Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 123/2022/0052/З |
Дугаар | 221/МА2023/0311 |
Огноо | 2023-05-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0311
“Н-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 123/2022/0052/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н-А” ХХК-иас “Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2, 35.3.3, 40 зүйлийн 40.1.5, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н-А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Борнуур сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар захирамжаар тус сумын нутаг Өнжин 96/123 гэх байршилтай, 100 га газрыг Төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар “Н-А” ХХК-д жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар тухайн газрыг Төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар ашиглах эрхтэй.
2020, 2021 онуудад “Н-А” ХХК нь тосны ургамал рапс тариалж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т зааснаар газрыг зохистой ашиглах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... тухайн иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн” гэж заасан.
Нэхэмжлэгчид Борнуур сумын Засаг даргаас 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон 0137774 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр “Н-А” ХХК-д Засаг даргын 2008 оны 04 дүгээр 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг үндэслэн 100 га газрыг 40 жилийн хугацаатай, үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байдаг.
Мөн нэхэмжлэгч нь 2019 оныг хүртэл газрын төлбөр төлж байсан нь газрын төлбөр төлбөр баримтаар нотлогддог тул газар эзэмших эзэмших гэрээний үндсэн дээр л Газрын төлбөр төлөхтэй холбогдсон үүргээ биелүүлж байсан байна. Газар эзэмшигч нь газар эзэмших гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газрыг зориулалтын дагуу эзэмших ашиглах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Газрын даамал П.Б-өөс гэрчийн мэдүүлэг авахад газрын гэрчилгээг газрын даамал бичиж, Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Гэрчилгээг би бичиж, Засаг дарга баталгаажуулсан. Тус гэрчилгээнд төмс хүнсний ногооны зориулалттай газрыг үр тарианы зориулалтаар гэж бичсэн нь миний буруу гэжээ.
Түүнчлэн тэрээр нөхөн бүрдүүлэлтийн ажлыг 2018 оноос одоог хүртэл хийж байгаа. Энэ хугацаанд түр хугацааны хаалт хийгээд буцааж нээсэн гэж мэдүүлжээ.
Төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас Газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр үр тарианы зориулалттай гэж бичигдсэнээр 15 жилийн турш уг зориулалтаар эзэмшиж ашиглаж ирснийг газар эзэмшигчийн буруу газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.
Газрын даамал ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй”-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу Борнуур сумын Засаг дарга хариуцаж “Н-А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг зөвтгөх байтал шүүх энэ тал дээр дүгнэлт хийлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Н-А” ХХК нь 2015-2019 онуудад Газрын төлбөрөө бүрэн төлсөн боловч 2020, 2021 оны газрын төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж, мөн хуулийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж, 11 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ”, 1/-д “Төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан”, 2/-т “Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч талаас 2020, 2021 онд газрын төлбөрийг ногдуулж, татварын албанд хүргүүлээгүйгээс газрын төлбөрийг төлж чадаагүй гэж маргаж байгаа боловч төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх талаар газрын даамал болон түүний дээд шатны байгууллага албан тушаалтанд хүсэлт, гомдол, нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн албан бичгээр хандаагүй гэсэн тайлбараар нотлогдож байна гэж дүгнэжээ.
Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршдог.
Хуулийн дээрх заалтаас Газрын төлбөрийг ногдуулах, ногдуулсан төлбөрийг төлөх зарчим төлбөр төлөгч буюу газар эзэмшигч Газрын асуудал эрхэлсэн даамал хоёрын хооронд үүсэхээр байна. Газрын даамлын эрх, үүргийг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зохицуулсан 24.4.5-д “Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” 23.4.6-д “газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж заасан. Захиргааны байгууллага хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх захиргааны байгууллагын энэхүү хууль бус ажиллагаанд огт дүгнэлт хийгээгүй.
Төлбөр төлөх нэхэмжлэл үүсгээгүй, төлбөр ногдуулаагүй байхад төлбөр төлөгч ямар маргааныг хэнд хандаж үүсгэх вэ?, нэхэмжлэгч компанийн хувьд ногдуулсан төлбөрийг төлөөгүй, төлөхөөс татгалзсан зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн зорилго бол нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д заасан байдаг.
Борнуур сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын хувьд түүний үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, “Н-А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бүхий л ажиллагааг зохих ёсоор явуулах ёстой.
Ингэж байж уг захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрхийг хамгаална. Энэ ажиллагааг зохих ёсоор хийлгэхийн тулд Засаг даргын Тамгын газар гэсэн нүсэр аппарат ажиллаж байгаа.
Борнуур сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасан үүргийн дагуу “Н-А” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй.
Хавтаст хэргийн 157 дугаар талд “Н-А” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэсэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр огноологдсон албан бичиг авагдсан боловч энэхүү мэдэгдлээ компанид хүргүүлээгүй нь хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан Борнуур сумын Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/138 тоотоор Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт явуулсан тайлбараар нотлогдоно.
Уг тайлбарт мэдэгдлийг bornuur zdtg@ yahoo.com хаягаас b******** [email protected] хаяг руу и-мэйлээр илгээсэн гэх боловч шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Д.Б нь b******** [email protected] хаягтай байхад b******** [email protected] гэсэн буруу хаяг руу и-мэйлээр илгээсэн нь тогтоогдсон бөгөөд мэдэгдлийг хүргүүлээгүй нь тогтоогдсон.
Газар тариалангийн мэргэжилтэн Д.А нь 2021 оны 10 дугаар сард суман дээр хуралтай гэж мэдэгдсэн. Хурлаар ямар асуудал хэлэлцэхийг мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасны дагуу доорх мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй. Үүнд 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” зэргийг хүргэх ёстой. Газар тариалангийн мэргэжилтэн Д.Алтан-Онц нь газрын гэрчилгээ хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх гэж байна гэж ганц үг дугараагүй бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй нь хариуцагчийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгээр нотлогддог.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Сонсох ажиллагааны мэдээллийг “Н-А” ХХК-ийн Д.Б-ын и-мэйл хаягаар мэдэгдсэн гэх болловч нэгдүгээр и-мэйл хаягийг буруу бичиж илгээснээс мэдэгдэл зохих эзэндээ хүрээгүй, хоёрдугаарт и-мэйл хаягийг хурал болоод өнгөрсөн хойно 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш 4 цаг 20 минутад явуулсан нь газрын гэрчилгээг хүчингүй болгож байгааг мэдэгдэхгүйгээр мэдэгдсэн гэж дүр эсгэсэн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу “Н-А” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох талаарх ажиллагааг захиргааны байгууллага огт хийгээгүй.
Тухайлбал, газрын төлбөрийг төлөөгүй гэх 2020, 2021 онд Монгол Улсыг улмаар дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хориог Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарган хэрэгжүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоол мөн Төв аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед авах арга хэмжээний тухай” захирамжийн 1.5-д “Аймаг, сум хоорондын хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг сумын төвд зогсоогүй зорчуулах, голомтот бүс нутгаас суманд ирж буй иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээний 48 цагийн дотор хийлгэсэн хариуг шаардах, цаашлаад 14 хоног тусгаарлалтад байлган хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газарт үүрэг болгосугай” гэж зааснаар газар тариалангийн ажил эрхлэх үйл ажиллагаа явуулах боломж байсан эсэхийг харуулж байна.
Иймд хүнд нөхцөлийн цаг хугацаанд олон жил зохих ёсоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллага захиргааны акт гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүйг нотолж байна.
Дээр дурдсанаар захиргааны байгууллага бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа ямар ажиллагааг хэрхэн явуулах талаар хуульд нэг бүрчлэн заасан байхад анхан шатны шүүх шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан зүйлд заасан журмаар маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүргүүлээгүй нь тогтоогдож байх боловч захиргааны актыг мэдэгдээгүй, хүргүүлээгүй тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэлийг хууль тогтоогчоос хуулиар тодорхойлон зохицуулаагүй байна гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйг зөвтгөж, хуулийг хэрэгжүүлэхгүй байж болно гэсэн үзлийг дэмжсэн, шүүгч хүнд байж боломжгүй ёс зүйгүй дүгнэлт хийсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Н-А” ХХК-иас “Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Маргаан бүхий Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/272 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Н-А” ХХК-ийн Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Өнжинд байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай 100 га газрыг кадастрын шинэчилсэн мэдээллийн санд бүртгүүлээгүй, газар эзэмших гэрээ шинээр байгуулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөрөө гэрээгээр заасан хугацаандаа төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2020, 2021 онуудад тосны ургамал тариалсан, таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбай ашиглалтын талаарх мэдээг жил бүр ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Н-А” ХХК-д анх Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг төмс, хүний ногооны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0137774 дугаар гэрчилгээг олгохдоо газрын зориулалтыг “үр тарианы” зориулалтаар гэсэн байх ба нэхэмжлэгчээс “газрын даамал П.Б гэрчийн мэдүүлэгт газрын гэрчилгээнд төмс хүнсний ногооны зориулалттай газрыг үр тарианы зориулалтаар гэж бичсэн нь миний буруу” гэсэн, газрын даамлын буруутай үйл ажиллагаанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр үр тарианы зориулалттай гэж бичигдсэнээр 15 жилийн турш уг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж ирснийг газар эзэмшигчийн буруу, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын даамал П.Б-өөс гэрчийн мэдүүлэг авахад төмс хүнсний ногооны зориулалттай газрыг үр тарианы зориулалтаар гэж бичсэн нь миний буруу гэж тайлбарлах боловч энэ нь нэхэмжлэгчийг зөвтгөх, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байна.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн шийдвэр нь гагцхүү сумын Засаг даргын захирамж байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр газар ашиглах зориулалтыг хэрхэн бичсэнээс үл хамааран захирамжид заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглахаар байжээ.
2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компаниас 2020, 2021 онуудад газрын төлбөр төлөөгүй шалтгаанаа “газрын албанаас манай компанид газрын төлбөр ногдуулсан нэхэмжлэл ирээгүй” гэж тайлбарлах боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ... байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул нэхэмжлэгч компанийн дурдаж буй дээрх үндэслэл нь газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.
2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь төмс ногооны зориулалттай газар дээр тосны ургамал буюу рапс тариалсан, мөн 2020, 2021 онуудад газрын төлбөрөө төлөөгүй болох нь тус тус тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
2.8. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг буруу баримталсан, мөн зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН