Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 071

 

М.Багланы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийдвэртэй,

 

Өлгий сумын 2 дугаар багт оршин суух Шыбарайгыр овогт Маралын Багланы нэхэмжлэлтэй, 5 дугаар багт оршин суух Хурман овогт Жапарханы Ермект холбогдох иргэний хэргийг хариуцагч болон нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч М.Баглан, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үнэ 3900000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Ж.Ермек нь 2015 онд надаас барилгын материал болох труба, цемент, угольник, шүрүүфт, дээврийн төмөр гэх мэт нийт 10540000 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнээс Ж.Ермек нь 6640000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 3900000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй байна. Уг нь иргэн Ж.Ермек нь энэхүү барилгын үлдэгдэл үнийг төлөх боломжтой хүн. Гэвч барилгын материалын үнийг одоо хүртэл төлж өгөхгүй байгаа тул иргэн Ж.Ермекээс нийт 3900000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч М.Баглан нь надаас барилгын материалын үлдэгдэл болох 3900000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж өөрийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Гэтэл миний бие Өлгий сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн орон сууц бариулсан бөгөөд зөвхөн Баглан гэлтгүй таних танихгүй олон хүнээс барилгад хэрэгцээтэй материалаа авдаг юм. Зарим нэг ойр зуурын барилгын материалыг манай ажилчид намайг эзгүй үед зээлээр авах тохиолдол гардаг байсан боловч миний бие сарын эцэст зээлээр авсан газруудад очин тооцоо нийлэн төлбөрийг цаг тухайд нь барагдуулдаг байсан. М.Баглантай мөн энэхүү зарчмаар хамтран ажиллан цаг тухайд тооцоо нийлэн бүх тооцоог хийж дуусгасаар ирсэн. Харин М.Багланы шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд түүний өөрийнх нь хувийн тэмдэглэл бөгөөд энэхүү нотлох баримтад хариуцагч Ж.Ермек би түүнээс зээлээр ямар нэг материал хүлээж авч зээлээр олгосон гэх барааны үнийг төлж өгөхөөр ямар ч гарын үсэг зурж, баримт өгөөгүй бөгөөд хүний хувийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж болохгүй гэж үзнэ. Харин миний зүгээс өөрийн баримтаа нягтлан шалгасны үндсэнд М.Баглантай холбоотой тооцоог дахин шалгаж үзэхэд миний хувийн тэмдэглэл болон бусад баримтаар түүнтэй холбоотой тооцооноос 297000 төгрөгтэй холбоотой миний хувийн тэмдэглэлийн бичилт болон нотлох баримт гараагүй болно. Иймд миний зүгээс энэхүү эргэлзээтэй байгаа 297000 төгрөгийг М.Баглантай хамтран ажиллаж байсан байдлыг харгалзан үзэж хүнлэг сэтгэл гарган төлж өгөхөөр зөвшөөрч байгаа болно. Иймд М.Багланы нэхэмжилсэн 3900000 төгрөгийн 297000 төгрөгийг сайн дураар төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байгаа ба 3900000 төгрөгийн үлдсэн хэсэг болох 3603000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:ЦГ66120419 Хурман овогт Жапарханы Ермекээс 1950000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:БЮ72022554 Шыбарайгыр овогт Маралын Багланд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч М.Багланы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Ермекээс 46150 /дөчин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Багланд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай." гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Ж. Ермек миний бие иргэн М. Баглантай холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үүнд, миний бие Өлгий сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн орон сууц бариулсан бөгөөд зөвхөн Баглан гэлтгүй таних танихгүй олон хүнээс барилгад хэрэгцээтэй материалаа авдаг байсан. Зарим нэг ойр зуурын барилгын материалыг манай ажилчид намайг эзгүй үед зээлээр авах тохиолдол гардаг байсан боловч миний бие сарын эцэст зээлээр авсан газруудад очин тооцоо нийлэн төлбөрийг цаг тухайд нь барагдуулж байсан. М.Баглантай мөн энэхүү зарчмаар хамтран ажиллан цаг тухайд тооцоо нийлэн бүх тооцоог хийж дуусгасаар ирсэн. Харин М. Багланы шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд түүний өөрийнх нь хувийн тэмдэглэл бөгөөд энэхүү нотлох баримтад хариуцагч Ж. Ермек би түүнээс зээлээр ямар нэг материал хүлээж авч зээлээр олгосон гэх барааны үнийг төлж өгөхөөр ямар ч гарын үсэг зурж, баримт өгөөгүй бөгөөд хүний хувийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж болохгүй гэж үзнэ.

Миний бие Багланаас 2 удаа 2 материалд гарын үсэг зурж, авч байсан бөгөөд үүнийг төлж барагдуулсан. Гэтэл Баглан нь энэ 2 гарын үсгийн доод талд баахан барилгын материалын нэр жагсааж, бичиж уг мөнгийг надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгын материалыг жагсааж бичсэн хэсэгт миний гарын үсэг байхгүй. Миний бие Багланаас авсан барилгын материалын үүнийг бүрэн төлж барагдуулсан. Иймд: шүүхээс Багланы нэхэмжилсэн 3.900.000 төгрөгийн тал хувь 1.950.000 төгрөг гаргуулсныг хууль бус гэж үзэж байна. Миний бие мөнгийг бүрэн төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй биш харин нэхэмжилж байгаа эдгээд болох Баглан нь надад 3.900.000 төгрөгийн бараа өгсөн гэдгээ нотлох ёстой юм. Би хүн чанарын үүднээс тухайн хүнтэй урд нь хамтран ажиллаж байсны хувьд 297.000 төгрөг төлж өгнө гэж хэлснээс биш үлдэгдэл мөнгө байхгүй болно. Би бүх авсан барааныхаа үүнийг төлсөн тул тооцоо эргэлзээтэй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын тал хувыг гаргуулсан нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд шүүхийн 2017.03.27-ны өдрийн 216 тоот шийдвэрийг хүчингүй болгож Багланы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх тухай. Иргэн Ж.Ермек нь 2015 онд надаас барилгын материал болох труба, цемент, угольник, шүрүүфт, дээврийн төмөр гэх мэт нийт 10540000 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнээс Ж.Ермек нь 6640000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 3900000 төгрөгийг төлж өгөөгүй юм. Ж.Ермек бид хоёр хөрш суудаг бөгөөд тэрээр орон сууц барихдаа би бүх зүйлд нь тусалсан. Хятад руу авч очоод бүх материалыг авч өгөөд тусалж байсан. Мөн сайн дураараа надаас хэрэгтэй зүйлээ заримдаа зээлээр, заримдаа мөнгийг нь өгөөд авч байсан. Хамгийн сүүлд нийт тооцоог нь харахад зөрүү 3,9 сая төгрөгийг чамд өгчихсөн гэж хэлсэн. Надад өгөх юм бол 296000 төгрөгийг л өгнө гэж шударга бус нүүр үзүүлсэн. Тэгээд бас миний зарсан машины мөнгийг өгөхгүй бол энэ мөнгийг өгөхгүй гэж машиныхаа дугаарыг барьцаалсан. Би Ж.Ермекээс машиныг худалдаж аваад өөрийнхөө нэрэн дээр буулгаад дахиад өөр хүнд зарсан байсан. Гэтэл Ж.Ермек нь энэ машины дугаарыг авч өг, тэгэхгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Асуудал тэрнээс эхэлсэн юм.

Нотлох баримт болох миний тэмдэглэлийн дэвтэр дээр Ж.Ермекийн бараа авч байсан жагсаалт байна, өөрийнх нь зурсан гарын үсэг нь байна. Дэвтрийн 2, 3 нүүрэн дээр авсан бараануудыг нийлүүлээд авсан маань үнэн гээд гарын үсгээ зурсан байгаа. Би Ж.Ермекээс огт мөнгө төгрөг аваагүй хэмээн бүхэл бүтэн анхны тооцоо болох 10540000 төгрөгийг нэхэмжилж болох л байсан. Гэхдээ би ариун нандин хөдөлмөрөөрөө өдөр шөнөгүй бизнес эрхэлж, улсад татвараа төлж, орлого олж байгаа хүн. Хоёулаа адилхан бизнес эрхлэгчид. Би Ермек мэтийн хэн нэгэнд мөнгөө зүгээр л алдаад суух хүн биш юм. Анхан шатны шүүхэд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн боловч миний нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг хангаж шийдвэрлэсэн.

 

Миний зүгээс бүхий л нотлох баримтаа гаргаж өгсөн байхад Ж.Ермек нь ганц хуудас тайлбар л гаргаж өгсөн байдаг. Ж.Ермекийн ганц хуудас тайлбараар би нэхэмжилсэн мөнгөний тэн хагасыг алдаад сууж байгаа байдал шударга ёсрнд хэр нийцэх вэ. Ийм байж болох уу. Уг нь шүүгч талуудаас гаргаж өгсөн нотлох баримтыг дэнслэн байж шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна. Ж.Ермек ганц хуудас тайлбар л өгсөн. Иймд аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Баглан нь хариуцагч Ж.Ермект холбогдуулан барилгын материалын үнээс үлдсэн 3900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2014-2015 онд Ж.Ермек нь цемент, труба, дээврийн төмөр зэрэг 20 төрлийн, нийт 10412700 төгрөгийн үнэтэй бараа материал худалдан авч, үүнээс 6500000 төгрөгийн бараа материалын үнийг буцааж төлсөн, үлдэгдэл 3900000 төгрөгийг өгөөгүй тул тухайн үед хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрийг үндэслэж нэхэмжилж байна гэж тайлбарлажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагчаас 3772700 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Хариуцагч Ж.Ермек нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ ...хэрэгцээт барилгын материалыг авдаг байсан бөгөөд төлбөрийг цаг тухайд нь барагдуулсан. Хувь хүний хувийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж болохгүй. Өөрийнхөө баримтыг нягтлан шалгахад миний хувийн тэмдэглэл болон бусад баримтаар 297000 төгрөгийг М.Баглантай хамтран ажилласан байдлыг харгалзан үзэж, хүнлэг сэтгэл гарган төлж өгөхөөр зөвшөөрч байна. гэж тайлбарласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрсдөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн М.Багланы хөтөлж байсан гэх тэмдэглэлээс /хэргийн 4-10 дугаар тал/ өөр нотлох баримт авагдаагүй байна. Уг нотлох баримтыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдагч тодорхой нэр төрлийн барааг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч зарим барааны үнийг буцаан төлж байсан үйл баримт тогтоогдсон ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Хэргийн 4-5 дугаар талд авагдсан тэмдэглэлээс үзвэл, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Ермекийн худалдаж авсан 20 төрлийн, 10412700 төгрөгийн үнэтэй барилгын материалыг жагсааж тэмдэглэсэн байх бөгөөд үүнээс 6500000, 140000 төгрөгийг тус тус төлсөн, харин үлдэгдэл 3772700 төгрөгийг төлөөгүй талаар нэхэмжлэгч шүүхэд тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэл болгосон байна. Харин хариуцагч тухайн жагсаалтад дурдсан 20 төрлийн бараа, материалыг худалдаж аваагүй эсэх, нэг бүрийн үнэ хийгээд 6500000, 140000 төгрөгийг тус тус буцаан төлж байсан талаар шүүхэд тухайлан маргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй буюу өөрт нь хувийн тэмдэглэл, бусад нотлох баримт байгаа талаар хариу тайлбартаа дурдсан боловч шүүхэд гаргаж өгч, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх зохигчийн хэн аль нь шаардлага, татгалзлаа нотлоогүй гэж үзсэн атлаа хариуцагч нь үлдэгдэл эргэлзээтэй тооцоо байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг буюу 1950000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэж заасныг зөрчсөн, үндэслэлгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч М.Багланд буцаан олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 216 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Хурман овогт Жапарханы Ермекээс 3772700 /гурван сая долоон зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шыбарайгыр овогт Маралын Багланд олгосугай. гэж, 2 дахь заалтын 46150 /дөчин зургаан мянга нэг зуун тавин/ гэснийг 77350 /далан долоон мянга зурван зуун тавь/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч М.Багланд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК