Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 608

 

  М.С-т  холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.С-т  холбогдох 1706030570047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын С, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ........../;

М.С нь иргэн Ц.М-г 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоотод зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.С-т  оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 1 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн М.С-ын нийт эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С-ын эдлэх 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ын цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутай үйлдэлдээ туйлаас их гэмшиж ухамсарлаж ойлгож байгаа хэдий ч 652 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай санал нийлэхгүй байгаа ба миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

1. Шийтгэх тогтоолд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр 652 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнээс дүгнэхэд, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг ямар ч өөрчлөлтгүй, ямар үндэслэлээр нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй байна.

2. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийх хүртлээ 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас нийт 6 сар 27 хоногийг эдэлсэн. Гэтэл ялыг нэмж нэгтгэхдээ оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт: Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан байгаа нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх тул энэ хуулийг хэрэглэхийг хүсэж байна.

4. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж ухамсарлаж байгаа ба бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, хуулийг зөв хэрэглэн хөнгөн ял оногдуулж өгнө үү …” гэв.

Шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.С-ын үйлдсэн хэргийн талаар маргахгүй. Шүүгдэгч М.С урьд нь тэнсэн ялтай байсан ба хорих ялыг нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн баримт нь байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял дээр ямар ч өөрчлөлтгүй, ямар хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг баримталсан нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх ялыг тэнсэж хянан харгалзаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар ямар нэгэн шийдвэр хавтаст хэрэгт хавсаргаагүй. Хууль зүйн хүрээнд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох нь анхан шатны шүүхээс анх оногдуулсан хорих ялыг сэргээх бус тэнсэж, хянан харгалзах хугацааг хүчингүй болгож, үлдсэн хугацааг тогтооно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өмнөх 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 175 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялыг тэнсэж, хянан харгалзсанаас 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин гэмт хэрэг үйлдэх хүртэл 6 сар 27 хоногийг зохих байгууллагад бүртгүүлэн тодорхой хугацааг барагдуулсан. Өөрөөр хэлбэл тэнсэж хянан харгалзсан хугацаанаас тодорхой хугацааг эдэлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 652 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн ял эдэлсэн хоногийг оруулан тооцсон асуудал огт тусгагдаагүй. Эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж байна.

Нэг шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдээр зохицуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч М.С-ын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан хугацаанаас эдэлсэн 6 сар 27 хоногийг хасаж, үлдсэн 5 сар 03 хоногийг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх ёстой гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэсэн атлаа 7 дахь заалтад “цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.С-т  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.С нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43-59 тоотод хохирогч Ц.М-г зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.М-н “...Гэнэт сэртэл гаднаас орж ирсэн залуу миний нүүр лүү гараараа цохиж байсан...” /хх 8-9/, гэрч З.Батбаатарын “...Манайд М.С, Ц.М хоёр архи уугаад үлдсэн... Тэгээд гэртээ орж иртэл Ц.М гэрийн зүүн талын орон дээр суучихсан “М.С намайг зодчихлоо” гээд уруул, баруун талын нүд нь хавдсан, амнаас нь цус гарчихсан сууж байсан. М.С урд нь зогсож байсан...” /хх 15/ гэх мэдүүлгүүд,  

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.М-н биед баруун дээд үүдэн 1, 2-р шүдний хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн талын далны дор цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 13737 дугаартай дүгнэлт /хх  19/ болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх М.С-т  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн ялын төрөл, хэмжээний дотор буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч М.С нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба уг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Ц.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 50-55/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь гурваас дээш таван жил хүртэл хорих ял оногдуулахаар, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу М.С-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжид хамаарч ял багассан тул хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, М.С-ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялтай шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн тооцоход биечлэн эдлэх хорих ял нь 2 жил 10 сар 28 хоногийн хорих ял болж хөнгөрч байна.

Мөн анхан шатны шүүхээс М.С-т  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар тогтоосон нь үндэслэл бүхий байх тул уг 30 хоногийн хорих ял дээр ял нийцүүлсэн 2 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор М.С нь 1 хоног урьдчилан хоригдсон байх тул энэ тогтоолоор цагдан хоригдсон 93 хоног дээр 1 хоногийг нэмж тооцож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.С-с  “...2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан хугацаанаас биечлэн эдэлсэн 6 сар 27 хоногийг хасаж, үлдсэн 5 сар 03 хоногийг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг түүний өмгөөлөгч А.Ганзоригоос давж заалдах шатны шүүх хуралдааны явцад дэмжиж тайлбарласан болно.

2002 оны Эрүүгийн хууль болон шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд тэнсэж хянан харгалзсан хугацааг биеэр ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хуулийн зохицуулалт, ойлголт байхгүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч М.С-ыг “цагдан хоригдсон хоноггүй”, “цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай” гэж нэг ойлголтыг хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн байгааг энэхүү магадлалаар зөвтгөж өөрчлөв.