын гадна талын блокоор барьсан хашааны 40 м хашааны өрлөгийн 800 ширхэг блокийн үнэ 800000 төгрөг, 40 м хашааны суурь татах, өрлөг хийх ажлын хөлс 200,000 төгрөг, элсэн шавар шохойн ажлын хөлс 320000 төгрөг, 800 ширхэг блокийг хот дотор тээвэрлэж хүргэх ачааны таксины хөлс 100,000 төгрөг, шохойн үнэ 200,000 төгрөг, 800 ширхэг блокийг ачих, буулгах ажлын хөлс 100000 төгрөг, 2 машин элсний үнэ 80000 төгрөг, 20 ширхэг цементийн үнэ 240000 төгрөг, бүгд 2040000 төгрөг учирсан гэх хохирлын хувьд:

- шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгч С.Даутханы гурилын үйлдвэрийг 2012 оны 3 дугаар сард битүүмжлэхдээ үйлдвэрийн гадна талд 400 м урт блокон хашаатай болох нь 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн С.Даутханы үйлдвэрийн барилга, агуулахыг үнэлсэн тухай тайлангаар тогтоогдож байгаа бөгөөд уг 400 метр урт блокон хашаанаас 40 м газрын хашаа нурсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тооцож бүгд 2040000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үйлдвэрийн гадна талын блокон хашааны зүүн талын 5-10 м хэсэгт блок нь нурсан байдалтай байсан болох нь тус шүүхээс нэхэмжлэгч С.Даутханы өөрийг нь байлцуулж хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлж авсан фото зургуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн 40 метр газрын хашааны блок нурсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад 40 метр газрын хашааны блок нурсныг сэргээж барихад гарах зардлаа 2040000 төгрөгт тооцож ирүүлсэн ба 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгчийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт-аар үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон үйлдвэрийн гадна талын блокон хашааны зүүн талын 5-10 м хэсэгт блок нь нурсан хэсгийг сэргээн барихад гарсан зардлыг тооцох боломжгүй, мөн нурсан 5-10 метр газрын хашааг сэргээн барихад гарах бодит зардлыг тооцож гаргасан талаар дүгнэлт байхгүй бөгөөд тийм хэмжээний зардал гаргах эсэхийг тооцсон тухай шууд нотлох баримт байхгүй байгаа тул тооцох боломжгүй гэж дүгнэлээ.

-мөн тус шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр блок хашааны захын хэсгийн дотор талаар нь тойруулан хог асгасан нь нотлогдож байгаа боловч уг асгасан хог нь 2 машин гарах эсэх нь тодорхой бус, 2 машин хог зайлуулахад гарах зардал гэж нэхэмжилсэн 100000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзлээ.

-Нэхэмжлэгч 6.5 квт-ийн 4 ширхэг цахилгаан хөдөлгүүр (4шх650000=2600000) төгрөг, 8.0квт-ийн 2 ширхэг цахилгаан хөдөлгүүр (2шх850000=1700000) төгрөг бүгд 4300000 төгрөг нэхэмжилсэн боловч аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот актаар битүүмжилж, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн актаар хурааж авсан актад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гурилын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж гэж бичигдсэн байх ба ямар тоног төхөөрөмж байсан эсэх нь тодорхой бус хэргийн оролцогч нар дээрх 6 ширхэг цахилгаан хөдөлгүүр нь хулгайд алдагдсан гэж тайлбарлаж байгаа тул энэхүү асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч С.Даутханы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлсэн болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгож, илүү нэхэмжилсэн 6440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар нэхэмжлэгч С.Даутханы битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид буцаах шийдвэр гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлсэн болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 4403200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгож, түүний илүү нэхэмжилсэн 6440000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар С.Даутханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санхүүгээс 85401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Даутханд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

А.ЖАРХЫНГҮЛ