Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              Л.Цацралтмаагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00607 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.700.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажиллаж байгаад 2016 оны 10-р сарын 05-ны өдрийн 57 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 12-р сарын 15-ны өдрийн шүүгчийн 27 тоот шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч хариуцагч давж заалдаж байгаад өргөдөлөөсөө татгалзаж 2017.03.03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажилдаа орсон. Өмнөх захиргааны хэргийн шүүхийн хуралаас хойш 2 сар 10 хоног өнгөрсөн боловч энэ хугацааны цалин болох 1 700 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг нөхөн төлүүлэх, дэвтэр дээр бичилт хийлгүүлэх зэргийг хуулийн дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүхэд гаргасан хариу йХөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний өрөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар бүтэц, орон тоо батлагдан ирснээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Цацралтмааг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан үндэслэлээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр ажлаас нь чөлөөлж 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Л.Цацралтмааг ажилд нь эгүүлэн томилох 27 дугаар шийдвэр гарсан. Л.Цацралтмаа гаргасан нэхэмжлэлдээ ...2 сар 10 хоног өнгөрсөн боловч энэ хугацааны цалин болох 1.700.000 төгрөг. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх.... гэж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчийн тоолсон 2 сар 10 хоногийн хугацаа нь хариуцагчид хамаарах хугацаа биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн бүрэн эрхэд хамаарах хугацаа тул нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна. Ажил олгогч нь орон тоо цомхотгогдсоноос шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь ашиг сонирхлын зөрчил гаргасан учраас хуулийн дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан тул цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00607 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цацралтмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Л.Цацралтмаагийн цалинтай тэнцэх олговор 1 700 000 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 42 150 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин давж заалдсан гомдолдоо:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үндэслэлүүдийг заасан. Уг хуулийн 110.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Л.Цацралтмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч хуулийн хугацаанд буюу 2017 оны 01 сарын 13-ны өдөр Давж заалдах журмаар гомдол гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.1-д зааснаар гомдлоосоо татгалзаж 2017 оны 02 сарын 23-ны өдөр давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээж авсан.

Уг захирамж гарснаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байтал 2016 оны 12 сарын 15-наас 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцолгүй “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийгээр давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь нэхэмжлэгчээс хамаарах хугацаа биш” хэмээн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх үндэслэлээр Нэхэмжлэгч Л.Цацралтмаад 2017 оны 02 сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, уг мөнгөн дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь Орхон аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор 1.700.000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Орхон аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаал зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Л.Цацралтмаа нь Орхон аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар 05-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажилдаа томилогдсон, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд нь томилоогүй 2 сар 10 хоног ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 1.700.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон захирамж гарсан хугацааны хоорондох хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа байсан учир энэ нь хариуцагч байгууллагаас хамааралтай биш гэж маргаж гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүхийн шийдвэрийг гардаж аваад давж заалдах гомдол гаргах нь талуудын хуулинд заасан эрх хэдий ч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хугацаа гэж тооцон зохигчдод хамааралгүй гэж үзэх боломжгүй юм. Ажлаас буруу халагдсан нь тогтоогдож ажилд эргүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогчийн шийдвэр гарах хүртэл хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж түүнээс зохих суутгал хийж холбогдох дэвтрүүдэд бичилт хийх үүрэгтэй байдаг болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ