Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 17

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Риза нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-д холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “Цаст алтайн жинчид ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , гуравдагч этгээд Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ху  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Ж.О  нь Цаст алтайн жинчид ХХК-нийн дүрмийг бүртгэсэн маргаан бүхий бүртгэлийг 2018 оны 4 сард мэдсэн гэж андуурч бичсэн. Уг нь Н  нарын нэхэмжлэлтэй М.О  нарт холбогдох иргэний хэргийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байдаг. Энэхүү иргэний хэргийн маргааныг шийдвэрлэсний дараа Ж.О  нь 2018 оны 3 дугаар сард маргаан бүхий бүртгэлийн талаар мэдсэн байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2018 оны 4 дүгээр сард бүртгэлийн талаар мэдсэн мөртлөө яагаад 3 дугаар сард итгэмжлэл олгогдсон юм бэ гэх асуудлыг дурдсан байсан тул ийнхүү залруулж байна.

Ж.О  нь 2010 оны 10 сарын 18-ны өдөр нэр бүхий 8 иргэний хамтаар Ховд аймгийн тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналын дагуу Ховд аймгийн тээвэрчдийн холбооны дэргэд “Цаст Алтайн жинчид” ХХК-нийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, 2010 оны 10 сарын 28-ны өдөр улсын бүртгэлд тус компанийн дүрэмд үүсгэн байгуулагч, 11 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Улмаар 2011 оны 03 сарын 25-ны өдрийн “Цаст Алтайн жинчид” ХХК-ний дүрмийн өөрчлөлтөөр Ж.О  нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгүүлсэн.

2012 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Ж.О  нь “Цаст Алтайн Жинчид” ХХК-ийг үүсгэн байгуулагчийн хувьд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзсан. Харин хувьцаа эзэмшигчээс татгалзаагүй. Яагаад гэхээр Ж.О  нь нас өндөр болсон учраас компанийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа тул компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзаж, Ц.Б-ыг Цаст алтайн жинчид ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр санал болгож, уг санал нь дэмжигдсэн. Улсын бүртгэлд Ж.О-ыг ТУЗ-ийн гишүүнээс хасах, Ц.Б-ыг ТУЗ-ийн гишүүнээр сонгох гэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч компанийн дүрмийг өөрчлөхдөө Ж.О-ыг ТУЗ-ийн гишүүн болон хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчээс нь хассан шийдвэр гаргаж, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх бүртгэлийг хийсэн байдаг.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх журмын дагуу эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулахыг шаарддаг. Улсын бүртгэгч нь иргэд хооронд байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэж хувьцааг шилжүүлэх үүрэгтэй байхад баримт бичгийн бүрдэл дутуу, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хууль бусаар бүртгэл хийсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь хувьцаа шилжсэн талаар нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Ж.О  нь зөвхөн ТУЗ-ийн гишүүнээс гарсан гэж ойлгож байсан болохоос биш өөрийн хувьцааг Ц.Б-т шилжүүлсэн гэдгийг сүүлд мэдсэн.

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ заавал нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаарддаг. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд хоорондын гэрээ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг. Уг хуулийн шаардлагыг хангаагүй байхад хариуцагч нь хууль бусаар Ж.О-ын хувьцааг бусдад дур мэдэн шилжүүлсэн нь хууль бус юм.

2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-5.10 дэх заалтуудаар хувьцаат компанийн хувьцааг бусдад шилжүүлэхдээ хэрхэн шилжүүлэх талаар зохицуулсан байдаг. Хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдан борлуулахдаа эхлээд үнийн санал, он сар өдрөө мэдэгдлээр буюу бичгээр компанидаа гаргаж өгөх ёстой. Уг мэдэгдлийг хүлээн авч, компанийн бусад хувьцаа эзэмшигч нараас худалдаж авахаар болбол төлбөр талсан баримт болон бусад нотлох баримтуудаа хавсаргаж компанид мэдэгдсэний дагуу дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Хэрвээ компанийн хувьцаа эзэмшигч нар хувьцааг худалдаж аваагүй тохиолдолд гуравдагч этгээдэд худалдан борлуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл уг хуулийн шаардлагыг зөрчиж, хэн нэгэндээ худалдсан гэх асуудлыг амаар ярьж байгаа нь Компанийн тухай хуулийг зөрчсөн.

Улсын бүртгэлийн тухай хууль болон Засгийн газрын 2007 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 4.3-т улсын байцаагчтай холбоотой гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ үү гэх албан бичгийн дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч П.А  шүүхэд гаргасан тайлбартаа: “Цаст алтайн жинчид” ХХК нь анх 2010 онд үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш 2011 онд нэг удаа, 2012 онд нэг удаа дүрэмдээ өөрчлөлт оруулсан байдаг.

2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цаст Алтайн жинчид ХХК-нийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн М.О , Э.Э нар 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийн хамт “Цаст Алтайн жинчид ХХК”-нийн 2012 оны 08 сарын 09-ний өдрийн 009 дүгээр албан бичиг, тус компанийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолууд, шинэчилсэн дүрмээ авч ирсэн юм. Тэд хэлэхдээ яаралтай энэ бүртгэлийг хийлгэх шаардлагатай байна, учир нь Хөшөөтийн уурхайн тендерт материалаа өгөх гэсэн чинь өнөөдөр хугацаа нь дуусаж байгаа юм байна. Тендерт оролцоход компанийн дүрэм, гэрчилгээ шаардлагатай байдаг юм байна. Тийм учраас шинэчилсэн дүрмийг яаралтай бүртгэж өгөөч гэсэн юм.

М.О , Э.Э  нар над надад ганц хувь дүрэм авч ирсэн өгсөн. Уг нь бол шинэчилсэн дүрмээ 2 хувь авч ирэх ёстой байдаг. Гэтэл 1 хувь дүрэм авч ирээд тендерт орох гэсэн юм гэхээр нь 2 хоногийн дотор энэ дүрмээ дахиад нэг хувь хэвлэж баталгаажуулаад авч ирж өгөөрэй гээд авч ирсэн дүрмийг нь өгөөд явуулсан. Гэтэл тэд нар дахиж дүрмээ авч ирж өгөөгүй тул Х.С  руу утсаар яриад дүрмээ авч ирж өг гээд дүрмийг нь дахин авсан. Гэхдээ Х.С-ын авч ирж өгсөн “Цаст алтайн жинчид” ХХК-нийн шинэчилсэн дүрмийн он сар өдрийг нь анзааралгүй авсан.

“Цаст алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 08 сарын 09-ний өдрийн 009 дүгээр албан бичигт “...компанийн хаягийн өөрчлөлт болон дүрмийн 1.3 дахь хэсгийг өөрчлөлтийг шинэчлэн бүртгэж өгнө үү..." гээд бүх төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурсан байгаа. Ж.О  нь зөвхөн “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаана байгаа вэ, энэ талаарх хүсэлтийг “Цаст алтайн жинчид” ХХК-ниас авъя гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед М.О , Э.Э  нар хэлэхдээ Ж.Олдохын хувьцааг Ц.Б-т шилжүүлсэн гэж ярьж байсан ба тэр үед  улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад Иргэний хуульд зааснаар хувьцаа шилжүүлсэн гэрээг нотариатаар гэрчлүүлж авдаггүй байсан учраас би энэ талаарх баримтыг шаардаж аваагүй.

“Цаст алтайн жинчид” ХХК нь 2015 оноос эхлэн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр хандаж байгаа ба энэ хэрэг нь тус компанитай холбоотой 3 дахь захиргааны хэрэг юм. Тус компанийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тогтоол тэмдэглэлд дурдсанаар “Цаст алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүн дээр нэмж 65 гишүүнийг нэмж оруулахаар дүрмээ шинэчилж улсын бүртгэлд ирүүлсэн боловч дээрх материал нь хуульд заасан шаардлага хангаагүй тул буцаасан. Дээрх 65 нэрийн дунд Ж.О-ын нэр байхгүй байсан. Энэ нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлээр Ж.Олдохыг хассан нь буруу гэж үзсэн бол Ж.О-ын нэрийг дээрх 65 хүний нэр дунд оруулж ирэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Ж.О-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасаж шийдвэрлэсэн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болсон хурлын хүлээн зөвшөөрсөн гэж би үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Цаст алтайн жинчид ХХК-ийг анх 2009 оноос хойш 2 жил гаруй явж байгаад байгуулсан юм. Намайг Улаанбаатар хот руу тээвэрт явсан хойгуур Х.Силам компанийн дүрэм гаргаад үүсгэн байгуулагчаар Ж.Олдох нарын 9 хүнийг сонгоод улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тухайн үед би Х.Силамаас “чи яагаад эхнээс нь явсан миний нэрийг оруулаагүй юм бэ” гэхэд “чамтай холбоо барих боломж байгаагүй, утас чинь холбогдохгүй байсан. Яаралтай дүрмээ батлуулах шаардлага гаргаад танай нутгийн анх Ж.Олдохыг оруулчихлаа гэж хэлсэн. Би 2010 оноос хойш Цаст алтайн жинчид ХХК-нийн хуралд оролцоод яваад байсан. Харин Ж.Олдох хуралд ирдэггүй байсан. Ж.Олдох нь хуралдаа ирэхгүй болохоор бид утсаар холбогдож та хуралдаа ирэхгүй юм уу гэхэд “ ах нь настай хүн, хууль дүрэм сайн мэдэхгүй, тэгээд ч наад компани чинь хэл амтай байгаа учраас та нар өөр хүнээ сонгож миний оронд оруул, 125000 төгрөгийг надад авч ирээд өгчих” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би Н.Энхтөр, С.Энхтөр нартай хамт очоод 125000 төгрөгийг Ж.Олдоход өгөөд өөрөөр нь өргөдөл бичүүлж авсан.

Ж.О-той би энэ хавар буюу 2019 оны 3 дугаар сард давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнөх өдөр утсаар холбогдож, “та надаас 125000 төгрөгийг бэлнээр авч, үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, компанийн хувьцаагаа надад шилжүүлж өгсөн, гэтэл одоо та яагаад мэдээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Та үүнийг мэдэж байна уу” гэж асуухад нэхэмжлэгч Ж.О  нь “Д.Хуягбаатар надаас итгэмжлэл аваад явсан, би чамаас 125000 төгрөг авсан нь үнэн, цаашид та нар наад асуудлаа өөрсдөө шийд, би оролцохгүй” гэдгээ хэлсэн.

Уг ажил нь компанийн дүрмийн дагуу явагдсан. Би компанийн үүсгэн байгуулагчаар анх нэр ороогүй байсан болохоос биш би тус компанийн бүх үйл ажиллагаанд анхнаасаа оролцож, бүх хуралд нь сууж байсан.

Ж.О-ын хүү О.Б  нь компанийн үйл ажиллагаанд байнга оролцож, тээвэр хийж байхад 2018 онд энэ талаар мэдсэн гэж худал яриад байна. Би өөрийнхөө саналаар компанид ороогүй. Ж.О-ыг компаниас гарч байгаа тул намайг орооч гэж хэлэхэд ТУЗ-ийн гишүүдийн 100 саналаар би тус компанид орсон. Би компанийн дүрмийн санд заасан мөнгийг нь би Ж.О-д буцаан өгч, тус компанид албан ёсоор орсон.

Шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х  нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн  улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А шүүх хуралдаан оролцох боломжгүй,түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримтын талаар:  

1. “Цаст-Алтайн жинчид” ХХК-нийн үүсгэн байгуулсан тогтоол[1], дүрмийг[2] 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Х.С , Ж.Д , Ж.О , Б.Цэ , М.О , Н. , С.Э, Н.Г, Э.Э  нарыг үүсгэн байгуулагчаар бүртгэж 4068777 регистрийн дугаар,1611008094 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ[3] олгосон.

2. 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр компанийн эрхлэх үйл ажиллагаанд тээвэр зууч эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр нэмж, компанийн байршлын хаягийн өөрчлөлтийг оруулж улсын бүртэлд бүртгэсэн.

3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 003 дугаар тогтоолоор Ж.О-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээс чөлөөлж, 004 дугаар тогтоолоор Ц.Б-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээр томилсон.

4. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс Ж.О-ыг хасч, Ц.Б-ыг нэмж оруулсан өөрчлөлт бүхий 2012 оны 08 сарын 29-ний өдрийн  компанийн дүрмийг 2012 оны 08 сарын 30-ний өдөр бүртгэсэн.

 Нэхэмжлэгч Ж.О  компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээс чөлөөлснийг зөвшөөрсөн, харин түүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээс чөлөөлсөн тогтоолыг үндэслэн компанийн үүсгэн байгуулагчаас хасч бүртгэсэн улсын бүртгэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий акт /улсын бүртгэл/-ын хууль зүйн үндэслэлийн талаар:

 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4-д хуулийн этгээдийн дүрэм нь үүсгэн байгуулах баримт бичигт хамаарах, 8 дугаар зүйлийн 8.1.1-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг бүртгэлийн байгууллага бүртгэхээр, 22 дугаар зүйлийн 22.1-т улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын талаар тус тус зохицуулжээ.

Нэгдүгээрт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл: Ц.Б  нь 2012 оны 08 сарын 29-ны өдөр Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.О-ыг хасч, төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээр Ц.Б-ыг нэмж оруулах бүртгэлийг хийлгэхээр УБ-05 маягтын дагуу гаргасан өргөдөл[4], компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 009 дугаартай хүсэлт;

хоёрдугаарт, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр: Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээс Ж.О-ыг чөлөөлсөн 003 дугаар тогтоолоор, Ц.Б-ыг төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүнээр сонгосон 004 дугаар тогтоол[5], хурлын тэмдэглэл[6];

гуравдугаарт, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт: Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс Ж.О-ыг хасч, Ц.Б-ыг нэмж оруулсан 2012 оны 08 сарын 29-ний өдрийн компанийн дүрэм[7];

 дөрөвдүгээрт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт: 2012 оны 08 сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 2200 төгрөг төлсөн баримт[8]; тус тус нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.

Хариуцагч эдгээр баримтуудыг үндэслэн улсын бүртгэл хийсэн талаар тайлбарласан ба талууд энэ талаар маргахгүй байна.   

2. Компанийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.” гэж,  3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.” гэжээ.

Эндээс үзвэл компанийг үүсгэн байгуулахад оролцож хөрөнгө оруулсан этгээд нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байхаар байна.

“Цаст-Алтайн жинчид” ХХК-нийг анх 9 хүн тус бүр 112.000 /нэг зуун арван хоёр мянган/ төгрөг нийлүүлж 1,008,000 /нэг сая найман мянган/ төгрөгийн дүрмийн сантайгаар  байгуулж, 2010 оны 10 дугаар сарын 28-ны компанийн дүрэмд үүсгэн байгуулагчаар бүртгүүлсний дотор Ж.О-ын нэр байх тул түүнийг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаас Ж.О-ыг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасч бүртгэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь төлөөлөн удирдах зөвлөлөө бүрдүүлдэг учир төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөр үүсгэн байгуулагчаас хасагдах үндэслэлтэй тул компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн “гэжээ. 

 Цаст-Алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 08 сарын 29-ний өдрийн дүрмийн 7.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.” гэж заасан нь Компанийн тухай 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”,75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.” гэж заасныг зөрчиж байх хэдий ч энэ нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг хөндөх учиргүй.

Тодруулбал, “Цаст-Алтайн жинчид” ХХК-нийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид  нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан нь буруу ч энэ нь тухайн компанийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудал тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн нь түүний компанид оруулсан хувь буюу хувьцаа эзэмших эрхийг хязгаарлаж хувьцаа эзэмшигчээс хасах үндэслэл болохгүй.     

Учир нь Ж.О нь “Цаст-Алтайн жинчид” ХХК-нийн 112.000 /нэг зуун арван хоёр мянган/ төгрөгийн үнэ бүхий 11.1 хувийн хувьцааг эзэмшигч байх тул энэ эрхээ бусдад  шилжүүлэх буюу хувьцаагаа зарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчээс хасагдах үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн хувьцаагаа бусдад шилжүүлсэн бол энэ талаар холбогдох баримт тухайлбал, хуульд заасан шаардлагыг хангасан эд хөрөнгө шилжүүлэх гэрээ эсвэл хувьцаагаа худалдсаныг нотлох баримт, түүнчлэн хувьцаа эзэмшигчээс хасах компанийн удирдах байгууллагын шийдвэр гарсан байхыг шаардана.

Гуравдагч этгээд Ц.Б нь Ж.О-ын компанид оруулсан хөрөнгө болох 125000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн гэж тайлбарласныг тухайн үед хамт очсон гэх Н.Э , С.Э  нар гэрчилж байх хэдий ч бусад бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх ба тухайлбал, нэхэмжлэгч Ж.О-ын хувьцаагаа бусдад шилжүүлээгүй, харин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэх тайлбар[9], 2012 оны 03 дугаар сарын 21-ний  өдрийн “Цаст-Алтайн жинчид” ХХК-нийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Ж.О-ын хувьцаа шилжүүлэх асуудлыг хэлэлцээгүй буюу Ж.О-ыг хувьцаа ззэмшигчээс хасч Ц.Б-ыг хувьцаа эзэмшигчээр оруулах талаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байна.

Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ бүртгэл үнэн зөв, бодитой….. байх/, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчим”-ыг хангах үүднээс мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” үүргээ хэрэгжүүлж,  компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ Ж.О хувьцаагаа Ц.Б-т шилжүүлсэн эсэх талаар тодруулж, холбогдох  баримт, тайлбарыг гаргуулаагүй нь буруу болжээ.

Иймд маргаан бүхий улсын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “ захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим”-тай нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “Цаст алтайн жинчид” ХХК-нийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цаст-Алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн  улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


[1] хх-ийн 81 дэх талд

[2] хх-ийн 82-84 дэх талд

[3] хх-ийн 74 дэх талд

[4] хх-ийн 23 дахь талд

[5] хх-ийн 19 дэх талд

[6] хх-ийн 24 дэх талд

[7] хх-ийн 32-36 дахь талд

[8] хх-ийн 101 дэх талд

[9] хх-ийн 237-239 дэх талд