Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00607

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00607                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-18 тоотод оршин суух Баяжих овгийн Лхагвасүрэнгийн Цацралтмаагийн /регистрийн дугаар ФБ73102869/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажиллаж байгаад  2016 оны 10-р сарын 05-ны өдрийн 57 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн шүүгчийн 27 тоот шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч давж заалдаж байгаад өргөдөлөөсөө татгалзаж 2017.03.03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажилдаа орсон. Өмнөх захиргааны хэргийн шүүхийн хуралаас хойш 2 сар 10 хоног өнгөрсөн боловч энэ хугацааны цалин болох 1 700 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн төлүүлэх, дэвтэр дээр бичилт хийлгүүлэх зэргийг хуулийн дагуу нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр байгууллагыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний өрөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар бүтэц, орон тоо батлагдан ирснээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Цацралтмааг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан үндэслэлээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр ажлаас нь чөлөөлж 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.Цацралтмааг ажилд нь эгүүлэн томилох 27 дугаар шийдвэр гарсан. Л.Цацралтмаа гаргасан нэхэмжлэлдээ “...2 сар 10 хоног өнгөрсөн боловч энэ хугацааны цалин болох 1.700.000 төгрөг. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх....” гэж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчийн тоолсон 2 сар 10 хоногийн хугацаа нь хариуцагчид хамаарах хугацаа биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн бүрэн эрхэд хамаарах хугацаа тул нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна.

Ажил олгогч нь орон тоо цомхотгогдсоноос шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгуйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь ашиг сонирхлын зөрчил гаргасан учраас хуулийн дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан тул цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан, Захиргааны хэргийн шүүх Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өмнө эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 2 сар 8 хоногийн хугацааны цалин хөлс 1 755 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цацралтмаад олгож шийдвэрлэсэн зэрэг нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Ажил олгогч дээрхи Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Л.Цацралтмааг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний ажилд эгүүлэн томилсон нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаал, зохигчдын тайлбараар нотлогдсон.

Нэхэмжлэгч одоо Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргсанаас хойш ажилд эгүүлэн тогтоолгох хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны хоорондох 2 сар 10 хоногийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 1 700 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 2 сар 8 хоногийн хугацааны цалин хөлсний маргааныг шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгчийн тоолсон 2 сар 10 хоногийн хугацаа нь хариуцагчид хамаарах хугацаа биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн бүрэн эрхэд хамаарах хугацаа тул нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна” гэсэн тайлбар гаргаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш ажилд эгүүлэн авах хүртэл хугацаанд ажилгүй байсан үйл баримт тогтоогдож байгаа, хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ч энэ нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хариуцагчид саад болохгүй мөн хариуцагчийг нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсанаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 03-ны хооронд нийт 76 хоног ажилгүй байсан байх боловч тэрээр 2 сар 10 хоногийн буюу 70 хоногийн олговорт 1 700 000 төгрөг төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 549 тоот тодорхойлолтоор 570 125 төгрөг болох нь тогтоогдож байгаа, уг тодорхойлолтыг үндэслэн тооцоход 570 125:21,5=26 517х70 хоног=1 856 190 /

          Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 42 150 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цацралтмаад олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Л.Цацралтмаагийн цалинтай тэнцэх олговор 1 700 000 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 42 150 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА