Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 216

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас 99428482, РД:БЮ72022554 Шыбарайгыр овогт Маралын Багланы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас 94518080, РД:ЦГ66120419 Хурман овогт Жапарханы Ермект холбогдох иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Баглан, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан, гэрч Х.Мухитхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үлдэгдэл үнэ 3900000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Баглан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Ермек нь 2015 онд надаас барилгын материал болох труба, цемент, угольник, шүрүүф, дээврийн төмөр гэх мэт нийт 10540000 төгрөгийн бараа худалдаж авсан. Үүнээс Ж.Ермек нь 6640000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 3900000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй байна. Уг нь иргэн Ж.Ермек нь энэхүү барилгын үлдэгдэл үнийг төлөх боломжтой хүн. Гэвч барилгын материалын үнийг одоо хүртэл төлж өгөхгүй байгаа тул иргэн Ж.Ермекээс нийт 3900000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Баглан шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Ж.Ермек бид хоёр хөрш суудаг юм. Ж.Ермек нь орон сууц барьсан. Энэ орон сууцаа барихдаа би бүх зүйлд нь тусалсан. Хятад руу авч очоод бүх материалыг авч өгөөд тусалж байсан. Мөн сайн дураараа надаас хэрэгтэй зүйлээ заримдаа зээлээр, заримдаа мөнгийг нь өгөөд явж байсан. Хамгийн сүүлд нийт тооцоог нь харахад зөрүү 3,9 сая төгрөгийг чамд өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд бас миний зарсан машины мөнгийг өгөхгүй бол энэ мөнгийг өгөхгүй гэж машиныхаа дугаарыг барьцаалсан. Би тэр хүний машиныг худалдаж аваад өөрийнхөө нэрэн дээр буулгаад дахиад өөр хүнд зарсан байсан. Гэтэл Ж.Ермек нь энэ машины дугаарыг авч өг, тэгэхгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Одоо бол үлдсэн 3,9 сая төгрөг болохоор Ж.Ермекийн надаас авсан бараа болон надад өгсөн мөнгөний зөрүү байгаа юм. Нотлох баримт гэхээр тэмдэглэлийн дэвтэр дээр Ж.Ермекийн бараа авч байсан жагсаалт байна, өөрийнх нь зурсан гарын үсэг нь байна. Дэвтрийн 2,3 нүүрэн дээр авсан бараануудыг нийлүүлээд авсан маань үнэн гээд гарын үсгээ зурсан байгаа гэв.

Хариуцагч Ж.Ермек шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэгч М.Баглан нь надаас барилгын материалын үлдэгдэл болох 3900000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж өөрийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Гэтэл миний бие Өлгий сумын нутаг дэвсгэрт хэд хэдэн орон сууц бариулсан бөгөөд зөвхөн Баглан гэлтгүй таних танихгүй олон хүнээс барилгад хэрэгцээтэй материалаа авдаг юм. Зарим нэг ойр зуурын барилгын материалыг манай ажилчид намайг эзгүй үед зээлээр авах тохиолдол гардаг байсан боловч миний бие сарын эцэст зээлээр авсан газруудад очин тооцоо нийлэн төлбөрийг цаг тухайд нь барагдуулдаг байсан. М.Баглантай мөн энэхүү зарчмаар хамтран ажиллан цаг тухайд тооцоо нийлэн бүх тооцоог хийж дуусгасаар ирсэн. Харин М.Багланы шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд түүний өөрийнх нь хувийн тэмдэглэл бөгөөд энэхүү нотлох баримтад хариуцагч Ж.Ермек би түүнээс зээлээр ямар нэг материал хүлээж авч зээлээр олгосон гэх барааны үнийг төлж өгөхөөр ямар ч гарын үсэг зурж, баримт өгөөгүй бөгөөд хүний хувийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж болохгүй гэж үзнэ. Харин миний зүгээс өөрийн баримтаа нягтлан шалгасны үндсэнд М.Баглантай холбоотой тооцоог дахин шалгаж үзэхэд миний хувийн тэмдэглэл болон бусад баримтаар түүнтэй холбоотой тооцооноос 297000 төгрөгтэй холбоотой миний хувийн тэмдэглэлийн бичилт болон нотлох баримт гараагүй болно. Иймд миний зүгээс энэхүү эргэлзээтэй байгаа 297000 төгрөгийг М.Баглантай хамтран ажиллаж байсан байдлыг харгалзан үзэж хүнлэг сэтгэл гарган төлж өгөхөөр зөвшөөрч байгаа болно. Иймд М.Багланы нэхэмжилсэн 3900000 төгрөгийн 297000 төгрөгийг сайн дураар төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байгаа ба 3900000 төгрөгийн үлдсэн хэсэг болох 3603000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ермекийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд тайлбарлахад: Шүүх хуралдааны явцад тайлбарт дурдсанчлан эвлэрээд 297000 төгрөгийг төлж өгнө. Эс тэгвээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасан. Нэгэнт нэхэмжлэгч 297000 төгрөгт эвлэрэх боломжгүй гэсэн тул нэхэмжлэгч М.Багланы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Багланы нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч М.Баглан нь хариуцагч Ж.Ермект худалдсан барилгын материалын үнээс 3900000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж тайлбарлан, мөн нотлох баримтаар өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичсэн тооцоог гарган өгсөн боловч энэ тэмдэглэлийн дэвтэр нь хууль ёсны нотлох баримтын шаардлагыг хангаагүй боловч хариуцагч Ж.Ермек барилгын материалыг нэхэмжлэгч М.Багланаас худалдан авч байснаа үгүйсгээгүй бөгөөд түүнтэй 297000 төгрөгийн тооцоотой гэж шүүхэд бичгээр гаргасан тайлбарт тусгасан байна. Мөн гэрч Х.Мухитханы мэдүүлгээр хариуцагч Ж.Ермек нь нэхэмжлэгч М.Багланаас барилгын материал худалдан авч байсныг давхар нотолж байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан шаардлага худалдах худалдан авах гэрээнд тавигдаагүй учир нэхэмжлэгч Х.Баглан, хариуцагч Ж.Ермек нарын хооронд амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Баглан нь хувийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч Ж.Ермекийн бараа авч байсан жагсаалт, мөн Ж.Ермек нь дэвтрийн 2,3 нүүрэн дээр авсан бараануудыг нийлүүлээд авсан маань үнэн гээд гарын үсгээ зурсан гэх боловч Ж.Ермек нь хэзээ, ямар төрлийн барааг хэдэн төгрөгөөр үнэлж авч байсан, барааны тоо ширхэг зэргийг нэг бүрчлэн бичээгүй тодорхойгүй байна.

Хариуцагч Ж.Ермек нь өөрийн баримтаа нягтлан шалгасны үндсэнд М.Баглантай холбоотой тооцоог дахин шалгаж үзэхэд хувийн тэмдэглэл болон бусад баримтаар түүнтэй холбоотой тооцооноос 297000 төгрөг эргэлзээтэй төлөгдөөгүй үлдсэн учир төлж өгнө гэсэн боловч эдгээр тооцоог нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Баглан нь нэхэмжлэлийн шаардлага хууль ёсны нотлох баримтуудаар нотолж чадаагүй, мөн хариуцагч Ж.Ермек нь барилгын материалыг нэхэмжлэгч Х.Багланаас худалдан авч байсан нь тогтоогдож байгаа ба мөнгийг бүрэн төлсөн гэдгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй, үлдэгдэл эргэлзээтэй тооцоо байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага барилгын материалын үнэ 3900000 төгрөгийн тал хувийг буюу 1950000 төгрөгийг хариуцагч Ж.Ермекээс гаргуулан нэхэмжлэгч М.Багланд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77350 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46150 төгрөгийг хариуцагч Ж.Ермекээс гаргуулан нэхэмжлэгч М.Багланд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч РД:ЦГ66120419 Хурман овогт Жапарханы Ермекээс 1950000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РД:БЮ72022554 Шыбарайгыр овогт Маралын Багланд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1950000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч М.Багланы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Ермекээс 46150 /дөчин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Багланд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК