Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 391

 

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагч Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Ц.Одончимэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 435 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 561 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1,1, 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 561 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 гэснийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Ц.Одончимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага болох Австрали Улсын “Команд Петролиум” Лтд, Монголын Улсын “Цагаан шонхор Ойл корпорац”, “Соко тамсаг Монголиа Инк” ХХК нарын хооронд “Матад” XК, Тамсаг ХХ-1 талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь “Петрочайна дачин тамсаг” ХХК-д шууд үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Монгол улстай ямар нэг гэрээ байгуулаагүй байхад уг үйл баримт дээр маргаагүй  гэж шүүх шийдвэрлэсэн нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг бүх талаас нь бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны  шүүх энэхүү алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг гэрээтэй холбоотой харилцааг шалгаснаар "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай" БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрт хамаарах эсэхийг тодруулах боломжийг бүрдүүлнэ.

2. Нэхэмжлэгч нь “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа бөгөөд “Петрсчайна дачин тамсаг” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад оршин суух ажиллах эрх зүйн байдлыг тодруулаагүй атлаа “шууд гэрээнд хамаарна” гэж үзсэн нь учир дутагдалтай. БНХАУ-ын иргэд манай улсад цаашид нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх буруу жишиг бүрдэх юм.

3. Гомдол гаргах хугацааны талаар Улсын байцаагчийн акт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 39395 дугаар захирамжаар баталгаажсан бөгөөд энэ үед бүх шатны байгууллагад гомдол гаргаж, дууссан байсан тул уг актыг баталгаажуулсан. Гэтэл актад гомдол гаргах хугацааг сэргээгээгүй атлаа хугацаа хэтрээгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4. Гадаад хэргийн яамны 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага болох Австрали Улсын “Команд Петролиум” Лтд, Монголын Улсын “Цагаан шонхор Ойл корпорац”, “Соко тамсаг Монголиа Инк” ХХК нарын хооронд “Матад” XК, Тамсаг ХХ-1 талбайд газрын тос олборлох тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын гэрээ биш гэж үзсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Нийслэлийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 6 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Уг актаар “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэсэн үндэслэлээр 1.468.695.636 төгрөгийн төлбөр тогтоосон бөгөөд нэхэмжлэгчээс “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэггүй” гэж маргажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан.

Энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газартай нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар харилцан тохиролцож байгуулсан олон улсын гэрээ байхгүй байхад “Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын тогтоолоор баталсан” гэсэн үндэслэлээр маргаан бүхий харилцаанд Бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газраас “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь нийтийн эрх зүйд хамаарахгүй, хувийн эрх зүйд хамаарах гэрээ тул нийтийн эрх зүйн эх сурвалж болохгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс “1996 оноос хойш гэрээний дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн” гэж, давж заалдах шатны шүүхээс “Засгийн газраас бүрэн эрхийн хүрээнд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг түүний харьяа агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, түүний харьяа нэгжүүд шууд биелүүлэх учиртай” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуй нэгж, ... байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар зохицуулсан байна.

Энэ хүрээнд “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого авсан гэх БНХАУ-ын иргэдийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа аль улсад бий болсон, “Петрочайна дачин тамсаг” ХХК хэрхэн оролцсон, цалин хөлсийг аль компаниас, тухайлбал “Петрочайна дачин тамсаг” ХХК эсхүл түүний толгой компаниас авсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 435 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0561 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ