| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 134/2017/00052/И |
| Дугаар | 216/МА2017/00013 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 216/МА2017/00013
Т.Н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: И Б овогт Т Н /РД:/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г аймгийн С сумын Е б дугаар с /РД:/-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нарийн бичгийн даргад Э.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд УБИС-ийг Дүрслэх урлаг, технологийн багшаар бакалаврын зэрэгтэй төгсөж, тухайн оныхоо хичээлийн жилдээ Г аймгийн Е б дугаар сургуульд мэргэжлээрээ анх ажилд орсон. Үүнээс хойш боловсролын салбарт тасралтгүй 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 13 жил ажилласан.
...Г аймгийн Е б дугаар сургууль шинээр баригдаж байгуулагдахад бүтэц зохион байгуулалтаар тус сургуульд шилжин ирж ажилласнаас хойш сургуулийн захирал О.О багшийн мэдлэг чадвараар бус гаднах өнгө үзэмж байгаа байдал, дуу цөөтэй занг минь далимдуулан ялгаварлан гадуурхаж эхэлсэн.
Анх дугаар сургууль үүсгэн байгуулагдахад 1, 2 дугаар сургуулийн багш нараас баг хамт олон бүрдсэн. Захирал О.О дээрх сургуулиас шилжин ирсэн багш нарыг хооронд нь талцуулж, дугаар сургуулийн багш нарыг илтэд доош татаж ялгаварлаж, үг хэлээр доромжилж гадуурхах болсон. Түүнээс хойш байнга дарамталсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас халсан.
Халахдаа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг тус байгууллагаас өөрөө очиж аваад халах үндэслэл болгосон.
Миний энэ асуудал бол хоёр хүний хоорондын маргаанаас үүссэн, бид хоёр эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би санамсаргүй байдлаас болж ийм асуудалд орсон болохоос байгууллагын нэр хүндэд халдаагүй.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, тус сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулмаар гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн С сумын Е б дугаар сургуулийн захирал О.О шүүхэд гаргасан болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуулийн технологийн багшаар ажиллаж байсан Т.Н нь хамт ажиллаж байсан багшийн эд зүйлийг сургуулийн орчноос хулгай хийж хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг гаргасан учир Захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас халсан болно. Энэ үйлдэл нь Прокурорын тогтоолоор нотлогдсон.
Гэхдээ Прокурорын тогтоол ажлаас халах үндэслэл болоогүй, зөвхөн нотолгоо нь болсон.
Учир нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг тус сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.2.3-н 4-т заасан бөгөөд багш Т.Н үйлдэл үүнд хамаарч байгаа.
Мөн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д заасан Багшийн ёс зүйг эрхэмлэн сахих заалтыг зөрчсөн, хоёр хүний маргаанаас болж багшийг ажлаас халаагүй, харин багш Т.Н нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн учраас Багшийн ёс зүйн дүрэмд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Н ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг Говьсүмбэр аймгийн С сумын Е б дугаар сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 549 389 төгрөгийг хариуцагч Говьсүмбэр аймгийн С сумын Е б дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Т.Н олгохоор, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 125 940 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах, давж заалдах журмаар гомдол гаргах эрх болон шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг өөрөө ирж гардан авах үүргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөнчимэг давж заалдах гомдолдоо : ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тус сургууль нь Т.Н гаргасан гэмт хэргийн үйлдлийг прокурорт шалгагдан шийдвэрлэгдсэн эсэхийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлт явуулж тус өдрөө прокурорын тогтоолыг авсанаар мэдсэн.
Прокурорын тогтоолыг хүлээн авч мэдсэнээс хойш 4 хоногийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Т.Н ажлаас халсан. Энэ нь илрүүлсэнээс хойш нэг сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчөөгүй хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Т.Н нь Говьсүмбэр аймгийн С сумын Е б дугаар сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх, ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Т.Н байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “ сахилгын зөрчил..., илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь хэргийн материалаас үзэхэд талууд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/102 тоот тогтоол гарсаныг ажил олгогч буюу хариуцагч нь хэзээ мэдсэн болон сахилгын зөрчлийг илрүүлсэн гэх хугацааны талаар маргаж байна.
Ажил олгогч буюу хариуцагч Г аймгийн Е б дугаар сургууль нь нэхэмжлэгч Т.Н 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаатай “хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, Т.Н нь тус сургуульд дизайн, технологийн багшаар ажиллаж байсан байна. / хх-19-20/
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл нь “гэрээг дуусгавар болгох, цуцлах талаарх” заалт байх ба уг зүйлийн 6.2.3 дахь заалтад “...ноцтой зөрчил ...” гэж дараах зөрчлийг ойлгоно хэмээн 1-12 заалтыг дугаарлан заасны 4 -т нь “шунахай сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол, ...” ноцтой зөрчилд тооцохоор тусгагдсан байна.
Дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.
Мөн хэргийн 21 дүгээр талд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 дугаартай Прокурорын тогтоол авагдсан байх ба уг тогтоолоор Т.Н холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын ЭБШХуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл Прокуророос Т.Н эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, тэрээр учруулсан хохирлоо бүрэн төлсөн буюу гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Т.Н нь гэм буруугийн талаар маргаж хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоос гадна ажилтны гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн зааж, тухайн зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.
Нэхэмжлэгч Т.Н нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар /хх-18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Н Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогч буюу хариуцагч Говьсүмбэр аймгийн С сумын Е б дугаар сургуулийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин хэрэгт авагдсан Прокурорын тогтоол нь 2 хуудас байх ба хуудас бүрийн зүүн доод өнцөгт “Говьсүмбэр аймгийн Прокурорын газар хуулбар үнэн, хуулбар олгосон ажилтны гарын үсэг 2017 оны 01 сарын 19-ний өдөр” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч О.О нь анхан шатны шүүх хуралдаанд “...прокурорын тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авсан” гэсэн тайлбар /хх-40/ гаргасан байх ба уг тайлбар нь Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/102 тоот тогтоолд хийгдсэн тэмдэглэгээгээр давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж эсэргүүцээгүй, энэ талаар няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүнийг ИХШХШТХуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймээс ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/102 тоот тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авсан, энэ өдрөөс ажилтан буюу нэхэмжлэгч Т.Н хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг илрүүлж үүнээс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/03 тоот тушаал гаргаж Т.Н байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д зааснаар багш нь боловсролын харилцаанд оролцож багшлах үүргээ гүйцэтгэх үйл ажиллагаандаа “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих” нь багш хүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг болно.
Мөн хуулийн 44.4-т зааснаар Багш нь хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж, хэрэгжүүлж ажиллах ёстой.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь давж заалдах гомдолд 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 13 тоот “ Прокурорын газар”-т гэсэн анхан шатны шүүхэд гаргаагүй, тус шүүхээр хэлэлцэгдээгүй хуулбар бүхий бичгийн баримтыг хавсаргаж ирүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй болно.
Харин ажил олгогч буюу хариуцагч тал “хөдөлмөрийн дотоод журам” /хх-23/, “багшийн ёс зүйн дүрэм” /хх-24/ гэх бичгийн баримтуудыг “хуулбарлан” нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргасан байх ба анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 404 тоот шүүгчийн захирамжаар дээрх баримтууд нь ямар эх сурвалжаас хуулбарласан нь тодорхойгүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасаж шийдвэрлэжээ.
ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “... хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно“ гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй боловч хариуцагч тал нь 404 тоот шүүгчийн захирамжид хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн тайлбарыг гаргасан тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134/ШШ2017/00083 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Н ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас, мөн хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Х.БАЙГАЛМАА