Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.С

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.А, Б.М, Ц.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц. н

 

Хэргийн индекс: 125/2023/0009/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Сгийн “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн зогсоосон өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Б.С болон түүний өмгөөлөгч Н.О  дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно. Шийдвэрт “нэхэмжлэгч Б.С нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2018/00436 дугаартай шийдвэрээр ажиллаж байсан” гэж тогтоолгожээ. Хөдөлмөрийн дэвтэр нь иргэний хөдөлмөрийн үйл ажиллагааг тодорхойлох үндсэн баримт бичиг мөн. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоол, 49 дүгээр тогтоол, 1974 оны 406 дугаар тогтоол зэрэг эрх зүйн актууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Нэхэмжлэгчид 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 143824 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж, Эхэн бригадын ЭТЦ-д санитарчаар томилон ажиллуулсан бичилт хийгджээ. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр хөтлөлт, баталгаажуулалтыг үндэслэн түүнийг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд санитарчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй ба малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар шүүхийн шийдвэрт маргах эрхгүй ч Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг тогтооход шууд үндэслэл болохгүй гэж дүгнээд Нийгмийн даатгалын тухай 3 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн тогтоох эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж үзлээ” гэжээ.

1. Нэхэмжлэгч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох ажиллаж байсан бадал”-аа тогтоолгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 436 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д “шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй” гэж заасны дагуу иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад Захиргааны хэргийн шүүх болон нийгмийн даатгалын байгууллага дахин дүгнэлт өгөх эрхгүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-182 дугаар зүйлд заасан журмаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл тогтоогдох бөгөөд бусад тохиолдолд шүүхийн шийдвэр нь хуулийн төгөлдөр байх болно.

3. Монгол улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулагдсан шүүх нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулж, гаргасан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсноор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, иргэд заавал дагаж мөрдөх үүргийг хүлээдэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх ашигтай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх”-ээр, мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүх нь маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт өгч шийдвэр гаргах эрхийг олгосон атал маргааны төрлөөр дагнасан иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгч, буруутгах эрхийг хуулиар олгоогүй болно.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.А, Б.М болон түүний өмгөөлөгч М.О давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.А, Б.М болон тэдгээрийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун бид Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн Б.С, түүний өмгөөлөгч нарын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргах болсон үндэслэлдээ “...дэвтрийн бичилтэд ямар нэгэн засваргүй, балласан зүйлгүй, дэвтрийн сүүлийн хуудсанд сумын нийгмийн даатгалын байцаагч дэвтрийг баталгаажуулан 1995 оны 1 сарын 1-ний өдөр ажилласан жилийг 5 жил 1 сар гэж тэмдэглэн гарын үсэг, тамга даржээ. Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр хөтлөлт, баталгаажуулалтыг үндэслэн түүнийг 1983 оны 9 сарын 01-ны өдрөөс 1988 оны 2 сарын 01-ны өдрийн хооронд тус нэгдэлд санитарчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй ба тухайн жилүүдэд ажилласан байдлыг дахин тогтоох эсхүл өөрчлөн тогтоох үндэслэлгүй. Архивын лавлагаагаар гарсан 70 дугаар дансанд тэмдэглэснээр 1983-1986 онуудад Б.Батчулууны нэрээр, 1987 оны баримтад цэгийн санитарч ажилтай Батчулууны С гэх нэрээр, 1990 оны баримтад үхэрчин ажилтай Б.С гэх нэрээр цалин олгож байсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийг Зэрэг сумын хөдөлмөр нэгдлийн эхэн бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрт заасан хугацааг өөрчлөх, дахин тогтоох талаар маргах эрхгүй ч нэхэмжлэгчийн баталгаажсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт, хугацаа нь илэрхий үйл баримт байх тул өөр ямар нэгэн шийдвэрээр тогтоох бус шууд нотолгоо гэж үзэх ба энэ талаар маргах үндэслэлгүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн талаар болон нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан эсэх талаар дүгнээгүй, холбогдох хуулийг хэрэглээгүй тул уг шүүхийн шийдвэр нь өндөр насны тэтгэвэр авах эрх үссэн эсэхийг тогтооход шууд үндэслэл болохгүй гэж дүгнэлээ...” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэлтсийн даргын баталсан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд 2018 оноос хойш шинээр тогтоогдсон, нас барсан, зогсоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад үндэслэн шалгалтыг зохион байгуулсан. Б.С нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр малчнаар ажиллаж байсан гэж тогтоолгосон боловч нотлох баримтаар малчнаар ажиллаж байгаагүй.

Б.Сд “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаар актыг үйлдэхийн өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, тайлбар авах ажиллагааг хийсэн. Тайлбартаа Б.С нь миний хөдөлмөрийн дэвтэрт ажил, мэргэжлийг буруу бичсэн байсан тул би шүүхийн шийдвэр гаргуулсан. Миний бүрдүүлж өгсөн баримт материал зөв гэсэн байна. Гэтэл шалгалтаар тус аймгийн архиваас тушаалын лавлагаа авч шалгахад дээрх хугацааны зарим хэсэгт нь нөхцөлийн албан тушаал буюу малчнаар биш санитарчаар ажиллаж байсан нь нотлогдсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” хэлнэ гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ. Иймд тэтгэвэр тогтоолтыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар шинээр эрх үүсгэж, өмнөх хугацаа буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр Улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дугаартай актыг үйлдсэн.

Нэхэмжлэгч Б.Сгийн 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 143824 дугаар хөдөлмөрийн дэвтэрт 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дугаар тушаалаар Эхэн бригадын ЭТЦ-ийн санитарчаар томилж 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаар тушаалаар ЭТЦ-ийн санитарчаас чөлөөлжээ. Мөн аймгийн архиваас авсан 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаар тушаалаар Гүвээн ЭТЦ-ийн санитарч Б.Сг чөлөөлсөн тушаал гарсан байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1-д заасан “...үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж....” гэсэн болзол хангагдахгүй учраас малчин нөхцөлөөр ажилласны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй. 2012 онд баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус хэлтэст өргөдөл гаргаж бүртгүүлэхдээ 1985 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд нээсэн ХАА-н нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийг тус тус канондож өгсөн байна. Нотлох баримтуудаас үзэхэд иргэн Б.С нь малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, гомдол, тайлбараа үнэн зөв гаргахгүй байгаа бөгөөд Б.Сгийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг уг акт хөндсөн зөрчсөн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйл, Засгийн газрын 2018 оны 03 сарын 14-ны өдрийн 71 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1,1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг зэрэг хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй орхино уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дүгээр актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг зөрчиж, эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгосон зөрчил илэрсэн гэж үзэж, илүү олгогдсон 12,159,515.0 төгрөгийг Б.Сгаар буцаан төлүүлж санг хохиролгүй болгохыг үүрэг болгосон байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлсэн Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/0436 дугаар шийдвэрээр “... Б.Сг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар /үхэрчин/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж шийдвэрлэснийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн эсэхийг тогтооход шууд үндэслэл болохгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.1. Учир нь нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн иргэний өргөдөлдөө хавсаргасан тэтгэвэр тогтоох болзолд хамаарах эрхэлсэн ажил, ажилласан хугацаа зэргийг тодорхой зааж тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосныг Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

3. Уг шүүхийн шийдвэрээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Б.Сгийн хүсэлтээр түүний хөдөлмөрийн дэвтэрт нь “санитарч” гэж бичигдсэн боловч бодит байдалд сувилгаа шаардлагатай, доройтсон мал маллаж байсан учраас малчнаар ажилласныг тогтоож өгнө үү” гэж шүүхэд хандсаны дагуу тухайн хугацаанд “малчин”-аар ажилласныг тогтоосныг үндэслэн, нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д заасан “малчин”-аар ажилласантай холбоотой болзол хангасан гэж үзэж, өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон байна.

4. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх явцдаа дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан баримт болох архиваас Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр тушаал,  70 дугаар данс гарч ирснээр “санитарч”-аар ажилласан, харин малчнаар ажиллаагүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, Б.Сг тэтгэврээ буруу тогтоолгосон гэж үзэн, маргаан бүхий актаар илүү авсан 12159515 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс ... илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;” гэж  заасанд нийцээгүй, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

5. Анхан шатны шүүх уг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг дахин нотолж, тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт авагдаагүй, хариуцагч нар маргаан бүхий актынхаа үндэслэл болгоогүй, иргэний хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтуудыг дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл явдлаас өөрөөр үнэлэн маргаан бүхий актыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг зөрчжээ.

6. Мөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг хэрэглэх шаардлагагүй, уг хуульд заасан тэтгэвэр тогтоох үндэслэл болох “хөдөлмөрийн дэвтэр”-ийн бичилт, түүний үндэслэл болсон тушаалд бичигдсэн эрхэлсэн ажлыг шүүхийн шийдвэрээр өөрөөр тогтоосон байхад нийгмийн даатгалын байгууллагыг хөдөлмөрийн дэвтрийг үндсэн баримт гэж үзэж тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрхтэй гэж дүгнэж, тухайн хуулийг буруу хэрэглэсэн байна.

7. Энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэлт өгөх эрх Захиргааны хэргийн шүүх болон нийгмийн даатгалын байгууллагад байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хууль зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2023/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, 29 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Б.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/31 дүгээр актыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ